Манай улс сүүлийн жилүүдэд ходоодны өвчний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлэх болсон. Ходоодны үрэвсэлт өвчний 20-30 хувь нь хорт хавдар болдог гэх судалгаа бий. Тиймээс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, түүний дотор ходоодны хатангиршил үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс, сэргийлэх арга замын талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч А.Хастай ярилцлаа.
-Ходоодны хатангиршил гэж юу вэ. Хэрхэн үүсдэг юм бол?
-Ходоод нь хоол боловсруулах, задлах үйл явцын эхний алхмыг хийдэг эрхтний нэг юм. Орж ирсэн хоолыг ходоодны хүчил ялгарч, уургийн бодисууд жижиглэж, шимэгдэх боломжтой болгосноор нарийн гэдэс рүү дамжуулдаг. Ходоодонд байх хүчил ялгаруулдаг эсүүд цөөрч, нимгэрсний улмаас хүчил нь буурч буйг хатангиршил гэж нэрлэдэг. Энэ нь өвчин бус илрэл юм. Ихэвчлэн ходоодны архаг үрэвсэл буюу хелико бактерийн шалтгаантай үүсдэг. Бактери бидний ходоодонд амьдарч, тухайн хэсэгт үрэвсэл үүссэнээс болж эсүүд цөөрөхөөр ходоод хатангиршина. Ерөнхийдөө хатангиршил байна гэдэг нь архаг үрэвсэлтэй гэсэн үг. Дөнгөж хелико бактериар өвчилсөн хүн ходоодны хатангиршилтай бус, улайлттай байх магадлалтай. Харин архаг үрэвсэл гэдэг нь ходоодны салст бүрхэвч гэмтэн, эсийн нөхөн төлжилт алдагдаж, булчирхайн эсүүд хатангиршиж, шүүрэл ялгарах болон хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддаг эмгэг юм.
-Тэгэхээр үүсгэгч гол хүчин зүйл нь хелико бактери гэсэн үг үү?
-Ер нь дэлхий даяар ходоодны хатангиршлыг үүсгэдэг хамгийн гол хүчин зүйл нь хелико бактери гэдгийг баталсан. Уг нь бол эмгэг бактери учраас ходоодонд байх ёсгүй. Гэтэл ходоодонд орж үржсэнээр үрэвсүүлдэг. Энэхүү бактери нь ходоодны гарах хэсгээс эхлэн үржсээр их биед хүрч хатангиршлыг нэмэгдүүлдэг, архаг, даамжрах явцтай өвчин юм. Зарим тохиолдолд аутоиммунный гастрит буюу дархлааны гаралтай ходоодны үрэвслээс үүдэн хатангиршиж болно. Гэхдээ маш ховор тохиолдолд юм. Мөн зохисгүй хооллолт, тамхидалт, цөсний сөөргөө зэргээс шалтгаална.
Хүмүүс эм уугаад л хелико бактери устчихна гэж боддог. Гэтэл энэ нь нэг удаа эм уугаад л эдгэрчихдэг өвчин биш. Үүний эсрэг дөрвөлсөн эмчилгээ хийдэг. Энэ нь хелико бактерийг 85-90 хувь хүртэл устгах боломжтой. Гэвч эмийн замбараагүй хэрэглээнээс болж антибиотикийн тэсвэржилт нэмэгдэж, үйлчилгээ нь суларч байна. Түүнчлэн эмээ дутуу уух, дундаас нь хаях, завсарлах зэргээс болж ихэнх тохиолдолд бүрэн эмчлэгдэхгүй, дахин сэдэрсээр л байгаа. Иргэд үүнийг төдийлөн мэдэхгүй эм уусан л бол устчихна гэж бодсоор хүндрүүлж, ходоодны шарх, хавдартай болдог. Тиймээс эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Түүнчлэн эмийн эмчилгээний дараа давтан үзлэгт орж, устсан, эсэхийг нь шалгуулах шаардлагатай. Үүнээс гадна иргэд сүлжээний бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэдэг. Энэ нь бактери буюу халдвар учраас зөвхөн эмээр л эмчлэх боломжтой. Ямар нэгэн сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэснээр устгах боломжгүй юм. Мөн иргэд дур мэдэн хелико бактериа тоолуулж, шинжилгээ өгдөг. Зарим хүн ходоод хамгаалах бэлдмэл, антибиотик хэрэглэж байхдаа шинжилгээ өгөх нь ч бий. Гэтэл үүний улмаас хуурамч, буруу хариу гарч, эмч нарыг төөрөгдүүлэх эрсдэлтэй шүү дээ. Түүнчлэн тухайн хүнд тохирсон эмчилгээ гэж бий. Манайхан “Нөхөр маань үзүүлээд эм бичүүлчихсэн. Адилхан өвчтэй юм чинь гээд би ч гэсэн хамт хэрэглэсэн” гэх нь цөөнгүй. Үүнээс үүдэн өөрт тохирохгүй, харшилдаг эмээ хэрэглэж, өвчнөө улам л хүндрүүлж байна.
-Хатангиршсан үед голчлон ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Ходоодны хатангиршлыг үндсэн зургаан зэрэгт хуваадаг. Эхний гурван зэрэгт зовуурь төдийлөн мэдэгдэхгүй. Харин хатангиршил нэмэгдэж дөрөв ба түүнээс дээш зэрэгт хүрэхэд үрэвслийн буюу хэвлий цанхайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Мөн аюулхай дүүрэх, цээж хорсох, гулгиулах, хоолны шингэц муудаж болно.
-Ходоодны хүчил ихсэх, эсвэл багадсанаар ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Энгийнээр тайлбарлавал, ходоодонд хоол орж ирэх үед мэдрэлийн тогтолцоо цочирдог. Хоолыг задлахын тулд ходоод хүчил ялгаруулах шаардлагатай болдог юм. Ингээд устөрөгчийн болон хлорын ион нийлж, орж ирсэн хоолыг ходоодны хүчил болгон задалдаг. Ер нь хүний бие тодорхой орчин нөхцөлийг хангах ёстой. Ихсэх, эсвэл багассанаас өвчин үүсгэх эрсдэлтэй. Хэрэв ихэсвэл ходоодны хүчил ялгаруулдаг хавдар үүснэ. Үүнээс үүдэн ходоодны шархлаатай болж, улмаар цус алдах эрсдэлтэй. Энэ үед цээж хорсох, ам гашуу оргих, гашуунаар гулгих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин багасвал хоолны шингэц муудаж, цанхайх нь түгээмэл. Эдгээр нь удаан хугацаанд үргэлжилж, даамжирвал хавдартай болох эрсдэлтэй.
-Хатангиршлыг хэрхэн оношилдог юм бол?
-Юуны түрүүнд мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай. Дээр дурдсан хам шинж буюу цанхайх, аюулхай дүүрэх гэх мэт зовуурь илэрсэн үед бид хелико бактерийн шинжилгээ хийдэг. Үүнийг цус, өтгөн, амьсгалын сорил гэсэн гурван аргаар үзэж болно. Зарим тохиолдолд ходоод дурандах явцад эдийн шинжилгээ авч, оношилдог. Харин хатангиршлын зэргийг ходоодны дурангаар л үзэх боломжтой.
-Ходоодны дуран биед сөрөг нөлөөтэй гэх ойлголттой хүн цөөнгүй шүү дээ. Үүнээс өөр аргаар оношлуулах боломж бий юү?
-Дуран бол ходоодны өвчнийг оношлох алтан стандарт буюу тухайн эмгэгийг илрүүлэх хамгийн сайн арга юм. Энэ нь нэг ёсондоо ажиллавар шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний эрсдэл, хүндрэл гэж бий. Ялангуяа зүрхний өвчин, астма, мэдрэлийн эмгэг, даралт ихсэх эмгэгтэй хүмүүст дурандуулах явцад хүндрэл үүсэх тохиолдол бий. Гэхдээ энэ нь маш ховор. Ер нь эмчийн хяналтад үзүүлж буй бол дээрх эрсдэл гарах нь харьцангуй бага. Түүнчлэн ариун цэврийн стандарт шаардлагын дагуу дуранг ариутгадаг учраас үүгээр халдвар авах боломжгүй юм.
-Дурандуулах тохиолдолд биеэ хэрхэн бэлдэх вэ?
-Юуны түрүүнд хоолоо сойх хэрэгтэй. Хэрэв өглөө дурандуулахаар төлөвлөсөн бол өмнөх өдрийнх нь 20.00 цагаас хойш хоол идэхгүй байх ёстой. Хоол сойсон үеэс эхлэн ус уухгүй байвал зохистой. Ингэснээр ходоодны салст илүү сайн харагддаг. Түүнчлэн хиймэл шүдтэй бол заавал авах ёстой. Учир нь дурандах явцад шүд залгигдах эрсдэлтэй. Эдгээрээс гадна сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал юм.
Мөн ходоодоо дурандуулснаар, хатангиршлын зэргээ тогтоолгоно. Энэ нь ходоодны хавдрын эрсдэлийг үнэлж буй хэлбэр юм.
-Хатангиршлыг хэрхэн эмчилдэг юм бол?
-Эхэн үед нь үүсгэж буй гол хүчин зүйлийн эсрэг эмчилгээ хийлгэвэл зохистой. Ер нь хелико бактериа л устгачихвал хатангиршлын зэрэг нь бага багаар буюу 5-10 жилийн дараа гэхэд буурдаг гэж ойлгож болно. Харин эмчлэхгүй удвал улам л даамжирч, хүндэрнэ. Хатангиршилтай удаан явснаар хавдартай болно. Мөн алсдаа хавдар нь үсэрхийлж, эмчлэхэд улам л төвөгтэй болдог.
-Манайхан ходоод өвдөхөд сэтгэл зүй нөлөөлдөг гэдэг. Та мэргэжлийн хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-Мэдээж сэтгэл зүй маш чухал. Зөвхөн ходоод бус, бүх эрхтэнд нөлөөлнө. Наанадаж хоол идэх үед бидний хоолны дуршил нэмэгдэж, ходоодны шүүрэл ялгаруулдаг шүү дээ. Ер нь хүн байнгын стресстэй байснаар ходоодны хүчлээ нэмэгдүүлдэг юм. Ингэснээр ходоодны шарх болон шалбархай, үрэвсэл үүсэх эрсдэлтэй.
-Өглөөний цай уухгүй байх, нэг дор хэт их идэх гэх мэт буруу дадал удаан үргэлжилбэл алсдаа ямар үр дагавартай бол?
-Сүүлийн үеийн залуус өөх идэхээ больсон. Мөн өдөржин өлөн явж байгаад орой хэт их иддэг болсон. Хоол нь ходоодыг хамгаалах бүрхүүл үүсгэдэг. Нэг ёсондоо ходоодны хүчлийг саармагжуулдаг гэсэн үг. Гэтэл хэт удаан өлөн явбал ходоодны хүчил тодорхой хэмжээнд ялгарна шүү дээ. Улмаар тэнцвэр алдагдаж, шархлаа болон үрэвсэл үүсгэдэг. Мөн ходоодоо дурандуулж буй 20-30 насныхан дунд цөсний сөргөө асуудал дагуулж байна. Манайхан цөс өтгөрч, чулуутай боллоо гэж өөрсдийгөө дур мэдэн оношилдог. Угтаа бол цөс хэвийн үедээ ходоод руу бус, нарийн гэдэс рүү холилддог юм. Харин хэтэрхий удаан хугацаанд өлөн байснаас цөсний сөөргөөтэй болдог. Ингэснээр цөс нарийн гэдэс рүү бус, буруу урсгал буюу ходоод руу дамжуулдаг. Цөс нь шүлтлэг, харин ходоод хүчиллэг орчин. Тиймээс энэ хоёр нь эсрэгцэхээр цөсний шалтгаант ходоодны үрэвсэлт өвчнийг үүсгэдэг.
-Танай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны ямар эмгэг түгээмэл байна вэ?
-Эрт илрүүлэгт хамрагдаж, амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй. Ер нь үрэвсэлгүй хүн гэж байхаа болсон. Цэл залуу л хүн биш бол хелико бактеритай. Үүнээс шалтгаалсан үрэвсэлтэй хэрнээ эмчлээгүй хүмүүс ихэвчлэн ханддаг. Түүнчлэн ходоодны шархтай хүмүүс эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэлгүй хэт удсанаас цус алдаж ирэх нь түгээмэл байна.
-Ходоодны үрэвсэл, хавдрын өвчлөл нь хэдэн насныхны дунд түгээмэл ажиглагдаж байна.
-Ер нь хелико бактери нас харгалзахгүй халдварладаг. Ахуйн зам буюу шүлсээр дамждаг. Тэгэхээр эцэг, эх нь өвчтэй бол хүүхдүүддээ дамжуулж, халдаадаг гэсэн үг. Бага наснаасаа ийм бактери авснаас үүдэн залуус ходоодны үрэвслээр өвчлөх нь ихэссэн. Хорь гаруй настай ч үрэвсэл, хатангиршлын зэрэг нь нэмэгдэж, хэдийн хүндэрчихсэн, шархлаатай хүн олон байна. Ер нь ийм шалтгаанаар хандаж буй хүмүүсийн олонх нь 30-40 насныхан. Харин 50-иас дээш насныхан хавдраар өвчлөх элбэг.
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн дэглэм сайтар сахих хэрэгтэй. Бага насны хүүхдийг үнсэх, нэг халбагаар хооллох зэргээс татгалзвал зохистой. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, хүн бүр өөрийн гэсэн аяга, халбагатай байх хэрэгтэй. Мөн зарим үйлчилгээний газар аяга, тавгаа дутуу угааснаас энэ бактериар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс боломжтой бол өөрийн гэсэн аяга, халбагаа байнга авч явах хэрэгтэй гэж хэлнэ.
-Ходоодоо хэр хугацааны давтамжтай шинжлүүлбэл зохистой бол?
-Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог тогтмол хийж буй. Тэгэхээр хүн бүр эрт илрүүлэгт хамрагдаж, ходоодоо дурандуулж, үүсгэгч хүчин зүйлийг нь олж тогтоох хэрэгтэй. Ходоодоо дурандуулах хугацаа нь тухайн хүнээсээ шалтгаалаад өөр байж болно. Тухайлбал, хавдар нь хүндэрсэн эрсдэлтэй тохиолдолд жилд нэг удаа дурандуулах шаардлагатай. Харин хянах шаардлагатай бол хоёр, үрэвсэлгүй хүн бол гурван жилд нэг дурандуулбал зохистой.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн