“Нүүдэлчдийн хэмнэл-хэл хуур мину” сэдэвт хэл хуур тоглогчдын анхдугаар наадам энэ сарын 1-3-нд манай улсад боллоо. Тус наадамд Япон, Саха улсаас хүндэт зочид уригдан ирсэн юм. Мөн Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Завхан, Төв аймгаас нийт 30 гаруй тоглогч гоцлол ба хамтлаг төрөлд өрсөлдсөн.
Уг наадмыг зохион байгуулагч Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг нь 2016 оноос Монгол хэл хуурын төв, музей нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэр цагаас хойш дотооддоо олон ажил зохион байгуулсан аж. Тус нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, тэргүүн А.Мөнхчимэг “Арван жилд нэг удаа зохион байгуулдаг “Хомусист виртоуз мира” дэлхийн гуравдугаар уралдаанд Монголоос төлөөлөгчид, хуурчид оролцож байлаа. Тухайн онд Берлинд болсон олон улсын есдүгээр фестивальд нийгэмлэгийнхээ үйл ажиллагаа, тайлангаараа оролцсон. Мөн олон улсын хэл хуурын нийгэмлэгийн албан ёсны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож ажиллаж байна. 2024 оноос үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, хэл хуурын сургалтын төв, музейтэй боллоо. 2028 онд хэл хуурын аравдугаар фестиваль Япон Улсад болно. 2032 оны арваннэгдүгээр фестивалийг Монгол Улсад зохион байгуулах чиглэл авсан. Зохион байгуулах үйл ажиллагааг Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгт хариуцуулаад байгаа. Энэ сарын 1-3-нд болсон “Нүүдэлчдийн хэмнэл-хэл хуур мину” нь олон улсын наадамд оролцох бэлтгэл ажлын нэг байлаа. Бид эхний ээлжид монгол туургатныхаа хэмжээнд фестиваль зохион байгуулна. Үүний дараа Азийн хэмжээнд, цаашлаад дэлхийн хэл хуурчдыг хамарсан фестиваль зохион байгуулна гэсэн зорилго тавиад ажиллаж байна” гэв. “Нүүдэлчдийн хэмнэл-хэл хуур мину” наадмад оролцсон, ОХУ-ын Сахаулсын уран бүтээлч С.С.Шишигинтэй ярилцлаа.
-Хэл хуур олон хүний сонирхлыг татсан, содон аялгуутай хөгжмийн зэмсэг. Хүннүгийн үеийн монголчууд хэл хуур эдэлж, хэрэглэж байсныг гэрчлэх ясан хуур олдсон байдаг. Хэл хуур нь биетээр олдсон Хүннүгийн цорын ганц хөгжмийн зэмсэгт тооцогдож байгаа. Энэхүү хөгжим одоогоор хэдэн оронд уламжлагдан үлдээд буй бол?
-Дэлхийн бүх үндэстэн угсаатан, ястанд хэл хуур хөгжим тоглосон түүх, сурвалж, улбаа байдаг. Одоогоор хэл хуур хөгжмөө хадгалж үлдсэн 120 гаруй орон бий.
-Төмөр, хулсан, хэл гэх мэт олон төрлийн хуур байдаг. Эдгээрийн ялгаа нь юу вэ. Хийц, хэлбэр, эсвэл дуугаралт нь өөр үү?
-Эдгээр хөгжимд нийтлэг зүйлүүд бий. Жишээ нь, хуурууд бүгд эх биеийнхээ гол хэсэгт хэлтэй. Мөн ямар ч хэл хуурыг тухайн хүн бие, сэтгэлээрээ мэдэрч тоглодог нь бас нэг ижил тал гэж хэлж болно. Зөвхөн материалаараа ялгаатай. Хөгжим тоглох зарчим, ашиглах байдал нь ижилхэн.
-Хэл хуур хөгжмийг тоглоход ямар ур чадвар шаардлагатай вэ. Уруулын хөдөлгөөн, амьсгалаа хуваарилах гэх мэтээс гадна тусгай ур чадвар гэж бий юү?
-Ямар ч хүн жигд, нэгэн хэвийн обиртон гэх хөгийг хэл хуураар гаргаж чадна. Гэхдээ хэлний хөдөлгөөн, шүдний байрлал, амьсгал хүчтэй, урт, богино байх зэргээс шалтгаалан ялгаатай хөг гаргадаг.
-Энэ хөгжимд чавхдас байхгүй ч маш олон төрлийн авиа, аялгуу гаргаж чаддаг. Ан амьтад, олон төрлийн шувуудын чимээг гаргадаг гэсэн байх аа?
-Хүнд асуулт байна. Якут хэл хуур бусад орныхоос илүү уянгалаг, дуугаралт сайтай гэж үздэг. Якутаар хэл хуурыг “хомус” гэдэг юм. Хуурчид бид хэл хуурынхаа тусламжтайгаар хоорондоо ярилцдаг. Зөвхөн аялгуу эгшиг биш, хөгжмийнхөө тусламжтайгаар хүссэн аяа тоглож байхдаа хоорондоо ойлголцож, харилцаж, ярилцаж болдог. Энэ нь хэл хуурын бас нэг онцлог.
-Энгийн атлаа чадал ихтэй энэ хөгжмийг урлах арга нь хэр нарийн бэ. Нэг хөгжим урлахад хэдий хугацаа зарцуулдаг бол?
-Якутын хэл хуурчид өвлөн уламжилсан аргаараа хэл хуураа урлаж ирсэн, олон зуун жилийн өв соёлтой ард түмэн. Манай дархад хэл хуур урлахдаа ямар нэг машин, техник ашигладаггүй, гараараа бүх зүйлийг нь хийж, сэтгэлээ шингээдэг. Тийм ч учраас амьд энергитэй хуур бүтээдэг юм. Урлаач дархнаасаа хамаарч хийх хугацаа нь өөр өөр. Монгол туургатнууд монгол хэл хуураа тоглох ёстой. Түүгээр монгол аялгуу гарна, монголчуудын хэмнэл сэргэнэ. Цаашлаад энэ өв уламжлал хадгалагдана, түгнэ гэж олон улсын төлөөлөгчид энэ удаагийн фестивалиар зөвлөлөө. Гэвч монгол хэл хуур урлаач, дархан маш цөөхөн байна. Урлаачдыг бэлтгэх нь чухал.
-Жишээ нь, Тайвань, Вьетнам, Саха, Монголын хэл хуурыг тоглоход ялгаа гардаг уу. Якут хуурч бусад орны хэл хуурыг тоглоход асуудал үүсдэг үү?
-Хуурч эхлээд өөрийн үндэсний хэл хуурын элементүүдийг сурах ёстой. Үүний дараа бусад орны хэл хуурыг тоглох хэрэгтэй. Эс тэгвээс өөрийн өв соёл гэх утга илэрхийллээ алдчихна. Яагаад гэвэл өөрийн чинь үндэсний өв соёл, олон жилийн уламжлал чиний, миний, бидний уламжлал болж үлдсэн байж гэмээнэ дараагийн зүйлийг сурч хөгжүүлж чадна.
-Хөгжмийн сэтгэл засал гэж бий. Хэл хуур хөгжмөөр ч сэтгэл засал хийдэг тухай энэ удаагийн фестивалиас олж мэдлээ. Хэл хуурын сэтгэл заслын онцлог нь юу вэ?
-Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг болон Якутын хөгжмийн их сургуулиуд, улсын төв эмнэлгийнхэн хөгжмөөр, тэр дундаа хэл хуураар сэтгэл засах чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Үүний хүрээнд хамтын ажиллагааны санал бичгүүдэд гарын үсэг зурсан.
Хэл хуурын дархад тоглогч хүнийхээ дуу хоолойг сонсоод, түүнд нь нийцүүлж хөгжим хийдэг юм. Хөгжмөө тоглоход урлаач, хуурч хоёр хүний энерги нийлж гарч байх ёстой. Тэр нь хэл хуурч болон сонсогч нарт нөлөөлөхдөө сэтгэл зүйд нь илүү хүчтэй, уянгалаг, дотно мэдрэмж төрүүлж байдаг.
Бэлтгэсэн Ц.Анударь