“Шинэ өнөөдөр” сургуулийн 12а ангийн сурагч, Монголын ширээний теннисний шигшээ баг, “Өсөх зоос” клубийн тамирчин, спортын дэд мастер М.Манлайжаргал шилдгүүдийн эгнээнд хөл тавиад цөөнгүй жил болжээ. Дотоодын томоохон тэмцээнүүдийн хамгийн гол тоглогчоор тодорсон тэрбээр ах нарыгаа өнгөрсөн жилээс амжилтаараа хошуучилж эхэлсэн. Тэмцээний уур амьсгалыг улам сонирхолтой болгож, өрнүүлдэг түүний дайчин, шийдэмгий тоглолтыг харахаар хүмүүс их ирдэг. Амжилт гаргадаг нууц нь их энгийн. Хурд, эрч хүч, тэсрэлт, мэдрэмж, сэтгэл догдлол. Авьяас, ур чадварыг нь үүнгүйгээр төсөөлшгүй. Багаасаа энэ спорттой нөхөрлөж, өсвөр үеийнхний УАШТ-д долоон удаа түрүүлсэн түүн шиг тоглогч насныхны нь ангилалд ховор. Тэрбээр Дундговь аймгийн Мандалговь сумд өнгөрсөн жил зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль шүүрч, хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан юм. Тэгвэл энэ оны зургаадугаар сард болсон залуучуудын, насанд хүрэгчдийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд тэргүүн байрт шалгарч, туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад өөрийгөө хөгжүүлж, богино хугацаанд ахиулснаа батлав. “Холбооны цом”-ын тэмцээнээс алтан медаль гардаж, “Дээд лиг”-ийн тоглолтод ана мана өрсөлддөг түүнтэй ярилцлаа.
-Тамирчдад шигшээ багийн босгоор алхах боломж тэр бүр олддоггүй. Хөл тавихаар болсон мэдээг сонсоод ямар мэдрэмж төрөв?
-Энэ тухай сонсоод өөртөө итгэхгүй эргэлзэж билээ. Босгоор нь алхсан анхны өдрөөс шигшээ багийнхны уур амьсгал, хандлага, харилцаа их таалагдсан. Олон жил бодож явсан хүсэл минь биелэхэд аав, ээж минь их баярласан даа. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог тамирчидтай нэгдэхэд өсвөр үеийнхний УАШТ-д долоон удаа түрүүлсэн минь багагүй нөлөөлсөн байх. Дасгалжуулагч Ким Хён Со, Б.Цэрэнтогтох багш нарын удирдлагад багийнхантайгаа бэлтгэл базааж, БНСУ-д болсон Азийн АШТ-д өрсөлдсөн юм. Монголын баг өмнө нь гаргаж байгаагүй өндөр амжилт үзүүлж, XIII байр эзэлсэн. Тухайн үед өндөр техник, тактик харуулсан БНХАУ, Японы тамирчдын түвшинд ойртох хол санагдаж байв. Хосын төрөлд Японы алдарт тамирчин Томоказү Харимото, Хина Хаяата нартай тоглосон. Эхний үед сайн тоглож, 9:7-оор хожиж явсан ч тэдэнд оноогоор баригдаж ялагдсан.
-Томоказү Харимото харизм өндөртэй. Ямар ч тэмцээнд хурд, тэсрэлт сэтгэл догдлол ихтэй тоглодог шүү дээ.
-Тэрбээр эхнээс нь төгсгөл хүртэл бүхнийг хийж, дуусгана гэсэн бодолтой тоглодог шиг санагдсан. Хосын тоглолтод эмэгтэй тамирчин нь илүү давамгайлж, оноогоо ахиулж байлаа. Бусад орны тамирчдын хэрхэн тоглохыг харсан болохоор тэндээс ирээд өөртөө дүгнэлт хийсэн, өндөр зорилго ч тавьсан. Ур чадвараа ахиулж, урагшлах хэрэгтэйг ойлгосон. Одоо зорьж буй бүхнээ эхнээс нь хэрэгжүүлж байна.
-“Парис-2024” олимпын ширээний теннисний тэмцээн тун сонирхолтой өрнөсөн. Дэлхийн шилдгүүдийн гал гарсан тоглолтод зарим нь медальгүй нутаг буцсаныг ч та харсан байлгүй.
-Ширээний теннисний тэмцээн үзэхдээ Япон, БНХАУ, Тайванийн тамирчдыг дэмжсэн. Японы эрэгтэй тоглогчдоос Томоказү Харимото энэ удаа өмнөх олимпод оролцсон шигээ гялалзсангүй. Тэрбээр ганцаарчилсан төрөлд өмнөд хөршийн тамирчинд хожигдох дөхсөн ч туршлагаар илүүрхэж, шөвгийн наймд ялагдсан. Багийн төрөлд медалиас мултарч, IV байр эзэллээ. Миний дүгнэснээр бол сэтгэлзүйгээ удирдаж чадахгүй тоглолтын төгсгөл хэсэгт алдаа гаргаад байв. Нутагтаа болсон “Токио-2020” олимпод багийн төрөлд хүрэл медаль гардсан шүү дээ.
-Та энэ жил болсон УАШТ, дээд лиг гээд дотоодын томоохон тэмцээнд хошуучилж, медалийн тавцанд зогслоо.
-Насанд хүрэгчдийн “Холбооны цом”-ын тэмцээнд түрүүлснийхээ дараа УАШТ-д оролцож, ганцаарчилсан төрөлд хүрэл, хосынход алтан медаль зүүсэн. Залуучуудын Улаанбаатар хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход мөн л өрсөлдөж тэргүүн байрт шалгарлаа. Тус тэмцээнд аваргын төлөө шигшээ багийнхнаас М.Тэмүүлэн ахтай тоглох хүнд байв. Түүнд 2:0-ээр ялагдаж явсан ч дараалж гурван үе илүүрхэж хожсон. Үнэнийг хэлэхэд, хожно гэж ер төсөөлөөгүй. Эхний хоёр үед онооны зөрүүтэй байсан тул өөрийгөө бараг л ялагдчихлаа гэж бодсон. Юутай ч тэмцээн дуустал зүтгэе гэж хичээж, сэтгэлзүйгээ зөв удирдсаны хүчинд хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан.
-Тэр их өрсөлдөөнөөс медаль атгана гэдэг амаргүй. Тухайн тамирчныг хэр бэлтгэл хийж, хөдөлмөрлөснийг тоглолт нь харуулдаг шиг санагддаг.
-Зун амрах завгүй бэлтгэл хийлээ. Ачаалал ихтэй үед хааяа халшрах тохиолдол бий. Өдөрт хоёроос гурван удаа бэлтгэл хийдэг надад өглөө эрт босох хэцүү. Зорилгоо бодож, хүчлээд босно. Томоохон тэмцээнд түвшин доогуур тамирчинд ялагдчихаад хэдэн өдөр бодож явах үнэхээр амаргүй. Тийм үед “Ямар алдаа гаргав” гэж өөрөөсөө их асуудаг.
-Тамирчид хүсэл, сонирхолдоо тулгуурлаж спортын зам сонгодог. Харин талбарт нь үлдэж, тууштай үргэлжлүүлэхэд анх хэрхэн хичээллэсэн нь их нөлөөлдөг юм билээ.
-Би Дархан-Уул аймагт сурдаг байхдаа сургуулийнхаа биеийн тамирын зааланд тоглож байгаа хүмүүсийг хараад ээжээс “Тэд юуны тэмцээнд оролцож байна вэ” гэхэд “Ширээний теннис” гэж хариулав. Тэр өдөр “Би үүнийг тоглож сурмаар байна” гэхэд орой нь цохиур, бөмбөг авчирч өгсөн. Маргаашнаас нь сургуулийнхаа хананд тоглож, ширээний теннис анх сурч байлаа. Надад энэ спортын эрдмээс анх зааж, амжилтад хөтөлсөн хүн бол Г.Жаргалсайхан багш. Ширээний теннис тоглодог хүмүүс түүнийг “Солгой Жагаа” гэж их хүндэлдэг. Шигшээ багт ирээд дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хён Со, Соддолгор багш нарын удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлж, ах нараасаа суралцаж байна. Дасгалжуулагчид тамирчдаа удирдах өөрийн арга барилтай. Г.Жаргалсайхан багш сэтгэл зүй, техникт, шигшээ багийн дасгалжуулагчид аль алинд нь анхаарал хандуулж, тухайн тамирчны биеийг хөгжүүлэхэд чиглэж ажилладаг. Ким Хён Со багш бидэнд “Та нар ганц түрүүлчихээд Монголдоо сэтгэл ханаж болохгүй. Хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнд сайн тоглох ёстой” гэж хэлдэг юм.
-Улс бүрийн тамирчид тоглох арга барил, техникээрээ ялгардаг. Бөмбөг цохих өнцөг, хурд, сэтгэл зүйн байдал, бэлтгэлийн ачаалал даах чадвар, биеийн хөгжил, хоололт нь хүртэл өөр байх юм.
-Өмнөд хөршийнхөн биеийн хөгжил сайн. Тэд тохируулж хооллохдоо их анхаардаг. Японы тамирчид хурдтай, өрсөлдөгчдөө бөмбөгөө эрчтэй эргүүлэгтэй өгч, оноо салгах чадвараар илүү. Шигшээ багийн бүрэлдэхүүнд нь Хина Хаяата багтаж, Парисын олимпын ганцаарчилсан төрөлд оролцлоо. Тэрбээр шөвгийн наймд зүүн гарынхаа бугуйг гэмтээсэн ч өрсөлдөгчөө хожиж, шигшээ дөрөвт Хятадын тамирчинд хожигдсоноор хүрэл медаль зүүсэн. Медалийн төлөөх тэмцээнд асар их сэтгэлийн хат, тэвчээр гаргаж тоглосон шүү.
-Европын тамирчид өндөр, биерхүү ч Азийнхныг энэ удаагийн олимпод хожсонгүй.
-ХБНГУ Тимо Болл, Дмитрий Овчаров зэрэг шилдэг тамирчинтай. Дмитрий Овчаровыг шөвгийн 16-д буулгаж авсан Францын 17 настай тамирчин Феликс Лебрен хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд миний дэмждэг Тайванийн Линь Юнь Жуг хожсон. Азийн тамирчдын Европынхныг хождог зүйл нь хурд, хөдөлгөөн. Тэд богино хугацаанд хурдтай тоглодог бол европчууд хүч их гаргадаг. Хурдгүй бол тэднийг ялах боломж бага. БНСУ-ын тамирчид энэ удаа ганцаарчилсан төрөлд медаль аваагүй. Эмэгтэйчүүд нь багийн болон холимог хосын төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн.
-Хэрхэн тоглохыг тань харахаар ирсэн нь хүмүүсийн хүлээж авч буй хандлагаас мэдрэгддэг үү?
-Хүмүүс сонирхоод үзэж байгаа нь тоглолтын үед анзаарагддаг. Намайг “Сэтгэл догдлол ихтэй тоглодог” гэж ярихыг нь цөөнгүй сонссон. Би хурд, эрч хүч, сэтгэл хөдлөлөө гаргаж тоглох дуртай. Тийм тоглолт хожил авчирдаг. Тайван тоглох уйтгартай. Бага зэрэг сандрах надад бол бүр ч ашигтай.
-Таны сурдаг “Шинэ өнөөдөр” сургууль спортын төрлүүдээс ширээний теннисийг сайн дэмждэг гэж сонслоо.
-Тийм ээ, тун сайн дэмждэг. Би тус сургуулийн 12а бүлгийн сурагч. Өнгөрсөн жил шилжиж ирсэн ч ангийнхантай ойр дотно нөхөрлөдөг. Ангийн багш, хамт олон минь намайг сайн ойлгоно. Миний хувьд ирэх жил сургуулиа төгсөх, элсэлтийн шалгалтад бэлдэх, мөн бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцох гээд ачаалал ихтэй байх болов уу. Шигшээ багт хөл тавьсан өдрөөс үүрэг хариуцлага өмнөхөөсөө илүү нэмэгдсэн. Өдөр бүр бэлтгэл хийхээр ядардаг. Найз нөхөдтэйгөө ч уулзах завгүй гүйх заримдаа хэцүү санагддаг.
-Ямар мэргэжлээр суралцахаа гэрийнхэнтэйгээ ярилцаж шийдсэн үү?
-Ээж химич. БНСУ-д докторын зэрэг хамгаалсан. Аав барилгын инженер. Манайхан эмч мэргэжлээр суралцахыг зөвлөдөг. Би айлын ууган хүү. Нэг охин дүүтэй. Намайг бага байхад ээж гадаадад сурахаар явсан тул өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө Хөвсгөл, эмээ Өвөрхангай, аав Ховд аймгийнх. Ширээний теннистэй анх нөхөрлөсөн цагаас дэмжиж, бүх боломжоор хангаж ирсэн тэдэндээ баярладаг. Намайг Дархан-Уул аймгаас Улаанбаатарт тэмцээнд оролцохоор ирэхэд өвөө байнга дагаж явдаг сан. Миний хувьд санаа зовох зүйл байгаагүй тул бэлтгэлдээ анхаардаг байлаа. Хааяа тэдэнтэйгээ уулзахаар тус аймгийг зорьдог. Тамирчин хүн дэмжлэггүй бол карьер нь амархан буурдаг. Хэдий сайн тоглодог ч гэрийнхэн нь урам өгдөггүй бол амжилт гаргахгүй. Эрч хүч өгөх, зорилго, зориг төрүүлэх, алдаа оноог нь хэлж зөвлөх, сэтгэлийг нь ойлгоод ярилцах нь урагшлахад их нөлөөлдөг.
-Тамирчдын амжилтад сэтгэл зүйгээс гадна хоололт их нөлөөлдөг. Шигшээ багт ороод анхаардаг болов уу?
-Ээж хариуцлагатай, их зарчимч. Надад өндөр шаардлага тавина. “Цагийн тооцоогоо сайн гаргах хэрэгтэй. Хоол ундаа зохицуулж, эртхэн унтаж амраарай. Биеэ хөгжүүлж, эрүүл байлгах, нэмэлт тэжээл авах хэрэгтэй” гэдэг. Шигшээ багт ороод хооллолтдоо анхаардаг болсон. Тэмцээн эхлэхээс гурван сарын өмнө нүүрс ус, сахараа танадаг. Харин тоглолтын өмнө сахар орсон хүнс хэрэглэхэд өрсөлдөх чадвар дээшилж, бага ядарна.
-БНСУ-д энэ сарын 7-12-нд зохион байгуулах нээлтэй тэмцээнд өрсөлдөх тамирчдын дунд та байгаа гэсэн.
-Тийм ээ, оролцоно. Тэндээс ирээд УАШТ-д тоглоно. Дараа нь насанд хүрэгчдийн Азийн АШТ-д өрсөлдөхөөр Казахстаныг зорино. Тус улсад ширээний теннис хэр хөгжсөн, тамирчид нь ямар амжилт гаргасныг судалж байгаа. Хэдэн жилийн өмнө тэд манайхтай түвшин ойролцоо байсан. Улсынх нь нэг тамирчин чансаагаараа дэлхийд эхний 30 байрнаас 27-д жагсдаг. Түүнээс хойш тамирчдынх нь ур чадвар эрс сайжирсан.