Хар, шар өнгөний хослол, чанга хэмнэл, шинэ соёлын найрал хөгжим бол Gate-Concept Bar. Энэхүү газрын үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч П.Мөнх-сайханыг “Сагсны MC” гэдгээр нь, алкохолны соёл сурталчилдгаар нь, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлдгээр нь гээд уншигч та яаж ч мэддэг байж магадгүй юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Нэлээн хэдэн сарын өмнө та урт хугацаагаар барууны орнуудад аялсан. Ямар зорилгоор явсан бэ? Үүнээс яриагаа эхэлье.
-Би өөрийн бодит туршлага, судалсан мэдлэгтээ тулгуурлаж, олон нийтэд мэдээлэл хүргэдэг болохоос биш, нарийн ширийн учрыг нь мэддэггүй байж. Үүний эцсийн зорилго нь хүнд уух, идэх соёлын талаар мэдлэг олгох. Дарсны эх усан үзмийн талбай, коньяк, шар айргийн эх оронд нь очоод, үйлдвэрлэдэг хүмүүстэй нь уулзаж, уух юмны соёл, үүх түүх, хэрэглээнийх нь талаар мэдэх завшаан олдсон юм. Харин одоо үүнийгээ “IDU” хэмээх сувгаар контент болгоод олон нийтийн сүлжээнд тавьж байгаа. Цаад шалтгаан нь хандалт авах биш. Цаашид уух, идэх зүйлийн өндөр соёлтой Монгол, Америк, Мексик, Япон, Солонгосоор аялах төлөвлөгөөтэй.
-“Gate” сүлжээ ресторан гурван жилийн дотор гурван салбартай боллоо. Франчайз болгох зорилго бий юү?
-Дараагийн салбараа нээх хугацаа өнгөрөөд удлаа. Жилд хоёр салбар нээх төлөвлөгөө бол бий. Боломж нь бүрдвэл гадаад улсад ч нээнэ. Гэхдээ хэт олон салбартай болгох сонирхолгүй.
-Та уул уурхайн инженер мэргэжилтэй. Гэтэл таны ажиллаж буй салбар чөлөөт цаг, зугаа цэнгэлтэй холбогддог. Тэс өөр хоёр орчин шүү дээ.
-Би туйлын ядуу амьдралтай байсан учраас л уул уурхайн мэргэжил сонгон суралцсан. Хайлаастад ээж, эмээ хоёртойгоо ядуугийн ядуу нөхцөлд амьдарсан. Ээж маань оёдолчин, эмээ минь тэтгэвэрт байлаа. 2010 оны үед уул уурхайн мэргэжил хамгийн эрэлттэй бөгөөд өндөр цалинтай байсан учраас сонгосон нь тэр. Түүнээс биш дурласан зүйлгүй. Оюутан байхдаа бид танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж, уурхайд ажиллаж, туршлага судлах журамтай. Тоос, шороо ихтэй, гэр бүлээсээ хол байна гэхээр үнэндээ төсөөлшгүй хэцүү санагдсан. Тухайн үед гэр бүл зохиочихсон, нялх хүүхэдтэй. Ганц бие байсан бол тэр чигтээ ажиллачихсан байж ч магад. Хадмындаа амьдардаг, мөнгөгүй учир санхүүгийн хувьд тун хэцүү. Дээрээс нь дургүй ажлаа хийчих гээд.
Оюутан байхдаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байв. 50 хувь спортын хүн, 50 хувь инженер болоод төгссөн гэхэд болно. Сургалтын төлбөрөө олохын тулд янз бүрийн л ажил хийсэн. Том биетэй учраас хамгаалагч, зочид буудалд харуул, барилгын туслах ажилтан гээд л. Ингэж явсаар зөөгч хийж эхэлсэн нь үйлчилгээний салбарт дурлах шалтгаан болсон. Их сургуулиа төгсөхдөө хэдийн рестораны зохион байгуулагчаар ажиллаж байлаа. Дипломоо авсны дараа өөрийгөө дайчлаад үзвэл уул уурхайн цалинг энэ салбараас ч олох боломжтой юм байна гэж харсан. Тэр цагаас хойш үйлчилгээний салбарт өөрийн гэсэн орон зай үүсгэж, тодорхой хэмжээний байр суурьтай болсон гэх юм уу даа.
-Юу нь дурлуулсан гэж?
-Үйлчилгээний салбар бол соёл. Хүн ажиглалтаар их зүйл сурдаг. Намайг 20 гаруйхан настай байхад монгол даяараа хавтгай архиддаг байсан шүү дээ. Хүн төрөлхтний түүхтэй он удаан явсан зүйлийг юу ч үгүйсгэж чадахгүй. Хамгийн чухал нь кино үзэж, хөгжим сонсдог шигээ таашаах л ёстой. Хүнтэй ярилцаад суухад алкохол ямар их хань болдог билээ дээ. Харин хэтрүүлэн хэрэглэх бол 55 дахь асуудал.
Алкохолоос гадна хоолны соёл маш чухал. Намайг зөөгчөөр ажилладаг байхад Монголын томоохон бизнес уулзалт, арга хэмжээ тэнд зохиогддог байсан. Зурагтаар л хардаг олны танил хүмүүс биеэ хэрхэн авч явааг хараад үнэхээр жигшсэн. Ямар ч мэдлэг, боловсролгүй, ядруу. Зүгээр л цагаан архи уудаг, зөв хооллож чаддаггүй.
-Ахуйн хүрээний архидалт бол хуучраагүй асуудал. Цар тахлаас хойш бүр ч гаарсан. Архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх талаарх мэдээлэл нийгэмд хэрэгтэй хэвээрээ. Энэ нь хэрэглээний асуудал уу, эсвэл соёлынх уу?
-Соёлын бөгөөд нийгмийн асуудал. Архидалт үүсэх шалтгаан бол мэдлэггүй байдал. Архины сурталчилгааг хориод, тамхи, порног жигшээд юу ч өөрчлөгдөхгүй. Төрийн бодлогын хэмжээнд бүр ч боломжгүй. Архидалт цаашид ч байна. Манай нийгэм аз жаргалгүй байгаа учраас таашааж хэрэглэх соёл дутмаг.
-Архидан согтуурах болон хүртэж хэрэглэхийн хооронд ямар зааг байна вэ. Орчин үеийн залуучууд алкохолны хэрэглээний шинэ соёлд суралцаж байгаа тал анзаарагддаг.
-Анзааралтгүй, тоо нь хангалттай харуулж байна. Өндөр градустай архины борлуулалт тогтмол буурч байгаа. Архидан согтуурах сонирхолтой хүмүүсийн нас нь ч тэр архи уухаа дийлэхгүй хэмжээнд очсон. Харин шар айраг, дарсны борлуулалт нэмэгдэж байгаа нь үе солигдож буйгийн хамгийн том жишээ. Дэлхий даяараа “Ready to drink” хэмээх агуулга руу орсон. Бидний үе мэдлэгтэй. Биднээс доош үеийнхэнд архиар шахуулах талаар ойлголт байхгүй. Үгүй бол үгүй гэчихдэг. Зан чанар нь ч тийм.
-Архины эргэн тойрон дахь зан үйл өөрчлөгдөж байна л гэсэн үг.
-Тийм.
-Хийж дадсан ажлаасаа гацсан мэдрэмж авах, нэгэн хэвийн болох нь танд тохиолдов уу?
-Нэг их гоё хувцастай, үсээ гельдсэн, томчуудтай үйл ажиллагаа, хүлээн авалт зохион байгуулдаг амьдралын хэмнэлтэй есөн жил гаруй ажилласан л даа. Нэг л мэдэхэд гэр бүлдээ маш бага цаг зарцуулдаг болчихсон, хайрцаглагдсан мэдрэмж төрж эхэлсэн. Хүн 30 нас гараад ирхээрээ ер нь их зүйл боддог юм байна. Хоёр хүүхэдтэй, ипотекийн зээлтэй байранд, амьдрал нэг их дээшилсэн зүйлгүй байгааг анзаарсан. Уг нь энэ ажилдаа маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан байдаг. Тэгээд л олон зүйл бодолгүй шууд л ажлаасаа гарсан.
Ажлаасаа гараад өөрийгөө олох гэж хэсэг бодлоо. Дунд нь зөндөө л унаж, бүдэрсэн. Олон ажлын санал намайг хүлээж байсан ч үйлчилгээний салбарт үнэхээр хайртай хэвээрээ байгаагаа мэдэрсэн. 10 жил хийчихсэн ажлаа хаяна ч гэж юу байх вэ. Надад үйлчилгээний салбарын арвин их туршлага байгаа нь үнэн. Тэгвэл хувийн бизнес хийгээд үзье гээд зориглосон ч бэлэн санаа байгаагүй. Таван шард цайны газар, паб нээгээд ч явах сонголт надад байсан. Гэхдээ хийж буй зүйлээсээ үнэт зүйл, ялгарал үүсгэхийг зорьсон миний хувьд жижигхэн мөнгө харсан ажил болчих юм шиг санагдсан. 10 жил ресторанд ажиллахдаа би өөрийгөө “Алаад байна” гэж бодсон боловч миний ард менежментийн баг байсан буюу олны хүчээр явж иржээ.
Тэгвэл би жижигхэн ресторанаа Монголын топ компани болгож үзүүлье гэж шийдээд, бүх ажлаа өөрөө хийж байгаа юм. Цар тахлын үед гэртээ байхдаа маркетинг, брендингийн талаар судлаад, үүнд сонирхолтойгоо олж мэдсэн. Үйлчилгээний ажлыг би 10 жил хийсэн учраас хүүхдийн тоглоом мэт санагдаж байгаа юм. Харин би ресторан биш, хайр шингэсэн, брэнд үүсгэх ёстойгоо ойлгосон. Хоёр чихэр байлаа гэхэд аль нь илүү брэнд агуулж буйг л хүмүүс авч байгаа. KFC, Starbucks шиг.
Жижиг компанийг эзэн нь удирдана. Дунд компанийг менежментийн баг удирдана. Том компанийг соёл нь аваад явчихдаг.
-Хувийн бизнес эхлүүлэхээр зорьж байгаа олон хүн бий. Гэвч бизнесээ зөвхөн мөнгө олох боломж гэж харснаараа бурууддаг болов уу. Түүнээс гадна сэтгэл хөдлөлөөрөө хандаж, судалгаагүй ажилласнаараа алдаж байх шиг.
-Тийм. Ресторан нээх талаар зөвлөгөө авъя гэж зөндөө хүн ханддаг. Гэвч 10 хүний хоёр нь л ажилдаа хайр шингээх сэтгэлтэй байдаг. Үлдсэн хэсэг нь мөнгө гэж хараад байна. Аль ч бизнест хүсэл эрмэлзэл байх л юм бол судалгаа чамлалттай байсан ч амжилттай явах нь бий.
Монголчууд архиддаг, баасан гараг бүр шоуддаг юм байна гэж сэтгээд, бар, рестораны бизнес рүү орчихдог. Эсвэл Хонгконг, Японд явж байхдаа гоё газраар орчхоод хуулбарлая гэдэг. Гэхдээ хэзээ ч тийм байдаггүй. Рестораны бизнесүүд эхний хоёр жилдээ 80 хувь нь үүдээ барьдаг. Амар биш шүү дээ. Ямар ч бизнест ажил хэрэгч хандвал амжилт олно.
-Сэтгэл ханамж гэж юу вэ?
-Сэтгэл ханамж бол шударга байдал. Хэдэн сарын өмнө би пабд 15 000 төгрөгөөр “0.33”-тай бүлээхэн пиво авч байгаа юм. Ийм шар айргийг би ойрхон дэлгүүрээс авбал өртөг нь 3300 болно. Түүнээс ямар ч ялгаагүй. Энэ чинь хэтэрхий шударга бус. Өмнө нь рестораныг зорьдог нэгдүгээр шалтгаан нь хоол байсан. Пивоны шилэнд липтон цай найруулж өгсөн ч хамаагүй. Нарийн зүйлсийг чухалчилж авч үздэггүй байж. Харин орчин үед нэгт орчин ордог болсон. Агааржуулалт, байршил, ариун цэвэр гээд өмнө нь байгаагүй шинэ шаардлагууд бий болсон. Товчхондоо үе солигдож, мэдээлэл авах боломж хүрээгээ тэлсэн энэ үед хэрэглэгчийн зан төлөв тэс өөр болсныг ойлгож, цаг үеэ мэдэрч ажиллах нь чухал.
Ямар ч мэдлэггүй хүн эм, эмнэлэг, барилгын салбар руу орно гэж байхгүй. Сонгоход хамгийн амархан нь хоол. Оюутны гудамжинд хоолны газар нээсэн бол тэдэнд зориулсан үйлчилгээтэй байх ёстой. Гэтэл яагаад тансаг зэрэглэлийн ресторан нээчхээд залуучууд руу чиглэсэн маркетинг хийдэг юм бэ.
-Та байгаа газраа ямар өөрчлөлт, орон зай үүсгэхийг хүсдэг вэ?
-Одоо хийж буй бизнесээрээ дамжуулан нийгэмд нөлөөлөхийг хүсэж байна. Манайд ажилд орж буй залуусын дундаж нас нь 23. Нэг сар ажиллаад гарсан ч үнэ цэнтэй бай гэж хэлдэг. Би 23 насандаа маш их алдаа, буруу зүйл хийсэн. Ажилтнуудаа таатай ажиллах бүх нөхцөлөөр нь хангана. Гэхдээ энэ нь толгойг нь илнэ гэсэн үг биш.
-Өссөн гэр бүлийнхээ тухай яриа өрнүүлээч.
-Би эмээ, ээж хоёртойгоо л өссөн. Эмэгтэй хүмүүстэй өссөн учраас зөөлөн сэтгэлтэй, нялуун, гэр бүлсэг. Эмээгээ асарч байгаад, нас өндөр болсон хойно нь гар дээрээ алдсан. Нэг хэсэг ээж бид хоёр их зутруу амьдарсан. Би 22 нас хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байв. 20 настайдаа эхнэр маань жирэмсэн гэдгийг мэдээд гэрээсээ хол амьдрахдаа ээждээ маш их санаа зовдог байсан. Мөнгөө цуглуулж байгаад ээждээ байр авч өгсөн маань нуруунаас их том ачаа авсан даа. Хүйтэн байшинд сэрж, өлсөхөөс эхлээд гэр хороолол намайг бэрхшээлийг туулах дархлаатай болгосон болов уу.
-Хүмүүс амьдралынхаа ядруу, зутруу үеэ нуух хандлагатай байдаг. Шууд хэлэхэд үнэн түүхээ өөрөө үгүйсгэх гэдэг.
-Өөрсдөдөө зориулж биш, бусдад харагдахын төлөө амьдардаг болохоор тэр. Би 30 нас хүртлээ “комиссын бараа”-гаар хувцасласан хүн. Дэлхий хувцасныхаа хогийг дийлэхгүй болсон учраас нэмж бүү хог нэмэрлэ. Энэ санаагаа ч цахим хуудсаараа дамжуулан залуустаа уриалдаг. Хуучин хувцас өмсчихсөнийг маань хүмүүс хараад миний өмнөөс ичдэгийг нь огт ойлгодоггүй.
-Хүн амьдралынхаа аль үед амс хийх боломж бүрддэг юм бол? Ялангуяа эрэгтэй хүн амьдралынхаа ямар мөчид аз жаргалтай байдаг юм бэ?
-Хэдэн сарын өмнө зар ухаж байхад миний мөрөөдлийн байр гараад ирсэн. Материалаа бүрдүүлээд долоо хоногийн дотор авсан. Өөрийн мөрөөдөж байснаараа дотор заслаа хийгээд л. Тэр үйл явц миний хувьд хамгийн жаргалтай үе. Хүн дуртай ажлаа стрессгүй хийгээд явна гэдэг маш гоё. Өөртөө зориулж хөгжмийн булан гаргаад, тохижуулж байхдаа би амарч байсан.
Байр нэг их чухал биш, энэ мөнгөө өсгө гэдэг. Гэхдээ миний хувьд гэр бүл маань тав тухтай орчинд амьдрах нь хамгийн чухал. Би энэ байрандаа насан туршдаа амьдрах байх. “35 настай болчхоод ядуу байвал чи хүртэх ёстойгоо хүртэж байна” гэх Жек Магийн үг бий. Хатуу үг л дээ. Энэ жил би яг 35 нас хүрч байгаа. 20- 30 насандаа хүн их юм үзнэ. 30-40 бол карьераа хөөж, үнэт зүйлээ бүтээх нас. 40-өөс хойш бол залуучууддаа зааж өгөх ёстой. Одоогийн амьдрал маань надад маш амттай байна.
-Хөгжимд ач холбогдол өгөх нь таны багын мөрөөдөл юм уу, эсвэл сонирхол уу?
-Маш олон зүйл хөгжим, спорттой холбогддог. Багадаа шороон царайлаад гудамжинд гүйж байсан хүүхэд. Миний хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол эд нар. Буруу, зөрүү зүйл хийх өчнөөн боломж амьдралд маань байсан. Би хүүхдүүдийнхээ хажууд элдвийн чанаргүй хөгжим хэзээ ч сонсдоггүй.
-Одоогоос таван жилийн өмнө та “Олсон бүх мөнгөөрөө дурсамж худалдаж авна” гэж байсан даа. Дурсамжаа худалдаж авсаар явна уу?
-Би дурсамжаа пянз шиг цуглуулах дуртай. Гэрийнхээ хананд би маш олон зураг өлгөдөг, сольдог. Бид унтахынхаа өмнө хүүхдүүдтэйгээ тойрч суугаад “За, Вьетнам явсан зургаа нэг үзчих үү” гэдэг. Дурсамжаа сөхөж яриад л. Энэ бүхэн л тэр чигтээ аз жаргал.
Бэлтгэсэн Д.Хүслэн