“Ид шидийн орон” төвийн багш Г.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг микробиологич мэргэжлээр суралцаж төгссөн. Өдгөө “Алтан тариа” компанид ахлах микробиологичоор ажилладаг. Түүнчлэн тэрбээр бага наснаасаа бүжгийн урлагтай амьдралаа холбосон нэгэн бөгөөд “Miracle dance” клубийг үүсгэн байгуулж, шавь нараа гадаад, дотоодын олон тэмцээн, уралдаанд бэлтгэж буй чадварлаг багш юм.
-Та багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байв уу. Бүжгийн урлагт хэзээнээс дурлаж эхэлсэн бэ?
-Би багаасаа л их хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Хичээллэж үзээгүй бүжгийн төрөл гэж бараг л байхгүй. Бүх зүйлийг хийж үзэх сонирхолтой, үзээд алдъя гэдэг зоригтой хүүхэд байлаа. Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэсэн. Цэцэрлэгийн төгсөлт, тэмцээн гээд л бүгдэд нь оролцдог байсан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь “Шувуухай” гэдэг тэмцээн. Би энэхүү тэмцээний цэнгээнт бүжгийн төрөлд орсон юм. Тэгж л анх цэнгээнт бүжигтэй танилцаж байлаа.
-Хөгжмөө мэдрээд бүжиглэх мөчдөө ямар мэдрэмж авдаг вэ?
-Бүжгийн урлаг маш гайхалтай, аугаа ертөнц. Би өөрийгөө бүжигчин гэж хэлэхээсээ ч санаа зовдог юм. Учир нь бүжиг хүмүүст асар их соёл түгээж, эрч хүч бэлэглэдэг урлаг. Тэр ч байтугай өөрсдийн илэрхийлэхийг хүссэн санаа, тухайн үеийн мэдрэмжийг хөдөлгөөний гоо зүйгээр дамжуулан хүмүүст бодитоор хүргэдэг. Тийм ч учраас бүжгийн урлаг бол хөдөлдөг яруу найраг гэлцдэг байх. Ерөнхийдөө бүжиг бол хүний биеэс гардаг урлаг гэж хэлнэ. Яруу найрагч бол үгээрээ, дуучид хоолойгоороо бүтээлээ хүмүүст хүргэдэг. Харин бид тухайн мэдрэмжийг биеийн хөдөлгөөнөөрөө илэрхийлж хүмүүст хүргэдгээрээ онцлогтой. Сонгодог, цэнгээнт, ардын, гудамжны, спорт гээд бүжгийн төрлүүд бүгд л өөрсдийн гэсэн нарийн мэдрэмж, бусдад хүргэх өгүүлэмжтэй. Тэгэхээр бүжиглэх бүрдээ мэдээж маш сайхан мэдрэмж үргэлж авдаг.
-Бүжгийн аль төрлөөр голчлон хичээллэдэг бол?
-Миний хичээллэдэг төрөл бол dance board буюу бүжгийн спорт. Энэ нь латин америк болон стандарт төрлийн нийт 10 бүжгийг багтаасан, дэлхийд хурдацтай хөгжиж буй спортуудын нэг юм. Миний хувьд Монголын үндэсний олимпын хороо, Монголын бүжгийн спортын холбооны багш, дасгалжуулагчийн статустай ажилладаг. Үүнээс өмнө би уг холбооныхоо тамирчин нь байлаа. Түүнчлэн “Hobby dance”, “Moon dance” зэрэг клубт тамирчнаар ажиллаж байсан. Мөн оюутан байхдаа “Wing dance” гэх хамтлагийг үүсгэн байгуулсан. Бид хамтлагаараа “Сарны цом” улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, хоёр удаа аварга болсон түүхтэй.
-Яагаад микробиологич мэргэжлийг сонгох болов. Та багаасаа л бүжгийн урлагаар хичээллэсэн хүн шүү дээ. Тэгэхээр бүжгээрээ мэргэшин суралцах боломж байсан л байх даа.
-Би МУИС-ийг микробиологич мэргэжлээр төгссөн. Миний үндсэн мэргэжил микробиологич гэсэн үг. Дээр дурдсанчлан багаасаа л бүх зүйлийг сонирхдог хүүхэд байсан л даа. Миний хамгийн хайртай хобби бол мэдээж бүжиг. Гэхдээ үүнээс гадна байгалийн шинжлэх ухаан болон түүхийн хичээлдээ дуртай байсан. Тиймээс археологич, эсвэл биологич болох зорилготой байв. Тэгээд л элсэлтийн ерөнхий шалгалт ч өгч, эдгээр хичээлээрээ өндөр оноо авсан юм. Мэдээж бүжигчин болохыг хүссэн. Гэхдээ багаасаа л байгалийн шинжлэх ухаанд дурласан, дүүрэг, нийслэлийн хэмжээний олимпиадуудад тодорхой хэмжээнд амжилт гаргадаг байлаа. Харин энэ мэргэжлийг сонгох болсон гол шалтгаан нь судлаад үзэхэд микробиологичоор Монголд маш цөөн хүн суралцаж төгсдөгийг мэдсэн. Тиймээс зориглоод сонгосон юм. Суралцахад амар байгаагүй. Шинжлэх ухааны нарийн мэргэжил учраас цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаарддаг. Гэхдээ энэ мэргэжлээр суралцаж төгссөндөө харамсдаггүй. Харин ч маш их бахархдаг. Үүний хүрээнд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд байгалийн шинжлэх ухаан буюу биологи, хими, физик, математик зэрэг хичээлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилгоор багшилдаг.
-Та хэзээнээс “Ид шидийн орон” төвд багшлах болсон бэ?
-“Ид шидийн орон”-той нарийн, нягт холбогдоод хоёр жил болох гэж байна. Энэ байгууллагын талаар өмнө нь төдийлөн мэддэггүй байв. Гэнэтийн зүйл болсон л доо. Манай бүжгийн хамтрагч над руу яриад “Хүүхэд хөгжүүлэх төвд багшлах боломжтой юу” гэсэн санал тавьсан юм. Тэгж л анх “Ид шидийн орон”-ы хүүхэд багачуудтайгаа танилцаж байлаа. Энд ирэхэд орчин нөхцөл нь маш их таалагдсан. Хотын төвөөс алслагдсан бүсэд ийм сайхан бүтээн байгуулалт хийж, хүүхдийн хөгжлийн төлөө ажиллаж буй хүмүүсийг хараад тухайн үед сэтгэл маш их хөдөлсөн. Тэгээд л анхны элсэлтээ авч байлаа. Анхны элсэлтээрээ 12 хүүхдэд бүжгийн спортын хичээл заахаар болсон. Мэдээж анх энд ийм удаан хугацаанд багшилна гэж бодоогүй. Харин багшлах явцдаа “Энэ хүүхдүүдийг би өөрчилье, тэдний төлөө чадах бүхнээ зориулъя” гэж бодох болсон. Ер нь зөвхөн энд буй хүүхдүүд бус, хүүхдийн төлөө чадах бүхнээ хийх ёстойг олгосон. Учир нь хүүхэд бол Монгол Улсын ирээдүй шүү дээ. Тиймээс хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлнэ гэдэг улс эх орондоо хувь нэмрээ оруулж буйн илрэл гэж боддог. Тэгээд л “Ид шидийн орон”- доо эргэлт буцалтгүй сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
“Miracle dance” клубийн багш Г.Ганбаяр шавь нарын хамт
-Төвийнхөө үйл ажиллагааны чиглэл, зорилгоос хуваалцаж болох уу?
-“Ид шидийн орон”-ыг хүмүүс хүүхэд асрах төв, эсвэл зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүд очдог газар гэж ойлгодог. Манай төвийн гол зорилго нь хотын алслагдсан бүсэд амьдардаг хүүхдүүдэд хөгжих боломж олгох юм. Тэдэнд хотын төв рүү дугуйланд явж, өөрийгөө хөгжүүлэх боломж хомс шүү дээ. Алслагдсан бүсэд амьдрал хотын төвийнхөөс өөр өнгөтэйг хүн бүр л мэдэх байх. Тиймээс бид тэгш эрх, тэгш хүртээмж, тэгш боловсрол, тэгш мэдлэг гэсэн үзэл баримтлалын дагуу төслүүдээ хэрэгжүүлдэг. Үүгээрээ онцлогтой юм. Мэдээж манай төвийнүүд хаалга зориод ирсэн хэн бүхэнд нээлттэй. Сургалт хөтөлбөрүүд маань төлбөртэй. Гэхдээ энэ нь мөнгө биш. Бид хүүхдүүдэд бүх зүйл үнэгүй олддоггүйг ойлгуулахын тулд төлбөрөө хуванцар саваар авдаг. Жишээлбэл, тухайн хүүхэд дугуйландаа ирэхийн тулд сард 15 ширхэг хуванцар сав авчрах гэх мэтийн төлбөртэй. Үүгээрээ давхар хогны менежментийг сайжруулахыг зорьдог. Түүнчлэн хүүхдүүд маань дугуйландаа маш идэвхтэй оролцдог. Үүнийг дагаад багш нар маань ч урам зориг дүүрэн хичээлээ зааж байна.
“Ид шидийн орон” төвийнхөн хүүхэд хамгааллын чиглэлээр, тэр дундаа хүчирхийллийн эсрэг ажилладаг. Тэднийг хэрхэн хөгжүүлэх, ирээдүйд яаж зөв хүн болгох вэ гэдэгт төвлөрдөг хамт олон. Гэвч бид их муу нэртэй. Хандивын мөнгө идсэн, бас асрамжийн газар байгуулсан гэх зэргээр гүтгүүлэх нь бий. Гэхдээ бид үүнд огт эмзэглэдэггүй. Угаасаа л монголчууд аливааг сөрөг талаас нь ойлгох нь элбэг гэж бодоод орхичихдог юм.
Энд хүүхэд багачууд хөгжиж, дэлхийд гарч буйд бид маш талархууштай ханддаг. Тухайлбал, манайд бүжгээс гадна жиү жицүгийн дугуйлан бий. Жиү жицүгийн спортоор хичээллэдэг хүүхдүүд маань дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гудамжинд усны тэрэг түрээд явж байсан хүүхэд жиү жицүгээр хичээллэж, дэлхийн аварга, бүжгийн спортоор Азийн аваргад оролцож байна шүү дээ. Энэ бол маш том амжилт, тэдний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Тэд жиү жицүгээр дамжуулан өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалж сурдаг. Спортоос гадна маш олон төрлийн дугуйлан манай төвд бий. Тэр бүхний ачаар хүүхдүүд зөв хүмүүжиж буйг харахад сэтгэл дүүрдэг.
-“Ид шидийн орон”-д хүүхэд багачуудад бүжиг заахаас гадна мэргэжлийнхээ хүрээнд багшилдаг гэж сонссон.
-Ер нь хүүхдүүд байгалийн шинжлэх ухааны хичээлээр нарийн мэргэшихээ больсон юм шиг санагдсан. Тиймээс зүгээр л ярьж, санаа зовохоос илүү хийж хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна, мэддэг, чаддаг зүйлээрээ бага ч гэсэн нэмэр болъё гэж бодсон юм. Тэгээд л алслагдсан бүсийн хүүхдүүдэд шинжлэх ухааны хичээлийг системчилсэн байдлаар, сонирхолтой арга ашиглан зааж эхлээд хоёр жил болж байна.
Микробиологич мэргэжлийнхээ хүрээнд “Ид шидийн орон” төвдөө шинжлэх ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ингэхдээ хүүхдүүдийн урд ном дэлгээд, энэ бол физикийн хууль гэж заадаг улиг болсон, уламжлалт сургалтын тогтолцоог бид эвдэхийг хичээсэн. Хүүхдүүддээ чиний алхам тутамд, өдөр тутмын амьдрал, хийж буй үйлдэл бүрд шинжлэх ухаан оршдог гэдгийг сонирхолтой байдлаар хүргэхийн тулд хичээлүүдээ системчлэн заадаг. “Me¬gamind” төслийнхөө хүрээнд бид АНУ-ын “Грандциркел” компанитай хамтарч шинжлэх ухааны кабинетыг байгуулж байлаа. Энд бид лабораторийн туршилт хийдэг. Хүүхдүүд орж ирээд л уулга алдам орчинд сонирхолтой байдлаар хичээлээ заадаг юм. Одоогоор 200 гаруй хүүхдэд хүрч ажилласан байна. Үүнээс гадна бид Монголдоо хамгийн анхны шинжлэх ухааны тоглоомын талбайг “Dudu” музейнхэнтэй хамтарч “Ид шидийн орон-2” төвд байгуулсан.
-Бүжиг заасан шавь нар тань одоогоор ямар амжилтууд үзүүлээд байна вэ?
-Хамгийн ойрынх гэвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хонконгод болсон Азийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Үүнээс манай хүүхдүүд гурван хүрэл медаль, тусгай байрын дөрвөн шагнал хүртсэн. Түүнчлэн дотоодын тэмцээнүүдэд ч үргэлж өндөр амжилттай оролцдог. Бид Монголын бүжгийн спортын холбоонд элссэнээс хойш нэг ч тэмцээн алгасалгүй оролцсон юм. Мөн манай “Miracle dance” клуб дотоодын болон олон улсын 16 тэмцээнд оролцоод байна. Тэдгээрээс 83 медаль, тусгай байрын 100 гаруй шагнал хүртсэн.
-Ойролцоогоор хэдэн шавь бэлдсэн бол?
-“Miracle dance” клуб маань одоогоор 70 орчим тамирчинтай. Бүгд тэмцээнд тогтмол оролцдог. Мөн миний анх элсүүлж байсан 12 хүүхэд дотоодын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байна. Хамгийн сүүлд бид энэ сарын 21-25-нд болсон, Дэлхийн бүжгийн спортын холбоо болон БНХАУ-ын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулсан Азийн спорт бүжгийн наадамд өрсөлдлөө. Дэлхийн бүжгийн спортын холбооны бүхий л гишүүн улс орны тамирчид цугларч, маш нүсэр тэмцээн болсон. Үүнд бид нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос хоёр нь шилдэг 24, 48-д шалгарсан. 200 гаруй хүүхэдтэй өрсөлдөж, шилдэг 24, 48 дугаарбайртжагссанхүүхдүүдээрээ маш их бахархдаг.
-Бэлтгэл сургуулилалтаас эхлээд бүжгийн урлагт шантрах зүйлс их байх. Тэр бүрдээ юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?
-Бүжигчин, бүжгийн урлагийн нэг хэсэг байна гэдэг асар их золиос, цаг хугацаа шаарддаг. Мэдээж хүн бүрд зовлон бэрхшээл тулгарна. Яг үнэндээ орлогын хувьд ч асуудалтай шүү дээ. Гэсэн хэдий ч бүжигчин хүн урлагтаа гүн гүнзгий дурлачихдаг. Тиймээс ямар ч үед юу ч тохиолдсон бүжиглэхээ больдоггүй. Бүжиглэснээрээ авч буй мэдрэмжийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй. Тийм л сайхан мэдрэмж шүү дээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн