“Team Oggi” клубийн тамирчин, спортын мастер Ж.Анужин дугуйн спортын талбарт хөл тавьсан даруйдаа туршлагатай дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж, богино хугацаанд цахиур хагалж буй. Дотоодын тэмцээнд өсвөр үеийнхнээс ур чадвараараа спорт сонирхогчдын анхаарлыг татах болсон тэрбээр насанд хүрэгчдийн ангиллынхантай хүчтэй өрсөлдөх болов. УАШТ-ээс дөрвөн удаа түрүүтэй түүний хувьд өөрийгөө хөгжүүлж, амжилтаа ахиулсан жил 2022 он байлаа. Олон улсын дугуйн холбооны дэргэдэх “Korea satelite” сургалтад хамрагдаж, дараа жил нь өмнөд хөршид зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн наадмын засмал замын бөөн гараатай уралдаанд хурд сорьсон юм. Тэнд хэдий түрүүлээгүй ч томоохон зорилго өвөртөлж ирснээр энэ жил Вьетнам улсыг зорин “Biwase cup-2024” олон улсын олон өдрийн тэмцээний долоодугаар гараанд III байрт шалгарсан билээ. Швейцарын Цюрих хотод энэ сарын 21-29 хүртэл үргэлжлэх ДАШТ-д Монголын эмэгтэй тамирчдын багт нэгдэж, оролцох түүнтэй ярилцлаа.
-Швейцарт эхлэх ДАШТ-ий товлосон хугацаа дөхжээ. Цюрих хотыг зорино гэхээс сэтгэл тань хэр догдолж байх юм.
-ДАШТ-д хурд сорих Монголын эмэгтэйчүүдийн баг Гавьяат дасгалжуулагч Я.Баатар багшийн удирдлагад бэлтгэлээ базааж байна. Эрэгтэйчүүд Т.Төгөлдөр дасгалжуулагчтай хамт Швейцарыг зорьсон. Тэдний араас элит, өсвөр үеийнхний ангилалд уралдах тамирчид ирэх пүрэв гарагт хилийн дээс алхана. Тухайн улсад тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө очиж, цаг агаар, орчин нөхцөлд нь дасан зохицохын зэрэгцээ уралдах замтайгаа танилцах шаардлагатай байдаг. Цюрих хот манайхтай цаг агаарын хувьд төстэй, сэрүүн санагдсан. Уур амьсгал ойролцоо байх нь бидэнд хурдан дасахад илүү амар. Миний хувьд гадаадын долоо дахь тэмцээнд оролцох гэж буй ч дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэж өрсөлдөх хамгийн том уралдаан нь энэ юм. Өмнө нь зурагтаар харж бахархдаг тамирчидтай нэг гараанаас гарна гэж бодохоор сэтгэл догдолж, хөлгийн жолоо залах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Уралдааны явцад тамирчдын тактик бодож байснаас өөр болдог тул тухайн нөхцөл байдалд тааруулж уралдана. Дасгалжуулагч маань биднийг ууланд авируулах, өгсүүр болон холын зайн, мөн өндөр, хурдны бэлтгэл түлхүү хийлгэдэг. Тэрбээр уралдааны үед нэгнийгээ мэдрэх, багаар ажиллах бэлтгэлд анхаарал хандуулдаг.
-Спортын төв сургуульд сурсан төгсөгчдийн нэг нь та юм билээ. Энэ сургуулиас дугуйн шилдгүүд төрдөг нь сонирхол татдаг юм.
-Би дасгалжуулагч Б.Болдбаатар багшийн шавь болж, дугуйтай нөхөрлөсөн суралцагчдын нэг. Шилдгүүдээс ОУХМ С.Жамбалжамц ах эл сургуулийг төгссөн. Түүний бахархам түүхийг харах бидэнд сайхан санагддаг. Тэрбээр Парисын олимпод улсаа төлөөлж, анх удаа оролцлоо. “Ханжоу-2022” Азийн наадмаас эрх гардаж, уралдана гэдэг том амжилт шүү дээ. Миний хувьд одоо А.Алтансүх дасгалжуулагчтай “Team Oggi” клубт хурд сорьдог.
-Охиноо дугуйтай нөхөрлөхөд аав, ээж тань хэр таатай хүлээж авсан бол. Зарим эцэг, эх амаргүй спорт гээд хүүхдээ хичээллүүлэхээс татгалздаг тал бий.
-Манайхан намайг дугуйгаар хичээллэхэд дуртай дэмждэг. Тэднийхээ ойлгож, тусалдгийн ачаар спортод үлдэж, тууштай үргэлжлүүлсэн. Хоёр багш минь өсвөр үе, насанд хүрэгчдийн ангиллын аль алинд нь уралдахад сэтгэл өндөр хүлээн авч, мэддэг, чаддаг зүйлээсээ харамгүй зааж зөвлөсөн. Би өсвөр үеийн ангилалд уралддаг байхдаа “Team Oggi” клубийнхэнтэй нэгдэх сэн гэж боддог мөрөөдлөө биелүүлсэн. Тэр цагаас олон улсын тэмцээнд оролцдог болсон доо.
-Бэлтгэл хийхийн хэцүүг мэдрэх бүрдээ орхих тухай бодол төрдөг байв уу?
-Анхны өдөр хэцүү санагдаж, “Би юу бодож үүнийг сонгосон юм бол” гэж халширч билээ. Өдрөөс өдөрт бэлтгэл сайжирч, тэмцээнээс медаль хүртэх бүрд урам орж, холдох талаарх бодлоо бүрмөсөн орхисон. “Өвлийн тэргүүн” уулын дугуйн АШТ-д оролцож хүрэл медаль анх зүүсэн минь дугуйнаас холдохооргүй дурлуулсан. Ядарсан үедээ “Одоо ёстой больё” гэж боддог ч маргааш нь бэлтгэлээ хийхээр гарна. Надад эргэж буцсан өдөр хоног олон бий. Хаях тухай бодож эхлэх үед өрсөлдөгчид маань илүү хурцалдаг байлаа. Би их шартай. Энэ зан минь намайг хөгжүүлж урагшлуулсан. “Нэг өдрийн бэлтгэл алдвал тэдэнд медалиа алдана” гэж өөрийгөө зоригжуулсан минь амжилт гаргахад хөшүүрэг болсон. Тухайн үед үеийнхнээсээ Н.Золжаргал, Х.Катя, Б.Номин-Эрдэнэ нартай ана мана өрсөлддөг байв. Тэд өдгөө спортоос холджээ. Дугуйн спортод шигшигдсэн дөрвөн эмэгтэй тамирчин олон улс, тивийн тэмцээнд уралдаж байна.
-Хоёр дахь хүрэл медалиа мөн л уулын дугуйн тэмцээнээс гардсан байх юм.
-Тийм ээ. Уулын дугуйн төрөлд хурдтай, жин багатай тамирчид өрсөлддөг. Зам нь бартаа саад ихтэй. Зориг, зорилго, тэвчээр, тэмүүлэл аль алийг нь шалгадаг. Сүүлийн хоёр жилд засмал замын тэмцээнд оролцдог болсноор уулын дугуйн төрөлд уралдаагүй уджээ. Хоёр төрөлд хурд сориход бэлтгэл хийх арга барил нь өөр тул цаг хугацаа их зарцуулдаг. Иймээс нэгээр нь дагнах болсон.
-Узбекистаны Ташкент хот таны амьдралд бас нэгэн дурсамж үлдээсэн байх. Тэнд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-д өрсөлдсөнийг тань саналаа.
-Тус улсад 2019 онд зохион байгуулсан Азийн АШТ-д анх оролцохдоо догдолж, их сандарсан. Олон тамирчин хараад сүрдэж, санасандаа хүртэл уралдаагүй. Дугуйн спортод ямар их өрсөлдөөн, тэмцэл байдгийг тэнд жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Тэр хэрээр нүд нээгдэж, өрсөлдөгчдийнхөө давуу талаас суралцах туршлага хуримтлуулаад ирж байв. Эзэн орны эмэгтэй дугуйчид өнөөгийнхтэй харьцуулахад тийм ч сайн байгаагүй. Одоо тэднийг тэр үеийнхтэй харьцуулахааргүй болсон. Тивийн тэмцээнд Хонконгийн тамирчин түрүүлж, Японы дугуйчид II, III байрт шалгарч байлаа.
-Оролцсон тэмцээнүүдээсээ медальтай ирэх болсноор багш тань баярлаж, өмнөхөөсөө илүү итгэж найдах болсон байх даа.
-Х.Катяд 2015-2016 онд болсон өсвөр үеийнхний УАШТ-д түрүүгээ алдсан ч дараа жил нь түрүүлж, багшийгаа баярлуулсан. Насанд хүрэгчдийн ангилалд 2018 оноос оролцож, эгч нартай эн тэнцүү өрсөлдөх боллоо. Уралдаанаас уралдаанд оролцох тусам сайжирдаг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт бэлтгэл хийхэд тэмцээнд гаргах үр дүн нь илүү байдаг юм. Тэднийг гүйцэх хэмжээний хурд, хүч гаргахад тивийн тэмцээнд алзахгүй шүү.
-Азийн хүрэл медальт Ц.Солонгыг гүйцэж түрүүлэх дугуйчин нэг хэсэгтээ л байгаагүй. Түүний энд хүрэхийн тулд таныг шаргуу хөдөлмөрсөн гэж боддог юм.
-Тэрбээр тэмцээний үед боломжийг алдахгүй ашигладаг. Хэрхэн уралдахаа сайтар тооцоолж, төлөвлөнө. Барианд орохоос 200 метрийн зайд тасарч, түрүүлдэг. Мэдрэмж өндөртэй, туршлагаар илүү гэдгээ уралдааны замд байнга харуулдаг юм. Бид тэмцээний үед нэгийнхээ өрсөлдөгч. Харин уралдааны дараа тэврэлдээд л уулздаг. Түүнийг хэзээ гүйцэж түрүүлдэг болох вэ гэж боддог байсан үе бий. Тэр хүслээ би биелүүлж чадсан.
-Таны хувь долон улсын тэмцээнд цөөнгүй хурд сорилоо. Вьетнам улс дахин хөл тавих хүсэл төрүүлэв үү?
-Тэнд болсон “Biwase cup-2024” эмэгтэйчүүдийн олон улсын олон өдрийн тэмцээний долоодугаар гараанд III байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Азиас тус улс эх орондоо дугуйн спортыг түлхүү хөгжүүлсэн нь уралдааны үед анзаарагдсан. Олон улс болон тивийн тэмцээнд өрсөлддөг дугуйн багуудтай. Би нэг багийнх нь легионер тамирчин байв. Тэнд гурван сар бэлтгэл хийж, уралдаанд оролцохдоо тамирчдаас нь сурсан зүйл их. Дугуйн тэмцээнд Тайландын тамирчид сонирхолтой уралдаан өрнүүлдэг. Багийнх нь зохион байгуулалт сайн. Лидер тамирчнаа байр эзлүүлэхийн тулд бусад нь тактикийн дагуу уралддаг.
-Казахстан улсад өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан тэмцээнд та ч бас оролцсон шүү дээ.
-Би насныхаа ангилалд 20 дугаар байрт орсон.Тус тэмцээний зам өмнө нь оролцсон Азийн АШТ, “Ханжоу-2022” Азийн наадмынхаас тун амаргүй санагдсан. Найман тойргоос сүүлийн тавд нь өрсөлдөөн улам ширүүсэх болов уу гэж төсөөлж байлаа. Гэтэл гараанаас гарсан даруйд эхний тойрогт өрсөлдөөн ихэссэн. Зам нь хүнд байсан тул маш их тэвчээр гаргаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ улс газар зүйн байршлын хувьд уулархаг, Монголоос өндөрлөг газар оршдог. Бидэнд альч улсын тэмцээнд оролцсон хөгжил, соёл, түүх дурсгалтай нь танилцах боломж тэр бүр гардаггүй. Дасгалжуулагч А.Алтансүх багш тамирчдаа уралдахын өмнө “Өөртөө итгэлтэй, зоригтой бай” гэж байнга зөвлөдөг нь сэтгэлд хоногшжээ. Дугуй техникийн спорт тул тамирчид тэмцээний үед аюулгүй байдлаа заавал хангах ёстой. Монголд одоогоор эмэгтэйчүүдийн шигшээ баг хараахан байгуулаагүй. Ирэх жил бүрдүүлэх байх.
-Дэлхийн дугуйн холбоо дүрэмдээ ойрын үед өөрчлөлт оруулав уу?
-Холбоо дүрэмдээ жендерийн тэгш эрхийн асуудлыг оруулдаг болсон. Үүнтэй холбоо тойгоор Монголын эмэгтэй тамирчид ДАШТ-д энэ удаа урилгаар оролцоно. Сүүлийн хоёр жил зөв бодлого баримталж, эмэгтэйчүүдийг Ази, Европын тэмцээнд оролцуулснаар энэ спортод амжилт гаргах боломж олгосон. Монголд дугуйн спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүн асан, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг ихээхэн хувь нэмэр оруулсанд талархдаг. Улсдаа 30 гаруй жил тасарсан эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулж байна.
-Та ямар фирмийн дугуйгаар уралдаанд оролцдог вэ?
-Тайванид үйлдвэрлэсэн “Giant TCR advenced pro 2025” брэндийн дугуйгаар уралддаг.Өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн АШТ-д оролцохын өмнө манай багийнхан шинэ дугуй бэлэглэсэн юм. Дугуйн спортыг ойлгодог болсон үеэс тамирчин хүн сайн техниктэй байж амжилт гаргадгийг мэдэрсэн.
-Дугуйн уралдаанд түрүүлж, цамцны эзэн болно гэдэг хамгийн хүндтэй шагнал биз?
-Олон өдрийн уралдаанд цагийн нийлбэр дүнгээр бусдыгаа хошуучилсан тамирчин шар өнгийн цамц өмсдөг юм. Би цамцнуудаа дурсгал болгож жаазалдаг. Жил бүрийн УАШТ-д тэргүүлсэн бол багийнхаа хувцсанд улсынхаа Төрийн далбааг томоор хэвлүүлж өмсдөг. Миний хувьд дөрвөн жил дараалж өмслөө. Монголд дугуйн тамирчдын хувцас урладаг мэргэжлийн үйлдвэр байдаггүй тул гадаадад захиалдаг.
-Тамирчдад амжилт гаргадаг уралдааны төрөл, зай байдаг. Та медалийнхаа олонхыг ямар тэмцээнээс гардсан бэ?
-Миний хувьд ганцаарчилсан гараанд уралдах сонирхолтой. Медалиудаа харж байхад засмал замын уралдаанаас олонхыг нь хүртсэн байдаг юм. Өмнө нь дотоодын олон өдрийн уралдаанд нийлбэр дүнгээр эхний гурван байрт ордог байсан бол Төв аймагт өнгөрсөн жил болоход нь анх удаа түрүүлсэн. Манайхан тэмцээн дөхөхөөр надад санаа тавина. Уралдааны үед хэрэглэх зүйлүүдийг бэлдчихнэ. Гадаадын тэмцээнд олон хоног оролцсон үед ээжийнхээ гарын хоолыг их үгүйлдэг дээ.
-Парисын олимпын дугуйн тэмцээнд Бельгийн тамирчин бусдаасаа хол тасарч түрүүлэхийг хараад бахархсан шүү.
-Зун завгүй бэлтгэлтэй байсан ч Парисын олимпын дугуйн тэмцээнийг алгасалгүй үзсэн. Эрэгтэйчүүдээс С.Жамбалжамц ахын уралдахыг сонирхож харлаа. Түрүүлэх магадлалтай дугуйчдаас Бельгийн 23 настай тамирчин Ремко Эвенепулын уралдаан сэтгэл их хөдөлгөсөн. Бусдаасаа тасарч явсан түүний дугуй барианд орохоос гурван минутын өмнө хагарч, цааш үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн юм. Гэсэн ч багийнхнаасаа өөр дугуй авч унаад аварга болсон. Ганцаарчилсан болон бөөн гараат уралдаанд түрүүлж, тус бүр алтан медаль хүртсэн тамирчин олимпын наадмын түүхэнд түүнээс өөр байхгүй. Дугуйн спортод өөрийн байр сууриа хэдийн эзэлсэн тэрбээр амжилтынхаа чансаагаар дэлхийд тэргүүн байрт жагсдаг. Энэ ташрамд, дугуйгаар хичээллэж байгаа залууст “Амжилт гаргахыг хүсвэл тууштай байгаарай. Хэцүү санагдсан ч сэтгэлийн хаттай байвал зорилгодоо хүрдэг юм” гэж хэлье. Харин ДАШТ-д хурд сорих багийнхандаа “Бүгдээрээ бүх зүйлээ дайчилж, сайн уралдаарай” гэж уриалъя.