Монголын цанын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Хүслэн удам дамжсан тамирчин. Түүний ээж, ОУХМ Э.Очирсүрэн “Турин-2006” өвлийн олимпын ХХ наадмын гүйлтийн цанын төрөлд оролцож, “Ванкувер-2010” XXI олимпод өрсөлдөхдөө Монголын багийн тугчаар сонгогдож байв. Итали улсад өнгөрсөн сарын 12-15-нд зохион байгуулсан дугуйт цанын залуучуудын ДАШТ-д Монголын гүйлтийн цанын шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцсон. Тэднээс А.Хүслэн 19 насныхны ангилалд 200 метрийн зайд 17 орны 34 тамирчинтай өрсөлдөж, дэлхийн аваргаар тодорсон юм. Тэрбээр тус тэмцээний дараа Швейцарыг зорьж, Цюрих хотод болсон дугуйн ДАШТ-д өсвөр үеийнхний ангилалд хурд сорьсон билээ. Өнгөрсөн өвөл БНСУ-д болсон гүйлтийн цанын 54 дэх удаагийн УАШТ-ий спринт зайд шагналт V байрт шалгарч, “Канвон-2024” залуучуудын өвлийн IV олимпод өрсөлдсөн цаначдаас 35 дугаар байрт жагссан. Түүнийг дугуйт цанын ДАШТ-ээс эх орондоо алтан медальтай ирэхэд нь зочноор урьж ярилцлаа.
-Итали улсад болсон дугуйт цанын ДАШТ-д шилдгүүдтэй хурд сорьж, түрүүлсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Эх орондоо ирсэн даруйдаа өдөр тутмын хэвлэлүүдээс “Өнөөдөр” сонины зочноор уригдаж, спорт сонирхогчидтой уулзаж буйдаа сэтгэл өндөр байна.
-Та энэ жил цана, дугуйн олон улсын томоохон тэмцээнд улсаа төлөөлж оролцлоо. “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпоос медальгүй ирсэн ч Италийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлж, нутаг нэгтнүүдээ огшоолоо.
-Би есөн настайдаа цанын спортод хөл тавьж байлаа. 2022 оноос өвлийн олимпын эрх цуглуулах олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. “Канвон-2024” залуучуудын өвлийн IV олимп, ДАШТ-д өрсөлдөх зорилгоор сүүлийн таван жил тууштай хичээллэсэн. Ээж минь цанын тамирчин тул энэ спорттой нөхөрлөхөд их нөлөөлсөн. Миний хувьд Итали улсыг хоёр дахь удаагаа зорилоо. Тус улс цанын спортыг өндөр хөгжүүлсэн дэлхийн 10 орны нэг. Тэнд тэмцээнтэй өдрүүдэд цаг агаар нь тогтворгүй, салхитай, бороотой, цастай байсан нь тамирчдын ур чадвар, туршлага, тэсвэр хатуужлыг багагүй шалгасан шүү.
-ДАШТ-ий тэр их өрсөлдөөнөөс шигшээд үлдэж, аваргын төлөө шалгарах мэдээж амаргүй л байсан биз?
-Шигшээ 16-д ХБНГУ, наймд Италийн тамирчинтай уралдаж, дөрөвт шалгарсан. Медалийн төлөө Италийн хоёр, Швед, Монголын тамирчин уралдахаар болов. Аваргын төлөө Шведийн тамирчин, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Вилле Жутердалтай өрсөлдсөн юм. Бид өмнө нь нэгнээ хараагүй тул хэн хэндээ шинэ танил байлаа. Намайг шигшээд шалгарч, гараанд гарахын өмнө тэмцээний тайлбарлагч “Монголын тамирчин өнөөдөр хамгийн том сюрприз барилаа” гэв. Түүнийг байсхийгээд давтаж хэлэх бүрд огшиж, энэ эрчээрээ уралдаж, медаль хүртэх сэн гэж бодсон. ДАШТ-д өмнө нь Азийн тамирчдаас түрүүлээгүй юм билээ. Энэ удаа би алтан медаль хүртсэн тивийн төдийгүй Монголын анхны тамирчин болж байна.
-Тэмцээн болох өглөө аваргуудтай мөр зэрэгцэж уралдана гэхээс сэтгэл тань догдлов уу?
-Нэг их догдолж сандраагүй. Уралдах гараа 17.00 цагаас эхлэх байсан тул сайн амарч, бүх зүйлээ төлөвлөсөн. Тэр өдөр финалд үлдэж, медалийн төлөө шалгарна гэсэн бодол юу юунаас илүү төрж байлаа. Өөртөө эхэндээ тийм ч итгэлтэй байгаагүй. Ямартай ч шигшээд л үлдэх юм сан гэж маш их хүссэн.
-Хэн нь ч дэлхийн аваргаар тодорч мэдэх тэр агшинд Д.Баттулга багш шавьдаа ямар зөвлөгөө өгсөн нь сонирхол татаад байх юм.
-Намайг медалийн төлөө уралдахаар шалгарахад багш баярлаж, урам өгч, зоригжуулсан. 34 тамирчнаас шигшээд шалгарсандаа би өөрөө ч их догдолж байлаа. Ээж тэмцээнтэй өдрүүдэд холбогдож, хэрхэн уралдах талаар зөвлөсөн нь амжилт гаргахад хэрэг болсон. Уралдаан эхлэх өглөө миний зүрхний цохилт нэг минутад 40 удаа цохилж байлаа. Бэлтгэл нь жигдэрч, бүх техникээ өөрийнх болтол эзэмшсэн тамирчин ийм байдаг. Би үүний төлөө таван жил уйгагүй зүтгэсэн. Тамирчин хүний бүх зүйл таарахаар амжилт гаргах тохироо нь бүрддэг. Хүүхэд байхаас минь дэмжиж, өнөөгийн өндөрлөгт хүрэхэд бүх талаар тусалж ирсэн аав, ээждээ баярлалаа. Түүнээс би ганцаараа зүтгээд ийм амжилтад хүрэхгүй. Олон хүний дэм тус, урам хайрласан өөдрөг үг, тактик боловсруулсан багшийн ухаан, торгон мэдрэмжийг дурдах нь зүйтэй байх.
-Цанын спортынхны амжилт долиор хэмжигддэг. Шигшээ 16-д шалгарсан тамирчны 10 нь доль, тэднээс хойших нь секундийн зөрүүтэй уралдаж харагдсан даа.
-Тийм ээ. Алтан медалийн төлөө Вилле Жутердалтай уралдахын өмнө “Түүний дэлхийн аварга цолтой бус, ур чадвартай нь өрсөлдөнө. Тиймээс байгаа бүх зүйлээ дайчилж гаргана” гэж өөртөө хэлсэн. Үүнийгээ ч уралдахдаа гаргасан. Тухайн тамирчны нэр хүнд, карьер улсынх нь хөгжилтэй холбоотой. Спорт өндөр хөгжсөн орнуудын тамирчид амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэдний тийм байр суурь, хандлага тэмцээний үед ч анзаарагдана.
-Таныг тэргүүн байрт шалгарахад үзэгчид өөрийнх нь улсын тамирчин түрүүлсэн мэт баярлахыг тэмцээний бичлэгээс хараад догдолж суулаа.
-Түрүүлэхийг минь хараад ялагдсан тамирчид доошоо харж, зарим нь бүр уйлж байлаа. Надтай өрсөлдсөн шилдгүүдийн дасгалжуулагч нь Д.Баттулга багш бид хоёрт баяр хүргэхдээ “Монголын тамирчин үнэхээр сайн уралдлаа. Шилдэг нь байж чадлаа” гэж урам өгсөн нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тамирчид хэдийгээр тэмцээний талбарт өрсөлддөг ч нэгнийхээ ур чадвараар бахархан, давуу талаас нь суралцаж, нөхөрлөлийн хүрээгээ тэлдэг.
-Монгол тамирчин ДАШТ-д цахиур хагална гэж тэмцээн зохион байгуулагчид огт төсөөлөөгүй байх. Таны амжилт тэднийг алмайруулсан гэнэтийн бэлэг байлаа шүү.
-Тэд намайг дэлхийн аварга болно гэж тооцоолоогүй тул Монголын далбааг шагналын туганд бэлдээгүй байв. Байр урагшилж, гурав руу орж ирэхэд ихэд сандарч, Төрийн далбааг маань цаасан дээр хэвлэсэн. Монголын далбаа бэлэн болоогүй байсан тул шагнал гардуулах ёслолын ажиллагаа товлосон хугацаанаасаа нэг цагийн дараа эхэлсэн.
-Цанаар уралдахын зэрэгцээ дугуйгаар хичээллэдэг. Спортын хоёр төрөлд бэлтгэл хийх танд ачаалалтай санагддаг уу?
-Намайг дугуйгаар хичээллэхэд Монголын цанын холбоо, шигшээ багийн дасгалжуулагч эхэндээ дурамжхан байлаа. Ээжийнхээ зөвлөснөөр дугуйтай бэлтгэл базаасан минь нэг хэсэгтээ маргаан дагуулсан. Ээж минь тамирчин байхдаа амаргүй бүхнийг биеэрээ мэдэрч туулсан болохоор амжилт гаргах нөхцөл, боломж хаана, юунд байгааг байнга эрэлхийлж судалдаг юм. Яваандаа Д.Баттулга багш ойлгож, дэмжих болсон. Миний хувьд дугуйтай бэлтгэл хийсний ачаар богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасан гэж боддог.
-Хүмүүс цанын тамирчдыг зунаас бусад улиралд ямар бэлтгэл хийдэг бол гэж ярьдаг юм билээ.
-Бид зун хурд, хүчний бэлтгэлээ дугуйт цанатай хийдэг юм. Тиймээс Олон улсын цанын холбоо дугуйт цаныг хөгжүүлэх зорилгоор цанын спортын нэг төрөл болгож, тэмцээн зохион байгуулдаг болсон. Би багаасаа ээжийгээ дагаж цанаар гулгаж сурсан. Намайг анх хичээллэхэд аав дуртай хүлээж аваагүй. Тамирчин болохоосоо өмнө ширээ теннис, сагсан бөмбөг гээд олон спортоор хичээллэж үзсэн. Гэхдээ нэг л болохгүй байлаа. Тэгтэл Төв аймгийн Жаргалант сумын харьяат, спортын мастер Г.Батсүх багш дугуйгаар хичээллэхийг санал болгосон юм. Хавар нь дугуй, зун дугуйт цана, өвөл гүйлтийн цанын бэлтгэл хийнэ. Тухайн үед хүүхэд байсан болохоор цанын тэмцээнд анх оролцохдоо 26 тамирчинтай уралдаж, хамгийн сүүлийн байрт орж билээ. 2018 онд 12 настайдаа Төв аймагт болсон цанын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Шагналаасаа урам авч, үргэлжлүүлэн хичээллэсээр дараа жил нь түрүүлж, гэрийнхнийгээ баярлуулсан. Улсын аварга болсон тэр өдрөөс цанын тамирчин болох замналаа эхлүүлж байв. Би өсвөр үеийнхний УАШТ-ий дөрвөн түрүүтэй, таван мөнгө, нэг хүрэл медальтай.
-Халширмаар зүйлтэй тулгарсан ч амархан бууж өгдөггүй зан танаас цухалзаж байна. Энэ чанар тань таныг амжилтад хөтөлсөн байж болох л юм.
-Ядарсан ч бэлтгэлээ үр дүнтэй хийхийн тулд нэг өдөр ч алгасаагүй. Дугуйтай олон цаг сургуулилалт хийх хэцүү санагдаж, хааяа болих тухай боддог байлаа. Би одоо “Алдар” спорт хорооны тамирчин. Намайг эх орондоо ирэхэд тус спорт хорооны хамт олон халуун дотно угтаж авсан. Миний хувьд цанын дотоодын тэмцээнд цөөнгүй түрүүллээ. Дугуйн олон өдрийн уралдаанд оролцож, хоёр шар цамц, талын барианы ногоон, уулын барианы алаг цамцны эзэн болсон.
-Сэлэнгэ аймагт болсон дугуйн олон өдрийн уралдаанд түрүүлчхээд тэр өдрөө Итали руу хөлгийн жолоо залсан гэж сонссон.
-Дугуйн спортод олон өдрийн уралдаан хамгийн зэрэглэл өндөртэй тэмцээн байдаг юм. Олон өдрийн тэмцээний сүүлийн уралдаан наймдугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Хүдэрээс Ерөө сумын хооронд болж, 100 км-т хурд сорьсон. Тэр өдөр ээж “Чи замаа хурдан дуусгах юм бол онгоцонд сууж амжина” гэсэн болохоор нисэх цагаасаа хоцрохгүйн тулд бүх хүчээ шавхаж уралдсан. Түрүүлж барианд орчихоод машинд суугаад Улаанбаатарт ирж, Италийг зорьсон.
-Олимпын наадмын медалийн загвар дөрвөн жил тутамд өөрчлөгддөг шүү дээ. Цанын тэмцээний медаль огт өөрчлөгддөггүй нь ямар учиртай юм бол?
-Цанын спортын медалийг 1924 онд анх хийсэн юм билээ. Түүнээс хойш загварыг нь огт өөрчлөлгүй өнөөг хүргэсэн. Миний хувьд 100 дахь жилийнх нь тэмцээний алтан медалийг гардсандаа баяртай байна. 2024 он надад урам зориг өгсөн, итгэл найдвар хайрласан жил байлаа. Би дэлхийн аварга болох зорилгоо биелүүлсэн. Мөрөөдөлдөө ч хүрсэн. Одоо өвлийн спортын тамирчдыг гурван ДАШТ, нэг Азийн наадмын тэмцээн хүлээж байна. Италийн Торино хотод дэлхийн оюутан залуучуудын универсиад наадам болно. Ирэх жилийн нэгдүгээр сарын 13-23 хүртэл үргэлжлэх эл тэмцээнд 15-25 насныхан оролцдог. БНХАУ-ын Харбин хотод Азийн наадмыг хоёрдугаар сард зохион байгуулна. Тус наадмын дараа Норвег улсад гүйлтийн цанын ДАШТ-тэй. Эл тэмцээний дараа залгуулаад гуравдугаар сард армийн ДАШТ эхлэх юм. Монголын цанын үндэсний шигшээ багийнхан ирэх сараас Европын тэмцээнүүдэд өрсөлдөнө дөө.
-Цанын спортод амжилт гаргасан тамирчдын олонх нь олон нутгийнх байдаг. Та ч бас тэдний нэг үү?
-Аав, ээж минь Төв аймгийн Заамар сумынх. Манайх спортлог гэр бүл. Би Улаанбаатарт төрж, өссөн ч Заамар сумын сургуульд суралцаж төгссөн. Өмнө нь Сонгинохайрхан дүүрэг дэх сургуулийн сурагч байх үед багш нар тэмцээнтэй өдрүүдэд хичээлээс чөлөөлдөггүй байлаа. Тиймээс Заамар сум руу шилжиж, ээжийнхээ багшийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог болсон юм. Орон нутагт өвлийн спортоос цана, тэшүүрийн тамирчид голдуу бэлтгэгддэг. Багш нар нь сурагчдаа ойлгож, хичээлээс чөлөөлөн тэмцээнд оролцуулдаг нь их таалагдсан. Ээж минь одоо цанын олон шавьтай. Миний дүү А.Анхилуун цанаар хичээллэж, дотоодын тэмцээнд оролцдог.
-Цана, дугуй өндөр өртөгтэй спорт. Тамирчдын хувьд зардлаа хувиасаа гаргах хүндхэн асуудалтай тулгардаг.
-Миний хувьд цанын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан болохоор шаардлагатай материал, хэрэгслийг улс шийддэг. Цанын тэмцээнээс 10 хоногийн дараа Швейцарын Цюрих хотод дугуйн ДАШТ болсон. Манайхан намайг оролцуулахын тулд чамгүй өндөр өртгөөр хоёр дугуй худалдаж авсан шүү. Би өнөр олуулаа өссөн айлын ууган хүү. Гурван дүүтэй. Намайг цана, дугуйн тэмцээнд оролцдог болохоор аав, ээж хадгаламж нээж, тэмцээний зардалд зориулдаг юм. Дугуйн ДАШТ-ий өсвөр үеийнхний эрэгтэйчүүдийн ангилалд Италийн Лоренцо Финн, эмэгтэйчүүдээс Британийн тамирчин Кат Фергюсон түрүүлж, аварга боллоо. Усархаг бороотой, эргэлт ихтэй замд тамирчид уралдсан тул хамгийн их осол, бэртэл гарсан тэмцээн боллоо. Монголоос багийн бүрэлдэхүүнтэй анх удаа оролцсон дээрх тэмцээнд Э.Хишигсайхан бид хоёр өсвөр үеийнхний ангилалд 127 км замд уралдсан. Тамирчид салхи, бороо, цастай хүнд нөхцөлд хоёр автомашин зөрөх нарийн зам дээр уралдахдаа нурж, гэмтэл их авсан. Би ч гэсэн унаж, хоцорсноор 56 дугаар байр эзэллээ. Миний хувьд тэмцээнээ өндөрлүүлсэн тул дугуйн тамирчдаас эх орондоо түрүүлж ирсэн.