Улс орны аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, баримтжуулах ажилд технологийн дэвшил, инновацад суурилсан хяналтын камер ашиглах, тухайн улсын хүн амын тоо, газар нутгийн онцлог, суурьшилтай уялдуулан түүнийг байрлуулах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, гэмт хэргийг бууруулдаг олон улсын жишиг бий. Энэ судалгаанд үндэслэн цагдаагийн байгууллагаас нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн болон аж ахуйн нэгжүүдийн гадна орчныг иргэд, байгууллагын оролцоотой камержуулж, теле камерын хяналтын дэд төв байгуулах зорилгоор “Ногоон бүс” төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн I шатанд 2023 онд нутгийн захиргааны байгууллагатай хамтран, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийг бүрэн камержуулсан бол II шатанд гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг нийслэлийн дүүргүүдийн хороодод “Нэг хороо-нэг сар” арга хэмжээг зохион байгуулж, шинээр 1714 камер байршуулсан. Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 20 526, нийслэлд 29 763, нийт 50 289 камер байршуулсан нь олон улсын камержуулалтын стандарт, зохих түвшний 69 хувьд хүрчээ. Камерын хяналтыг ашиглан энэ онд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчил илрүүлэн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Чингэлтэй дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 48.6, гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, илрүүлэлт 41.9 хувиар өссөн эерэг үзүүлэлт бий. Цаашид цагдаагийн байгууллагынхан энэ он дуусахад Улаанбаатар хотыг аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр бүхэлд нь, 2025 оны II улиралд 21 аймгийн сум, багийг бүрэн камержуулж, теле камерын хяналтын дэд төвүүд байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.