Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Ц.Бат-Оюунтай ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг түүнээс тодруулсан юм.
2023 оны мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 64.7 сая толгой мал бүртгэжээ. Зудын улмаас энэ жил дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар л гэхэд 6.6 сая мал хорогдсоныг албаныхан мэдээлсэн. Жил ирэх тусам гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хаврын улиралд бэлчээрийн ургамал оройтож цухуйн, мал ногоонд цадаж, тэвээргээ хангалттай авч чадахгүй нөхцөл байдал орон нутагт үүсээд байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгнө үү.
-Монгол орон эх газрын эрс тэс хуурай, хүйтэн уур амьсгалтай. Нөгөөтээгүүр, манай улс газар зүйн байршлаараа бөмбөрцгийн хойд хагаст оршдог бөгөөд дэлхийн дулаарал эрчим тэй явагдаж буй бүс нутагт хамаардаг. Ус, цаг уурын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй 2.3 дахин их үзүүлэлт юм. Дээрх хугацаанд хур тунадас ялимгүй буурсан нь ажиглагдсан. Энэ байдал ирээдүйд ч үргэлжилж, хэт халалт, хуурайшилт улам нэмэгдэх хандлагатай байна. Агаар мандлын систем, орчил урсгал, горим бүхэлдээ өөрчлөгдсөний улмаас байгалийн тэнцвэрт байдал алдагдахыг уур амьсгалын өөрчлөлт гэж ойлгож болно. Үүний гол шалтгаан нь аж үйлдвэржилтийн эрин үеэс хойш хүн төрөлхтөн хүлэмжийн хий ихээр ялгаруулах болсонтой холбоотой. Хүлэмжийн хийнд нүүрсхүчил, метан голлох байрыг эзэлнэ. Эдгээр хий нь дэлхийн гадаргаас буцаж ойх урт долгионыг тогтоон барьж, нэмэлт дулаарлыг үүсгэж байдаг. Ашигт малтмал, эрчим хүч буюу цахилгаан, дулааны үйлдвэрлэл, авто тээвэрт ашиглах түлшийг олборлох, тээвэрлэх, шатаахад, эдгээрээс гадна хөдөө аж ахуй эрхлэх, азотоор бордсон хөрс, малын ялгадас ашиглах явцад нүүрсхүчлийн хий болон метан хий үүсдэг.
-Эдгээр өөрчлөлт малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлын улмаас хэт халж, хур тунадасны хэмжээ багассанаар хуурайшилт бий болно. Хур тунадасны горим өөрчлөгдөж, хэт ихсэх, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх зэргээр бидэнд мэдрэгддэг. Үүний дүнд гол, горхи ширгэх, биологийн олон янз байдал алдагдах, цэвдэгийн хэмжээ хумигдах, бэлчээр нутаг доройтох байдал ажиглагдаж байна. Гамшигт үзэгдлүүдээс хөдөө аж ахуйн салбарт хамгийн их хохирол учруулдаг ган, зудын давтамж болон эрчим улам бүр нэмэгдэж буй. Хамгийн ойрын, их хохирол учруулсан нь гэвэл 1999-2002, 2009-2010, 2023-2024 оны зудыг дурдаж болно. Гамшигт үзэгдлийн давтамж, эрсдэлийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай.
-Гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэнийг хамгийн их мэдэрч буй хүмүүс нь яах аргагүй малчид. Тэдний нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүний үйл ажиллагааны нөлөө буюу үүний дотор малын тооны хэт өсөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалттай холбоотойгоор газар нутаг доройтож байна. Судлаачдын тооцоолсноор манай орны бэлчээрийн боломжит даац нь хонин толгойд шилжүүлснээр жилд дунджаар 74.3 сая мал гэж үздэг. 2022 оны байдлаар малын тоо хонин толгойд шилжүүлснээр 126.4 саяд хүрсэн нь даацаас 50 гаруй сая толгойгоор хэтэрснийг харуулж байлаа.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан цөлжилтийн үнэлгээгээр манай орны нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй цөлжсөн гэх зэрэглэлд хамаарч байна. Мөн бид 1500 гаруй цэгт ургамлын зүйлийн бүрэлдэхүүний үнэлгээ хийсэн юм. Үүний дүнд нийт цэгийн 31 хувь нь доройтоогүй байв. Харин 18 хувь нь бага, 22 хувь нь дунд, 18 хувь нь их доройтсон бол 11 хувь нь хүчтэй доройтсон буюу цөлжсөн байна.
-Бэлчээрийн ургамлын гарц одоо ч хангалтгүй байгаа шүү дээ. Тиймээс мал махан тарга тэвээргээ авч чадалгүй өвөлтэй золгож, малчид дахиад л хүнд хэцүү өвөлтэй тулгарч магадгүй нь.
-Бэлчээр ашиглалт болон хуурайшилтын нөлөөгөөр тухайн нутгийн ургамлын унаган бүлгэмдэл өөрчлөгдөж, доройтсон. Тиймээс малд шим тэжээл сайтай олон наст ургамлууд цөөрчээ. Үүний оронд харахад ногоон өнгөтэй ч малд шим тэжээлгүй, үндэсний систем нь сул хөгжсөн, хөрсний ялзмагт үе давхаргыг ус, салхины элэгдлээс хамгаалж барих чадамж муутай хөл газрын ургамал ихэссэн. Доройтлын зэрэг ихсэх тусам соргог төлөвт шилжихэд ихээхэн хугацаа, хөрөнгө зарцуулна. Тухайлбал, хамгийн хүчтэй доройтсон газруудын бэлчээрийг унаган төлөв байдалд нь оруулахын тулд 10-аас дээш жил ачааллыг нь бууруулах, амраах шаардлагатай. Зарим тохиолдолд дахин сэргэх боломжгүйгээр цөлжих тохиолдол ч бий.
Ийнхүү бэлчээр нутаг доройтож, хөрсний үр жил шим, биологийн олон янз байдал алдагдсаны улмаас мал сүрэг тэжээлийн дутагдалд ордог. Түүнчлэн тарга хүчээ хангалттай авч чадахгүйд хүрч давжаарснаар ашиг шим нь буурч байна.
-Энэ бүх эрсдэлээс сэргийлэхийн тулд малчид ямар арга хэмжээ авч болох вэ?
-Малынхаа тоо толгойг бэлчээрийн даац, багтаамжид тохируулан цөөлөх, чанаржуулах хэрэгтэй. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрийг аль болох доройтуулахгүй зохистой ашиглах, хамгаалах нь чухал. Мөн цаг уурын байгууллагаас боловсруулсан богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээ, ган, зудаас сэрэмжлүүлэх зөвлөмж, өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжтай танилцах нь зүйтэй. Бэлчээрийн даац, багтаамжийн мэдээллийг жил бүрийн наймдугаар сарын сүүлийн арав хоногт гаргадаг. Зудын эрсдэлийн үнэлгээг аравдугаар сарын сүүлчээр боловсруулан олон нийтэд хүргэдэг юм. Эдгээр мэдээл лийг тогтмол авч, гантай болон гандуу жил хадлан, тэжээлийнхээ нөөцийг эртнээс нэмэг дүүлэх, отор нүүдэл хийх, малаа цөөлөх зэргээр эрсдэлээс хамгаалж сурах хэрэгтэй.
-Бөмбөрцгийн түүхэн дэх хамгийн халуун өнгөрсөн сард тохиосныг судлаачид онцолсон байсан. Зундаа хэт халж, өвөлдөө хэт хүйтэрдгээс малын хорогдох нь ихэслээ.
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын экстрим үзэгдэл их тохиолдох болсон. Энэ нь агаар мандлын орчил урсгал өөрчлөгдөж, дэлхийн дулаарлын улмаас далайн температур нэмэгдэж байхад хойд туйлаас хүйтэн агаарын масс эх газар луу орж ирэх болсонтой холбоотой. Цаашид ч гэнэт хэт халах, хүйтрэх үзэгдэл ажиглагдсаар байх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн төлөвийг Монгол орны хэмжээнд тооцоолсон дүнгээр зуны улирлын болон өвлийн температур тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байгаа. Өвлийн улиралд агаарын температур бага зэрэг зөөлрөх боловч орох хур тунадас буюу цасны хэмжээ нь нэмэгдэнэ.
-Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийг боловсруулах боломжтой юу?
-Үүнд хүн бүр л хариуцлагатай хандах шаардлагатай. Гол, мөрний эхийг хашиж хамгаалах, зүй зохистой газар тариалан эрхлэх, малын тоог бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй байх ёстой. Мөн нэг бэлчээрээ шавхаж, талхлагдтал нь ашиглахгүй байх нь зүйтэй.
-Зарим нутагт малчид нэгдэн голын ундарга хэсэгт мод тарьж байгаа юм билээ. Энэ нь хэр үр дүнтэй арга бол?
-Үр дүнтэй. Бид “Мод байгаа газар ус байна” гэж ярьдаг шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд говийн аймгуудад оройн цагаар худгийнх нь ус шавхагддаг болсныг малчид хэлж байлаа. Усны ундаргыг сайжруулахын тулд юу хийж болох вэ?
-Дэлхийн дулаарал, хуурайшилттай холбоотойгоор гол, горхи хатаж ширгэх, гүний усны түвшин дээшлэх үзэгдэл ажиглагдаж байгаа. Малчид эрт дээр үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж нөөцийг нь ашиглан, экосистемийн үйлчилгээг хүртсээр ирсэн. Ер нь уламжлалт мэдлэгээ хойч үедээ өвлүүлэн хадгалж, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэлтэй хослуулахыг байгаль шаардаж байна.
-Зарим судалгааны тайланд уламжлалт малчид мал аж ахуйгаас холдсон нь цаг агаарын эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадварыг сулруулсан талаар дурдсан байлаа.
-Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын энэ эрчимтэй өөрчлөлтийг аливаа экосистемийн дасан зохицох чадавх гүйцэхээргүй хурдацтай байгаа.
-Амьтдын идэш тэжээл багассанаас суурьшлын бүсэд орж ирэх нь ихэсжээ. Үүнийг зохицуулах боломж бий юү?
-Бэлчээрийн нөөц, хүрэлцээ багасаж байгаатай холбоотой зэрлэг амьтад ч идэш тэжээл хайж суурин бүс рүү орох нь ихэслээ. Мөн хэт хуурайшилттай холбоотойгоор ой, хээрийн түймэр ихээр гарч, түүнээс дайжсанаар ийм байдал ажиглагдаж байгаа.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн