Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяртай ярилцлаа. Энэ сарын 4-17-нд зохион байгуулсан, 21 дэх удаагийн Сөүлийн гоцлол бүжигчдийн олон улсын уралдааны үндэсний бүжгийн төрөлд тэрбээр тэргүүн байр эзэлсэн юм.
-Сөүлийн гоцлол бүжигчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Уралдаанд хэр хүчтэй өрсөлдөгчидтэй таарав?
-Баярлалаа. Уг уралдааныг 21 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд Азийн А зэрэглэлийнх гэдгээрээ онцлогтой. Тус уралдаанд оролцогчид ардын бүжиг, контемпорари болон балетын төрөлд өрсөлддөг. Миний хувьд ардын бүжгийн төрөлд нэгдүгээр байр эзэлсэн. Монгол, БНХАУ, БНСУ, Япон Улсын өндөр ур чадвартай, мэргэжлийн бүжигчидтэй өрсөлдлөө.
-Та ямар бүтээлээр өрсөлдсөн бэ?
-Уралдааны нээлтэд оролцох урилга надад ирсэн юм. Тиймээс уралдааны нээлтэд Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл багшийн дэглэсэн торгууд бүжгийг толилуулсан. Нээлтийн үеэр бүжиглэх явцад хэн ч алга ташаагүй. Харин Монголд бол бүжиглэж байхад алга ташдаг шүү дээ. Хөгжим зогсож, гэрэл шилжихэд үзэгчид алга ташиж, маш сайхан хүлээж авсан. Тэнд тайзны буюу үзэгчдийн соёл маш өндөр юм билээ. Тоглолтын үеэр үзэгчид сатаардаггүй, бүр утсаа ч оролддоггүй. Үзүүлбэрээ толилуулж дуусахад л үзэгчид өөрт төрсөн мэдрэмжээ “оргилуулдаг”.
Тэр үед “Эхлэлээ маш сайн тавьчих шиг боллоо. Дараагийн толилуулах бүтээлүүдэд маань өндөр хүлээлт үүсэх нь дээ” гэж бодсон. ҮУИТ-ын ерөнхий бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү багшийн дэглэсэн “Хэлхээ намба” гэх халх бүжгээр уралдаанд өрсөлдсөн юм. Нээлт, хаалт, уралдааны шалгаруулалт гээд дөрвөн удаа монгол бүжгээ толилуулсан. Монгол бүжгээ толилуулах бүрд үзэгчид маш гоёор хүлээж авч байлаа. Өрсөлдөөн гэж бодохоос илүүтэй Монгол Улсаа сурталчилж байна гэдэг үүднээс бүтээлээ толилуулсан. Энэ нь ч амжилттай боллоо.
-Шүүгчдийн зүгээс уралдаанд оролцогчдод ямар шалгуур тавьж байв?
-Ардын бүжгээс гадна нэгэнт зориод очсоных гэж бодоод контемпорари төрөлд нь ч өрсөлдсөн л дөө. Шүүгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард эхний шатны шалгаруулалтыг явуулж, оролцогчдын дүрс бичлэгийг үзэж дүгнэсэн. Дараагийн шат нь хагас финал, түүнээс финалд оролцогчдыг шалгаруулж, гала тоглолтод оролцох эрх олгосон юм. Уралдааны журмаар нэг бүжгээ сайжруулаад л, түүгээрээ шат дамжин өрсөлддөг.
-Монголоо сурталчлах хүсэлтэй байсан гэсэн шүү дээ. Үүнийгээ биелүүлж, уралдааны тэргүүн байрт шалгарахад ямар мэдрэмж төрсөн бол?
-Монгол урлаг маш өвөрмөц. Бидний өөрийн гэх бахархлыг төрүүлдэг бөгөөд хийц, хөгжим нь хүртэл тансаг. Энэ бахархлаа олон улсад таниулна гэдэг нэр төрийн хэрэг. Нэгдүгээр байрт шалгарлаа гэхэд гайхаж хүлээж аваагүй. Миний хийе, бүтээе гэсэн зорилго бүтэмжтэй болчихлоо гэж бодсон. Харин контемпорари төрөлд үнэхээр шоконд орж байгаад л хагас финалаас хасагдсан. Уг төрлөөр мэргэшсэн бүжигчин манай улсад байхгүй. Монгол бүжигчин бүр энэ төрлийг оролдож үздэг. Үүнийг орхичихгүй, бусад төрөлтэй зэрэгцүүлэн хөгжүүлээд явах юм сан гэсэн сэтгэлээр бид уралдаанд оролцсон юм. “Улаанбаатар” театрын уран бүтээлч П.Энхтогтох финалд шалгарсан. Контемпорари төрлийг бид цаашид хөгжүүлж, суралцах ёстой юм байна гэсэн сургамжтай үлдлээ.
-Контемпорари төрөлд ямар бүжгээр өрсөлдсөн бэ. Энэ төрлийн бүтээлийн урын сан манайд бүрдэж байгаа юу?
-Х.Хашхүү багшийнхаа “Өнчин хун” бүтээлээр өрсөлдсөн. Хун нь хайр дурлалдаа үнэнч явсаар үхдэг амьтан юм байна л даа. Нэгнийгээ алдаад, үгүйлж байгаа тухай энэ бүжигт өгүүлдэг. Уг нь маш сонирхолтой өгүүлэмжтэй. Гэхдээ би энэ чиглэлээр мэргэшсэн бүжигчин биш болохоор яах аргагүй хасагдсан. Мэргэшсэн хүмүүсийн толилуулсан бүтээлүүд маш гоё байсан. Гэхдээ тэднээс сүрдэж айгаагүй, харин ч илүүг хийе, бүтээе гэсэн хүч авлаа.
-Ардын бүжиг нь нэг талаас “Би монгол хүн” гэсэн омогшлыг төрүүлдэг байх. Тэр хэрээр уран бүтээлчээс тусгай ур чадвар, сэтгэл шаарддаг болов уу?
-Бүжиг олон төрөлтэй. Монгол уран бүтээлч бүр монгол ахуй, өв соёлтой холбоотой төрлийг заавал мэддэг байх ёстой. Мэдээж мэргэжлийн бүжигчин ур чадвартай байх нь наад захын шаардлага шүү дээ. Бид хэлэхээс илүү үйлдлээрээ бүхнийг харуулах ёстой. Хүнийг татах, ховсдох чадвар бүжигчинд байдаг. Хүн болгон өөр өөрийн гэсэн ур чадвартай. Монголдоо хайртай, бахархдаг болохоор ардын бүжгээр дагнан суралцахаар шийдсэн.
-Та сүүлд “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг бүтээсэн. Таны бүтээлийг харахад голчлон түүхэн хүмүүсийн дүрийг бүтээсэн байдаг шүү дээ.
-Үндэсний урлагийн их театрт ажилласнаасаа хойш голчлон түүхэн хүмүүсийн дүрд хувирчээ. Хэрцгий, цайлган, зарим үед догшин гээд л янз бүрийн дүрд тоглолоо. Нэг л төрлөө дагнаж, “Би ийм хурц дүрд тоглож чадахгүй ээ. Эсвэл уярч чадахгүй ээ” гэж өөрийгөө хязгаарлаагүй. Бүх төрлийн жүжиглэлтийг гаргаж, өөрийгөө сорихыг хичээж байгаа.
-Догшин хутагтын дүрд ажиллахад ямар байсан бэ. Амаргүй санагдсан уу?
-“Хутагтын дүрд тоглооч” гэхэд нь толгойд нэг л бууж өгөхгүй байсан л даа. Би Дорноговь аймагт төрж, өссөн болохоор бага наснаасаа Хамрын хийдэд очиж байсан. Тиймээс ноён хутагтын талаар бага зэргийн мэдэгдэхүүнтэй байлаа. Дэглээч, найруулагчтайгаа сайн ярилцаад, дүрийн судалгаа хийгээд, түүнийхээ үндсэн дээр сайн ойлголттой болсон. Түүнийг бидэнтэй адилхан л хүн гэдэг талаас нь л гаргахыг хүссэн юм. Хүмүүс “Нүдэндээ нулимстай үзлээ” гэх мэтээр урмын үг хэлсэн нь сайхан байсан.
“Монголын их хатад” бүжгэн жүжгийн Самар хатны ач хүү Эсэн тайшийн дүрийг бүтээж байлаа. Энэ дүр нь эмээ буюу Самар хатныг хүртэл алчихна гэсэн бодолтой, маш хурц зан араншинтай. Ийм маягаар дүр бүхэн өөр өөр зан араншинтай шүүдээ. Тиймээс дүр бүрдээ тусгайлан ажилладаг. Бүжиглэлт болон дүрээ уялдуулах хэрэгтэй.
-“Тэнгэрийн хутагт”, “Өнчин хун” зэрэг бүтээл нь хайр сэтгэлийн талаар өгүүлдэг шүү дээ. Үүнийг үг хэлэхгүйгээр биеийнхээ хэлэмжээр хүмүүст хүргэх хэцүү юү?
-Үг маш хүчтэй. Харин бид үг хэлж чадахгүй болохоор зүрх сэтгэлээсээ жүжиглэж, түүнийгээ үйлдэл болгон гаргах ёстой. Чин сэтгэлээсээ хайрлаж, дурлаж чаддаг хүн л тийм дүрийг амьд болгоно. Эсвэл бодит байдалд хэн нэгнийг хайрлаж байгаа хүн тэрхүү дүрийг сайн гаргаж чадна. Нүдээрээ дамжуулан санаагаа бусдад хүргэж болно. Үйлдэл бүрээ мэдэрч гүйцэтгэх нь чухал.
-Бүтээсэн дүрүүдээс тань хамгийн ихээр сэтгэлд хоногшсон нь аль вэ?
-Хамгийн анхны бүхэн гоё. Бүжгэн жүжгийн гол дүрд анх удаа тоглож, бүхэл бүтэн бүтээлийг нуруундаа үүрэх амаргүй. Тиймээс “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг эхэнд бичигдэнэ. Хоёрдугаарт, саяхан уран сайхны кинонд тоглосон. Тэрхүү киногоор дамжуулан сарын хугацаанд нэг хүний амьдралаар амьдарч үзсэн байна. Энэ дүр бас сэтгэлд хоногшин үлджээ.
-Маш олон цаг шаргуу бэлтгэл сургуулилалт хийсний дүнд тайзнаа гардаг. Тиймээс биеэ төдийгүй сэтгэлээ ч бэлдэх хэрэгтэй байх.
-Маш олон цагийн шахуу хуваарьтай, ажлын ачаалал ч ихтэй мэргэжил л дээ. 09.00 цагт ажилдаа очоод нар жаргахад тардаг. Амар ажил биш, хүнд. Энэ бүхнийг даван туулахад нэгдүгээрт, тэвчээр, хоёрдугаар, хүсэл сонирхол чухал. Мэргэжилдээ хайртайгийн л ач, бас ачаа ч гэмээр юм уу. Шантраад болимоор санагдсан ч үүний ард сайхан зүйл, сэтгэл ханамж хүлээж буйг мэддэг болохоор тэсэж үлдсэн байх. Нэг өдрийн буюу хоёр цагийн тоглолтод сарын хугацаанд бэлтгэдэг. Зааландаа 100 хувь бэлтгэлээ базааж, тайзан дээр амьдар гэсэн үг бий. Энэ зарчмаар л бэлтгэлээ базааж байна.
-Өөрийгөө бүжигчнээс өөр мэргэжил эзэмшсэнээр төсөөлж байсан уу?
-Төсөөлж байгаагүй ээ. Гэхдээ зөвхөн бүжиглэх бус, видео контент, фото зураг гэх мэтээр салбар бүрд хүч үзэж байна. Ингэснээр амьдрал минь улам адал явдалтай болдог.
Бүжигчид сайн ярьдаггүй гээд байдаг. Харин ч сайн ярих ёстой. Ингэснээр хүнд хүрэх, танигдах юм шиг санагддаг. Үзэгчид тайзны ард юу болдгийг сайн мэддэггүй. Тиймээс хөшигний арын амьдралыг харуулбал сонирхолтой юм болов уу гэсэн бодлоос влог хийж эхэлсэн. Урлагт хайртай хүүхдүүд влогоор минь дамжуулан суралцаж, “Ах аа ингээрэй, тэгээрэй” гээд урам өгдөг.
-Бүжигчдийн ёс зүй, биеэ авч явах тал дээр юуг анхаарах нь зүйтэй гэж хардаг вэ?
-Одоо цагт хэн ч бай бусадтай зөв боловсон харьцах ёстой. Маш хүлээцтэй байх хэрэгтэй. Бүжигчдийн биеэ авч яваа байдал нь цаанаасаа л өөгүй тэгш мэт. Үүнийг нь хараад бөхийгөөд сууж байсан хүн нуруугаа цэх болгодог ч юм уу. Хүнд харагдах байдал талаасаа ч аятайхан хувцаслах хэрэгтэй. Үүгээрээ соёлыг давхар түгээж буй. Бусдад урам өгч хамтдаа хөгжих юм сан гэж боддог.
-Урлагийн хүнд үзэгчидтэйгээ харилцах чадвар чухал байдаг шүү дээ. Уран бүтээлч бүрд үзэгчдийг татдаг нэг чухал тал байдаг юм шиг санагддаг. Таны хувьд үзэгчдийг юугаараа илүү татдаг бол?
-Тэрийг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Олон хүнээс “Яаж ингэж үзэгчдийг татдаг юм бэ” гэж сонсож байсан. Хувь хүний зан чанараас шалтгаалдаг байж ч магадгүй. Гэхдээ яаж гэдгээ ёстой мэдэхгүй. Миний хувьд энэ тал дээр нэг их хичээгээд л, бэлдээд байдаггүй ээ.
-Уран бүтээлч байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Тайзан дээр гарах бүх мэдрэмж гайхалтай. Бэлтгэлээ хийгээд ядарч байсан үеийнхээ ард гарах мэдрэмж хамгийн сайхан.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн