Улсын филармонийн хөгжимчин Б.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрбээр Морин хуурын олон улсын VII наадмын мэргэжлийн хуурчдын төрөлд 96.5 оноогоор манлайлж, тэргүүн байр эзэлсэн юм.
-Морин хуурын олон улсын наадмын мэргэжлийн хөгжимчдийн төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Эл уралдаанд ямар бүтээлээр оролцсон бэ?
-Баярлалаа. Уралдааныг гурван үе шаттайгаар явуулсан. Шат тус бүрд нь гурван бүтээлээр оролцлоо. Нэгдүгээр шатанд Ц.Батчулууны хуурдсан “Эртний сайхан” болон Ж.Энхбаярын “Ноктюрн”, К.Сен-Сансын “Danse мacabre” зэрэг бүтээлийг толилуулсан юм. Уралдааны хоёрдугаар шатанд А.Доржпаламын хуурдсан “Балдан засгийн жонон”, Ш.Өлзийбаярын “Glis¬sando el Spiccato” зэрэг бүтээлээр өрсөлдлөө.
-Эдгээр бүтээлийг сонгосон шалтгаан юу байв?
-Уралдааны удирдамжийн дагуу оролцогчдын заавал тоглох дөрвөн бүтээл бий. Тухайлбал, нэгдүгээр шатны заавал тоглох бүтээлийн жагсаалтад “Эртний сайхан”, Ж.Энхбаярын “Ноктюрн” багтсан. Дараагийнхад нь Ш.Өлзийбаярын “Glissando el Spiccato”, гуравдугаар шатанд Г.Жамъяны хуурдсан “Цэвцгэр хурдан шарга” багтлаа.
Бусад зохиолыг хөгжимчний чадвараа бүрэн илэрхийлэхийн тулд сонгосон. Жишээлбэл, Ж.Энхбатын “Ноктюрн” нь удаан хэмнэлтэй бүтээл шүү дээ. Тиймээс хөгжимчний техникийг харуулах хурдан хэмнэлтэй бүтээл гэж бодоод К.Сен-Сансын “Danse macabre”-г сонгосон. Хоёрдугаар шатанд тоглосон Ш.Өлзийбаярын “Glissando el Spiccato” нь хөгжимчний хурд, техникийг сорьдог бүтээл. Тиймээс үүнтэй хамт Оросын хөгжмийн зохиолч А.Глазуновын “Элегия” бүтээлийг тоглолоо. Энэ зохиол нь удаан хэмнэлтэй, гүн агуулгатай учир сонгосон. Гуравдугаар шатанд хувийн урын сангаас болон морин хуурт зориулсан концерт тоглох ёстой байв. Тиймээс Ш.Өлзийбаярын IV концертыг толилууллаа.
IV концертыг өмнө нь төгөлдөр хуур болон морин хуураар тоглож байгаагүй юм билээ. Тиймээс уралдаанд зориулан Ш.Өлзийбаяр зохиолчтой ярьж, дахин найруулж бичүүлсэн. Уралдаан гэдэг утгаар нь арай шинэлэг зүйл үзүүлье гэж бодсон тул эл бүтээлийг сонголоо. Миний хувьд гүн гүнзгий утга агуулгатай бүтээлд өөрийн эрхгүй татагддаг. Тоглохын өмнө бүтээлийн эрэл хайгуулд гарна. Ингэхдээ сонсох төдийд гүн сэтгэгдэл төрүүлсэн бүтээлийг тоглохыг эрмэлздэг.
-Сонгосон бүтээлээ хэрхэн найруулж, бэлтгэв?
-Морин хуурын олон улсын наадамд тоглохоор сонгосон бүтээлээ аль болох өөрчлөлгүйгээр толилуулахыг эрмэлзсэн. Хийл хөгжим дөрвөн утастай, 200-300 жил хөгжсөн түүхтэй бөгөөд цар хүрээ нь ч өргөн. Харин морин хуур хоёрхон утастай хийцийн хувьд хийлтэй харьцуулахад өөр. Тиймээс хийлд зориулсан зохиолыг шууд тоглоход хэцүү. Ер нь л морин хуурчид зохиолыг хөрвүүлж өөрчлөлгүйгээр тоглохыг хичээдэг. Гэхдээ санаснаар болохгүй зүйл олон бий. Жишээ нь, гуравдугаар шатанд тоглосон Л.Бернштейний сонат нь кларнет хөгжимд зориулсан бүтээл учраас морин хуурын доод цараа нь хүрэхгүй байсан. Тиймээс бага зэрэг өөрчлөн найруулах жишээтэй.
-Эл наадамд гадаадаас олон уран бүтээлч оролцсон. Морин хуурыг зөвхөн монголчууд гэлтгүй бусад орны уран бүтээлчид ч тоглож байгааг харахад бидний өв соёл олон улсад нэлээд танигджээ.
-Морин хуурын наадамд зургаан улсын 200 гаруй уран бүтээлч оролцсон. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн монголчуудын тоглодог хөгжим биш болсон нь харагдаж байгаа. 800-гаад жилийн өмнө их эзэн Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан бол өдгөө Морин хуурын чуулга монгол соёлоороо хүн төрөлхтнийг байлдан дагуулж байна гэж боддог. Морин хуурын чуулгыг байгуулаад 32 жил болж буй. Энэ хугацаанд 40 гаруй улсад 600 тоглолт хийснээр гадаадынхан бидний өв соёлыг сонирхох болсон болов уу. Жишээлбэл, Стив Морел гэх франц хүн морин хуураар дамжуулж монгол ахуй соёлд дурлан олон жил манай улсад амьдарч байна шүү дээ.
-Гадаадаас ирсэн уран бүтээлчид манай улсынхнаас ур чадварын хувьд ялгаатай байв уу?
-Мэдээж ялгаа бий. Гадаадад морин хуурын мэргэжлийн хичээл заадаг сургууль гэж бий. Гэхдээ энэ чиглэлийн сургалт Монголд үүсэж, хөгжсөн болохоор ерөнхий цөм нь манайд байдаг. Гадаадын оролцогчдод давуу, сул тал ч байгаа харагдсан.
-Оролцогчид ямар бүтээлийг голчлон толилуулж байв?
-Морин хуур урлаачдын болон морин хуурчдын мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн төрлөөр эл наадмыг зохион байгууллаа. Тоглолтын хуваарь маш шахуу байсан болохоор бусад хоёр төрлийн уралдааныг үзэж амжаагүй. Мэргэжлийн төрөлд өрсөлдөгчид өмнө нь хөгжимчид тоглоод аль хэдийн олны хүртээл болгосон, танил бүтээлүүдээр оролцож байсан. Миний хувьд өмнө нь төдийлөн тоглоогүй, шинэ содон бүтээл толилуулахаар эрэлхийлж, морин хуурын урын санг нэмэх зорилго давхар агуулж оролцсон. Үүгээрээ л бусад оролцогчоос ялгарч чадсан юм болов уу гэж бодож байна. Хөгжимчдийн өмнө нь олон нийтэд хүргэсэн бүтээлийг толилуулах нь бэлэн зүйлийг хуулбарлана гэсэн үг. Цаашид уралдаанд оролцогчид морин хуураар өөр ямар шинэ бүтээл тоглож болох вэ хэмээн эрэл хайгуул хийж, хичээл зүтгэл гаргаасай гэж хүсмээр байна.
-Морин хуурын олон улсын наадмын мэргэжлийн хуурчдын төрөлд залуу хүн түрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна. Та мэргэжлийн сургуулиа саяхан төгссөн байх аа?
-Монгол Улсын Консерваторт хөгжимчний мэргэжил эзэмшиж, бакалаврын дипломоо аваад нэг сар гаруй болж байна. Мэргэжлийн хөгжимчдийн уралдаанд 16-35 насныхан өрсөлдлөө. Би саяхан сургуулиа төгссөн болохоор хөгжимтэйгөө өнгөрөөх цаг их. Энэ нь ч надад давуу тал болсон байх. Гэр бүл зохиосон хүмүүсийн хувьд амьдралын эрхээр бэлтгэл хийх цаг нь багасдаг. Харин миний хувьд шалгалтаа өгөх, Морин хуурын чуулгын тоглолтод оролцох бэлтгэл зэрэг шаардлагаар өдөрт 8-9 цагийг хөгжим тоглож өнгөрөөдөг нь амжилт гаргахад нөлөөлсөн болов уу гэж бодож байна.
-Олон улсын наадмын дараах өдрүүдэд орон нутагт тоглож байгаа гэж сонссон. Хаана тоглолтоо хийв?
-Морин хуурын чуулга энэ сарын 24-26-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 100 жилийн ойн баяр наадмаар тоглолт хийсэн. Манай чуулгын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан ахын төрсөн нутаг нь Хужирт сум юм л даа. Морин хуурын чуулга орон нутагт болон гадаадад байнга тоглож, уран бүтээлчдэд цаг зав бага гардаг. Сүүлд л гэхэд өнгөрсөн сард Узбекистан улсын Ташкент хотод тоглолтоо хийсэн.
-Та морин хуур хөгжимтэй амьдралаа яаж холбож байв?
-Их гоё түүхтэй. Би хоёр дүүтэй л дээ. Аавын талын хамаатнуудтайгаа ойр өссөн. Төрсөн болон үеэл дүү нартайгаа ойр өссөн, айлын том ач. Өвөө, эмээгийн минь анх гэр бүл болохдоо барьсан гэр нь өдгөө манай зусланд байдаг юм. Аав, ээж нар минь “Тэр гэрийг жилд нэг барьж байя. Мөн хүүхдүүдээ агаар салхинд гаргая” гэж ярилцаад Хэрлэн голын хөвөөнд зуны улиралд зусдаг байлаа. Нэгдүгээр ангид орсон цагаасаа зун болгон эмээтэйгээ хамт дүү нараа харж, асардаг байв. Хоёрдугаар ангид ороход авга ах Ц.Цогтбаатар “Эмээдээ тусалж, дүү нараа сайн харсан” гээд надад морин хуур хөгжим бэлэглэж байлаа. Тэгж л морин хууртай танилцсан. Ингээд надад морин хуур заах багшийг аав хайж эхэлсэн. Хоёрдугаар ангийн долоон настай хүүхэд бараг л хөгжмөөсөө намхан шахуу харагдана. Багш нар “Гар хуруу арай л богинодно” гээд хүлээж авахгүй байв. Ирэх жил нь найман настайдаа Багануур дүүрэгт Соёлын төвийн багш Отгонбаяраар заалгаж, морин хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Сурах явцдаа олон амжилт гаргасан.
-Морин хуурыг рок хөгжимтэй хослуулах нь элбэг болсон. Танд морин хуураа өөр зэмсэгтэй хоршуулсан бүтээл гаргах хүсэл бий юү?
-Морин хуурыг рок хөгжимтэй хослуулснаараа олны анхаарлыг ихэд татаж байна. Түүгээр дамжуулан Монголынхоо өв соёлыг бусад улсад таниулж байна шүү дээ. Тухайлбал, “Хү” хамтлагийнхан дэлхийн тавцанд хэрхэн бүтээлээ туурвиж буйг харж болно. Миний хувьд ийм зүйл хийх бодол алга. Мэргэжлийнхээ чигийг бариад явах бодолтой байгаа.
-Айлууд гэрийнхээ хойморт морин хуур хөгжмөө залдаг. Бас үндэсний энэхүү хөгжмийг тоглож чаддаггүй хүн ч ховор байсан гэдэг. Харин өдгөө эсрэгээрээ болоод байх шиг.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Үүгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг морин хуур хөгжимд суралцахын тулд хичээлийн хөтөлбөрт тусгахаар шийдвэрлэсэн нь өв уламжлалаа сэргээх гэсэн маш зөв шийдвэр гэж харж байгаа. Морин хуурын олон улсын наадмыг эл зарлигтай холбоотойгоор зохион байгуулсан юм билээ. Уг наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар тусгасан байсан.
-ОХУ-ын Санкт-Петербург хотын Филармонийн их танхимд өнгөрсөн онд та тус улсын үндэсний найрал хөгжимчидтэй гоцлон тоглож байсан. Энэ нь манай улсын урлагт түүхэн үйл явдал болсныг олон хүн шагшиж байсан шүү дээ.
-Консерваторын хоёрдугаар түвшинд суралцаж байхаасаа л багш нартайгаа хамтлаг болж, ОХУ-д дөрвөн удаа бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн онд Санкт-Петербургт тоглолоо. Энэ үед Залуучуудын оркестрын удирдаач Андрей Долгов бидний тоглолтыг үзэж л дээ. Тэрбээр “Шилдэг 85 залуу хөгжимчнийг сонгоод тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард Оросын нэр хүндтэй театрт тоглолт хийдэг. Эл тоглолтод гоцлооч” хэмээн урьсан юм. Ингээд арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт дэлхийд нэр хүндтэй хоёр тайзнаа тоглолоо. Тухайлбал, Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Филармонийн их танхимд Ш.Өлзийбаярын III концертыг гоцлон хөгжимдсөн. Дараа нь Санкт-Петербургийн Д.Шостаковичийн нэрэмжит Филармонийн их танхимд тухайн бүтээлийг гоцлон хөгжимдсөн. Монголын урлагийн түүхэнд тод үйл явдал яагаад болов гэхээр, Д.Шостаковичийн нэрэмжит тухайн танхимд суут хөгжмийн зохиолч Б.Шаравын II симфонийг 1988 онд тоглож байсан. Түүний дараа 2016 онд В.Баттулга Санкт-Петербургийн Консерваторт хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж байхдаа, 2022 онд ҮУИТ-ын удирдаач, морин хуурч Э.Мөнхбаяр нар тус танхимд бүтээлээ толилуулж байлаа. Би Д.Шостаковичийн нэрэмжит их танхимын тайзнаа бүтээлээ эгшиглүүлсэн дөрөв дэх монгол хүн болсон. Харин П.И.Чайковскийн нэрэмжит их танхимын тайзнаа хуурдсан анхны монгол хүн нь би юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн