Дасгалжуулагч, ОУХМ Б.Шинэбаяр Монголын биллиардын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Холбооныхоо удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, биллиардын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан найз нөхөдтэйгөө хамтран эх орондоо снүүкер биллиардын 15 улааны “Дэлхийн цом”, зургаан улааны ДАШТ-ийг анх удаа зохион байгуулж, тайлбартай хүргэж буй. Түүний удирдлагад Монголын тамирчид дээрх тэмцээнүүдэд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, авьяас, ур чадвар, туршлагаар хол хоцрохгүй болсноо тоглолтоороо харуулав. Гадаадын баг тамирчдыг найрсгаар хүлээн авч, тав тухтай орчинд байрлуулан, тэмцээний дундуур Монголынхоо хөгжил, түүх соёл, дурсгалт газруудтай танилцуулж, завгүй ажилласан түүнийг зочноор урилаа.
-Та олон жил зорьж явсан зүйлээ энэ удаа амжилттай хэрэгжүүллээ. Хоёр ч том тэмцээний тоглолтуудыг тайлбарлаж, спорт сонирхогчдод хүргэж байна. Олон ажил зэрэг амжуулах амаргүй байв уу?
-Бид эх орондоо снүүкер биллиардын 15 улааны “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн, мөн зургаан улааны ДАШТ-ийг зохион байгуулах талаар хэдэн жилийн өмнөөс ярилцаж, бэлтгэл ажлыг хангасан. Өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн зургаан улааны ДАШТ энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зорьсон зүйлээ амжилттай хэрэгжүүлж, ард нь гарч байна. “Дэлхийн цом”-д 21 орны 76 тамирчин оролцлоо. Зургаан улааны ДАШТ-д ХБНГУ-ын тамирчид ирж оролцсоноор 22 улсын 80 оролцогч манай тамирчидтай өрсөлдөж байна.
-Олон улсын биллиардын холбоо Монголд иймэрхүү тэмцээн зохион байгуулах талаар өмнө нь санал тавьж байсан гэж сонслоо.
-Тийм ээ. Бидэнд 2012 онд улсдаа олон улсын томоохон тэмцээн зохион байгуулаач гэсэн санал тавьсан. Тухайн үед төсөв багатайгаас гадна миний бие холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод удаагүй байлаа. Өнгөрсөн хугацаанд чамгүй туршлага хуримтлуулсны ачаар энэ жил хийхээр шийдсэн юм. Монголын эмэгтэй тамирчдаас ОУХМ Б.Нарантуяа тив, дэлхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсдаа энэ спорт хөгжиж буйг харуулсан нь дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад нөлөөлсөн.
-Манайхан гадаадын тоглогчдоос ур чадвараар дутахгүй нь харагдсан. Тэмцээний үед таны анзаарч, ажигласан гол зүйл юу байв?
-Манай тамирчид ур чадвараар дутахгүй. Ямар ч тэмцээнд сэтгэл зүй өндөртэй оролцдог. Харин тоглолтын явцад ялимгүй зүйл дутагдаж байгаа нь анзаарагдлаа. Үүнийг би ч гэлтгүй дасгалжуулагч багш нар, биллиард сонирхогчид харсан байх. Олон улсад биллиард өндөр түвшинд хөгжсөн. Үүний давуу тал нь хөрөнгө мөнгө харамгүй зарцуулан, улсдаа гадаадын А зэрэглэлийн дасгалжуулагчдыг урьж, тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Монголд одоогоор дөрвөн дасгалжуулагч тамирчдаа бэлтгэл хийлгэж байна. Тэднээс Б.Соёл-Эрдэнэ өмнөд хөршид суралцдаг. Тэрбээр сургуулиа төгсөж ирээд дасгалжуулагчаар ажиллах юм. Манай улсад биллиард хөгжиж эхэлсэн 1989 оны үеэс бид өөрсдөө тоглохын зэрэгцээ тамирчид бэлтгэж ирлээ. Миний хувьд 1999 онд БНХАУ-д суралцаж, төгссөнийхөө дараа тамирчдыг албан ёсоор дасгалжуулсан. Д.Амар жаргал дасгалжуулагч надад биллиард хэрхэн тоглохыг заасан багш минь. Тэрбээр Англи улсыг зорьж, мэргэжлээ дээшлүүлсэн. Бид өөрийнхөө түвшинд сурсан, мэдсэн, бас хуримтлуулсан зүйлүүдээ тамирчдадаа заадаг. Сүүлийн үед тамирчид сэтгэл зүйчтэй хамтран ажиллах болсон. Тамирчдад маань сэтгэл зүйн багш шаардлагатай байгаа нь тэмцээний үед сая ажиглагдлаа. Бид энэ тал дээр хойшид анхаарал хандуулж ажиллана.
-Шийдвэрлэх тоглолтод мэргэжлийн тамирчдын тактик, арга барил олны сонирхлыг их татсан. Тэд хожлыг өөрийнх болгохын тулд сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж байна вэ?
-Мэргэжлийн тамирчдын олонх нь сэтгэл зүйн багштай. Азийн орнуудаас БНХАУ, Хонконгийн тамирчид томоохон тэмцээнд сэтгэлзүйчтэйгээ ирдэг. Тамирчнаа тааруухан тогловол дасгалжуулагч нь сэтгэл зүйчтэй таван минут уулзуулахад огт өөр болох жишээтэй. Зарим нь уйлж, нүүр, хацар нь улайсан харагддаг. Түүнд сэтгэл зүйч нь ямар үг хэлснийг хэн ч мэдэхгүй. Би 2010 онд Гуанжоуд болсон Азийн наадамд БНХАУ-ын тамирчин Хонконгийн Онь И Нгтэй ана мана тоглож хожигдохыг харсан юм. Шийдвэрлэх тоглолтод өмнөд хөршийнхөн завсарлага авч, тамирчнаа дагуулж орж ирэхэд шийдэмгий харцтай болсон байв. Тэрбээр дараагийн тоглолтод алдаа гаргалгүй тоглож, өрсөлдөгчдөө боломж олголгүй хожсон. Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо тамирчин, дасгалжуулагчдыг сэтгэл зүйн хичээл, сургалтад хамруулдаг. Бид ч суусан. Үүнийг гаршуулахад тодорхой хугацаа хэрэгтэй. Манай холбооныхон ирэх жил өмнөд хөршөөс багш дасгалжуулагч урихаар төлөвлөж байгаа.
-Б.Нарантуяа мөнгөн медалийн төлөө дэлхийн долоон удаагийн аварга Онь И Нгтэй тоглосон. Түүнийг эхний хоёр өрөгт оноогоор илүүрхсэн ч хожигдлоо.
-“Гуанжоу-2010” Азийн наадамд Б.Нарантуяаг оролцоход би хамт явсан юм. Тэрбээр дайчин, шийдэмгий, зоримог, стратеги, техниктэй тоглодог. Өөрийн хичээл зүтгэлээр амжилт гаргаж байгаа тамирчдын нэг. Биллиард сурах сууриа пүүлээс анх эхлүүлсэн. Түүний хувьд тоглолтын эхлэл, дунд хэсэгт тэргүүлж явсан. Төгсгөл хэсэгт өмнө нь өндөр оноо авсан болоод ч тэр үү, жаахан ханаж, оноогоо хамгаалж, ялна гэсэн байдал анзаарагдаж байв. Гэтэл туршлагатай тамирчид тэмцээн дуустал өөрийн байр сууриа хамгаалж тоглосоор хоёр шаариг дээр тэмцээний үр дүнг өөрчилж, хожлыг өөрийн талд эргүүлсэн. Б.Нарантуяад түүнийг ялах боломж байлаа. Шийдвэрлэх тоглолтод Онь И Нг бүх боломжийг ашиглаж, 113 оноо авсан. Тэрбээр аваргын төлөө Энэтхэгийн тамирчин Анупама Рамачандраныг хожиж, “Дэлхийн цом”-оос аваргын цом гардлаа. Манай тамирчинд ур чадвараа ахиулах цаг хугацаа бий. Хойшид медалийнхаа өнгийг хувиргах нөөц, боломж ч харагдсан.
-Онь И Нг өрсөлдөгчдөө “Би бол саяхнаас цойлсон тамирчин биш шүү” гэдгээ туршлагаараа батлан харуулахыг зорьдог шиг санагдсан.
-Тэрбээр эртний тоглогч. “Гуанжоу-2010” Азийн наадамд Хонконгийг төлөөлж оролцсон.Тухайн үед эмэгтэйчүүдийн багийнх нь бүрэлдэхүүнд багтаж, мэргэжлийн тамирчин Марко Футай хамт ирсэн юм. Тэрбээр багийн төрөлд түрүүлж, Азийн наадмын аварга болж байлаа. Эл наадмаас өмнө 2007 онд Олон улсын биллиард снүүкерийн холбооноос зохион байгуулсан тэмцээнд анх оролцсон юм билээ. Түүний хувьд амжилтын гараагаа 2010 онд Азийн наадмаас эхлүүлсэн байдаг. Мэргэжлийн алдартай тоглогч, Шотландын тамирчин Терри Гриффитсийн хүү Уэйн Гриффитс дэлхийн А зэрэглэлийн дасгалжуулагч. Тэрбээр Хонконгийн багийг дасгалжуулж, тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг. Амжилт гаргасан тамирчнаас тухайн дасгалжуулагчийн бэлтгэл хэрхэн хийлгэсэн туршлага, ур чадвар харагддаг. Онь И Нг өндөр оноо авах бүрдээ хожлыг уншиж байгаа нь ажиглагдсан. Тэрбээр оноо тэнцсэн тохиолдолд босож, цохихдоо өөр зүйл бодож байгаа нь илт байв. Шийдвэрлэх тоглолтод тамирчны зүрх дэлсэх, эсвэл тоглолтын бай ширээг авч чадахгүй нь гэсэн таагүй бодол төрвөл бодлоо өөр зүйл рүү шилжүүлдэг. Тухайлбал, “Би хувцсаа өнөөдөр индүүдсэн бил үү” гэх зэргээр хэсэг хором бодоод эргээд тоглолт руугаа ордог. Тэр хооронд тамирчин сандарсан, догдолсон, эмээсэн бодлоо сарниулж, тэмцээнээ үргэлжлүүлдэг тал бий. Түүнээс тийм байдал анзаарагдсан. Эрэгтэйчүүдээс аваргын төлөө Ираны тамирчин Али Гарегозлоо Киберийн тоглогч Майкл Георгиутой өрсөлдсөн. Иран улс биллиардын спортод дэлхийн дөрвөн аваргатай. Тэдний гурав нь мэргэжлийнх. Майкл Георгиу өнгөрсөн жил болсон снүүкер биллиардын зургаан улааны ДАШТ-д түрүүлсэн. Тэрбээр мэргэжлийн ангилалд тоглодог. Дэлхийн шилдэг хоёр тоглогч финалд шалгарч гал гарсан тоглолт өрнүүллээ. Эрэгтэйчүүдийн тоглолт шийдэмгий, сонирхолтой болдог тул хүмүүсийн анхаарлыг их татдаг.
-Тамирчид тэмцээний үед тухайн орны орчин, нөхцөлд дасах амаргүй байдаг. Тэдэнд манай улс ямар сэтгэгдэл төрүүлсэн бол.
-Зарим улсын тамирчин, дасгалжуулагчдад манай улс их таалагдсан байна билээ. Халуун, бүгчим уур амьсгалтай орнууд шиг чийггүй, цаг агаарын хувьд сэрүүхэн байгаа нь тэмцээний үед тааламжтай санагдсан талаар тэд өгүүлсэн. Мөн байрлаж буй зочид буудал нь тав тухтай, тэмцээн болж буй заал танхим, тоглолтын ширээ сэтгэлд нь нийцсэн талаар бидэнд ярьсан. Тамирчид хөл тавьсан анхны өдрөөс эхлээд монголчуудын жилийн дөрвөн улиралд амьдрал ахуй, ажил төрөл, хоол хүнсээ зохицуулж ирсэн өвөрмөц хэв маяг сонирхлыг нь их татсан. Тэд “Бид халуун орноос хүйтэн цаг агаартай оронд ирлээ. Монголд өвөл хэдэн хэмд хүрч хүйтэрдэг вэ, зун нь хэр их халдаг бол” гэж их асуусан. Бид тэмцээний дундуур зав гаргаж, Монголын түүх соёлтой танилцуулах зорилгоор “Чингис хаан” үндэсний музейг гадаадын тамирчдад үзүүллээ. Монголд автомашин түгжирч зогсохыг хараад их гайхаж байна.Тиймээс сонирхож үзэх газар нь ойр бол явган алхаж, хоттой танилцахыг хүсэж буйгаа илэрхийлж байв. Тэмцээний нээлтийг “Mongol сulture park”-т хийхээр төлөвлөсөн ч гэнэт хүйтэрснээс болж хаагдсан. Тиймээс “Holiday inn” зочид буудалд хийхээр ярилцаж байна.
-Монголын шүүгчид тэмцээн дэнслэхдээ алдаа дутагдал гаргахгүйг хичээж байгаа нь анзаарагдлаа.
-Хоёр тамирчны амжилт шүүгчээс шалтгаалдаг тул өндөр үүрэг хариуцлагатай байх ёстой. Тэмцээний шүүгчид “200 цаг шүүхэд II зэрэг олгодог. 1200 цаг шүүсний дараа I зэрэг олгох шалгалт өгдөг” гэж ярьдаг. Монголд биллиардын тэмцээн дэнсэлдэг 10 шүүгч бий. Тэднээс зургаа нь өндөр үнэлгээ авсан. Д.Оргил 2022 онд олон улсын шүүгчийн эрхээ авч байв. Тэрбээр дотооддоо улсын ерөнхий шүүгчээр ажилладаг. Түүний хувьд Малайзад болсон Азийн болон ДАШТ-ий тоглолтыг дэнсэлсэн. Дотоодын 20 гаруй тэмцээнд шүүгчээр ажиллахдаа 400 цагийн шүүлт хийсэн туршлагатай.
-Снүүкер биллиардын зургаан улааны ДАШТ-д ч Монголын аваргуудаас ч өрсөлдөж байна. Та тэдэнд тэмцээний үед ямар зөвлөгөө өгөв?
-Д.Амаржаргал дасгалжуулагч зарим тамирчинд зургаан улааны ДАШТ-д оролцохыг зөвлөсөн. Монголын биллиардын холбоо улсын аварга болсон тамирчдадаа сонгон шалгаруулалт хийлгүй аль нэг төрөлд нь оролцуулах эрх өгсөн юм. Тэднээс энэ жилийн УАШТ-д түрүүлсэн ОУХМ Э.Тэмүүжин өөрийн хүсэлтээр зургаан улааны ДАШТ-д өрсөлдлөө. II байр эзэлсэн Д.Дамдинжамц, мөн чансаагаараа дотоодын тэмцээнд тэргүүлж буй Т.Лхагвасүрэн нар оролцож байна. Тамирчид маань тоглолтын үед ямар нэгэн алдаа гарвал биднээс ирж асуудаг. Зургаан улааны тэмцээнд 75 оноогоор хождог. Үүнээс 50-60 оноо авсан тохиолдолд ялна. -Хоёр тэмцээнд дараалж оролцсон тамирчдаас хэнийх нь тоглолт танд илүү сонирхолтой санагдсан бэ? -“Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд Хонконгийн хоёр эрэгтэй тамирчин тун сонирхолтой, уран тоглолт өрнүүлснийг үзэгчид харсан байх. Мөн хамгийн залуу тоглогч, Польшийн 13 настай тамирчин Михал Шубарчик байлаа. Түүний аав нь дэлхийн А зэрэглэлийн шүүгч. Сарын өмнө Энэтхэгийн Банглор хотод зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдсөн юм. Тэрбээр 21-ээс доош насныхны ангилалд түрүүлж, дэлхийн аваргаар анх удаа тодорсон. Намайг тэмцээн тайлбарлах үед тэрбээр ширээн дээрх бүх шааригийг авъя гээд орж ирж байна. Залуу тамирчин болохоор хашир зан суугаагүй. Бэлтгэл сайн базаасан нь тоглолтын үед мэдрэгдсэн. Иймэрхүү үзэгчдийн сонирхол татсан, шийдэмгий, гал гарсан тоглолт тайлбарлах надад ч сайхан санагддаг.
-Та сүүлийн үед тоглолтод оролцсонгүй. Эх орондоо зохион байгуулсан тэмцээнүүдэд өрсөлдөхийг хүсээгүй хэрэг үү?
-Би 2013 оноос Монголын биллиардын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг болсноор тэмцээнд нэг их оролцохоо больсон. Тамирчид тэмцээний дундуур “Шинэбаяр аа, энд ингэлээ, тэнд тэглээ. Би одоо тоглох уу” гэж асуугаад тайван байлгадаггүй юм. Тиймээс тэмцээн зохион байгуулах үед өөрөө оролцохгүй байхыг боддог . -Биллиардын спортод насны хязгаар байдаггүй бололтой. -13 настай тоглогч өөрөөсөө олон насаар ах тамирчинтай өрсөлдөх боломжтой. Гадаадын тамирчид мастер ангилалд тоглох тийм ч дуртай биш. Учир нь тэд өөрийгөө ахмад гэж боддоггүй. Харин ч ид тоглох насныхан гэж үздэгтэй холбоотой. Монголд 40-50 насныхныг мастер, 60-аас дээших насныхныг хүндэт ахмад гэсэн ангилалд оролцуулдаг. Учир нь хүндэт ахмад ангилалд оролцдог тамирчдын өмнө нь тоглож байсан хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй.
-Тамирчид голдуу удам дамждаг. Аав тань биллиард тоглодог байв уу?
-Тийм ээ. Аав минь биллиард тоглох хоббитой байсан. Би багадаа ширээний теннисээр хэсэг хичээллэсэн. Нэг өдөр теннис тоглохоор очтол сул ширээ олдсонгүй. Хүлээх зуураа биллиард тоглож буй хүмүүсийг хартал сонирхолтой санагдлаа. Түүнээс хойш биллиардаас холдолгүй өнөөг хүргэлээ. Үеийнхээ хүүхдүүдтэй 1989 онд байрны подволд пүүл биллиард тоглож, энэ спортод хөл тавих замаа зассан. Үеийнхнээсээ ОУХМ Б.Батсүх, олон улсын шүүгчээр ажиллаж буй Д.Оргил, мөн түүний ах Д.Амаржаргалтай танилцаж, тоглосноор спортын гараагаа эхлүүлсэн юм. Тэр үед пүүл биллиардын ширээ голдуу гар хийцийнх байсан. Монголд снүүкер биллиардын ширээ олон байгаагүй. РЦНК-ийн нэг давхарт, “Хөлөг” зочид буудал, “Фортуна” корпорацын II давхарт байлаа шүү дээ.
-Монголын биллиардын холбооныхны утасны дугаарт 147 тоо заавал орсон байх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Снүүкер биллиардын 15 улааны хамгийн дээд оноо 147 байдаг. Тиймээс бидний гар утасны дугаарт 147 гэсэн тоо бий. Мөн автомашиных нь дугаар хүртэл ийм тоотой. Улаанбаатар хотын гудамжаар яваа автомашинд 0147 гэсэн дугаар харагдвал снүүкер биллиард тоглодог нөхдийн нэг гэж ойлгож болно.