Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)- ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэгт албаа хүлээн авсан даруйдаа ХСҮТ-д ажилласан. Хавдрын өвчлөлд салбарын сайд нь онцгой анхаарч байна гэж харлаа. Уулзалтын үеэр тэрбээр нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн. Хавдрыг бууруулахад нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйлс чухал нөлөөтэй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Шинэ Засгийн газар бүрдэж, Эрүүл мэндийн сайдаар эмч хүн томилогдлоо. Эрүүл мэндийн сайд болон удирдлагын баг манай эмнэлэгт өнгөрсөн сарын 16-нд ажилласан. Үүнтэй холбоотойгоор хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээ, оношилгоо болон түүний дараах хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих албан даалгавар өглөө.
Мөн ЭМЯ, ЭМДЕГ, эмийн агентлаг зэрэг олон байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг гарлаа. Энэ ажлын хэсгийн гол зорилго нь зонхилон тохиолддог хавдруудын өвчлөл, нас баралтыг бууруулах. Хамгийн гол нь хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх юм. ЭМЯ-нд ажиллаж буй ажлын хэсэг хавдартай тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна. Монгол Улс хавдрын үндэсний хөтөлбөргүй цөөн орны нэг. Олон улсын хавдрын хяналтын байгууллагаас өгсөн хавдрын хяналтын хөтөлбөртэй бол гэсэн зааврыг манай улс биелүүлж чадахгүй өдий хүрсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хавдрын хяналтын хөтөлбөрийн тодорхой элементийг хэрэгжүүлж, үр дүн гаргасан. Жишээ нь, өнгөрсөн онд Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг товлолд багтаалаа. Энэ нь том амжилт.
Хавдрын хяналтын хөтөлбөргүй байсны сөрөг үр дагавар их. Тухайлбал, нэгдсэн зохион байгуулалт байхгүй. Зөвхөн эмчилгээ, оношилгоондоо л хамаг анхаарлаа хандуулдаг. Гэтэл шинэ технологи нэвтрүүлье гэхээр саадтай, санхүүжилтгүй. Дэвшилт технологи, эм, тариаг хавдрын эмчилгээнд хэрэглэе гэхээр дэмжих орчин тодорхой бус. Үүнийг засах, сайжруулахын зэрэгцээ орон нутагт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмжийг улам нэмэгдүүлэх шаардлагатай. Ялангуяа хими, хөнгөвчлөх эмчилгээ, шинэ технологи, боломжтой мэс заслуудыг орон нутагт нь хийхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, чадамжид дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна.
-Ийм хөтөлбөртэй болсноор өвчлөл буурах уу. Иргэдэд ямар ач тустай вэ?
-Хавдрын хяналтын хөтөлбөртэй болох талаар бид олон жил ярилаа. Үүний үндсэн дээр өнгөрсөн онд ЭМЯ хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сард ДЭМБ, хавдрын хяналтын байгууллага, Олон улсын цөмийн энергийн агентлаг зэрэг газрын хамтарсан баг манай улсад ирсэн. Тэд үнэлгээ, дүн шинжилгээ хийгээд явсан. Үүний тайланг энэ наймдугаар сард бидэнд ирүүлэх юм. Үүнд үндэслэн хөтөлбөрөө боловсруулах ёстой. Хөтөлбөртэй болсноор одоо хэрэгжүүлж буй ажлын үр дүнг үнэлэх боломжтой юм. Аливаа хөтөлбөр, төлөвлөгөө суурь үзүүлэлттэй байдаг. Суурь үзүүлэлтээс ямархуу түвшинд очсон бэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, “хавдрын хяналт” гэх хоёр үгээр бүх тусламж, үйлчилгээнд “дүн тавих” юм. Зөвхөн ХСҮТ, ЭМЯ биш, хамааралтай бусад байгууллага тус тусын үүргийн дагуу дэд хэсгүүд гаргаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Засгийн газраас хавдрын хяналтын хөтөлбөрийг батална гэж найдаж байна.
-Монгол Улс тодорхой төрлийн хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна хэмээн бахархал мэтээр ярих боллоо. Засгийн газраас нэн тэргүүнд ямар ажил хийх шаардлагатай гэж та харж байна?
-Манай улс элэг, ходоодны хавдрын өвчлөлөөр тэргүүлж байгаа. Мөн элэг, ходоод, уушгины хавдрын нас баралтаар эхэнд бичигддэг. Өвчлөл, нас баралтын тоо өндөр байгаа нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ хангалтгүйтэй холбоотой. Төрөл бүрийн халдвар, хоол хүнс, орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авахгүйгээр хавдрын өвчлөлийг бууруулахгүй. Нэн тэргүүнд тамхины хэрэглээг бууруулахгүйгээр өвчлөл багасахгүй. Яагаад гэхээр манай улсад тохиолдож буй хавдрын өвчлөл барууны улс орныхтой адилгүй. Барууны орнуудад орчны болон иргэдийн амьдрах хэв маяг, дадал зуршлаас хамаатай хавдар багасчихсан. Гэтэл манай улсад орчны нөлөө, амьдралын чанараас үүдэлтэй хавдар давамгайлдаг. Бууруулах боломжтой хавдар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруунд голчлон генетикээр удамшиж, мутацад орсон хавдар зонхилдог. Жишээ нь, хөх, түрүү булчирхайн хавдар нь удамших, гений мутацаас үүсэх нь түгээмэл тул яах аргагүй тохиолдол гэж үзэж болно. Ийм төрлийн хавдар дэлхийд тэргүүлж буй. Гэтэл манай улсад амьдрал ахуй, вирус, нянгийн халдвар, тамхи, архины хэрэглээнээс үүдэлтэй хавдар өндөр. Үүгээрээ дэлхийд тэргүүлж буй нь үнэхээр харамсалтай. Засгийн газраас нийгмийн эрүүл мэндийн интервенц заавал хийх шаардлагатай байна. Үүнийг хийхгүйгээр хавдрын өвчлөлийг бууруулах боломжгүй. Шууд үр дүнд хүрч болох хамгийн шалгарсан арга нь тамхины татварыг нэмэх юм. Олон нам, эвсэл хамтарч УИХ, Засгийн газраа бүрдүүлснийх олон жил хөөцөлдөж буй Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүсээд байна. Дэлхий дээр хамгийн бага татвартай бус, харин хатуу хяналттай улс болж чадвал Монголд хавдар төдийгүй олон төрлийн өвчлөлийг бууруулж чадна. Гэтэл тамхины хяналтыг жил бүр бууруулсаар.
-ХСҮТ жилд хэчнээн хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Манай төвөөр жилд 150 мянга гаруй хүн үйлчлүүлж байна. Анх ХСҮТ-ийг 10 мянга гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай байгуулсан. Үүнээс хойш олон жил өнгөрсөн ч байшин барилгын хүртээмж сайжирсангүй. Хүлээлтийг багасгаж, хүртээмжийг сайжруулах зорилготой ажилладаг. Гэвч иргэн цаг авч, эмчдээ үзүүлэхээс эхлээд оношилгоо, шинжилгээ хийлгэх, эмчилгээнд орох гээд шат бүрд хүлээлт үүссэн. 30 гаруй кабинет, мэс заслын найман өрөөнд 150 мянган хүнд үйлчлэхэд хүлээгдэл зайлшгүй үүсэж байгаа. Үүн дотроо мэс засал, туяа, химийн эмчилгээний хүлээгдэл их.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолыг өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрчилсөн. Амбулаторийн багц үзлэг болон зарим тусламж, үйлчилгээний өртөг ерөнхийдөө багассан. Үүнээс болж бусад газарт хийж байсан хими эмчилгээ хумигдаж, манай төвд дахиад ачаалал нэмчихлээ. Химийн тасгийнхан өдөрт 30 гаруй хүнд үйлчлэхийн зэрэгцээ энэ тооны хэвтэн эмчлүүлэгчид тусламж үзүүлж байна. Манай эмч нар долоо хоногт 130-140 удаа мэс засал хийдэг. Мэс заслын эмчилгээний 180 гаруй удирдамж, зааврыг шинэчилж буй. Учир нь орчин цагт эмчилгээний тактик, төрлүүд маш хурдан өөрчлөгдөж, хөгжиж байна. Тухайлбал, эрт үеийн хавдарт төгс эмчилгээ буюу мэс засал хийнэ. Харин хавдрын хоёрдугаар үеэс хойш эхлээд хими, туяа эмчилгээг хавсран, эсвэл дангаар мэс засал эмчилгээнээс өмнө хийх нь үр дүнтэйг олон судалгаа харуулж, удирдамжууд ч тэр чиглэл рүү шилжлээ. Ингэснээр тухайн хавдрын хэмжээ, идэвхжлийг багасгаж байж мэс хүргэх нь илүү үр дүнтэй болж байна. Тиймээс бид бүхэн энэ заавар, удирдамжуудаа шинэчлэн, хавдрын тусламж үзүүлж буй бусад эмнэлэгт ч баримтлуулснаар хавдрыг эмчлэх нэг ижил удирдамж, зааврыг мөрдөх ач холбогдолтой юм. Монгол Улсын хэмжээнд тэр болгон нэг стандарт баримтлахгүй байгаа ба үүнийг бид хянаж бас чаддаггүй. Тиймээс хавдрын хагалгаа хийж буй аль нэг эмнэлгийн стандарт, шаардлага ХСҮТ-ийнхөөс өөр байж болохгүй юм. Саяхан нэгэн иргэн манай төвд ирж гомдол гаргасан. Тэр хүний хэлснээр нэг эмнэлгийн эмч “Хавдрын эмнэлэгт ачаалал ихтэй, тэднийх ходоодыг нь бүтэн авна. Харин би үлдээнэ” гэж хэлээд мэс засал хийжээ. Тухайн өвчтөн тус эмнэлэгт хоёр удаа хагалгаанд орж тодорхой хугацааны дараа нас барсан гэж байгаа юм. Гол нь тэр хүний ар гэрийнхэн нь хавдрын тусламж, үйлчилгээний стандарт Монгол Улсад яагаад нэг ижил байдаггүй юм бэ, тухайн эмчийг хавдрын мэс засал хийхийг зөвшөөрсөн, баталгаажуулсан бичиг баримт бий юү, танайх өгдөг үү гэх мэт асуудал тавьж буй юм. Ингэж асуух нь ч зөв. Эмчийн баримтлах гол зарчим хүнд тус болох. Хохироож болохгүй. Эмч өөрийгөө чадна гэж бодож болно. Бодох, үйлдэх хоёр ялгаатай шүү дээ. Эмчийн ажил гэдэг хуримтлуулсан мэдлэг, туршлага, эзэмшсэн ур чадвараар тодорхойлогддог. Аливаа мэс заслыг дор хаяж 100 удаа хийж үзсэн байх ёстой.
-Ер нь хавдрын мэс засалчийг хэрхэн мэргэшүүлдэг юм бэ?
-Мэс засалч мэргэжил эзэмшсэн, хүний их эмч нар манай төвд зургаан сар дагалдаж, хавдрын мэс заслын тодорхой чиглэлээр мэргэшин суралцдаг юм. Гэхдээ зургаан сар суралцаж төгсчихөөд бие даан хавдрын хагалгаа хийнэ гэвэл боломжгүй. Заавал тодорхой хугацааны туршлага олж авах хэрэгтэй болно. Өдөр тутам шинэчлэгдэж буй мэдлэгийг олж авах шаардлагатай. Бид Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвтэй хамтран мэргэшүүлэх хөтөлбөрийг чанаржуулж байна. Хавдрын мэс заслаар мэргэшихийн тулд ХСҮТ-д зургаан сар бус, илүү урт хугацаанд суралцах шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс хугацааг нь уртасгаж, нэг жил болгохоор саналаа оруулсан. Энэ хугацаанд туяа, хими эмчилгээний талаар ч суралцах юм. Хавдрын олон улсын байгууллагынхан ирээд үнэлгээ хийхдээ “Монгол Улс хавдрын эмчийг маш богино хугацаанд бэлдэж байна. Ийм байж болохгүй. Бусад улсад мэс засалч хавдраар мэргэшихийн тулд 4-6 жил зарцуулдаг” гэж байсан.
-Хавдартай холбоотой л бол иргэд танай төвийг зорьдог. Бусад улсын эмнэлэгт энэ төрлийн ямар тусламж, үйлчилгээүзүүлж байна?
-Эрүүл мэндийн сайдын 2015 онд гарсан тушаалд аймаг, дүүргийн эмнэлгүүд хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг заавал үзүүлнэ гэж заасан. Мөн хими эмчилгээг бүх, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хийх ёстой. Зарим нь энэ төрлийн эмчилгээ шаардлагатай хүн амынхаа 50-иас дээш хувийг хамруулжээ. Гэтэл 20 хувьд ч хүрэхгүй үзүүлэлттэй эмнэлэг цөөнгүй. Хавдрын тусламж, үйлчилгээг огт үзүүлэхгүй байгаа орон нутгийн мэргэжилтнүүдэд тодорхой зорилт тавьж, биелүүлэх үүрэг өгсөн. Гол нь хүний нөөцөө тогтвортой ажиллуулахад анхаарах хэрэгтэй. Манай төв өнгөрсөн таван жилийн хугацаанд 115 хавдар судлаач төгсгөлөө. Тэдний цөөнгүй нь хими эмчилгээгээр мэргэшсэн. Гэвч олонх нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Ялангуяа аймгийн эмнэлэгт ажиллах хүн олддоггүй. Саяхан нэг аймгийн эмнэлгийн дарга “Хавдар судлаач эмч хэрэгтэй байна” гэж надтай холбогдсон. Монгол Улсын эрүүл мэндийн салбар тэр чигтээ хүний нөөцийн хомсдолд орсон. Орон нутагт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд цалингийн нэмэгдэл олгож байгаа ч яагаад очихгүй байна вэ. Нийт эмч, эмнэлгийн ажилтны цалинг өөр түвшинд хүргэхгүй л бол энэ асуудлыг хэчнээн удирдлага, даргад даалгаад нэмэргүй. Учир нь суурь буюу үндсэн нөхцөл болох цалинг хангалттай хэмжээнд хүргэхгүй бол энэ хямрал үргэлжлээд л байна. Жишээ нь, аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нар ээлжийн амралтаа аваад БНСУ явж байна. Ирсэн даруйд дараагийн хүн нь явна ярьдаг. Энэ бол бодит байдал. Яагаад хүний нөөц тогтворгүй байна гэхээр цалингийн тогтолцоо, эрүүл мэндийн салбарын өртөгтэй холбоотой. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хязгаартай. Тиймээс ямар тусламж, үйлчилгээг дэмжихийг сайн судлах хэрэгтэй юм. Хэрэв төсөв нь хангалттай бол хувь, хувьсгалын ялгаагүй бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээг хамруулахад асуудалгүй. Өнөөдрийн тухайд бол хязгаарлагдмал нөөцийг хуваарилахдаа амин чухал тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний амь аварсан, амин чухал тусламж, үйлчилгээний ихэнхийг улсын эмнэлгийнхэн үүрч байгаа. Тиймээс улсын эмнэлгийн тусламж, үйлчилгээг унагахгүй, шинэ технологи нэвтрүүлж, дэлхийн хөгжлөөс хол хоцроохгүйн төлөө санхүүжилт хуваарилах ёстой.
-Танай эмнэлэг ЭМДЕГ-аас багагүй авлагатай гэв үү?
-Тийм ээ. Санхүүжилт дутуу байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр Багц төлбөрийн хэмжээ, журам батлах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Жишээ нь, улсын эмнэлгүүд компьютер томограф, MRI шинжилгээ хийж байна уу, яваад үзээрэй. Иргэдийн олонх нь хувийн эмнэлэгт халааснаасаа мөнгө төлж хийлгэж байгаа. Гэтэл хувийн эмнэлгүүд ийм өндөр өртөгтэй шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч иргэдийг очихоор эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх бол хүлээх хэрэгтэй гэдэг. Харин мөнгөө бэлэн төлбөл дараалалгүй үйлчлэх жишээтэй. Хууль, журмын дагуу бол эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ өвчтөнөөс төлбөр авах ёсгүй. Өндөр өртөгтэй шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхэд үнэлгээ нь бага учраас улсын эмнэлгүүд алдагдалтай ажиллаж байгаа. Тухайлбал, компьютер томограф, MRI гэхэд 280, 550 мянган төгрөгийн өртөгтэй. Гэтэл үүнийг ЭМДЕГ-аас 152 мянган төгрөгөөр үнэлсэн. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, ажилчдаа цалин олгох, өвчтөндөө тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрийг хасах зардлаар тооцож байна.
-Эрүүл мэндийн байгууллагыг гүйцэтгэлээр санхүүжүүлж буйг сайшаах хүн цөөнгүй юм билээ.
-Гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа нь зөв. Тусламж, үйлчилгээг чанаржуулсан, хяналт сайжирсан, хувь эмчийн болон эрүүл мэндийн байгууллагын хариуцлага дээшилсэн. Гэхдээ энэ тогтолцоогоо яаж зөв, үр дүнтэй авч явснаар иргэдээ санхүүгийн хямралаас хамгаалах вэ гэдэг алхмаасаа дахин урагшлах тухайд ярьж байна. Журмыг жил бүр өөрчилж буй нь асуудал болдог. Сая дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулахдаа “багц” гэж гаргаж ирсэн. Өвчтөн эмчид үзүүлж, оношлуулж, бүх төрлийн шинжилгээ өгснийг багц тусламж, үйлчилгээ гэж үзэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагаас санхүүжүүлэх нь эдийн засгийн үр ашиг, чанарын хувьд зөв. Гэсэн ч өртөг нь бага байхаар асуудал үүсэж байгаа юм. Тухайлбал, “Нура” төвд яг ийм эрт илрүүлгийн тусламж үзүүлэхэд 980 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл улсын эмнэлэгт хавдрын багц тусламж үйлчилгээ 152 мянган төгрөг. Хавдрын өвчтөнд компьютер томограф, MRI-г заавал тодосгогчтой хийдэг. Үүнээс гадна өөр олон тооны нэмэлт ажиллагаа ордог.
-Нэг хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний өртгийг багаар тооцсон байж болох ч танай эмнэлэг ачаалал ихтэй. Өөрөөр хэлбэл, 10 хүнд үйлчлэх, 100 иргэнд тусламж үзүүлэх ялгаатай шүүдээ.
-Эрүүл мэндийн даатгалын газрынхан таны асуусан шиг зүйлийг ярьдаг. Тоног төхөөрөмжийн тусламжтай хийдэг шинжилгээг хэдий олон хүн үзүүлнэ тэр хэрээр алдагдалтай. Уг нь алдагдалгүй байх ёстой. ХСҮТ амбулаторийн тусламж, үйлчилгээ буюу багцаас болж сард 500 сая төгрөг алдаж байна. Урьд нь бид алдагдалгүй ажилладаг байсан. Жишээ нь, компьютер томограф хийлгэхэд 280 мянган төгрөгийн өртөгтэй. Урвалжийг нь бид 110 мянган төгрөгөөр авдаг. Нэмээд зүү тариа, гуурс хэрэгтэй. Шинжилгээний дараа олон эмч зөвлөлдөж, онош тодруулна. Ганц хүний ажил биш. Харин Эрүүл мэндийн сайд, ЭМДЕГ энэ 06 тогтоолыг өөрчлөх талаар санал авч, ажиллаж буй нь сайшаалтай.
-Эрт илрүүлгээр хоёр жилийн хугацаанд нийт 9945 хавдрын сэжигтэй тохиолдлыг“барьж авчээ”. Мөн энэ үзлэгт 1.4 сая хүн хамрагдсаны 650 мянга гаруйд нь хоол боловсруулах тогтолцооны өвчин илэрсэн байна. Энэ хэрээр танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үү?
-Эрт илрүүлгийн тогтолцоо гэж байх ёстой. Ингэж бүх нийтийг шинжилгээнд хамруулах шаардлагагүй байсан. Яагаад гэхээр бүх нийтэд шинжилгээ хийх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Харин энд зарцуулсан их мөнгийг хэмнэх боломж байв. Хорт хавдрыг бүх нийтийн дунд шинжилж илрүүлдэггүй юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй, зорилтот бүлэг дотроо тодорхойлдог. Үүнийг олон улс судалгаа, шинжилгээнд үндэслэн тооцсон зүйл. Үүсгэгчээс эхлээд өвчин бий болох хүртэлх үйл явц гэж бий. Тиймээс бүх хүнээс өвчин “хайх” нь оновчтой биш. Тухайлбал, умайн хүзүүний хавдрын шалтгаан болох хүний папиллома вирусийн халдвар хэдэн насанд авах эрсдэлтэй вэ гэдгийг тооцдог. Манай улсад залуус бэлгийн харилцаанд ихэвчлэн 14-16 насандаа орж байна гэж үзээд үүнээс хойш тухайн өвчний нууц үе нь 10-15 жил гэж тооцдог. Тэгвэл вирусийн халдвар авсан тохиолдолд умайн хүзүүнд шарх илэрч, хавдрын урьдал үүсэж магадгүй үе нь 30 нас гэж үзэж, умайн хүзүүний үзлэгт заавал хамрагдаж, шинжилгээ өгөх шаардлагатай гэдэг. Яг энэ үед нь хавдрын үйл явцыг илрүүлэхийн тулд эсийн шинжилгээ авдаг. Харин одоо эсийн шинжилгээ нь мэдрэг чанар маш бага гэж үзээд умайн хүзүүний вирусийг нь шинжилдэг болсон. Эрсдэлт хэв шинжит вирус илэрвэл эмчийн хяналтад авч, тэр хүмүүсээс л эсийн шинжилгээ авч байна. Эрсдэлтэй бүлэгт шинжилгээ хийж үзэхэд хавдрыг илрүүлэх магадлал өндөр. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал буурч, өвчнийг сонгомлоор илрүүлэх боломжтой юм.
Ходоодны хавдрын гол шалтгаан нь хелико бактери. Энэ бактерийг устгаснаар ходоодны хавдарт хүргэж буй үрэвсэл, шархыг эмчилж чадна. Орчин үед олон судалгаа гарч байна. Улаанбаатар хотоос төвийн эмнэлгүүдийн эмч нар ходоодны дурангаа ачаад орон нутгуудад ажиллаж байна. Энэ нэг их сайхан зүйл биш. Монгол Улсын хэмжээнд бүх эмнэлгийг ходоодны дурантай болгож, эмч нарыг нь сургах ажлыг зохион байгуулахад нэг их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардахгүй шүү дээ. Манай улс хүн амынх нь 60-аас дээш хувь хелико бактерийн халдвартай орны тоонд ордог. Нэгэнт хүн амынх нь талаас дээш хувь хелико бактеритай байхад ходоодны өвчнийг илрүүлэх шаардлагагүй. Эмчилгээ нь өөрөө эрт илрүүлэг болдог. Толгой дараалан эмчилсний дараа үр дүнгээ тооцох нь чухал. Өнгөрсөн хугацаанд гадаадын олон орон эрт илрүүлэгт их хөрөнгө зарцуулжээ. Дараа нь онош баталгаажуулах, эмчлэх, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх зэрэг үйл явцад асар их зардал гаргасан байна. Жишээ нь БНСУ сүүлийн 5-6 жилийн хугацаанд судалгаа хийсний дүнд эмчилгээгээ урьдчилан сэргийлэх арга болгосон. Эмчилгээг сайн хийснээр хелико бактерийг устгаж, үүнийг дагаад ходоодны хавдрын шалтгаан арилах юм. Манай улс нэг ажил хийх гэж ухантаж байтал эрүүл мэндийн салбарт шинэ санаачилга, судалгаа, шинжилгээ, дэвшил гарсаар байна. Дандаа араас нь 20-30 жилээр хоцорч хөөх биш. Ядахдаа 2-3 жилээр хоцорч явахад монгол хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалттай авч чадна.