Иргэдийн дунд буйлны үрэвсэлт өвчин элбэг болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Буйлны үрэвсэл нь шүдний тулгуур эдийг гэмтээж, цаашид 240 гаруй өвчин, 11 төрлийн хавдар үүсгэх аюултай гэнэ. Тиймээс хүндрэхээс нь өмнө эмчилж, эрсдэлээс сэргийлэх нь чухал юм байна. Энэ төрлийн өвчнөөс хэрхэн сэргийлэх болон хэдийн үрэвссэн бол ямар арга хэмжээ авбал зохих талаар анагаах ухааны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа. Тэрбээр шүдний эмч, амны хөндийн нян судлаач, эрүүл ахуйч, хүүхдийн гажиг заслын мэргэжлийн эмч юм.
-Монголчууд амны хөндийн эрүүл ахуйн талаар сайн мэддэггүй, үүнд анхаардаггүй гэх хүн цөөнгүй байдаг. Мэргэжлийн эмчийн хувьд та хэрхэн дүгнэх вэ?
-Би амьдралынхаа тал шахуу хугацаанд амны хөндийн нянг судалсан. Амны хөндийд өвчлөл үүсгэдэг, шүдийг цоолж, буйл үрэвсүүлдэг нянгуудыг бараг идэхээс наагуур, одоо хүртэл судалсаар л байна. Хэрэв хүн буйлны үрэвсэлтэй, амны хөндийдөө нян тээж яваа бол 240 гаруй өвчин, 11 төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэйг шинжлэх ухаан хэдийн баталчихсан. Өнөөдөр амнаас нь эвгүй үнэр үнэртэж буй хүн 70 насалж чадахгүй гэхэд хилсдэхгүй. Амны хөндийн эрүүл ахуй бол энгийн мэт боловч бидний амьдрах, үгүйг шийддэг. Ялангуяа буйлны үрэвсэл маш аюултай. Гэтэл манайхан эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэлгүйн улмаас үүнийг тоохгүй байна шүү дээ.
-Иргэдийн дунд амны хөндийн ямар өвчлөл элбэг байдаг бол?
-Нэгдүгээрт, буйлны үрэвсэл маш их. Үүний дараа шүд цоорох өвчин, хеликобактери түгээмэл байна. Үүнээс гадна монголчуудын амны өмхий нь хэтэрсэн. Ер нь манайхан амны хөндийн эрүүл мэнддээ төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тиймээс өвдсөн үед нь эмчилгээ хийлгэх гэж шүдний эмнэлэгт очиж байна. Шүд, буйлны өвчин, үрэвсэл нь зөвхөн өвдөж байж илэрдэггүй. Хамгийн энгийнээр амнаас эвгүй үнэр гарч л байвал ямар нэгэн өвчин эмгэг байна гэсэн үг.
-Амны эвгүй үнэр нь голчлон юунаас үүддэг вэ?
-Монголчууд, тэр дундаа залуучуудын амны хөндий яг л жорлон шиг, маш өмхий байна. Түүнийгээ өөрсдөө ойлгодоггүй, мэддэггүй. Хаа сайгүй нус цэрээ хаяж буйг нян судлаач хүний хувьд харахад үнэхээр төвөгтэй. Үйлчилгээний газрууд, банк гээд хаана ч орсон өмхий үнэр ханхлаад, амны хөндий нь ялзарчихсан явж байна шүү дээ. Ингэж хэлэхээс өөр арга алга. Ер нь ам өмхийрч, элдэв үнэр гарч буй бол буйл үрэвссэн гэсэн үг. Амны хөндийд 760 төрлийн нян, төрөл зүйлээр нь хуваахад хэдэн мянган бактери, өвчин үүсгэгч бий. Тухайлбал, сүрьеэгийн бактери, B, C вирус, хеликобактери маш их. Гэтэл хүмүүс энэ бүх нийг гудамжинд хаяж байна.
-Амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарах хамгийн гол зөвлөмж юу бол?
-Юуны өмнө амнаас чинь эвгүй үнэр гарч байна уу, шүдээ угаахад цус гардаг уу, хэл өнгөртэй юү гэдгээ шалгах хэрэгтэй. Эвгүй үнэр гарч байвал хамгийн түрүүнд эмчид үзүүлж, оношлуулах шаардлагатай юм. Тэгээд асуудал байвал яаралтай эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
-Монголчуудын 96 хувь нь буйлны үрэвсэлтэй гэсэн. Та мэргэжлийн хүний үүднээс буйлны үрэвсэл гэж юу болохыг тодорхойлбол?
-96 хувь гэдэг бол бага тоо яавч биш. Олон өвч ний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд байдаг. Тэр ч бүү хэл буйлны үрэвсэл нянгаар халдварладаг. Буйлны үрэвсэл тодорхой хугацаанд үе шаттайгаар явагддаг. Нууц үе дээ мэдэгдэхгүй тээгч болдог аюултай. Статистикаас харахад манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөл өндөр. Эдгээрийг үүсгэдэг нэг том шалтгаан нь буйлны үрэвсэл юм.
-Үрэвссэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Шүдээ угаах үед буйлны хэсэгт сойз хүрэхэд хөндүүрлэж цус гарах, мөн шүлсээ сороод, хаяхад цустай байвал таны буйл хэдийн үрэвссэн гэсэн үг. Түүнчлэн хавагнах, буйлны өнгө улаан, ягаан туяатай болж, амнаас эвгүй үнэр гарах зэргээс мэдэж болно. Ер нь буйлнаас цус гарах нь эхний шинж тэмдэг. Харин тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин буйлыг хатангиршуулж цус гарах шинж тэмдгийг дардаг. Тиймээс хэзээ хойно нь хүндэрсэн үедээ эмчид хандах нь нийтлэг байна. Харин буйл хавагнах, хөөх, томрох, өнгө өөрчлөгдөх, идээт шингэн үүсэх, амнаас эвгүй үнэр гарах гэх мэт шинж тэмдэг нь нэлээд хүндэрсний шинж.
-Буйлны үрэвсэл бол халдварт өвчин гэдгийг мэдэх хүн тун цөөн байх?
-Халдварт өвчин гэхээр манайхан ханиад, томуу гэж ойлгодог. Хамгийн сайн мэддэг халдварт өвчин нь коронавирус шүү дээ. Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери. Шүлсээр халддаг гэсэн үг. Энэ нь цаашлаад холбох эдийг тасалж, шүдийг тулан тогтоож байдаг ясыг хайлуулдаг. Тиймээс шүдний тулгуур эдийн өвчин гэж нэрлэдэг. Түүнчлэн буйлны үрэвсэл шүд цооролтой харьцуулшгүй хор хөнөөлтэй. Буйлны үрэвслийн нянгаар үүс гэгддэг олон өвчний нэг нь хэрэх. Уг өвчний үед том бага үе, холбоос эд уусан хайлж, деформацид орсон үе хуруу, гар мойнийдог. Үүнээс гадна манайхан нялх хүүхдээ хооллохдоо хөргөж байна гээд үлээж эсвэл зажилж өгдөг. Гэтэл энэ нь үлээхэд л халдварладаг өвчин шүү дээ.
-Үүнийг эмчлүүлэхгүй удвал ямар хор хөнөөлтэй юм бол?
-Буйлны үрэвслийн нян амны хөндийд байрлан буйл, шүдийг өвчлүүлдэг. Түүгээр зогсохгүй халдварлагдаж үрэвссэн буйлны хэс гийн тараагуур судсаар бүх эд эрхтэнд хүрдэг. Нянгийн байнгын дайралтад орсоор байвал эрүүл эд эмгэгтэй болно. Олон жил ийм байдалтай явбал хавдрын урьтал шатанд очдог гэсэн үг. Түүнчлэн энэ нь олон өвчний эх үүсвэр болдог. Ер нь олон өвчний эх үүсвэр нь таны амны хөндийд байна гэсэн үг. Хэрэв буйлны үрэвсэлтэй бол таны амны хөндийд хеликобактери байх магадлал 18-20 хувь, чихрийн шижин, элэгний хатуурлаар өвчилсөн байх магадлал өндөр. Зүрхний шигдээс, бөөрний өвчлөлөөр нас барах магадлал 30 хувьтай. Түүнчлэн тархинд цус харвах магадлал 28, нойр булчирхайн хорт хавдар 59, хүүхдийн цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30 хувь гэх мэтээр хоруу чанар ихтэй өвчин юм. Буйлны үрэвсэл нь бусад өвчин үүсгэгч бактерийг эрчимжүүлж, дархлааны эсийг үгүй хийнэ. Ингэснээр судасны ханыг агшааж, хатууруулдаг. Энэ бол хэзээ ч арилахгүй. Түүнчлэн буйлны үрэвсэлтэй, бактери тээж яваа хүн архи, өөхлөлтийн бус гаралтай элэгний хатуурлаар өвчилж, цаашлаад хорт хавдартай болох магадлал 20-30 хувь тай. Энэ нь ирээдүйд 57-70 хувьд хүрнэ гэдгийг дэлхийн амны хөндийн нян судлалын шинжлэх ухаан хэдийн тогтоочихсон.
-Буйлны үрэвслийг эмчлэх боломжтой юу?
-Буйлны үрэвсэлд ганц манайх ч бус, дэлхий нийт сөхөрч байна. Нэгэнт л халдвар авч хүндэрсэн бол үүнийг эмчлэх бараг л боломжгүй юм. Гэхдээ юуны түрүүнд халдах замыг зогсоох нь зүйтэй. Энэ нь амны хөндийгөө сайн арчилна гэсэн үг. Иргэд ихэвчлэн антибиотикоор эмчилж болно гэж боддог. Гэсэн ч антибиотик эмчилгээ бол түр зуурын гал унтраах л арга юм. Яваандаа энэ өвчин нь тухайн эмд тэсвэртэй болчихдог. Тиймээс эмчлэх маш хэцүү. Харин үүний оронд хүн бүр өөрийн гэсэн аяга хэрэглэж, амны хөндийн ариун цэвэртээ анхаарах нь нэн чухал юм. Ер нь буйл ариун бол амны хөндий, цус ариун юм. Харин цус ариун бол бие эрүүл шүү дээ.
-Хүмүүс амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах зорилгоор ам зайлах олон төрлийн бэлдмэл хэрэглэдэг шүү дээ. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юү?
-Ам зайлах уусмалууд бүгд л химийн бодис агуулдаг. Тиймээс маш хямд байдаг. Ийм төрлийн химийн бодисуудыг удаан хугацаанд хэрэглэх нь улаан хоолойн хорт хавдар үүс гэдэг. Амны доторх салст болон хэлний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс химийн гаралтай ам зайлах уусмалуудаас зайлсхийвэл зохистой. Мөн иргэд өөрсдөө ам уусмал хийх гэж оролддог. Мэргэжлийн бус хүн үүнийг хийнэ гэдэг бараг л боломжгүй.
-Сэргийлэх хамгийн энгийн аргууд байна уу?
-Урьдчилан сэргийлэх гол арга нь хувь хүн эрүүл мэндийн мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх юм. Халдварт өвчин учраас аяга, халбагаа дамжуулж хэрэглэхээ болих нь чухал. Мөн манайхан аяга угаахдаа бүгдийг нь холиод нэг усанд угаадаг. Энэ нь амны хөндийн нянгаа хоорондоо солилцож байна гэсэн үг. Харин үүний оронд аяга, халбага, хувингаа ч тусад нь угаах каранттай байх хэрэгтэй. Ядаж л ариут гадаг байх ёстой. Монголчууд эртнээс аяга, халбагаа биедээ авч явдаг байсан. Өнөө цагт хэвшүүлмээр соёл. Ингэснээр ганц буйлны үрэвсэл төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой. Наанадаж үйлчилгээний байгууллагууд аяга, халбагаа тогтмол ариутгавал зохистой. Мөн чихэрлэг хүнсээ багасгах хэрэгтэй. Түүнчлэн хоол, ялангуяа чихэрлэг зүйл идсэний дараа үүнийг саармагжуулж, шүдээ угаах ёстой. Тухайлбал, Япон Улсад эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ чихэрлэг зүйлс бараг л өгдөггүй. Хэрэв өгсөн бол үүнийг нь саармагжуулах ногоон цай араас нь уулгадаг. Ер нь дор бүрнээ амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарахгүй бол манайд буйлны үрэвсэлгүй хүн бараг үлдэхгүй нь бололтой.
-Таныг буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл гаргасан гэж сонссон.
-Буйлны үрэвсэл үүсгэгч олон төрлийн нянгуудаас хоруу чанар хамгийн ихтэй нь P.Gingivalis. Энэ гол нянгийн нэрээр буйлны үрэвслийг Gin givitis гэж нэрлэсэн байдаг. Тэр утгаар нь бэлдмэлээ “Жинжита” гэж нэрлэсэн. Буйлны үрэвслийн толгойлох нянгуудыг судалж, үр дүнг нь шинжлэх ухааны туршилт, судалгаагаар тогтоосны үндсэн дээр гаргасан бэлдмэл юм. Үүнийг би долоон жилийн хугацаанд нэг бүрчлэн судалсан. Уг нь ийм төрлийн бүтээгдэхүүнд судалгаа шаарддаггүй. Учир нь гоо сайхан, эрүүл мэн дийг дэмжих бүтээгдэхүүн. Хүндрэлтэй шүдийг хэрхэн эмчилж, амьдаар нь хадгалж үлдэхэд би амьдралынхаа 33 жилийг зориулсан хүн. Тэгээд л олон жилийн туршлага, судалгаандаа үндэслэн бэлдмэл хийсэн. Монголын хөрсөнд ургасан цэвэр ургамлаас ор чин үеийн шинжлэх ухаанд тулгуурлан гаргаж авсан юм. Монголоос гадна Солонгос, Бельги, Норвег, Австри, Австралид хэрэглэж байгаа. Японд хэд хэдэн эмнэлэгт хэрэглэдэг. Мөн тун удахгүй шүдний сойз гаргахаар бэлдэж байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн