Улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг үргэлжлүүлж буй. 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэгт энэ сарын 24-ний байдлаар 1 468 146 хүн хамрагджээ. Үүнээс 1 174 797 хүнд ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Тэдний 59.8 хувь нь эмэгтэйчүүд аж. Эрт илрүүлгийн явц, үр дүнгийн талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягтай ярилцлаа.
-Эрт илрүүлэгт нийт хүн амын 43.4 хувь нь хамрагджээ. Хамрагдсан иргэдэд ямар өвчлөл түлхүү илэрсэн бэ?
-Юуны түрүүнд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний нэг онцлогийг дурдъя. Энэ үзлэг нь эрүүл мэндээ ямархуу байгааг тодруулах хүсэлтэй иргэдэд чиглэсэн бөгөөд нэгэнт өвчин нь оношлогдсон хүмүүс заавал хамрагдах шаардлагагүй юм. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.4 сая хүн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Нийслэл болон орон нутагт хамрагдсан иргэдийн тоо ойролцоо. Тодруулбал, Улаанбаатар хотод хүн амын 50.7, орон нутагт 49.3 хувь нь үзлэг, шинжилгээ хийлгэсэн байна. Хүйсийн тухайд 43.8 хувь нь эрэгтэй, 56.2 хувь нь эмэгтэй. Нийслэлд Баянзүрх, Баянгол дүүрэг, орон нутагт Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн иргэд хамгийн сайн хамрагджээ.
Эдгээр дүүрэг, аймаг нийт хүн амынхаа 50-иас дээш хувийг хамруулсан дүнтэй байна. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн дунд таван төрлийн өвчин зонхилж буй юм. Үүнд хоол боловсруулах эрхтэн, дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцоо, шээс, бэлгийн зам, зүрх, судас, амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, 650 мянга гаруй хүнд хоол боловсруулах тогтолцооны өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Тодруулбал, ходоодны шарх, улайлт, хортой, хоргүй хавдар илэрсэн тул дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ. Дотоод шүүрлийн булчирхайны өвчнөөр 170 мянга гаруй хүн оношлогджээ. Давсны хэт хэрэглээтэй холбоотойгоор бамбай булчирхайн зангилаа нэлээд оношлогдож буй юм. Харин 110-аад мянган хүн шээс, бэлгийн замын өвчтэй байна. Тэр дундаа залуучуудын дунд бэлгийн замын өвчлөл, бөөрний архаг үрэвсэл түгээмэл илэрсэн. Мөн 85 мянган хүн зүрх, судасны өвчнөөр оношлогдсон байна. Таргалалт, хөдөлгөөний хомсдол, хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ нь даралт ихсэх болон зүрх, судасны өвчлөлд хүргэдэг. Түүнчлэн 36 мянга гаруй иргэнд амьсгалын тогтолцооны өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Агаарын бохирдол, утаа, тоосжилт, машины угаар, тортгоос үүдэлтэй астма, харшил зэргээс үүдэж эл өвчлөлийн тохиолдлын тоо буурахгүй байна. Харин 0-17 насныхны хувьд өвчлөл арай өөр. Амны хөндийн эрүүл мэнд буюу шүд цоорох өвчин зонхилдог. Тодруулбал, энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 251 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 77.8 хувийнх нь шүд цоорсон, 2.9 хувь нь шүдний гажигтай, 1.2 хувь нь хараа муутай байна.
-Хавдрыг эрт илрүүлэх тусам эмчлэх боломжтой гэж үздэг. Эрт илрүүлгээр хавдрын хэчнээн тохиолдлыг илрүүлсэн бэ?
-Нийт хамрагдсан иргэний 9945 нь хортой болон хоргүй хавдраар оношлогдсон. Үүний олонх нь буюу 7600 нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд үзлэгт цөөн хамрагдсан нь үүнд нөлөөлж буй. Хавдраар оношлогдсон хүмүүсийн 64 нь 0-5, 214 нь 6-17, 102 нь 18-30, 3225 нь 31-45, 4016 нь 46-60, 2324 нь 61-ээс дээш настай. Үүнээс харахад 30-аас дээш насныханд хавдар илүү оношлогдож байна. Ходоод, улаан хоолой, элэг ба цөсний суваг, хөхний хавдар тэргүүлж буй юм.
-Залуучууд эрүүл мэндээ анхаарахгүй, хойрго хандаж байна гэж шүүмжлүүлдэг. Тэдний идэвх нэмэгдсэн үү?
-ЭМЯ-ны зүгээс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулснаар залуучуудын идэвхийг нэмэгдүүлсэн. Гэхдээ нэг асуудал бий. Цар тахлын үед оюутан залуус цахимаар хичээллэсний улмаас эрүүл мэндийн даатгалын төлөлт нь тасарсан. 2-3 жил тасалдсан даатгалаа төлөх боломжтой залуус цөөн байна. Тиймээс бид хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө оюутан залуустай холбоотой шинэ журам боловсруулж байгаа. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг сургалтын төлбөрт нь оруулж тооцох тухай ярьж буй. Хэрэв энэ бүтэмжтэй болбол ирэх есдүгээр сарын 1-нээс оюутан залуусыг эрт илрүүлэгт хамруулна. ЭМЯ, Боловсролын яам хамтран төсөв гаргаж, амьжиргааны түвшин тааруу айл өрхийн 1000 орчим хүүхэд, залуусыг Улсын хоёр дугаар төв эмнэлэг(УХТЭ)-т үзлэгт хамруулсан. Энэ мэт олон талын арга хэмжээ авч байна.
-Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн хоёр жилд нэг удаа эрт илрүүлэгт хамрагдах боломжтой. Давтан шинжилгээнд иргэд хамрагдаж эхэлсэн болов уу?
-Энэ оны долоодугаар сарын 1-нээс хойш дахин хамрагдаж байгаа.
-Эрт илрүүлгийн дараах тусламж, үйлчилгээ маш чухал. Үүнд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Манай яамны Эмнэлгийн тусламжийн газрынхан үүнд хариулах байх. Ер нь өвчин илэрсэн тохиолдолд тухайн иргэн эмчлүүлэх эмнэлэг, эмчээ сонгох эрхтэй. Бид нэгэнт оношлогдсон хүмүүсийг эрүүлжүүлэхэд анхаарч буй бөгөөд ахиц гарч байгаа.
-Алслагдсан сум, багийн иргэд эрт илрүүлэгтээ хамрагдах боломж тааруу. Харин нүүдлийн эмнэлгийн багийнхан газар дээр нь очиж тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юү?
-Дөрвөн бүсэд дөрвөн баг гаргаж ажиллуулсан нь үр дүнтэй байлаа. Тухайлбал, Улсын гурав дугаар төв эмнэлэг баруун, УХТЭ төв, Цэргийн төв эмнэлэг зүүн, говийн бүсэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон хувийн хэвшлийн“Clinico” эмнэлгийнхэн хамтран ажилласан. Нүүдлийн эмнэлгээр 25 мянга гаруй иргэнийг үзэж, оношиллоо. Үргэлжлүүлээд үлдсэн ганц нэг аймаг, алслагдсан сумуудаар явна. Нүүдлийн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон. Дуран, рентген зэрэг оношилгооны бүх аппаратаар бүрэн хангасан. Жишээ нь, ходоодны дуранг гэхэд зориулалтын автомат угаалгын машинаар ариутгаж буй. Өвчин илэрсэн иргэдийг эмч нар харьяа эмнэлэгтээ шуурхай татан авчирч, дараагийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй нь сайшаалтай.
-Цаашид орон нутгийн иргэд хүссэн цагтаа эрт илрүүлэгтээ хамрагдах нь чухал. Сум бүрд биш юм гэхэд хэд хэдэн сумын дунд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах боломжтой юу?
-Иргэд өөрсдөө эрүүл мэнддээ санаа тавих, анхаарах шаардлагатай байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг саяхан баталсан. Энэ хуультай холбоотой нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь нэн чухал. Өвдөхөөсөө урьтаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн боловсролтой байснаар эрсдэлийг бууруулах боломжтой. Эрт илрүүлгийн оношилгооны төв аймаг бүрд бий. Дуран болон бусад тоног төхөөрөмжөөр хангасан.
Уг нь эрт илрүүлэг гэдэгт багажийн шинжилгээг оруулах шаардлагагүй. Чихрийн шижин, хелико бактери, ДОХ, тэмбүү зэрэг өвчнийг түргэвчилсэн оношлуураар илрүүлж болно. Манай улсын хүн амын дунд амбулаторийн үзлэгээр хоол боловсруулах замын өвчлөл давамгайлж байсан. Тиймээс энэ удаагийн эрт илрүүлэгт ходоодны дуранг оруулсан юм. Нийт хүн амын дунд ямар өвчин зонхилж буй талаар томоохон хэмжээний мэдээлэл цуглуулах, аймаг, бүсээр нь гаргаж ирэхийг зорьсон. Үүний дараа ЭМЯ бодлого, чиглэлээ тодорхойлох зорилготой. Мөн “Ковид-19” цар тахлын дараах хүндрэлийн шалтгааныг тогтоохыг зорьсон. Цаашид анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй өрх, сум, тосгоныхоо эмнэлэгт иргэд эрт илрүүлэгт хамрагдах боломжоор хангана. Эхлээд асуумж болон түргэвчилсэн тестээр тухайн иргэнд ямар нэгэн асуудал байгаа, эсэхийг илрүүлнэ. Үүний дараа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хандаж, оношоо баталгаажуулан, эмчлүүлдэг олон улсын жишгийг нэвтрүүлнэ. Түүнчлэн нүүдлийн эмнэлгийг аймаг, орон нутагт хүртээмжтэй болгоно. Иргэдээ үзээд зогсохгүй, дараагийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх хэлбэрийг сонгох юм.
Нийт хамрагдсан иргэний 9945 нь хортой болон хоргүй хавдраар оношлогдсон. Үүний олонх нь буюу 7600 нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүдтэй харьцуулахад эрчүүд үзлэгт цөөн хамрагдсан нь үүнд нөлөөлж буй. Хавдраар оношлогдсон хүмүүсийн 64 нь 0-5, 214 нь 6-17, 102 нь 18-30, 3225 нь 31-45, 4016 нь 46-60, 2324 нь 61-ээс дээш настай.
-Тэгэхээр цаашид эрт илрүүлгийн үзлэгээр заавал ходоод дурандах шаардлагагүй болох нь ээ?
-Урьдын адил эрт илрүүлгээр өвчнийг оношилно. Оношлогдсон иргэн харин дараагийн шатлалын эмнэлэгт заавал хандах хэрэгтэй. Түүнээс толгой дараалан хүн бүрийн ходоодыг дурандах, рентгенд харах шаардлагагүй. Харин эмчийн заавраар дурандуулж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зовуурьгүй, эрүүл хүний ходоодыг дурандах шаардлагагүй.
-Өвчлөлийн байдалд бүс нутгийн онцлог, амьдралын хэв маяг, ялгаа нөлөөлсөн болов уу?
-Баруун аймагт давсны хэрэглээ өндөр байдагтай холбоотой бамбайн зангилаа, зүүн бүсэд ундны ус, бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр элэг, цөсний өвчлөл давамгайлдаг.
-Иргэдийг нэг дор бүх шинжилгээ, үзлэгт чирэгдэлгүй хамруулж буй нь эрт илрүүлгийн давуу тал юм. Тиймээс хүн бүр үзүүлэх хүсэлтэй байх шиг.
-Иргэдийн идэвх маш их сайжирсан. 2019, 2020 онд 90 гаруй мянган хүн эрт илрүүлэгт хамрагдаж байсан бол 2021 онд 151 мянга болж нэмэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд эрт илрүүлэгт хамрагдсан иргэний тоо 1.4 сая боллоо. Зөвхөн Засгийн газар, ЭМЯ гэхгүй бусад яам, салбарынхан оролцсоноор үр дүнд хүрсэн. Иргэд аль болох архи, тамхинаас татгалзаж, хөдөлгөөний хомсдолгүй, буруу хооллохгүй байх зэрэг эрүүл амьдралын хэв маягт суралцах, хэрэгжүүлэх нь чухал байна. Орчин цагт ямар өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг мэдээллийг олон эх сурвалжаас авах боломж бүрдсэн шүү дээ.
-Хүүхдүүдийн тухайд үзлэг, шинжилгээ хангалтгүй байсан. Тэднийг цэцэрлэг, сургуульд нь үзлэгт хамруулсан нэрээр оромдсон шүү дээ. Үүнийг цаашид яаж сайжруулах бол?
-Эцэг, эх, ангийн багшаас нь тухайн хүүхдийн талаарх асуумжийг сайн авах ёстой. Маш олон төрлийн асуулт бий. 10, 15 настай хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг асуумжаар тодорхойлох жишээтэй. Зан байдал, үйл хөдлөл зэргийг нь тодруулах асуумжууд бий. Үүнийг хүүхэд нэг бүрээс асуухаас төвөгшөөх, эсвэл дутуу тэмдэглэх зэргээр алдаа гарсныг үгүйсгэхгүй. Түүнээс эмчийн үзлэг гэхээр л заавал зүүгээр хатгах, эсвэл ямар нэг багажаар оношилно гэсэн үг биш.
-Эрт илрүүлгийг улам боловсронгуй болгоход хэрхэн анхаарч байна вэ?
-Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээг зохион байгуулах 379 дүгээр журамд өөрчлөлт оруулна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олон улсын жишгийн дагуу эрт илрүүлгийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Өмнө дурдсанаар анхан шатны эмнэлгүүдэд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг хийх юм. Үүнтэй холбоотойгоор хүний нөөцөө бэлдэж, мэргэжилтнүүдийг сургаж байна. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг цаашид тогтмол явуулна. Ингэснээр иргэд жилд нэг удаа сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой. Одоогоор бид эрт ирүүлэгт хүн амынхаа тал хувийг хамрууллаа. Хавдраар өвдсөн хүнийг “Та хавдартай юу, оношуул” гэх нь утгагүй. Харьцангуй эрүүл гэж тодорхойлж болох хүн амыг эрт илрүүлэгт хамруулах зорилготой байсан. Үүндээ хүрсэн гэхэд болно. Харин цаашид 0-18 хүртэлх насныхан, оюутан залуусыг бүрэн хамруулахад түлхүү анхаарна.