Гэдсээр гэнэт өвдөөд мухар олгойгоо авхуулчихлаа гэж ярих хүн цөөнгүй. Тэгвэл мухар олгой гэж чухам ямар үүрэгтэй эрхтэн болох, мэс заслаар авах нь зөв, эсэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс засалч эмч Б.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Мухар олгой гэхээр хүмүүст танил сонсогддог ч төдийлөн сайн мэддэггүй юм байна. Үүнийг ургадаг гэж ойлгодог хүн ч байна. Тиймээс мухар олгой хүний биеийн хаана байрладаг, ямар үүрэгтэй эрхтэн бэ гэдгийг эхлээд тодруулахгүй юу?
-Мухар олгой нь хүний хэвлийн баруун доод хэсэгт, бүдүүн гэдэсний эхлэл, мухар гэдэсний үзүүрт унжиж байрладаг, хуруу хэлбэрийн уутанцар эрхтэн. Дунджаар диаметр нь 0.5-0.8 см. Урт нь 5-8 см хэртэй. Хэвийн үедээ хүний биед дархлааны үүрэг гүйцэтгэдэг. Хоол боловсруулах замаар дамжсан нян, бактерыг устгах үүрэгтэй.
-Мухар олгойн үрэвсэл гэж юу вэ. Үрэвссэн үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Мухар олгойн цочмог болон архаг үрэвсэл гэж бий. Цочмогоор үрэвссэн үед хэвлий орчимд хүчтэй өвддөг. Энэ шинж тэмдэг нь гэнэт эхлэх бөгөөд хугацаа өнгөрөх тусам өвдөх нь улам даамжирдаг. Яаралтай эмчилгээ шаардлагатай. Ихэвчлэн цочмог үрэвслийг бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд архаг үрэвсэл үүсдэг гэж үздэг. Шинж тэмдгүүд нь харьцангуй хөнгөн бөгөөд намжих нь бий. Гэхдээ долоо хоног, сар, жилийн дараа дахин илэрч болно. Мухар олгой үрэвссэн шинж тэмдгийн 80 орчим хувь нь аюулхай орчимд өвдөж эхэлдэг. Аажмаар баруун доошоогоо шилжиж өвддөг. Зарим тохиолдолд шууд хэвлийн баруун доор өвдөх ч бий. Дотор муухай оргих, бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй, өвчний эхэн үед илэрнэ. Өвдсөн цаг хугацаанаас хамаарч шинж тэмдэг нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, аюулхай орчимд гэнэт өвдөх болон дээрх шинж тэмдгүүд илэрвэл мухар олгой байж болзошгүй гэж үзнэ.
-Эмчилгээний ямар аргууд байдаг вэ. Заавал мэс засал хийх шаардлагатай юу?
-Мухар олгойг мэс заслаар авах нь стандарт эмчилгээ гэж үздэг. Гэхдээ хоёрдогчоор үрэвссэн тохиолдолд мэс заслаар бус, эмээр эмчлэх боломж бий. Тоног төхөөрөмж, ЭХО аппарат сайтай, туршлагатай эмчтэй тохиолдолд мухар олгойн үрэвслийг хянаж болно гэсэн үг. Үрэвссэн мухар олгойг зарим тохиолдолд эдгээж болдог. Бүтэц нь өөрчлөгдөөгүй, диаметр нь нэг см-ээс дээш тэлээгүй, хөндийд нь бөглөрөл үүсээгүй үед эмнэлгийн нөхцөлд хянаж, антибиотекоор эмчилж болдог. Гэхдээ эдгэдэг өвчин гээд эмчид үзүүлэхгүй, дур мэдэн антибиотек ууж, гэрээр эмчлэх гэвэл хүндрүүлэх эрсдэлтэй. Ер нь гол эмчилгээ мэс засал гэж ойлгох нь зөв. Үүнийг мэргэжлийн эмчид үзүүлж байж шийдвэрлэнэ.
-Мухар олгой дотроо хагарчихвал аюултай, аминд эрсдэлтэй гэх юм.
-Мухар олгой эхний 8-12 цагийн дотор улаймал, 12-24 цагийн дотор идээт, 24-ээс дээш цагаар өвдвөл үхжилт үрэвсэл гэж үздэг. Үхжилт үрэвслийн үед мухар олгой хагардаг. Идээ нь хэвлийн хөндийд тарснаар идээт үрэвсэл үүсгэх аюултай. Үрэвслийн нян хоруу чанар өндөртэй. Энэ нь хэвлийн хөндийд тархах юм бол аминд халтай. Мухар олгой дотроо хагарсан тохиолдолд мэс заслаар тухайн хүний амийг нь аварсан ч цаашид гарах эрсдэл өндөр. Тухайлбал, гэдэс наалдах, түгжрэл үүссэнээс дахин хагалгаанд орж ч болзошгүй.
-Энэ төрлийн хагалгааг хийлгээгүй хүн цөөн гэж ярьдаг. Мухар олгой авах мэс заслыг нийслэл, орон нутгийн бүх эмнэлэгт хийж байна уу?
-Тийм ээ, улсын хэмжээнд хоёр, гуравдугаар шатлалын болон хувийн эмнэлгүүдэд эл мэс заслыг хийж байна. Нийт хүн амын долоон хувь нь мухар олгой авхуулах мэс засалд ордог гэж үздэг. Мэс заслыг төлөвлөгөөт болон яаралтай гэж ангилдаг. Мухар олгойн хагалгаа нь яаралтай мэс заслын ангилалд ордог юм. Манай эмнэлгийн тухайд яаралтай мэс заслын 15-20 орчим хувийг энэ төрлийн хагалгаа эзэлж байна.
-Үрэвсэл үүсгэх шалтгаан, нөхцөл нь юу юм бол?
-Мухар олгой үрэвсэх олон шалтгаан бий. Өтгөн хатсаны улмаас баасан чулуу үүсэж бөглөрөх тохиолдол элбэг. Мөн дутуу боловсорсон хоол хүнс буюу үр, яс гэх мэт зүйлээр бөглөрөх нь бий. Түүнчлэн дархлаа унасан үед үрэвсэж болно.
-Хоол боловсруулах замын эмгэг, үрэвслээс шалтгаалж мухар олгой өвддөг гэх ойлголт бий. Гэтэл бага насны хүүхдүүд мухар олгойн мэс засалд орох нь түгээмэл ажиглагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүйс, нас хамаарахгүй өвчилдөг. Голдуу 10-30 насныхан өвчилж байна.
-Нээлттэй болон дурангийн аргаар мэс засал хийж байгаа. Үүний ялгаа, давуу талыг тодруулахгүй юу?
-Өвчтөний биеийн байдлаас шалтгаалж нээлттэй, эсвэл дурангийн аргаар мэс засал хийхээ шийддэг. Улсын гуравдугаар шатлалын бүх эмнэлэгт дурангаар хагалгаа хийж байна. Аль болох дурангийн аргаар мэс засал хийхийг хичээдэг. Энэ нь хүндээ хүндрэл бага, эдгэрэх явц түргэн. Дурангаар мэс засал хийх шалгуур үзүүлэлт гэж бий. Мухар олгой хагарах, өмнө нь мэс засалд орсны улмаас наалдац үүссэн тохиолдолд нээлттэй мэс засал хийхээс өөр аргагүй.
-Гадаадын зарим оронд мухар олгойг мэс заслаар авахаа больсон. Дурангийн аргаар үрэвссэн олгойг цэвэрлэж, эм цацаж эдгээдэг талаар нэр бүхий эмч ярьсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Яг ийм технологи дэлхийд байхгүй. Улаймал, дотроо бөглөөгүй, хоёрдогч үрэвслийн үед заавал мэс заслын аргаар авах шаардлагагүй. ЭХО-д харж, диаметрийн хэмжээ, бүтцийн алдагдал үүссэн, эсэхийг эмчийн хяналтад антибиотек эмчилгээ хийж буйг л хэлсэн байх.
-Мухар олгой авхуулсны дараа бүдүүн, шулуун гэдэсний хавдраар өвчлөх магадал өндөр гэж мэргэжлийн хүмүүс нь ярих боллоо.
-Дэлхий дахинд маш олон төрлийн судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүнг ямар сэтгүүлд хэвлүүлсэн, эсэхээс үндэслэлтэй байж болох юм. Гэхдээ мухар олгой авхуулсан хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал өндөр гэж гаргасан судалгааны үр дүн байхгүй. Харин мухар олгой нь үрэвсэж, бүтцийн алдагдал буюу хагарвал илүү аюултай. Өөрөөр хэлбэл, үрэвслийн үйл явцыг хянаж чадахгүй бол оношилсон тохиолдолд шууд мэс засал хийх нь зөв юм.
-Урьдчилан сэргийлэх арга бий юү?
-Сэргийлэх арга байхгүй. Судалгаа шинжилгээний үр дүн ч гараагүй. Харин үрэвссэн тохиолдолд эрт эмнэлэгт хандаж, оношлуулж, эмчлүүлэх нь л чухал.
-Олгой өвдсөнийг эмч нар мэдэхгүй, оношилж чадахгүй байх тохиолдол гардаг. ЭХО-гоор илрүүлэх боломжтой юу?
-Мухар олгой олон байрлалд байдаг учир оношлоход төвөгтэй. Эмч бодит үзлэг буюу тэмтэрч үзэж, асуумжаар илрүүлж болно. Хэрэв мухар олгой араар болон аарцагт, элгэн доор гэх мэт байрлалтай тохиолдолд илрүүлэхэд эргэлзээтэй. Эмчийн ур чадвараас үл хамааран эргэлзээ үүсгэдэг гэсэн үг. Ийм үед ЭХО, компьютер томографын шинжилгээ ашиглана. ЭХО-гоор бүрэн оношлох боломжтой. Нэмээд эмчийн ур чадвар, туршлагаас хамаарна.
-Мухар олгой авхуулахыг тэр бүр тоодоггүй байсан. Гэтэл сүүлийн үед хүний биеийн дархлаанд чухал үүрэгтэй гэж ярих боллоо. Мухар олгойгоо авхуулсан хүмүүс санаа зовж буй байх.
-Мухар олгой нь хоол боловсруулах замаар дамжсан халдварыг өөрөөсөө шүүрэл ялгаруулж устгадаг дархлааны эрхтэн. Гэхдээ нэгэнт үрэвсэж, хагарсан тохиолдолд авахаас өөр аргагүй. Хүний бие, мах бодийн онцлог өөр учир өвчний явц ч янз бүр. Мухар олгойн мэс заслыг хялбар гэж ойлгож болохгүй. Буглаа үүсэх, гэдэс цоорох эрсдэлтэй. Үүнээс болж гэдсээ тайруулсан хүн цөөнгүй. Тухайн үедээ мэс засал хийгээд эдгэсэн ч үрэвсэл ихтэй байвал наалдац үүсэх эрсдэлтэй.
-Наалдац үүсэхээс сэргийлэх арга юу байна?
-Мэс заслын дараа алхах, хөдөлгөөний идэвхтэй байх нь наалдац үүсэхээс сэргийлдэг гэж ярьдаг ч шинжлэх ухаанд бас л нотлогдоогүй. Харин наалдац үүсэхээс сэргийлдэг бодисууд байдаг. Үүнийг хагалгааны дараа хэрэглэж байна. Гэхдээ энэ нь өртөг өндөр. Мэс засалд орсон хүн бүрд наалдац үүсдэг гэж ойлгож болохгүй.