Саудын Арабын Эр-Риад хотноо өнгөрсөн сард зохион байгуулсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас манай улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Үүнтэй холбогдуулан химийн хичээлийн ач тус, үүнийг яагаад сонгон суралцах хэрэгтэй талаар МУИС-ийн Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр 2022 оноос хойш олон улсын олимпиадуудад сурагчдаа бэлтгэн оролцуулж буй юм. Түүнчлэн “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
-Та сүүлийн жилүүдэд олон улсын химийн олимпиадад оролцож буй сурагчдыг бэлтгэсэн шүү дээ. Энэ удаагийн олимпиадын даалгавар өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хүнд байв уу?
-2022 онд докторын зэрэг хамгаалснаасаа хойш олон улсын олимпиадад шавь нараа бэлдэн оролцуулж байна. Химийн олимпиад нь сорил туршлагын болон онол бодлогын гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ удаагийн олимпиадын сорил туршилтын хэсэг хүүхдүүдээс ихээхэн хүчин чармайлт шаардсан, хүнд даалгавруудтай байлаа. Сурагчдын хүч хөдөлмөр төдийгүй логик сэтгэлгээг нь сорьсон.
-Сурагчдынхаа сэтгэл зүйг хэрхэн бэлдсэн бэ?
-Гадаадад сурагчдаа хариуцаж явна гэдэг маш хариуцлагатай ажил шүү дээ. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн би “Монголын химийн олимпиадын хороо”-ны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Тэр ч утгаараа сурагчид маань өмнөх жилийнхээ амжилтыг эвдэж, ахиулаасай гэж маш их хүссэн юм. Гэхдээ энэ зорилгоо сурагчдадаа мэдэгдэж, сэтгэл зүйн дарамт үзүүлэхийг хүсээгүй. Гурван сурагч маань өнгөрсөн жилийн олон улсын олимпиадад оролцож, хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэж байв. Тэд хоёр дахь удаагаа оролцсон учраас сандрах нь харьцангуй бага. Харин анх удаагаа өрсөлдсөн хүүхдийн хувьд амаргүй байсан.
Олимпиадад оролцогчид таван цагийн дотор есөн бодлого бодох ёстой. Тиймээс сурагчдаа заавал медаль авч, амжилтаа ахиулах ёстой гэж дарамтлахыг хүсээгүй. Угаасаа л улсаа төлөөлөхөөр шалгарсан, шилдэг суралцагчид шүү дээ. Шагнал авах бус, олон улсын олимпиадад өөрийгөө сорих нь амжилт гэж захиж байв. Гэсэн ч би дотроо бол шагнал аваасай гэж хүссэн.
-Олимпиадыг ямар зарчмаар явуулдаг юм бол?
-Химийн олимпиадад улс болгоноос дөрвөн сурагч шалгаруулж, оруулдаг. Улс бүр өөрийн гэсэн шалгаруулах зарчимтай. Дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд ахлах, зочин, ажиглагч гэх таван хүн багтана. Манайх ч энэ жишгийн дагуу оролцлоо. Зочны хувьд Саудын Арабад судлаачаар ажилладаг, сурагч байхдаа уг олимпиадад оролцож байсан туршлагатай хүн байсан. Олимпиад 10 хоног үргэлжилдэг. Эхний өдөр нээлт болно. Үүний дараа сорилт туршилтын ажлын байрыг төлөөлөгчид буюу дасгалжуулагчид үздэг юм. Ингэхдээ тухайн хүүхдэд хэрэг болох бодис, шил, сав бүрэн бүтэн, хэвийн ажиллаж буй, эсэхийг шалгана. Харин олимпиадын нээлт эхэлснээс хойш багш, сурагчдыг уулзуулдаггүй. Сурагчдын холбоо барих хэрэгслийг хураан авч, сүлжээ сарниулагч төхөөрөмж суурилуулна. Нээлтийн орой олимпиадын даалгаврыг бүх орны төлөөлөгчдөд илгээдэг. Бид даалгаврыг сайтар шалгаж, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн мэдлэг, ур чадварт тохирч буй, эсэхийг үнэлэн, саналаа өгдөг юм. Бүх орны дасгалжуулагчид ингэж сайтар шалгасны дараа тухайн улсынхаа хэл рүү хөрвүүлж, сурагчдадаа өгдөг. Сурагчид уг зааврын дагуу сорилт туршилтаа хийж байхад багш нарт онолын даалгаврыг нь өгч, дахин шалгуулна. Онолын даалгавар нь есөн бодлогоос бүрддэг. Тэдгээрийг таван цагийн дотор бодож дуусгасан байх шаардлагатай.
-Манай улс оролцогчдоо хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
-Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхтэй зэрэгцүүлээд л шалгаруулдаг. Ерөнхийдөө хоёр төрлөөр шалгаруулж байна. Нэгдүгээрт, цахим сорил авдаг. Үүнд орон даяар бүх хүүхэд оролцох боломжтой бөгөөд дөрвөн үеэс бүрддэг юм. Цахим сорилыг бүх хүүхэд нэгэн зэрэг ажиллах учраас нэг ангийн хэдэн ч сурагч тэнцэх боломжтойгоороо онцлогтой. Тэгэхээр улс даяар шалгуулсан хүүхдүүдээс хамгийн чадвартай нь тэнцэнэ гэсэн үг. Цахим сорилын сул тал гэвэл орон нутгийн сурагчид орхигдчих гээд байдаг нь юм. Бид бэлдээд ч нэмэргүй гэх ойлголт сурагчдын дунд үүссэн байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд хоёр дахь шалгаруулалтад аймаг, дүүргээс сурагчид оролцуулдаг. Аймаг, дүүргээс болон цахим сорилоос шалгарсан сурагчид улсын олимпиадад оролцоно. Ингээд улсын олимпиадаас медаль авсан 44 сурагч олон улсынхад оролцох эрхтэй болдог. Шалгарсан 44 хүүхэд олон улсын олимпиадын бэлтгэлд хамрагдаж, шигшигдсэн дөрөв нь албан ёсоор оролцоно гэсэн үг. Шаардлага нь ийм.
-Ер нь зөвхөн олимпиадын түвшинд бус, сургалтын чанарын хувьд ч орон нутгийн сурагчид химийн хичээлээр хоцрогдоод байх шиг. Ийм байдал ажиглагддаг уу?
-Ажиглаж байхад алслагдсан аймгуудын сурагчдын химийн сурлагын түвшин уруудсаар, сүүлдээ бүр ч мууддаг. Тэгэхээр орон нутгийн хүүхдүүдийг олимпиадын сорилд зайлшгүй оролцуулна гэдэг нь химийн хичээлд сонирхолтой болгох зорилготой юм. Тухайлбал, Багахангай, Налайх гэх мэт хотын төвөөс алслагдсан дүүргээс заавал нэг сурагч оролцуулдаг. Ингэснээр алслагдсан бүс нутгаас хүүхдүүд оролцох боломж нэмэгдэнэ. Тэд хэдий авьяастай байсан ч багш нарын хүрэлцээ гэх мэт өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлээс үүдэн олимпиадад оролцох боломж нь хомс байж магадгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийн хүүхдүүдийн химийн мэдлэгийн түвшнийг сайжруулахын тулд ийм арга хэмжээ авдаг. Түүнчлэн бид энэ жилээс бүсийн олимпиад зохион байгуулахаар зорьж байна. Ингэснээр бүс нутагт, алслагдсан аймаг, дүүргүүдэд өрсөлдөөн бий болох юм.
-Хүүхдүүдээ олимпиадад бэлтгэхийн тулд сорил туршилт хийдэг шүү дээ. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж, лаборатори нь манайд хангалттай юу?
-Бид даалгаврын ажлын байрыг бэлтгэх шаардлагатай болдог. Улсын олимпиадаас шалгарсан хүүхдүүдэд зориулан 44 ажлын байр бэлтгэнэ гэсэн үг. Ингэж бэлтгэхэд шил, сав, бодис гэх мэт материаллаг зүйл шаарддаг. Түүнчлэн хүний нөөц, багш нарын хүрэлцээ муу шүү дээ. Дээр дурдсан 44 хүүхдийн дунд л өрсөлдөөн явагдана. Харин бүсийн олимпиад зохион байгуулснаар өрсөлдөх чадвар нийтээрээ нэмэгдэж, чанаржих юм. Тэгэхээр тухайн бүс нутгийн химийн багш нар ч үүнд нэлээд анхаарна гэж бодож байна. Улсын хэмжээнд зөвхөн 44 хүүхэд өрсөлдүүлэх бус, бүс нутаг бүрд шалгаруулалт явуулах хэрэгтэй. Гэхдээ үүнийг энэ жилээс эхлүүлнэ гэвэл хэтэрхий эртдэх юм билээ. Бид одооноос сайтар сурталчилж, бүх арга зүйч багш нарт мэдээллээ түгээж байна. Тэд ч бас бэлтгэлтэй байх шаардлагатай шүү дээ. Үүний үр дүнд гурван жилийн дараа олимпиадыг дээрх зарчмаар зохион байгуулна гэж тооцоод, ядаж л хүний нөөцөө сургах асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардана. Бид эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Олимпиадын зарчим 1991 оноос хойш бага багаар тасралтгүй хөгжсөний үндсэн дээр бид өнөөдрийн амжилтад хүртсэн. Үүнийгээ цаашид улам хөгжүүлэхийн тулд бүтэц, зохион байгуулалтдаа анхаарч, хүрээгээ тэлэх ёстой.
-Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад цаашид олон давуу тал, боломжууд бий болдог байх?
-Олон улсын олимпиадад оролцох, тэр дундаа медаль хүртэх нь олон давуу талтай. Тухайлбал, дэлхийн түвшний шилдэг их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй элсэх боломжтой. Мэдээж хэлний мэдлэг гэх мэт бусад шаардлагаа хангасан тохиолдолд шүү дээ. Ийм боломж сурагч бүрд бий гэдгийг хэлэхийг хүсэж байна. Мэдээж ийм сайн боловсон хүчинтэй болох нь Монгол Улсад ч хэрэгтэй. Алсдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн компаниуд үүсэж, хөгжихөд ихээхэн хувь нэмрээ оруулах юм.
-Химийн олимпиадад оролцсон хүүхдүүд ихэвчлэн хувийн сургуульд сурдаг юм билээ. Энэ нь улсын сургуулийн байгалийн ухааны сургалтын чанар хувийнхаас муу байна гэсэн үг үү?
-Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн. Тэгэхээр хувийн сургуулиуд сайн багш нарт өндөр цалин амлаж, ажилд авах нь аргагүй. Хүн л юм чинь амьдралын шаардлагаар ийм сонголт хийж байгаа. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ үүнд бүх багшийг хамааруулж ойлгох нь өрөөсгөл. Ажил мэргэжилдээ үнэнч хүн олон бий. Угтаа бол улсын сургуулийн цалин хангамж сайн бол ийм асуудал гарахгүй шүү дээ. Ер нь сайн багшийг хувийн сургуулиуд цалин хангамж амлаж, сайхан санал тавьсаар авчихдаг.
-Байгалийн ухаан, тэр дундаа химийн хичээлийг сонирхон судлах хүүхэд, залуусын тоо жилээс жилд буурч байна гэдэг. Химиэр суралцахад олон төрлийн тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл улсын сургуульд эдгээр нь төдийлөн байдаггүй. Энэ нь хүүхдүүд химийг сонирхон судлахгүй байх нэг хүчин зүйл болдог уу?
-Материаллаг баазын судалгааг бид хийж амжаагүй байна. Гэхдээ хийх ёстой. “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хувьд цалин хангамж, ажлын байргүй. Сайн дураараа л ажилладаг хүмүүс. Тиймээс бид хүссэн судалгаагаа тэр бүр хийж чаддаггүй.
-Цаашид хүүхдүүдийг химийн хичээлд сонирхолтой болгохын тулд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухааныг орхигдуулалгүйгээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Байгалийн ухааныг зөвхөн Монголд ч бус, олон улсад ч тун цөөн хүн сонирхон судалдаг. Учир нь байгалийн ухаан хүнд, сонирхон судлахад хүчин чармайлт их шаарддаг юм. Тэр ч утгаараа дэлхий даяар цөөн хүн сонирхон судалдаг. Гэхдээ бусад оронд байгалийн шинжлэх ухааныг олон талаар сурталчилж байна. Гэр бүл, хэвлэл мэдээллийн орчинд үүнийг таниулах ажил тогтмол хийж, бодлогоор дэмждэг юм.
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд дөнгөж шинжлэх ухаан хөгжиж, аж үйлдвэрийн хувьсгал өрнөж байх үед л шийдвэр гаргах түвшнийх нь хүмүүс бүх нийтийн боловсрол чухал гэдгийг ойлгосон. Боловсролтой байх тусам аж үйлдвэрийн хувьсгал эрчимжиж, эдийн засаг хөгжих боломж нэмэгдэхийг ойлгож л дээ. Тэр ч утгаараа боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд маш их анхаарч ирсэн. Тухайн улс орны хөгжил боловсролтой шууд хамааралтай. Тэгэхээр эхэлж боловсролдоо анхаарсан улс хамгийн түрүүнд хөгжинө. Өөрөөр хэлбэл, боловсролдоо хүч хаяж, түүнээсээ ашиг хүртэж сурах хэрэгтэй гэсэн үг.
-Химийг заах хамгийн сонирхолтой арга нь юу бол. Та бусад багш нарт туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Хамгийн гол нь амжилт гэдэг нь нэг өдрийн бэлтгэл биш юм. Олон сар, жил, урт хугацааны үр дүнд бий болдог. Тэгэхээр шантрахгүй байвал амжилтад хүрнэ. Түүнчлэн цахим орчин, техник, технологи хөгжиж байна. Хүүхдүүдийн хэлний мэдлэг ч сайжирсан энэ үед багш өөрөө тасралтгүй хөгжих шаардлагатай. Бид цахим орчноос хүссэн мэдээллээ авч, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой шүү дээ. Мэдээж багш нар чадвартай, сайн байвал үүнийгээ дагаад цалин, хангамж, сурагчдын мэдлэг чадвар ч өсөн нэмэгдэнэ.
-Ер нь хими бидний өдөр тутмын амьдралд ямар ач холбогдолтой вэ. Яагаад судлах ёстой талаар мэргэжлийн хүний үүднээс юу гэж зөвлөх вэ?
-Энэ шинжлэх ухаан хүнийг байгаль орчин, эх дэлхийтэй ойр болгодог. Байгальдаа дасан зохицоход тусалдаг юм. Байгалийн ухааныг судалсан хүүхдүүдийг ажиглахад эх дэлхийдээ ээлтэй, уян зөөлөн болж хүмүүждэг.
Зөвхөн мөнгөний төлөө, эрдэс баялгийг нь авахын тулд эх дэлхийгээ сүйтгэж болохгүй. Түүнийгээ нөхөн сэргээж, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр байгалийн баялгаас хүртэх боломжтой шүү дээ. Энэ тэнцвэрийг нь алдагдуулахгүйгээр баялгаас хүртэх боломжийг химичид л олгоно. Тухайлбал, цахилгаан машин нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр сэргээгдэх эрчим хүчийг зай хураагуурт хуримтлуулж ашигладаг болж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад эергээр нөлөөлнө. Улмаар эдийн засаг тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм. Байгалийн гамшигт үзэгдэл хүн төрөлхтний буруутай үйлдлээс л шалтгаалж байгаа шүү дээ. Хэрэв байгалийн гамшигт үзэгдэл болбол их хэмжээний хор хохирол амсана. Тэгэхээр тогтвортой хөгжье гэвэл байгальд ээлтэй байх хэрэгтэй. Үүний тулд химич мэргэжилтнүүдийн хүч, мэдлэг, чадварыг ашиглах нь зүйтэй. Жишээлбэл, гар утасны чип, зай хураагуур, байгаль дээрх баялгийг олборлох гээд л хүний амьдралын хэрэгцээтэй бүхнийг химичид л боловсруулж байна. Иймээс хими бидний амьдралтай салшгүй холбоотой юм.