ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр баяр наадмын хөгжил, төлөвшлийг шинжилсэн анхны судлаач юм.
-Монгол наадмын түүхийг цогц шинжилсэн анхны судлаач нь та. Яагаад энэ сэдвийг голлон судлахаар болов?
-Өөрийн хүсэл тэмүүлэл, сонирхлын дагуу судалгааныхаа сэдвийг сонгосон. Түүхийн багш нар 1921 оны хувьсгалыг “Энэ бол хувьсгал биш. Түүхийг гуйвуулж, оросуудын бидэнд тулгасан нэр томьёо. Ардын хувьсгал гэж ойлгодог ч үнэндээ ядуусынх байсан. 1990 оноос хойших судалгаагаар үндэстнээрээ дэмжсэн үндэсний ардчилсан хувьсгал болохыг тодруулсан байна. Хүрээгээр нь үндэсний, шинж чанараар ардчилсан гэж 1990 оноос хойших түүхийн сурвалж бичигт дурдаж, их, сургуулийн оюутнуудад ч энэ нэршлээр нь таниулж буй. Гэтэл бодит байдалд ардын хувьсгал гэж хүмүүс ярьсаар л байна. Хэзээнээс түүхийг гуйвуулж наадмыг ингэж нэрлэсэн юм бол гэсэн сэдлээс судалгаагаа эхэлсэн.
Хагас жилийн хугацаанд 1920-1930-аад оны үеийн сонин хэвлэлийг судалж, тухайн үеийн наадмын ерөнхий дүр зургийг гаргасан. “Бидний бодож байснаас огт өөрөөр наадам хөгжиж иржээ. Үүнийг тодруулах хэрэгтэй юм байна” гэж үзсэнээс судалгааны ажлаа үргэлжлүүлсэн юм.
Судалгаагаа эхэлж байхад хүмүүс “Ийм юмыг судалж яадаг юм бэ” гэж байлаа. “Наадмаар морио уралдуулж, хуушуураа хайрч иддэг. Үүнд судлах юм байхгүй” гэж хадам ээж минь дургүйцэж байв. Хүний ээж л болсон хойно охиныхоо амьдралд санаа зовж байна шүү дээ. Харин 10-аад жил судалж, үр дүнгээ тайлагнахад манай салбарынхан “Үүнийг судлаад ийм үр дүнд хүрч болох юм байна. Бидний анзаараагүй зүйл олон байжээ” гээд их гайхацгаасан.
-Баяр наадмын үүсэл, хөгжлийн түүх сонирхолтой байсан болов уу?
-Монгол наадмын түүхийг дөрвөн үед хуваана. Тухайлбал, нэн эртнээс Хүннү төрт улс үүсэх хүртэлх хугацааг язгуур баяр наадмын үе гэнэ. Хүннү эзэнт гүрэн байгуулагдсанаас 1700 он хүртэлх нь төрийн баяр наадмын үе буюу наадмыг төр өөрийн ашиг сонирхолдоо ашиглаж байсан хугацаа. Монголчууд төрийн бие даасан байдлаа алдаад Манжийн эрхшээлд орчихсон байсан 1700-1911 он. Дөрөв дэх нь бидний бүтээж байгаа Үндэсний их баяр наадмын түүх буюу 1911 оноос хойших гэж хөгжлийн үе шатаар нь хуваан үзэж болно.
Түүхийг судлахад тодорхойгүй нөхцөл байдалтай тулгардаг. Гэсэн ч шинжлэх ухаан үнэнийг эрж олох, хариулт өгөхөөс цааргалах ёсгүй. Мал аж ахуй Монголд ойролцоогоор 4000 жилийн өмнө үүссэн. Морин спорт, уяачдын холбооныхон 10 мянган жилийн өмнө адууг Монголд нутагшуулсан гэж худал ярьдаг. Дэлхийн хэмжээнд аваад үзвэл адууг ойролцоогоор 5000 жилийн өмнө гаршуулсан. Адууг гаршуулснаар нүүдлийн мал аж ахуй бий болсон. Морио унаад нэг цэгээс нүүдэллэх боломжтой болсон цагаас наадам хэлбэржин тогтсон гэж үздэг.
Хүн төрөлхтний хоёрхон язгуур баяр бий. Цаг хугацааны буюу шинэ жилийн баяр. Дараагийнх нь үр шим, ургацын баяр бөгөөд үүнд монгол наадам ч багтана. Монголчууд баяр наадмаа хэзээ хийдэг вэ гэдгийг бодоход зуны дунд сарын сүүлч, сүүлийн сарын эхээр буюу долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 10 хүртэл нааддаг байж. Ургамал ногоо сайхан ургаад жигдэрчихсэн, үүнийгээ дагаад малын тарга тэвээргэ тогтсон, идээ ундаа элбэг үе. Малчдын ажлын ачаалал харьцангуй бага. Ган гачиг болж, мал нь хорогдож, сүү сааль нь ховордсон цагт наадам хийдэггүй байжээ. Жишээлбэл, 2000 он хүртэл говь нутагт гантай жил наадам хийдэггүй байлаа.
-Нүүдэлчдийн аж ахуйд суурилан үүссэн гэлээ шүү дээ. Тэгэхээр суурин амьдралд шилжиж буй нь баяр наадмын зохион байгуулалтад ч нөлөөлж байгаа болов уу?
-ХХ зууны дунд үеэс илт нөлөөлж эхэлсэн шүү дээ. Монголчууд наадмаа хийхдээ суурин газар буюу хот хүрээнд биш, байгалийн сайхан, усны тунгалгийг сонгож нааддаг байлаа. 1958 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, сумын төвд наадмын талбай барилаа. Суурин амьдралтай холбоотой өөрчлөлт гарч байгаа ч үүнийг буруутгах аргагүй. Монгол үндэстний соёлынх нь онцлог бэлчээрийн мал аж ахуй юм. Тиймээс баяр наадмын үнэт зүйл, мөн чанарыг авч үлдэх ёстой.
Мөн жендерийн асуудлыг ч энд хөндөх хэрэгтэй. 100-гаад жилийн өмнө эмэгтэй уралдаанч хүүхэд, харваач, уяачийн тухай ярьдаггүй байлаа шүү дээ. Монголчууд тэнгэр дуугарснаас хойш шагай харвадаггүй гэсэн ёс бий. Хавар болохоор их ажилтай, шагайгаар тоглоод байх боломжгүйгээс цээрлэдэг байж. Харин одоо суурин соёл иргэншилтэй холбоотой энэ байдал нь өөрчлөгдөж буй. Гэтэл эмэгтэй шагай харваачдыг томоохон тэмцээнд оролцуулдаггүй нь өнөө ч хэвээрээ. Улсынхаа наадамд эмэгтэйчүүд яагаад шагай харваж болохгүй юм бэ гэдгийг бодох ёстой.
-Баяр наадмын үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох бол?
-Монгол баяр наадам нь хүн төрөлхтний өмнө ямар үүрэгтэй вэ гэсэн зүйл бий. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд эрийн гурван наадмаа бүртгүүлснээр хүн төрөлхтний өмнө хүлээж буй үүрэг нь өв соёлоо уламжлуулан хадгалж үлдээх юм. Нэгдүгээрт, Монгол баяр наадам нь манай улсын тусгаар тогтнолын баталгаа. Нөгөөтээгүүр, монголчуудыг ижилсүүлж, нэгтгэгч хүчин зүйл нь үндэсний баяр наадам юм.
Үндэсний их баяр наадам гэж нэрлэж байгаа тул оролцогчдод гарааны тэгш нөхцөлийг олгох ёстой. Өөрөөр хэлбэл, хэн ч барилдаж, морио уралдуулж, цэц мэргэнээ сорьж болдог суурь боломжийг олгох хэрэгтэй. Гэтэл хөрөнгө мөнгөтэй зарим хүн л энэ суурь эрхийг эдлээд байна. Бусдын эрхийг зарим хүн булаан авснаас болоод зарим иргэн наадмаас хөндийрч байна. Бүгд адилхан наадамдаа оролцож, цэнгэх боломжийг нь тэдэнд өгөх ёстой. Жуулчид “Танай наадам ямар гоё юм бэ. Бид оролцъё” гэж хэлж байсан шүү дээ. Тэдэнд ч оролцох боломж олгох ёстой.
-Дэлхийд ганцхан монгол наадам хэмээн омогшдог. Тэгвэл баяр наадмыг онцгойруулаад байгаа зүйл нь юу вэ?
-Бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваж нааддагаараа дэлхийд ганц биш. Үүнийг Өвөр монгол, Тува, Халимаг, Буриадад ч хийж байгаа. Тусгаар тогтнолын болон төрт ёсны баяраа уламжлалт цэнгэлтэйгээ нэгтгэн тэмдэглэдгээрээ л дэлхийд ганц юм. Гадаадын жуулчид “Танай наадам чинь яасан их цэрэгжсэн наадам бэ” гэдэг. Жишээлбэл, XIII зууны дайчид, XXI зууныхан буу зэвсгээ бариад л давхидаг шүү дээ. Төрт ёсны баяр юм чинь энэ мэдээж байх л зүйл. Монгол баяр наадам олон улсад онцгойрч буй нь бэлчээрийн нүүдлийн аж ахуйтай холбоотой.
Морин спорт, уяачдын холбооныхон 10 мянган жилийн өмнө адууг Монголд нутагшуулсан гэж худал ярьдаг. Дэлхийн хэмжээнд аваад үзвэл адууг ойролцоогоор 5000 жилийн өмнө гаршуулсан.
-Уралдаанч хүүхдүүд сүүлийн жилүүдэд ховордож буйг уяачид хэлж байна. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэх нь ч бий.
-Хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал л даа. Би ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, түүхч хүн. Үндэстнийг сөнөөе гэвэл түүх соёлыг нь үнэгүйдүүлдэг. Бид хүний эрхийг дээдлэх учиртай ч энэ дүйвээнээр өөрийн онцлогоо устгаж, баллаж болохгүй. Бидэнд өв соёлоо устгасан гашуун түүх олон байгаагийн нэг нь баяр наадам болчих вий гэж боддог юм.
Хүүхдүүд хурдан морь унаснаараа эрх нь зөрчигдөж байна уу гэдэг нь хоёр талтай. Нэг талаараа эрх нь зөрчигдөхгүй байгаа. Олон улсын болон Монголын хуульд заасан үндэсний өв соёлоо өвлөн уламжлах, тээж явах эрхээ хүүхдүүд эдэлж буй. Гэтэл энэ хүслийг нь далимдуулж улс төрийн, явцуу сонирхлоор алдар нэр хүртэхийн тулд ашиглахыг зогсоох ёстой.
Зуны дундаас адаг сар хүртэлх хугацаанд наадмаа хийдэг. Үүнээс бусад хугацаанд хурдан морь уралдуулдаггүй. Хаврын улиралд Цагаан сараар уралдуулах гэсэн соёлын ойлголт байгаагүй, байх ч боломжгүй. Наадмаас бусад хугацаанд элдэв уралдаанд хүүхдийг оролцуулж буй нь л эрхийг нь зөрчсөн үйлдэл.
-Бөхчүүд нь допинг хэрэглэж, ёс зүйгүй үйлдэл гаргадаг нь наадамчин олны сэтгэлийг гонсойлгох болжээ. Зарим нь бөхийн барилдаан спорт биш, цэнгүүлэн баясгах төдий гэж ярих нь ч цөөнгүй.
-Спортыг олон улсын болон үндэсний гэж хувааж үздэг. Олон улсынх нь тэгш эрхийн зарчимд үндэслэдэг. Үндэснийх нь тухай орны байгаль цаг уур, аж ахуй, хүн ардын үнэт зүйл, соёлын үнэлэмжид үндэслэн дүрэм, журмаа боловсруулдаг. Эрийн гурван наадам нь хүндэтгэл буюу алдар нэрд үндэслэсэн. Аварга цолтой бөх цолгүйгээ амлах нь зүй ёсны гэж үзэж байгаа нь үндэсний спортын онцлог. Соёл бол хүний бүтээсэн бүх зүйл бөгөөд спорт ч үүний нэг хэсэг нь.
-Наадмын нээлтэд орчин үеийн хип хоп урсгал давамгайлж байна. Наадмын нээлтийн найруулгын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Монголчууд соёлынхоо хамгийн сайн сайхныг л наадмын нээлтээр харуулж байгаа. Дуулж буй дууных нь агуулга наадмын мөн чанартай нийцэх ёстой. “Би монгол хүн”, “Монголоо хайрлая, хамгаалъя” гэж үндэстнийхээ үнэт чанарыг агуулсан байх хэрэгтэй. Хараалын үгс хэлэх ёсгүй. Хип хоп нь соёлын нэг хэсэг ч агуулгыг нь анхаарах хэрэгтэй санагддаг.
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа наадмыг хоёр өдөрт багтааж хийх нь язгуур чанаруудыг эвдэж буйг дурдсан байсан.
-Тийм ээ. Ингэж хэлэхээр “Юу яриад байгаа юм бэ. Хоёр өдөрт гоё л байна шүү дээ” гэх биз. Хүн амьдралынхаа туршлагаараа л юмсыг хардаг юм байна. Аливаа зүйлийн хэмжээ хязгаар хүний нас шиг 60-70 жилээр хэмжигдэхгүй.
Хэлбэрийн хувьд наадмыг бүрдүүлж буй үндсэн гурван наадгай бий. 1954 оны сүүлчээр Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж наадмыг хоёр өдөр тэмдэглэхээр тогтжээ. Долоодугаар сарын 11-нд улсын баяр, үүнээс цааш 7-8 өдөр улсын наадмаа хийдэг байж. Хоёр өдөрт наадмаа хийхийн тулд 1955 онд 256 бөхийг сугалаагаар барилдуулсан. Тэр наадмаар барилдсан Оргодол гэдэг цэрэг түрүүлсэн шүү дээ. Сугалаагаар барилдуулах нь монгол бөхийн үндсэн мөн чанарт нөлөөлж байсан тул үүнийгээ больсон. Гэсэн ч бусад арга хэлбэрээр хоёр өдөрт наадмыг багтаах гэж оролдсон. Жишээлбэл, барьц бариулах, шодох, идэвх үнэлэх зэрэг арга байна. Эдгээр нь монгол бөхийн үндсэн чанарт халдаж байгаа үйлдэл юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн