Дуурь бүжгийн эрдмийн театр (ДБЭТ)-ын залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очиртой ярилцлаа. Тэрбээр долоон настайдаа хийл хөгжмөөр хичээллэж эхлэн, 20 гаруй жил сонгодог хөгжмөөр “хүмүүжиж” буй нэгэн юм.
-Та багаасаа л урлагт хайртай хүүхэд байв уу. Сонгодог хөгжимтэй хэрхэн танилцав?
-Би хөгжим сонсох дуртай хүүхэд байсан. Манайд “AВВА”, “Bonney M”-ийн олон хуурцаг байлаа. Тэр нь нийт гурван цаг орчим үргэлжилдэг. Гэтэл хэлд ч ороогүй жаахан хүүхэд атлаа тухтай суугаад л бүрэн сонсдог байв. Тэгэхээр багаасаа л урлагт, тэр дундаа хөгжимд хайртай хүүхэд байсан юм шиг. Харин цэцэрлэгт ороод зураач болохыг хүссэн. Цэцэрлэгийн ахлах ангид ордог жил Хөгжим бүжгийн коллежоос нэг багш манай ангийн хамгийн авьяаслаг хүүхдийг шалгаруулахаар ирсэн. Тухайн үед би шалгарч байсан юм. Тэгээд л шалгасан багш эцэг, эхэд минь “Танай хүүхэд хөгжмийн авьяастай юм байна. Тиймээс Хөгжим бүжгийн коллежид шалгуулаач” гэсэн бичиг үлдээсэн. Ингэж л Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид шалгалт өгч, Д.Жаргал багшийнхаа ангид орсон түүхтэй. Тэгэхээр өөрөө ч мэдэхгүй хувь заяагаа шийдсэн гэсэн үг. Дараа нь СУИС-ийн хөгжмийн найруулагчийн ангид элссэн. Цаашид үүгээрээ ажиллахаар төлөвлөж байтал ДБЭТ-т хийл хөгжимчний орон тоо гарсныг мэдсэн. Тэр үеэс л театртайгаа амьдралаа холбосон. Ингээд л сонгодог хөгжимдөө эргэж буцалтгүй дурласан даа.
-Яагаад хийл хөгжмийг сонгож суралцахаар болсон юм бэ?
-Төгөлдөр хуур, хийл, виолончель зэрэг сонгодог хөгжмийн ангид зургаан настайгаас нь элсүүлдэг. Тухайн үед би хөгжмийн талаар ойлголтгүй, жаахан хүүхэд байлаа. Аав уг нь намайг төгөлдөр хуурын ангид сургах гэж байсан. Гэтэл аавын оюутан цагийн найз, хөгжмийн зохиолч С.Мөнхбат “Ер нь утсан хөгжимчин цөөрч байгаа. Тиймээс хийл нь зүгээр” гэж зөвлөсөн гэсэн. Тэгээд л аав минь намайг хийлийн ангид сургасан юм.
-Гэр бүлд нь урлагийн хүн бий юү?
-Мэргэжлийн уран бүтээлч байхгүй. Харин эмээ минь нутагтаа алдартай уртын дуу дуулдаг хүн байсан гэдэг. Аав минь гитар сайн тоглодог. Амьд хөгжмийн хамтлагтай байсан.
-Та хийлчээс гадна хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан шүү дээ. Гэтэл яагаад удирдаач мэргэжилд дурлаж, суралцахаар болов?
-ДБЭТ-т оркестрын хөгжимчнөөр ажиллаж байх үеэс л тухайн симфони найралд удирдаач ямар чухал үүрэгтэйг ойлгосон. Тэд бол сонгодог хөгжмийг нуруундаа үүрч яваа гол багана нь юм. Удирдаач хүн хөгжимчдөд яаж нөлөөлдөг болон тухайн хөгжмийн зохиолыг хэрхэн амилуулдгийг тэр үед мэдэрсэн гэх юм уу. Тэгж л анх энэ мэргэжилд дурлаж байлаа. Мөн манай театрт гадаадын олон удирдаач ирж, ажилладаг байсан. Тиймээс тэдний онцлог, ялгааг ажиглаж, би ч бас чадах юм шиг багахан итгэл төрсөн. Ер нь бага багаар л энэ мэргэжилд дурласан. Хөгжмийн найруулагчаараа ажиллавал бараг л тайзан дээр гарахгүй. Харин би тайзан дээр гарч, тухайн уран бүтээлд оролцохыг хүссэн. Зөвхөн хөгжимчин бус, бүгдийг цогцоор нь хийхийг хүссэн. Тэр нь удирдаачийн мэргэжил байсан юм. Тэгээд л Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх багшаас “Би танд шавь оръё” гээд гуйчихсан. Хөгжмийн найруулагчаар төгссөний дараа удирдаачаар сурч эхэлсэн гэсэн үг.
-Анх ямар бүтээлд удирдаачаар ажилласан бэ?
-Цохивор хөгжмийн бүтээлээрээ алдартай, Францын хөгжмийн зохиолч Эммануэль Сежурнэгийн маримба хөгжимд зориулсан утсан хөгжмийн оркестрыг Монгол Улсын Консерваторын багш У.Энхбаяр ахтай хамтран анх удирдсан. Тухайн үед удирдаачаар сурч эхлээгүй байсан үе л дээ. Харин яг театрынхаа тайзан дээр удирдсан анхны уран бүтээл маань П.И.Чайковскийн “Ромёо, Жульетта” гэх уран сэтгэмжийн удиртгал байлаа.
-Таны бүтээлүүдээс аль нь сэтгэлд тань илүү үлдэв?
-Дээр дурдсан “Ромёо, Жульетта” болон саяхан тоглосон “Чио чио сан” дуурь сэтгэлд хамгийн тод үлджээ. Дэлхийн дуурийн оргил гэгдэх хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио чио сан” миний удирдсан анхны томоохон дуурь байсан юм. Энэ нь удирдан тоглуулахад маш хэцүү, цаг, зав, авьяас, техник шаардсан бүтээл. Гэсэн ч бид үүнийг амжилттай давсан. Мөн БНСУ-д мэргэжил дээшлүүлж ирээд удирдсан дуурь болох “Травиатта” байна. Анхных учир догдолж, сандарч байснаа тодхон санадаг.
-Таныг хамтлагт тоглодог байсан гэж сонссон.
-Дуурийн театрынхаа үе тэнгийн хөгжимчидтэй нийлж “Opus 7” гэх хамтлаг байгуулсан. Ерөнхийдөө утсан хөгжмийг амьд хөгжимтэй хослуулсан хамтлаг л даа. Бид хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж бас ковер тоглолт хийсэн.
-Удирдаачийн хувьд үлгэр дуурайл авдаг хүн бий юү?
-Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх багшаасаа үлгэр дуурайл авдаг. Удирдаачийн хамгийн анхны тавилаас эхлээд биеэ хэрхэн авч явах талаар ч надад зөвлөдөг. Мөн БНСУ-д удирдаачаар суралцахад багшилж байсан Чон Чи Юун гэх багшийгаа дурдахгүй байхын аргагүй. Солонгос төдийгүй Азид нэр алдартай, чадварлаг, нөмөр нөөлөгтэй хүн л дээ. Харин дэлхийн том удирдаачдаас гэвэл грек гаралтай Херберт фон Караян болон Саймон Рэттл гэх мэт өөр өөрийн онцлогтой удирдаачаас үлгэр дуурайл авдаг.
-Мэргэжлийн бус хүмүүст удирдаачийн мэргэжил ойлгомжгүй харагдах тал бий.
-Энгийнээр хэлбэл, удирдаач хүн ур зүй, биеийн хэлэмж, техникээрээ хөгжимчдийг зангиддаг. Симфони оркестрт удирдаач үндсэн хоёр үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, тухайн хөгжмийн бүтээлийг өөрийн болгож цээжилнэ. Үүний дараа өөрийн болгосон бүтээлээ ур чадвар, манлайллынхаа хүрээнд бусад хөгжимчин, дуучиндаа ойлгуулдаг. Ерөнхийдөө удирдаачийн ур зүй, техникээр дамжуулан хөгжмийн бүтээлийг амилуулдаг хүн гэсэн үг. Тэгэхээр удирдаачид манлайлах чадвар болон хариуцлага маш чухал.
Энгийн үзэгчдэд зөвлөхөд хэрвээ удирдаачийг ойлгохгүй байвал түүний биеийн хэлэмжийг харах хэрэгтэй. Биеийн хэлэмжийнх нь араас хөгжмийн хэлэмж нь яг түүн шиг л дуугардаг.
-Удирдаач хүн симфони найрлын хөгжим бүрийг ялгаж сонсох шаардлагатай болдог байх?
-Заавал бүгдийг нь ялгаж сонсох ёстой биш л дээ. Жишээлбэл, надаас илүү сонсголтой хөгжимчид манай найрал хөгжимд бий шүү дээ. Мэдээж би хаана, хэн, юуг, яаж тоглож буйг мэдэх хэрэгтэй. Ажлын туршлага болон сонсголоос шалтгаалаад энэ нь сайжирдаг. Хамгийн гол нь тухайн хөгжмийн уран бүтээлийн аль хэсэгт ямар байхыг хөгжимчдөдөө ойлгуулах нь чухал. Энэ олон хөгжимчнийг удирдаач л нэгтгэж, зангидах шаардлагатай. Тухайн хөгжмийн уран бүтээлийг хэлбэр гэж бодвол түүнийг илүү өнгөлж, үзэгчдэд хүргэхэд бүтээлийн судалгаа болон удирдаачийн өнгө аяс чухал үүрэгтэй.
-Удирдаач хүн ямар чадвар эзэмшсэн байх шаардлагатай вэ?
-Үндсэн хоёр чадвар бий. Нэгдүгээрт, удирдаачийн техник, хөгжмийн онолын мэдэгдэхүүн буюу сургуульд заадаг ерөнхий эрдмийн мэдлэг юм. Эдгээрийг багцалбал удирдаачийн ур зүй гэсэн үг. Дараагийнх нь сургуульд төдийлөн заадаггүй, өөрийн туршлагаараа бий болгодог манлайлал юм. Хөгжимчидтэйгөө хэрхэн харилцахаас эхлээд аль үед нь ямар сэтгэлийн хөдөлгөөн гаргах вэ гэдэг нь хүртэл маш чухал. Тэгж байж л хөгжимчдөө нэгтгэнэ шүү дээ.
-Урлагийн хүн бусдын өмнө заавал гоё сайхан байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт бий. Таны хувьд уран бүтээлч байхын тулд өөртөө тавьдаг шаардлага гэж бий юү?
-Миний хувьд хэний төлөө, юуны тулд, яах гэж үүнийг хийж буй зорилгоо тодорхойлох нь хамгийн чухал. Харин биеэ авч явах бол дараагийн асуудал гэж хэлнэ. Зорилго нь тодорхой байж гэмээнэ хийх үйлдлүүд нь тодорно шүү дээ.
-Оркестр ойролцоогоор 50 хүнтэй гэж бодоход удирдаач энэ бүх хөгжмийн ноотыг мэддэг байх шаардлагатай шүү дээ. Харин тоглолтын үед ном шиг зузаан ноотыг маш хурдан эргүүлж буй харагддаг. Ер нь нэг тоглолтын ноотыг ингэж өөрийн болгоход хэр хугацаа шаардаж, хэрхэн бэлддэг юмбол?
-Удирдаачийн ноот буюу партитур гэж бий. Дэлгээд харвал бүх хөгжимчнийх нь юу тоглож буй нь бичээстэй, нэгдсэн ноот байдаг. Мэдээж бүгдийг нь нэг бүрчлэн харах боломжгүй. Тэгэхээр эртнээс нооттойгоо ажиллаж, цээжилнэ. Хаана, ямар хөгжимчид, юу тоглож байна. Би тухайн үед ямар биеийн хэлэмж гаргах ёстойгоос эхлээд нюанс буюу чанга, сул нь ямар байх вэ гэдгийг судалж мэдэх ёстой. Тэгэхээр цээжилчихсэн учраас партитураа ном уншиж буй мэт харахгүй. Харин өөрийн болгох хугацаа нь тухайн хөгжмийн бүтээлээсээ шалтгаална. Томоохон симфони, дуурь бол зургаан сараас дээш хугацаа шаарддаг. Харин хөнгөн дуунд 20-30 минут зарцуулах тохиолдол ч бий. Заримдаа шууд оркестртойгоо тоглоод өгүүлэмж нь ийм байна гэнэ. Удирдаач болгоны өнгө аяс гэж бий. Нэг дуурийг хоёр удирдаач тоглоход өөр өнгө аяс сонсогдоно.
-Симфони найрал хөгжим бол олон хүний хүч хөдөлмөр, хамтын бүтээл шүү дээ. Таны хувьд хөгжимчдөө нэгтгэж, удирдахад ямар арга барил ашигладаг вэ?
-Арга барил гэхээс илүүтэй зөв шаардлага тавих гэж хичээдэг. Жишээлбэл, удирдаач хүн хөгжимчид, дуучидтайгаа ажиллахдаа тэр хэсгийг чанга, эсвэл сул тогло гэж хэлнэ. Тэгэхээр цаана нь яагаад, ямар зорилготой вэ гэх асуулт урган гарах юм. Үүнд хариулт нь бэлэн байх ёстой. Энэ нь мөн л дээр дурдсан хөгжмийн зохиолоо нягт судлахтай холбоотой. Миний арга барил бол зорилготой шийдлүүдийг олж, хамт ажиллаж буй хүмүүстээ түүнийгээ товчоор тайлбарлах юм. Заримдаа шууд л тэгж тогло гэх үе ч бий. Хааяа жишээ авч, сэтгэл зүйд нь ойлгуулах тохиолдол ч байна. Миний хувьд эдгээрийг хослуулах гэж хичээдэг. Мэдээж хамгийн чухал нь шаардлага зөв тавих юм.
-Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн цалин хангамж, ажиллах орчин нөхцөл тааруу гэсэн шүүмжлэл байнга гардаг шүү дээ. Тийм зүйлийг даван туулаад одоо хүртэл мэргэжилдээ үнэнч үлдсэний нууц нь юу бол?
-Анх удирдаач хүн бусдыг манлайлдаг юм байна, мөн нэр төртэйгөөс гадна “күүл” харагддаг, гоё мэргэжил гэж өнгөц л дүгнэсэн. Би хөгжимчин хүн. Тиймээс удирдаач хүн ямар байх ёстойг мэддэг. Сонгодог урлагийн хөгжим сайжрах, эсэх нь удирдаачтай нягт холбоотой. Үүнийг өөрчлөх хүч удирдаачид бий. Тэднээс шалтгаалдаг гэсэн үг. Миний зорилго бол Монголд сонгодог хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлж, нийтэд ойлгуулах юм. Мэдээж үүний зэрэгцээ уран бүтээлчдээ илүү ая тухтай, аз жаргалтайгаар хөгжмөө тоглож, дууриа дуулж, бүжгээ бүжиглэх нөхцөлөөр нь хангах чин хүсэлтэй. Цаг завгүй, хэцүү мэргэжил боловч үүнээс хүртэж буй мэдрэмж нь үнэхээр гайхалтай, тиймээс л театртаа ажиллаж буй байх.
-Таны мэргэжлийн нийгэмд үзүүлэх ач тус нь юу вэ?
-Сонгодог урлагт дургүй хүн гэж байхгүй, харин мэдэхгүй хүн бий гэх үг байдаг. Тэгэхээр үүнийг иргэдэд ойлгуулах нь чухал. Сонгодог хөгжим нь “хана мөргөчихсөн” буюу оргилдоо хүрсэн урлаг. Тэгэхээр Чайковскийг яагаад 200, Моцартыг яагаад 500 гаруй жил тоглов гэдэг нь цаанаа утга учиртай. Сонгодог урлаг бол хүн төрөлхтний гоо зүй, дотоод мөн чанар юм. Түүнчлэн бидний сэтгэл хөдлөл, оюун ухааныг үнэнээр өгүүлсэн толь гэж хэлнэ. Тэгэхээр үүнийг илүү ойлгож, сонссоноор нийгэмд тусгалаа олж, сууриараа дээшилдэг гэж хэлж болно. Мөн хөгжимтэй ойр байсан хүн эрүүл мэндээс эхлээд сэтгэл зүйн хувьд энэрэнгүй, хүний оронд өөрийгөө тавих чадварт суралцдаг.
-Хэрэв та урлагийн мэргэжил сонгоогүй бол одоо ямар ажил эрхэлж байх байсан бол?
-Хэрэв удирдаач биш байсан бол кино найруулагч болох хүсэлтэй байлаа. Гэхдээ энэ нь ч бас урлагийн мэргэжил учраас барилгын инженер, архитектор болох байсан юм болов уу. Ер нь яаж ийж байгаад л урлагтай ойр хүн болох байсан даа.
-Мэргэжлийнхээ давуу болон сул талыг тодорхойлооч гэвэл та юу гэж хариулах вэ?
-Давуу тал нь үнэхээр сайн эзэмшиж чадвал олон хүний амьдралыг аз жаргалтай болгох чадвартай мэргэжил. Харин сул тал нь эмч нар насаараа сурдаг шиг, оргилд нь хүрэх бараг л боломжгүй. Нөгөөтээгүүр, маш ганцаардмал мэргэжил гэж хэлнэ.
-Чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг бол?
-Би найзуудтайгаа хамт дуу бичлэгийн студи ажиллуулж байгаа. Чөлөөт цагаараа найзуудтайгаа дууны үг бичих их дуртай.
-Нууц биш бол таны дараагийн төлөвлөгөө юу байна вэ?
-ДБЭТ маань өнгөрсөн долоо хоногт 61 дэх улирлын тоглолтоо хаалаа. Бид түүхийн хувьд 60 жилийн босгыг давсан шүү дээ. Мөн манай театрын ажлын эрчим бага зэрэг алдагдсаныг өөрчиллөө. Олон жил тоглоогүй дуурь, балетаа ч үзэгчдийн хүртээл болголоо. Маш олон дуурьд өөрийгөө сорьж, амжилттай ард нь гарч чадсан нь миний хувьд томоохон сорилт байв. Харин цаашид чанартаа илүү анхаарахыг зорьж байна. Тухайлбал, уран бүтээлчдийн төдийгүй бүтээлийнхээ чанарт түлхүү анхаарна. Бас нэгэн том зорилт нь Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгэхээр ойн арга хэмжээнд манлайлан оролцож, улсын хэмжээнд өргөнөөр тэмдэглэхийг зорьж байгаа. Мөн ирэх улиралд өөрийнхөө оролцоогүй дуурь, ялангуяа балетад удирдаачаар ажиллахыг хүсэж байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн