Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн математикийн багш Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр 65 дахь удаагийн олон улсын математикийн олимпиадад оролцож, мөнгөн медаль хүртсэн О.Тэнгисийг бэлтгэсэн юм.
Тус сургуулийн сурагчид дотоодын болон олон улсын олимпиадуудад тогтмол амжилттай оролцож, шагналт байрт шалгардаг билээ. Энэхүү амжилтын “нууц” нь тусгайлан сургалтын хөтөлбөр боловсруулж, сурагчдаа зөв менежментийн дагуу чиглүүлдэгт нь байдгийг сургуулийн удирдлага хэлж байлаа.
-Олон улсын математикийн олимпиадад сурагчдадаа бэлтгэн амжилттай оролцуулсанд баяр хүргэе. Энэ удаагийн олимпиадын даалгавар хэр хүнд байв?
-Баярлалаа. Би өмнө нь олон улсын олимпиадыг зорин очиж байгаагүй болохоор урьд жилүүдийнх нь даалгавруудтай харьцуулан хэлж чадахгүй байна л даа. Бусад багш “Өмнөх жилүүдийнхээс бага зэрэг өвөрмөц” хэмээн онцолсон.
-Сурагчид нарийн төвөгтэй асуудлыг хэрхэн бүтээлчээр шийдэхийг олон улсын олимпиадын даалгаврууд сорьдог шүү дээ. Эл сорилтод сурагчдаа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Манай сургууль зургаадугаар ангийн сурагчдыг элсүүлдэг. О.Тэнгисийг долоон жил бэлтгэсэн. Долоон жилийн бэлтгэлийн үр дүн өнөөдөр гарч байна гэсэн үг л дээ. Олон улсын математикийн олимпиадад оролцох бэлтгэлийг нь их, дээд сургуулийн багш нар хангасан. Түүнчлэн энэ жилээс эхлээд олон улсын математикийн олимпиадад оролцох шилдэг 30 багийг сургалтад хамруулдаг болсон байна лээ. Эл олон улсын математикийн зуны сургалтыг БНХАУ-ын Бээжин хотод явуулсан. МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор Т.Хулан, Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан нар сурагчдыг удирдан ажилласан юм.
Миний хувьд шавийнхаа мэдлэгийн суурийг багаас нь бэлтгэж, математикийн олимпиадын “амт”-ыг мэдрүүлсэн. Ахлах анги хүртэл нь улсын олимпиадад оролцоход нь хөтлөөд л явдаг байлаа. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад сурагчид минь оролцоход сэтгэл зүйг нь дэмжих гэж хамт явсан юм. “Багштайгаа хамт байгаа болохоор сандраагүй тайван оролцсон. Яг л эх орондоо байгаа мэт мэдрэмж төрлөө” гэж шавь минь хэлсэн.
-Олимпиадын үеэр сурагчдынхаа сэтгэл зүйг дэмжихийн тулд ямар зөвлөгөө өгч байв?
-Хүүхдүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж, аль болох таатай мэдрэмж төрүүлэхийг хичээдэг. Үүний тулд тайван байж, сурагчдаа мэдэрч ажилладаг юм. Энэ арга барил минь манай сурагчид амжилт гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх аа.
-Сургалт явуулах үедээ сурагчдынхаа оролцоог яаж нэмэгдүүлдэг вэ?
-Би сонин үзэл бодолтой багш л даа. Хүүхдүүдэд гэрийн даалгавар өгдөггүй. Учир нь хүүхдүүдийн аз жаргалтай бага наснаас өчүүхэн ч хулгайлахгүй гэж боддог. Харин хичээлийн 40 минутын хугацаанд хүүхдүүдийг өөр зүйлд сатааруулахгүй, зөвхөн математикийг нь давтуулна гэсэн зорилго тавьдаг. Хүүхдүүдтэйгээ ч ингэж тохиролцдог. Хүүхэд нэг бүрийг ямар түвшинд байгааг сурагчдаа дөрвөн багт хувааж, самбарт гаргаад л мэдчихдэг. Алдаад байгаа хүүхдүүдтэйгээ үдээс хойш ажиллаж, ойлгоогүй сэдвийг нь дахин заадаг.
-Хичээлээ үр дүнтэй заахын тулд баримталдаг зарчим бий юү?
-Юуны түрүүнд хүүхэд, багшийн хооронд хана үүсэх ёсгүй. Хүүхдүүд багшдаа хайртай, итгэдэг байвал хичээлээ ойлгуулахад ч хялбар. Хичээлээ заах үедээ сэтгэл хөдлөлөө их гаргадаг болохоор хүүхдүүд ч надтай адил мэдрэмжээр суралцдаг. “Нэгтийн систем” гэх арга зүйг залуу байхаасаа ашигласан л даа. Тодруулбал, хичээл болгон дээр хүүхдүүдээр нээлт хийлгэхийг зорьдог. Энэ нь жижигхэн ч гэсэн хүүхдийн хувьд нээлт. Үүнд нь дөрөөлөөд сурагчдадаа урам зориг өгөхийг хичээдэг. “Би өнөөдрийн хичээлийн эрдэмтэн болчихлоо” гэсэн мэдрэмж авч, дараа дараагийн хичээлүүдэд идэвхтэй оролцох урмыг хүүхдүүд уг нээлтээс авдаг юм.
-Математикийг гүнзгийрүүлэн судалснаар сурагчид ямар зан чанар, чадварт суралцдаг бол?
-Зан чанарын хувьд сэтгэн бодох чадвар өндөр, хурдтай, аливаа зүйлийг эргэцүүлэн дүгнэдэг, үг дуу цөөтэй болдог. Ихэвчлэн удирдах түвшинд ажиллах чадвартай хүмүүс болдог доо.
-Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагчид олон улсын олимпиадад тогтмол амжилттай оролцож байна. Сурагчдаа хөгжүүлж, улсын бусад сургуулиас илүү амжилт гаргаж байгаа нь онцгой, тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэгтэй холбоотой юу?
-Юуны өмнө олон улсын олимпиадад багш нараа явуулж, дэмжиж буй сургуулийнхаа удирдлагуудад “Баярлалаа” гэж хэлмээр байна. Сургуулийн удирдлага багш нараа дэмжиж, бидэнд бүх талаар тусалдаг. Бас эцэг, эхчүүд хүүхдээ хөгжүүлж, сайн суралцуулахын төлөө хичээдэг. Тиймээс тэдэнд ч “Баярлалаа” гэж хэлэх хэрэгтэй. Бэлтгэл хийхэд таатай нөхцөлийг эцэг, эхчүүд бүрдүүлж өгдөг л дөө. Хүүхдүүдээ 09.00-18.00 хүртэл хичээлд суухад нь бүх талаар дэмжиж буйд талархдаг.
Манай сургуулийн хувьд математик, физикийн гээд л судлагдахуун бүрийн багш нар олимпиадад оролцох хүүхдүүдээ өдөр бүр бэлтгэдэг юм. Олон улсын олимпиадад оролцож амжилт гаргана гэдэг багш нарын олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Сургалтын төлөвлөгөө бусад сургуулийнхнаас өөр л дөө. Хөтөлбөрөө боловсруулахдаа багш нар ярилцдаг. Түүнийгээ нийслэлийн Боловсролын газраар батлуулдаг. Манай сургуулийн бусдаас ялгарах онцлог нь багаар ажиллах чадвар юм. Би шижигнэсэн есөн залуу математикийн багштай хамтран ажилладаг. Залуучууддаа урам өгөөд, бие биеийнхээ чадахгүй зүйлд нь туслаад, багаар ажиллаж байна.
-Сургалтынхаа хөтөлбөрийг гарахдаа багш нар юунд анхаардаг вэ?
-Боловсролын яамнаас гаргасан Монгол Улсын математикийн боловсролын хөтөлбөрийг баримталдаг. Төрөлжсөн сургалтын цагийг зохицуулаад, орчин үеийн математикийн боловсролын чиг хандлага, Тогтвортой хөгжлийн зорилгыг ч үйл ажиллагаандаа “шингээдэг” гэхэд болно. “Энэ сэдэв дээр анхаарах зүйл юу байна. Эл бодлогыг яаж хүндрүүлэх вэ. Улсын болон олон улсын олимпиадад бэлтгэхэд суурилах зүйл юу бол” гэх зэргээр анхаарч, хөтөлбөрөө боловсруулдаг.
-Улсын хэмжээнд сурагчид математикийн хичээлийн маш их хоцрогдолтой байгааг энэ жилийн элсэлтийн шалгалтын дүн харууллаа. Ялангуяа хотын болон орон нутгийн сурагчдын түвшин маш их ялгаатай болж байна шүү дээ. Яагаад хоцрогдол үүсээд байгааг мэргэжлийн багшийн хувьд та хэрхэн дүгнэх вэ?
-Хичээлийн хоцрогдол манай сургуульд огт байхгүй. Учир манай багш нар хичээлээсээ хоцрох гээд байгаа хүүхдүүдтэй ажиллахдаа эхлээд сэтгэл зүйн байдлыг нь анхаардаг. Тухайн хүүхэд хичээлээсээ хоцрох гээд байгаа цаад шалтгааныг тодруулахын тулд түүнтэй ярилцдаг, судалдаг юм. Үүний дараа онолын хичээлийг нь үнэ төлбөргүй заадаг.
Улсын хэмжээнд хоцрогдолтой байгаа нь нийгмийн уур амьсгалтай холбоотой. “Бүх хүн математикч болох албагүй” гэдэг үг бий шүү дээ. Хоцрогдолгүй байя гэвэл хичээлээ нэг цаг ч тасалж болохгүй. Сурагч гурван өдөр чөлөө аваад хичээлдээ сууж чадаагүй л бол хоцрогдол үүснэ. Тэр хоцрогдлыг яаж нөхөх нь тухайн сургууль, багшийн асуудал. Тиймээс математикийн хичээлээр хоцроохгүй байя гэвэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийг нэг цаг ч тасалдуулж болохгүй гэж хэлье.
-“Ковид-19”-ийн үед улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулснаас хүүхдүүд хичээлдээ бүрэн оролцож чадаагүй. Энэ үед танай сургууль хэрхэн ажиллаж байв?
-Сургалтаа цахимаар явуулсан. Ингэхдээ яг л танхимын сургалт явуулж буй мэтээр хичээлээ заасан. Багш нар таблет ашиглаж, сурагчдынхаа суралцах явцыг дэлгэцээр хянаж байв. Үргэлжлүүлээд олимпиадын бэлтгэлээ ч тасралтгүй хийсэн. Бидний хувьд цар тахлын үед сургалт, сурлагын чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Энэ бол сургуулийн удирдлагын хэрэгжүүлсэн зөв менежмент, арга хэмжээний үр дүн юм.
-Математикийн гүнзгийрүүлсэн сур галттай сургууль манайд цөөнгүй. Гэсэн ч тэдгээрээс олон улсын олимпиадад сурагчдаа амжилттай оролцуулдаг нь ховор байдаг шүү дээ.
-Нэгдүгээрт, удирдлага нь дэмжиж ажилладаг, эсэхийг анхаарах хэрэгтэй. Удирдлагын зүгээс багш нар болон сурагчдаа сэтгэл санаагаар дэмжих ёстой болохоор тэр хүн хамгийн чухал. Сургуулийнх нь удирдлага багш нартайгаа нэг сэтгэлээр баг болж ажиллах ёстой. Мөн хүүхэд болон эцэг, эхчүүдтэйгээ ч баг болон ажиллаж байж амжилт гаргана.
-Танай сургуульд элсэх хүсэлтэй сурагч олон бий байх. Орон нутгаас хүүхдүүд хэр ирдэг вэ?
-Энэ жил элсэхээр 900 гаруй хүүхэд өрсөлдлөө. Орон нутгаас ч хүүхдүүд зорин ирдэг. Өмнөговиос цахимаар суралцаж байгаа хүүхэд ч бий. 100 хүүхэд элсүүлдгээс 6-7 дугаар ангидаа 15-20 хүүхдийг нэг анги болгон авдаг. 11-12 дугаар ангид ороход 4-5 хүүхэд үлддэг юм. Тэдний 1-2 нь онцгойрч олон улсын математикийн олимпиадад оролцдог.
-Улсын болон олон улсын олимпиадад сурагчдаа амжилттай оролцуулахыг зорьж буй багш нарт зөвлөгөө өгнө үү.
-Хоцрогдол арилгахын тулд эцэг, эхчүүд болон багш нарын хооронд хаалт байх ёсгүй бөгөөд сайн ойлголцох хэрэгтэй. Ингэснээр багш нар сурагчидтайгаа чөлөөтэй харьцана. Бас сурагчид багшдаа хайртай болно. Хичээл сургалтынхаа үйл ажиллагааг сайжруулж, томоохон үр дүн гарна.
Олон улсын олимпиадад оролцоно гэдэг хүн бүрийн чадах зүйл биш. Олон жилийн тусгай бодлого, хөтөлбөрийн дагуу багш нар хамтран зүтгэж байж амжилт гаргана.
-Математикийг гүнзгийрүүлэн судлахын тулд ямар сурах бичгийг ашиглах нь зүйтэй бол?
-Ерөнхий боловсролын сурах бичгээ мэдээж ашиглана. Манай сургуулийн хувьд бүх сурагч Гавьяат багш Б.Цэрэнжавын сурах бичгийг нэмэлтээр ашигладаг. Олимпиадын бэлтгэл хийлгэхдээ математикийн боловсролын орчин үеийн чиг хандлагыг анхаардаг.
О.ТЭНГИС: Олимпиад ойртох тусам бодлого бодохоо багасгаж, сэтгэл зүйгээ бэлдсэн
65 дахь удаагийн олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч О.Тэнгистэй ярилцлаа.
-Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцож мөнгөн медалийн эзэн болсонд баяр хүргэе. Шагналын тавцанд Монголынхоо нэрийг дуудуулах мэдрэмж ямар байв?
-Бусад улсын хүүхдүүдтэй зэрэгцэн медаль хүртсэндээ баяртай байсан.
-Эл олимпиадад 600 гаруй хүүхэд оролцсон шүү дээ. Өрсөлдөөн ширүүн байсан уу. Аль улсын сурагчид хамгийн хүчтэй өрсөлдсөн бэ?
-Манай улстай чадвараараа ойролцоо бусад улсын сурагч олон бий. Хамгийн шилдэг нь Хятад, АНУ, Солонгос зэрэг улсын сурагчид байлаа.
-Олимпиадын тэргүүн байрыг аль улс хүртсэн бэ?
-Онооны нийт дүнгээр АНУ-ын баг нэгдүгээр байрт шалгарсан.
-Монгол Улсаа төлөөлөн оролцсон зургаан сурагч бүгд медаль авсан нь бэлтгэлээ сайн хангасных болов уу.
-Тийм ээ. Манай багийнхан бэлтгэлээ маш сайн хангаж оролцлоо.
-Хувийнхаа бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Олимпиад болох өдөр ойртох тусам бодлого бодохоо багасгаж, сэтгэл зүйгээ бэлдэхийг хичээсэн.
-Эл олимпиадын даалгавруудын онцлог нь юу байв. Сурагчдын аль чадварыг түлхүү сорьсон бол?
-Ер нь олимпиадын бодлогуудыг алгебр, тооны онол, геометр ба комбинаторик гэж дөрөв ангилдаг. Энэ жилийн даалгаврууд ч эдгээр ангиллаар бодлого бодох чадварыг сайн сорьж чадсан.
-Хүндрэлтэй, эсвэл сонирхолтой ямар бодлого таарав?
-Тавдугаар бодлого их сонирхолтой талаар хүн бүр ярьж байсан. Учир нь бодоход маш амархан байлаа. Гэхдээ хариултууд нь оролцогчдыг төөрөгдүүлж байв. Уг нь хоёр хариутай. Бодлого бодсоны дараа хариугаа батална шүү дээ. Гэтэл хариугаа батлахад маш төвөгтэй байлаа.
-Математик таны амьдралд хэрхэн нөлөөлөв. Үүнийг сонирхон судлах нь ямар чадваруудыг бий болгодог вэ?
-Бүтээлчээр сэтгэн бодох чадварыг минь хөгжүүлсэн гэж бодож байна.
-Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагчид олон улсын уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсээр байна. Сургуулиас нь сурагчдаа хэрхэн дэмжиж, хөгжүүлдэг вэ?
-Сургуулиас олимпиад болон уралдаан, тэмцээнд оролцох гэж буй сурагчдыг маш сайн дэмждэг. Мөн өндөр түвшний чадвартай багш нар бэлтгэдэг.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн