Улсын эрүүл мэндийн бүх байгууллагад хүний нөөц дутагдан, тэр хэрээр тусламж, үйлчилгээ доголдож, чанар нь муу байна. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) нь эмнэлгүүддээ өчнөөн тэрбум төгрөгийн өртэй. Үүний улмаас эмнэлгүүдэд эм, тариа, өндөр хүчин чадалтай аппарат, төхөөрөмжийн урвалж бодис байнга тасарч, бусад багаж хэрэгслийн нийлүүлэлт ч доголдох болсон талаар манай сонин “Эмнэлгүүд 1990 оныхоо түвшинд очих нь” нийтлэлээрээ анхааруулж байв. Эмнэлгүүдэд өгөх ЭМДС-гийн өр өнгөрсөн онд гэхэд л 218.3 тэрбум төгрөгт хүрч, 2022 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн юм.
Даатгалын сангийнхан өрөө төлөхгүй байгаагаас эмнэлгүүд бээлий, амны хаалтаа ч татаж чадахгүй, эмч нарынхаа үр дүнгийн урамшуулал, илүү цагийн хөлсийг ч өгөхгүй байгаа талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч шүгэл үлээлээ. Гэвч дуугарсан л ганц энэ тохиолдол болохоос нийтээрээ, салбараараа санхүүгийн хямралд орчихсон аж.
Эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр дэвсдэг дөрвөлжин алчуур байхгүй, мазокийн шинжилгээгээ авч чадахгүй, эмэгтэйчүүдийг буцааж буйгаа хэвлэлд ярьсан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн араас олон ч эмч, мэргэжилтэн нөхцөл байдал бусад эмнэлэгт ижил байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байна. “XXI зуунд халаадаа хайчлаад үзлэгийн орон дээр дэвсэнэ гэсэн нь юу гэсэн үг вэ. Санхүүжилт байхгүй, та нар өөрсдөө аргал гээд бээлий, дэвсгэр авч өгдөггүй гэнэ үү” гэх мэтээр гайхаж, лавласан сэтгэгдэл ч олон байв.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд дээрх асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Хан-Уулын Эрүүл мэндийн төвийн удирдлагын менежментийн л алдаа юм билээ” гээд, надад бараг хамаагүй гэсэн утгатай хариулт өгсөн. Тэгвэл тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга мэдэгдэл гаргаж, амны хаалт, бээлийний хангамж, санхүүжилтийг ил тод мэдээлсэн. Эрүүл мэндийн төвийнхөн жилд 24-36 мянган ширхэг нэг удаагийн бээлий ашигладаг. Нэг удаагийн бээлийг дунджаар 250 төгрөгөөр авдаг байсан аж. Гэтэл тус эмнэлгийн өмнөх удирдлагууд нэг удаагийн бээлийг 650 төгрөгөөр тооцож 2022 онд 860 мянган ширхэг хос бээлийг 483.9 саяар, өнгөрсөн жил 1.3 сая ширхэг хос бээлийг 848.7 сая төгрөгөөр авсан гэнэ. Тэгвэл энэ оны эхний гурван сард 355 мянган ширхэг хос бээлийг 220.7 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийж, мөнгийг шилжүүлсэн байжээ. Гэвч хэрэгцээнээс давсан энэ олон бээлий нь эмнэлгийн нөөцөд огт байхгүйг тус эмнэлгийн шинэ дарга А.Сувдаа хэлэв. Тийм учраас төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, мөнгө угаасан гэмт хэрэг байж болзошгүй хэмээн АТГ-т хандаад байгаагаа тэрбээр дурдлаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг асуудалтай холбоотойгоор тус төвд шалгалт хийх тухай ч мэдэгдсэн. Ямартай ч эмч, сувилагч нар бээлийгүй, үзлэгийн нэг удаагийн хэрэгсэлгүй болсон нь үнэн, буцаагаад хэвийн горимд нь шилжүүлсэн гэв.
М.Гэгээ