Хөгжмийн зэмсэг урлаач Д.Түвшинтөртэй ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа 35 жилийг хөгжмийн зэмсэг урлахад зориулсан, Монголын хамгийн анхны дипломтой, албан ёсны хөгжмийн мастер юм. Түүний урласан бүтээлүүд өдгөө мэргэжлийн урлагийн бүх байгууллагад бий. Мөн тэрбээр “Сеттимо” хөгжим урлалын компанийн захирлаар ажилладаг билээ.
-Та хэзээнээс хөгжмийн зэмсэг урладаг болсон бэ?
-Би 1989 онд цэргээс халагдаад тухайн үеийн Үндэсний хөгжим, хувцас хэрэгслийн үйлдвэрт дагалдан урлаачаар ажилд орсон юм. Үүний дараа шалгалт өгч хөгжмийн зэмсэг бие даан урладаг болсон.
-Италид хөгжим урлаач мэргэжлээр суралцаж төгссөн гэж сонссон. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Манай аав, өвөө уран хүн байсан. Мөн миний төрсөн дүү алт мөнгөний дархан. Аавын бага дүү арьс ширэн урлалын хүн байв. Гарын дүйтэй, гар урлалын хүн манай гэр бүлд олон бий. Ер нь хөгжмийн зэмсэг урлал нь гарын ур дүйгээс гадна хөгжмийн мэдлэг, мэдрэмж шаарддаг мэргэжил. Би багаасаа л хөгжимд хайртай байсан. Байр, зусланд гитар тоглодог хүүхэд байлаа. Цэргээс халагддаг жил Төрийн шагналт, үлээвэр хөгжим урлаач Д.Индрээ гуайн оролцсон нэг нэвтрүүлэг зурагтаар гарсан юм. Би ч үзэж таарсан. Тэгээд л энэ миний хийх ёстой ажил юм байна гэж бодсон доо. Үүний дараа цэргээс халагдаад Үндэсний хөгжим, хувцас хэрэгслийн үйлдвэрт сонсгол, гарын дүйгээ шалгуулж, ажилд орсон түүхтэй.
-Сургуулиа төгсөөд Италид ажиллах боломж байсан уу?
-Би сургуулиа төгсөөд Италид үлдэх сонирхолтой байсан. Тэндхийн хөгжмийн мастерууд дунджаас дээгүүр, чинээлэг амьдралтай хүмүүс. Миний түвшний мастер сард 10 мянган еврогийн орлого хангалттай олдог. Тухайн үед би морин хуур хийж байгаад очсон учраас шинэ хүүхдүүдтэй харьцуулахад туршлагатай байлаа. Тэгэхээр чадвартай оюутнуудын тоонд багтдаг байсан гэсэн үг. 2002 онд амралтаараа Монголд ирэхдээ тэтгэвэртээ гарсан, халамцуу, цэргийн хурандаатай онгоцонд таарсан юм. Бид эх орныхоо тухай их ч ярьсан. Тэрбээр “Хилийн цэргийн холбооны системийг шинэчлэхэд би их чухал үүрэг гүйцэтгэсэн. Ер нь хүн болж төрснийх эх орондоо чаддаг зүйлээрээ хувь нэмэр оруулах ёстой. Чи Италид байдаг л мастер болох биз. Харин эх орондоо хийсэн зүйлтэй байвал ядаж л эргээд дурсагдах нэртэй” гэсэн. Тэгэхэд л би орлого мөнгө яах вэ, төгсөөд эх орондоо л ирэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн юм. Тэр надад эх орноо гэх омогшлыг төрүүлсэн. Тухайн үед би гадаадын таван оюутантай хамт байр түрээсэлдэг байлаа. Төгсдөг жил тэд “Чи үлдчих, хэдүүлээ хамт урлангаа байгуулъя” гэсэн. Тэгэхэд би явна гэсээр эх орондоо ирсэн дээ.
-Хамгийн анх ямар хөгжим урлаж байв?
-Анх хөгжмийн үйлдвэрт ажилд ороход намайг Үлээвэр хөгжмийн тасагт хуваарилсан юм. Төрийн шагналт Д.Индрээ гуайтай нэг өрөөнд ажилладаг байлаа. Үлээвэр хөгжим нь төмөр гагнах, даралт хийх гэх мэт дархны ажил ихтэй. Тэнд би нэг сар орчим ажиллаад тасгаа сольсон л доо. Миний сонирхол морин хуур л урлах байсан. Тухайн үед үйлдвэрт хөгжим урлал болон хувцас хэрэгсэл гэх мэт хэд хэдэн тасаг байлаа. Одоогийн “Хан тэнгэр музыка” компанийн захирал Уламбаяр тухайн үед манай тасгийн инженер байсан юм. Би түүнд үлээвэр хөгжим урлахыг хүсэхгүй байгаагаа хэлж байв. Учир нь манай дүү алт, мөнгөний дархан. Тиймээс би төмөр бус, модон хөгжим урлахыг хүсэж буйгаа хэлсэн. Тэр ч миний хүсэлтийг цааргалалгүйгээр хүлээн авснаар анх Хичээнгүй ахын шавь болсон. Хамгийн анхны морин хуураа багштайгаа хамтран урласан. Их сайхан дугарч байсан. Өөрөө бие дааж бус, багштайгаа хамтарч хийсэн болохоор юугаа ч мэдэхгүй байлаа.
-Та нийт хэдэн төрлийн хөгжим урлаж байна вэ?
-Одоогоор үндэсний хөгжмөөс морин хуур, дунд хуур, их хуур урлаж байна. Дунд хуур бол морин хийл болон виолончельд суурилсан хөгжим. Европ виолончелийг авчраад тоглоход харагдах байдал нь зохимжгүй учраас их хуур, морин хуурыг хооронд нь холбох хөг хэрэгтэй. Энэ үүднээс нь дунд хуур хийх болсон. Түүнчлэн хийлийн төрлийн бүх хөгжмийг урлаж байна. Тухайлбал, хийл, эрдүү хийл, виолончель, контрабасс гэх мэт. Өмнө нь ятга, ёочин гээд л үлээврээс бусад бүх төрлийн үндэсний хөгжим хийдэг байлаа. Зах зээлд дөнгөж шилжиж, бүгд л хувиараа бизнес эрхэлдэг байсан үе шүү дээ.
-Яагаад ятга, ёочин урлахаа больсон юм бол?
-Ер нь урлаачид аль нэг төрлөөр мэргэших нь түгээмэл. Тухайн үеийн хөгжмийн үйлдвэрийн үндэс суурийг өдий хүртэл хадгалж үлдсэн нь “Эгшиглэнт магнай” компани. Тэднийх бүх төрлийн үндэсний хөгжим хийдэг. Тэр дотроо ятга, ёочин, шанз, эсвэл товшуур, морин хуур гэх мэтээр төрөлжчихсөн. Ерөнхийдөө морин хуур, их хуур, дунд хуур нь хийлийн төрлийн хөгжимтэй тун ойролцоо хийцлэлтэй. Эсрэгээрээ ятга, ёочин, шанз бол өөр. Тиймээс тухайн чиглэлээрээ дагнах хэрэгтэй болсон.
-Таны урласан хөгжмүүдээс хамгийн хэцүү нь юу байв?
-Хамгийн хэцүү нь Улсын филармонид хийж өгсөн контрабасс. Энэ нь миний анхны урласан контрабасс байсан. Тухайн үед санал болгосон үнэ нь бага байсан учраас чанартай мод авч чадаагүй. Тэгээд л шавь нартайгаа нэлээд нухсан. Том хөгжим учир их ч цаг зарцуулсан юм. Одоо бодоход дутуу дулимаг хийсэн зүйл бий. Тиймээс “Би хөгжмөө буцааж авъя, задлаад дахиад жаахан нимгэлж, хөглөөд, дуугаралтыг нь сайжруулаад өгье” гэдэг. Тэгэхгүй бол тухайн үед анхных гэсэн айдастай байсан учраас хэт зузаан, мод үлдээж хийсэн юм билээ.
-Хийл хөгжмийг хэрхэн урладаг талаараа сонирхуулаач?
-Энэ нь их том сэдэв л дээ. Товчхондоо бол ямар ч хөгжмийн зэмсэг урлахад материалын чанар болон сонголт хамгийн чухал. Үүнд мод, лак зэргийг хэлж болно. Харин дагалдах хэрэгсэл буюу хийлийн чих, утас, тэвх зэргийг хийдэг дэлхийд алдартай брэндүүд бий. Бид тэднээс худалдан авдаг. Ер нь зөвхөн хөгжим урлахад бус, хүн ямар ч ажил хийсэн сэтгэлээ шингээх нь чухал. Тэгж байж л амжилт гаргана шүү дээ. Заримдаа яарч хийсэн зүйлсээ эргээд харахад сэтгэлд сэвтэй байдаг. Тэгэхээр нэлээд нягт нямбай, сайн суух хэрэгтэй. Хөгжим сайхан дуугарах, сайн хөгжим бүтээх нь тухайн урлаачийн туршлага, чадвараас ихээхэн хамааралтай. Тухайлбал, хийл урлахад зориулан бэлтгэсэн материалууд гэж бий. Үүнийг бэлтгэдэг газар байдаг. Тэд зөвхөн хөгжмийн зэмсгийн мод бэлтгэдэг юм. Хийлийнх бол жижиглэчихсэн. Харин эрдүү хийл бол бага зэрэг том гэх мэт олон төрлийн сонголттой. Түүнчлэн хэдэн жил хатааснаас хамаараад үнэ нь ч ялгаатай. Тэгэхээр эхлээд модоо сонгоно. Үүний дараа цараа зангидаж, толгой, ишээ хөрөөдөж бэлтгэнэ. Ар нүүрний бөмбөгөр хэсгийг гаргахын тулд дотор талаас нь ухна. Харин үүний дараа хөглөнө. Хөгжмийн зэмсэгт хамгийн гол нь ар нүүрний зузаан, нимгэнийг хөглөх ёстой. Ингээд хөгжмөө урласан бол эхлээд өөрсдөө дуугаргаж үзнэ. Үүний дараа мэргэжлийн хөгжимчид болон захиалагчдадаа үзүүлнэ. Боллоо гэвэл зүлгүүрээ хийж, лакдаад хөгжмөө хүлээлгэж өгдөг. Морин хуурыг ч ийм зарчмаар урладаг.
-Утаст хөгжмийнхөө чавхдасыг гадаадаас авдаг гэсэн үг үү?
-Тийм ээ, морин хуурын чавхдасыг ч адууны сүүлээр хийхээ больсон. Илүү натурал, өтгөн дуугаралттай гэж адууны сүүлийг сайшаах тал бий. Гэвч энэ нь байгалийн эд учир амархан тасрахаас эхлээд асуудал их. Тиймээс сатурк буюу нийлэг материалаар хийсэн чавхдас хэрэглэх болсон. Харин хийл сонгодог хөгжимд бид голчлон Австри, Герман зэрэг улсаас хамгийн үнэтэй, чанартайг нь авч хэрэглэдэг.
-Хөгжмийн зэмсэгт тавигдах гол шаардлага нь юу бол?
-Үйлдвэрлэлийн зориулалтаар хийж буй, масст зориулсан, концертын, мастер гэхчлэн аль ч хөгжимд тавигдах шаардлага нь нэгдүгээрт дуу, дуугаралт юм. Дуу нь сайхан, тод байх тусам үнэ нь ч нэмэгддэг. Хоёрдугаарт тухайн хөгжим хүний биеийн эргономикт таарсан байх ёстой. Жишээлбэл, сандал гэхэд хүн суухад эвгүй байж болохгүй шүү дээ. Үүнтэй адил хөгжим ч бас тухайн хөгжимчинд тухтай байх ёстой. Мөн хөгжим нэг талаас урлагийн бүтээл боловч энд механик инженерийн ойлголтуудыг агуулдаг. Тухайлбал, хийл хөгжим соль, ре, ля, ми гэх дөрвөн утастай. Энэ нь нүүрэндээ ойролцоогоор 20 кг даац өгдөг. Тэгэхээр 20 кг даацыг нүүр дааж, эргэж чичирхийлж дуугаа гаргах ёстой гэсэн үг.
Ер нь хөгжим урладаг хүн эхэндээ чадаж буй мэт санагддаг. Нээрээ л сайн чадлаа, яг болж байна гэж хөөрөх үе бий. Харин хэсэг хугацаа өнгөрөхөд биш байжээ, арай болоогүй юм байна гээд өөрийгөө голдог. Би шавь нартаа болон бусад урлаачид ч “Ядаж л 10 жилийн туршлагатай байх ёстой. Тэгж байж л урлаж байгаа хөгжмөө дотор нь орсон мэт мэддэг болно” гэж хэлдэг юм.
Түүнчлэн хүмүүс надаас “Гоё дуугардаг хөгжим яаж хийх вэ” гэж их асуудаг. Гэтэл энэ нь их харьцангуй ойлголт юм. Жишээ нь, энэ асуултыг миний хэмжээний урлаачдаас асуухад хүн бүр л өөр хариулт өгнө. Гэхдээ урлаачдын ойлголт өөр боловч эцэстээ нэг зарчмыг л тал бүрээс нь тайлбарлаж байгаа юм. Хөгжим урлах явцад заримдаа маш сайхан дуугардаг бүтээл гарна, харин хааяа санаанд нь хүрэхгүй байх тохиолдол ч бий шүү дээ. Ер нь сайхан дуугарч буй хөгжмийн нууц нь одоог хүртэл учир битүүлэг гэх юм уу даа.
-Нэг хийл урлахад ойролцоогоор хэр хугацаа шаарддаг бол?
-Маш нямбай суувал нэг сар орчим болно. Гэхдээ туршлагажаад ирэхээр хурдан хийдэг. Би ойролцоогоор 14-20 хоногт урладаг. Одоо бэлтгэл ажлаа өөрөө хангахаа больсон. Шавь нар маань биеийн хүч шаардсаныг нь хийж, би арай нарийн ажиллагаатай зүйлсийг нь урлаж байна.
-Хөгжмийн зэмсэг урладаг хүн авьяастай, сонсголтой байх хэрэгтэй шүү дээ. Та урласан хөгжмийн зэмсгийнхээ хөгийг хэрхэн тааруулдаг вэ?
-Би хөгжимчин биш. Италид сурч байхдаа ноот заалгаж, хийл сурч байсан. Гэхдээ одоо би ноот уншиж чадахгүй. Харин миний сонсгол нэлээд сайн гэж боддог. Олон төрлийн хөгжим сонирхдог. Морин хуур бага зэрэг оролддог учир хөгийг нь өөрөө тааруулчихдаг. Харин хийлийн дууг ерөнхийдөө татаж, дуугаргаж үздэг. Сонгодог хөгжмийг мэргэжлийн хөгжимчин авчирч үзүүлдэг. Хүмүүс хийл тоглодог хүн хийлийн мастер болбол маш сайн гэж боддог. Гэтэл бодит байдалд эсрэгээрээ л дээ. Дэлхийд танигдсан мастеруудыг харахад тоглодог нь цөөн. Гэхдээ тухайн хүн сонсголгүй бол мэдээж хөгжим урлаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр гарын ураас гадна мэдрэмж өндөртэй, сонсголтой байх хэрэгтэй.
-Үйлдвэрийн болон гараар урласан хөгжим ямар ялгаатай бол?
-Гараар урласан хөгжим нь тухайн уран бүтээлчийн сэтгэлээ нэг бүрчлэн шингээсэн урлагийн бүтээл, уран зураг гэсэн үг. Урласан мастер нь хэдий чинээ олон жил ажилласан, туршлагатай хүн байна, хөгжим нь төдий чинээ үнэ цэнтэй. Харин үйлдвэрийн хөгжим бол хэвлэмэл зураг гэж хэлнэ. Манай Монголд хөгжмийн зэмсгийн салбар маш сайн хөгжиж буй. Ялангуяа морин хуурын үйлдвэрлэлийн хувьд манай улс тархан суурьшсан монгол угсаатнууд дундаа цойлж л явна. Биднээс үлгэр жишээ авдаг болсон. Сүүлийн үед морин хуур анхаарлын төвд орсон шүү дээ. Энэ нь монгол үндэстний “имиж”. Уртын дуу, бий биелгээ, хөөмий бүгд л морин хууртай холбоотой. Тиймээс морин хуурыг түгээн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг саяхан гарсан шүү дээ. Үүнийг би ажил хэрэгч зарлиг гэж бодож байна. Энэхүү зарлигийн дагуу “Морин хуурын чуулгыг өргөжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлээр морин хуур заахаар тусгасан юм билээ. Мөн урлаачдыг бэлтгэх, хөгжмийн зэмсгийн урлангуудыг бодлогоор дэмжихийг тусгасан. Үүний дагуу салбар дундын хуралдаан Соёлын яаманд болсон юм. Би ч оролцсон. Угтаа бол энэ зөв санаачилга. Гэхдээ анхаарах зүйлс хэд хэд байлаа. Тухайлбал, хөгжмийн хичээлээр морин хуур заавал заахаар эл зэмсгийн эрэлт хэрэгцээ ихэснэ. Харин энэ хэрэгцээг шинээр бэлтгэсэн урлаачид хангана гэсэн. Гэтэл ийм боломжгүй юм. Урлаач бэлтгэнэ гэдэг нь нэг, хоёр жилийн ажил биш. Наанадаж хүн тоглож болохуйц хөгжим хийхэд маш их хугацаа шаардана шүү дээ. Харин бид үүний оронд сургалтын хөтөлбөр батлуулж, урлангууддаа засварчдыг бэлтгэх боломжтой. Засварчид нь яваандаа туршлагажаад урлаач болох боломжтой. Үүнд мөн л хугацаа шаардана. Хөгжмийн үйлдвэр, урлангууд, урлаачдаа дэмжиж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олговол энэ эрэлтийг бид хангах боломжтой гэж үзэж байна. Бидний салбар жижиг боловч экспортын хэмжээ их. Тухайлбал, манай урланд хийсэн бүтээлийн 60-70 хувийг экспортолж, цөөн хэд нь л Монголд зарагддаг. Тиймээс төр засгийн зүгээс урлан, үйлдвэрүүдээ чадавхжуулахад анхаарч, бодлогоор дэмжих хэрэгтэй.
Хэрэв морин хуурын эрэлт нэмэгдвэл БНХАУ-аас хамгийн хямдыг нь зөөж эхэлнэ. Тиймээс үүнд анхаарах нэн шаардлагатай. Захын хүн аль нэг урлангийн морин хуурыг БНХАУ-д авч очоод, энийг задлаад яг дуурайлгаад хий гэж болохгүй шүү дээ.
-Таны урласан хөгжмүүдийг мэргэжлийн урлагийн ихэнх байгууллага хэрэглэдэг юм билээ.
-ДБЭТ, ҮУИТ, Улсын филармони зэрэг мэргэжлийн урлагийн бүх байгууллагад бий.
-Та нэг талаас хөгжим урлаач буюу уран бүтээлч. Нөгөө талаас үйлдвэр байгуулаад явж буй бизнес эрхлэгч шүү дээ.
-Манайх хөгжмийн зэмсгийн урлангаас гадна тайзны тоног төхөөрөмж, угсралт, суурилуулалт хийдэг. Би Италид сурч байхдаа га даад оюутнуудад зориулсан, мужийн диплом олгох хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Гэхдээ дипломоо авч чадаагүй. Учир нь оюутан хүн нааш цааш явах тасалбар авахаас эхлээд санхүүгийн хувьд хүндрэлтэй зүйл их байсан. Театрын тоног төхөөрөмж, эргэдэг тайз зэргийн угсралт суурилуулалтыг манайх давхар хийдэг. Эхлээд зураг төслийг нь гаргаж, дараа нь угсралт суурилуулалт хийдэг. 2004 оноос хойш Монголд барьсан шинэ театруудын тайзны төсөлд бүгдэд нь оролцлоо. Үүнд алдаа оноотой зүйл ч бий ч улам сайжруулах, өөрсдөө ч илүү чадавхтай болоход анхаарч байгаа.
Албан ёсны сургууль төгссөн анхны дипломтой мастер нь би. Үүгээрээ ч бахархдаг. Сургуулиа төгсөөд хөгжмийн зэмсэг урлалд ахиц гаргах гэсэн том амбицтай ирсэн. Тодорхой хэмжээнд чадсан байх гэж боддог. Хөгжим урлаачдын холбоо байгуулж, анхны үзэсгэлэн гаргаж байлаа. Одоо урлаачид хоорондоо эргэх холбоотой ажилладаг. Мөн тайзны тоног төхөөрөмж, угсралт, суурилуулалтын тал дээр хөгжмийн зэмсэг урлалаас ч их зүйл хийсэн гэж боддог.
-Дараагийн зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Нэгдүгээрт, шавь нараа сайн бэлдэхийг хүсэж байна. Мөн одоо Өмнөговь аймагт Морин хуурын олон улсын фестиваль болж буй. Тэнд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан ч бас болж байгаа. Харин гадаадад хийл урлаачдын олон улсын уралдааныг тогтмол зохиодог юм. Манай монголчууд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааныг сайн мэднэ. Тэнд урлаачдын уралдаан ч мөн болдог. Салбар нь жижиг учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь сонгодог урлагийн олимп гэж хэлж болохоор хамгийн том уралдаан. Тиймээс хийлийн төрлийн хөгжим урлаж, гадаадын уралдаануудад оролцох хүсэлтэй. Мөн монгол мастерын чадварыг дэлхийд таниулах зорилготой. Би чаддаггүй юм гэхэд шавь нар минь дэлхийд цойлоосой гэж хүсдэг.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн