Дорнод аймгийн Баяндун сумд энэ сарын 11-нд гарч, 50 гаруй км урт газарт тархан, Дашбалбар сумын нутаг руу шилжсэн хээрийн түймрийг орон нутгийн онцгой байдал, мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын алба хаагчид хамтран уржигдрын 09.30 цагт цурамд оруулж, 18.40 цагт бүрэн унтраажээ. Түймэр дэгдсэнээс хойш 76 цаг орчмын дараа галын тархалтыг зогсоож, унтраасан гэсэн үг.
Уг түймрийн улмаас орон нутгийн иргэд, байгаль орчинд багагүй хохирол учирсныг Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Урьдчилсан байдлаар 75 000 га талбай, хоёр гэр, байшин, малын гурван хашаа, нэг тээврийн хэрэгсэл үүнд өртсөнийг тогтоожээ.
Энэ сарын 14, 15-нд нийслэл, орон нутгийн хэмжээнд объектын гал түймэр 15 бүртгэгдсэн байна. Үүний ихэнх нь хог, шар өвс зэргийг ил задгай шатааснаас, цахилгааны болон галлагааны үеийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс үүдэлтэй байсныг онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн юм. Хуурайшилт, түймрийн эрсдэлтэй үе тохиож буй тул иргэдийг анхаарал болгоомжтой байж, галын аюулаас сэргийлэхийг анхааруулав.
Ж.СУВД