Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Э.Бат-Өлзийтэй ярилцлаа.
-Монголчуудын дунд бүдүүн, шулуун гэдэсний ургацаг түгээмэл болсон гэж сонслоо. Үүний шалтгаан нь юу вэ?
-Сүүлийн үед харьцангуй ихсэж байна. Үүнд хоол тэжээл, хүрээлэн буй орчин, экологийн гэх олон шалтгаан бий. Иргэд “Юунаас, яагаад үүссэн юм бэ” гэж асуугаад байдаг.
Эмчилгээ нь үндсэн нэг л зарчимтай. Дурангийн аргаар ургацгийг тайрч авна гэсэн үг. Бүдүүн гэдэсний дотор талын салст давхаргаас ургацаг үүсдэг. Ингэхдээ жижигхэн үү, мэнгэ шиг л харагдана. Тэрхүү ургацаг нь зовуурьгүй ч эмчлүүлэхгүй удах тусам хэмжээ нь томордог. Хоёр см-ээс томорвол хавдар болно гэж үздэг. Нэг см-ээс дээш бол хавдрын урьталд шилжсэн гэж ойлгож болно. Ургах үйл явц нь 10-15 жил үргэлжилдэг. Гэвч хөндийт эрхтний дотор ургадаг учраас гаднаас нь мэдэх боломжгүй. Шинж тэмдэг илэртэл олон жил болдог. Бүдүүн, шулуун гэдэсний хавдраас сэргийлье гэвэл ургацгийг эрт илрүүлж, дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ шинжилгээнд 40-өөс дээш насныхан заавал хамрагдах ёстой. Үүгээр эрүүл гэдэг нь тодорхойлогдвол ойрын таван жилд дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Ийм хугацаанд илрэхгүй бол тухайн хүн бүдүүн, шулуун гэдэсний хавдар болох өмөнгөөр өвчлөх магадлал тун бага. Илэрсэн тохиолдолд дурангийн аргаар ургацгийг нь тайрч авна. Үүнийхээ дараа эдийн шинжилгээ хийлгэнэ. Эдийн шинжилгээгээр хавдрын бус, үрэвслийн гаралтай ургацаг болох нь тогтоогдвол асуудалгүй. Хоолойт, хоолойт-мөхлөгт, гэр бүлийн, залуусын ургацаг гээд өмөнд шилжих магадлалтай ургацгууд байвал эхний гурван жилдээ эмчийн хяналтад байх хэрэгтэй. Дахин ургасан, эсэх болон тайрсны дараа ургалт нь зогссон уу гэдгийг дурангийн шинжилгээгээр хянана.
-Ургацаг ийм олон төрөлтэй юм байна. Авхуулсны дараа байнга хянуулах уу?
-Олон төрөлд ангилдаг. Тэдгээрийг мэргэжлийн эмч нар л ойлгоно. Ерөнхийлөн авч үзвэл өмөн буюу хортой хавдар үүсгэдэг болон өмөнгийн бус буюу хортой хавдар үүсгэдэггүй гэж ангилдаг. Хортой хавдрын анагаах ухааны нэршил нь өмөн юм. Өмөн үүсгэдгийг нь удамшлын гаралтай, залуусын, хоолойт, хоолойт-мөхлөгт, мөхлөгт ургацаг зэргээр ангилна. Эдгээрийг дурангийн болон эдийн шинжилгээгээр илрүүлнэ. Өмөн үүсгэдэггүй нь үрэвслийн гаралтай буюу хэт ургалттай ургацгууд байдаг, үүнийг 3-5 жил тутам хянуулж болно. Харин өмөнгийн урьтал байвал ойрхон хянуулах шаардлагатай. Өмөн үүсгэх хандлагатай бол 3-6 сар тутамд эмчийн хяналтад байх хэрэгтэй. Ургацгийн хэмжээ томорсон байвал дурангийн аргаар тайруулна.
-Бүдүүн, шулуун гэдэсний ургацгууд ялгаатай юу?
-Бага зэргийн ялгаа бий. Шулуун гэдэснийх цөөн тоогоор ургадаг, байрлалын хувьд доогуур тул зовуурь бага. Шамбарамтай төстэй шинж тэмдэг илэрдэг учраас андуурч, мэдэхгүй удах тал бий. Харин бүдүүн гэдэсний ургацгийн тоо олон. Эсийн ялгарлын хувьд үрэвсэл нь хортой хавдар болох магадлал өндөр. Гэхдээ бүдүүн гэдэсний ургацагтай л бол хавдраар өвчилнө гэдэг нь буруу ойлголт.
-Үүнийг тайрч авахаас өөр эмчилгээ бий юү?
-Зөвхөн дурангийн мэс заслаар тайрч авна. Уудаг, шингээдэг, арилгадаг эм гээд зарим хүн ярьдаг. Тэдгээр нь огт нөлөөлөхгүй. Эмийн эмчилгээ байхгүй. Үрэвслийн гаралтай ургацаг байвал үүний эсрэг эмчилгээ хийнэ. Харин ургацаг гүн нэвчилттэй, хэмжээ нь том бол салстын доогуур тайрч авдаг.
-Бүдүүн, шулуун гэдэсний өмөн хүндрэх үед өвчтөнд ямар зовуурь, шинж тэмдэг илэрдэг вэ?
-Өвчтөнд мэдрэгдэх зүйл бага. Ургацгийг дурангаар авах ажиллавар өвчтөнд бол хөнгөн. Мэс ажиллавар хийлгэсний маргааш л эмнэлгээс гарна. Өвчнөө эрт оношлуулж, эмчлүүлэх нь амьдралын чанарыг сайжруулж, мөнгө, цаг хугацааг хэмнэдэг.
-Бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлөх үү?
-Үүнийг шинжлэх ухаанаар нотлоогүй. Харин өмөнгийн урьтал болж, эмчлэхгүй удаан явбал бүдүүн, шулуун гэдэсний хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй гэж өмнө нь дурдсан шүү дээ. Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын 80 орчим хувь нь ургацагт суурилж үүсдэг. Хэрвээ ургацаг илэрвэл эрт авхуулж хавдраас сэргийлэх хэрэгтэй. Эрт оношлуулснаар эмчилгээ илүү үр дүнтэй болно. 20-30-аад жилийн өмнө манай улсад дурангийн эмчилгээ цөөн хийдэг байлаа шүү дээ. Харин одоо ихэнх эмнэлэг дурантай болсон, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар ч сайжирсан.
-Энэхүү мэс ажиллаврыг манай улсад хэр түгээмэл хийдэг бол. Шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нь хангалттай бий юү?
-Анагаах ухаан, техник, технологи маш өндөр түвшинд хөгжөөд байна. 20-30 жилийн өмнөхтэй харьцуулахад эмч, мэргэжилтнүүдэд гадаадын улс оронд суралцах боломж нээлттэй. Мөн тоног төхөөрөмж, дурангийн шинжилгээний мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн. “Сонгдо”, “Интермед” зэрэг хувийн хэвшлийн эмнэлэгт ч ургацгийн оношилгоо, мэс ажиллавар хийж байгаа. Харин манай эмнэлэгт хийж байгаагаас цөөн байж магадгүй.
Манай улсад тоон судалгаа гаргахад их хэцүү л дээ. Шинжлэх ухааны томоохон анагаах ухааны хүрээлэн, статистик гаргах мэргэжлийн хүн ч үгүй. Эмнэлэг бүрд бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл л бий. Хүн урт наслах тусам л ургацаг үүсэх эрсдэл ихэснэ, хавдар тусах эрсдэл нэмэгдэнэ гэдэг нь ч шинжлэх ухаанаар батлагдчихсан. Дэлхий нийтэд хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт 40-45 насныхан бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдэг шүү дээ.
-Бүдүүн, шулуун гэдэсний ургацгийг илрүүлэх шинжилгээнд иргэд хэр идэвхтэй хамрагддаг бол?
-Бага хамрагддаг. Хөндийт эрхтнийг дурангаар шинжлэхийн тулд бохир орчныг цэвэрлэх туулга хэрэглэдэг. Үүнд хүмүүс жаахан дурамжхан байдаг. Дурангийн шинжилгээгээр эрхтнийг дотроос нь харна. Энэ үед гэдэс дүүрэх болон базлах гэх мэт зовуурь илэрдэг. Өөрийгөө олон эрсдэлээс хамгаалахын тулд хэдхэн минут зарцуулаад шинжилгээ өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, дурангийн шинжилгээний дараах эдийн шинжилгээнийхээ хариуны талаар эмчтэйгээ ярилцах ёстой. Ургацгийн ямар төрөл байсныг нь тодруулах хэрэгтэй. Хэрэв өмөнших магадлалтай байвал эмчийн хяналтад орно. Гэтэл иргэд дурандуулаад л энэ бүх зүйл дууссан мэт алга болчихдог.
-Танай эмнэлэгт жилд хэдэн хүн ийм төрлийн мэс засал хийлгэдэг бол?
-Өнгөрсөн онд 500 гаруй хүн бүдүүн, шулуун гэдэсний ургацагтай гэж оношлогдсон. Тэдний 80 гаруй хувь нь дурангийн мэс заслаар ургацгаа авхуулсан байна. Мөн шулуун гэдэсний зарим ургацаг хошногоны нэлээд доор байрлах нь ч бий. Ийм тохиолдолд ургацгийг дурангийн мэс заслын аргаар авахад хүндрэлтэй байдаг.
“Монголд хавдар дийлдэхээ больчихлоо, элэг, ходоодны хавдраар дэлхийд тэргүүлж байна” гээд л байдаг. Ихсээд байгаа нь үнэн. Бүдүүн, шулуун гэдэснийх нь манай улсад нийтлэг тохиолдож байгаа хавдруудаас 4-5 дугаарт ордог. Үүнийг Европын орнууд, Өмнөд Солонгос, БНХАУ-ынхтай харьцуулахад тийм ч өндөр тоо биш. Манай улсын статистик өмнө нь хэлсэнчлэн бодитой биш. Эрүүл мэндийн төвөөр оношлуулсан нь 500-600 л байгаа. Дандаа хожуу үе шатандаа оношлогддог. Эмчилгээний үр дүн тааруухан, хүндрэл ихтэй. Гэхдээ бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тохиолдол цаашдаа ихсэх нь тодорхой байна.
-Улсын нэгдүгээр төв эмнэлгээр эмчлүүлэгчдийн дунд ямар өвчин зонхилон тохиолддог вэ?
-Эмчлүүлэгчдийн дунд бүдүүн гэдэсний хавдар буюу үрэвсэлт өвчин зонхилж байна. Үүнд бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн болон цүлхэнт өвчний хүндрэл, Кроны өвчин зэрэг нь хүндрээд мэс ажиллаварт ордог. Шамбарам, хошного, шулуун гэдэсний цорго гээд бүдүүн, шулуун гэдэсний 40 гаруй өвчний мэс заслын эмчилгээг манайд хийж байна.
-Дээр дурдсан өвчнүүдээс шамбарам нэлээд түгээмэл нь болов уу. Үүнийгээ хүмүүс гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог. Цахим хуудсанд ч зөвлөгөө, мэдээлэл их байна.
-Дотор, гадна шамбарам гэж бий. Дотор шамбарам дөрвөн зэрэгтэй. I, II зэргийн үед мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулна уу гэхээс биш, хувь хүн өөрөө ч мэдэхгүй шүү дээ. III, IV зэргийн үед зайлшгүй мэс заслаар эмчилнэ. Хошногоны амсрыг барьдаг хуниас булчин гэж бий. Энгийнээр тайлбарлавал, хий ч гаргахгүй барьж байдаг хүчтэй булчин. Гэтэл шамбармын мэс ажиллавар тэр булчингийн мэдрэлийг цочроож, өвтгөдөг. Тэрхүү өвдөлтөөс айгаад эмийн эмчилгээ, элдэв арга хайдаг хүн цөөнгүй. Хүмүүс дур мэдэн өөрийгөө эмчлэх гээд байдаг. Үүнээс гадна янз бүрийн бэлдмэлийн сурталчилгаа их бий. Уг нь мэргэжлийн эмчид хандаад, стандарт эмчилгээ хийлгэж байж эдгэрнэ шүү дээ. Үзмэрч, бариач, домч гэдэг чинь хүн төрөлхтний амьдралынхаа явцад өөрийгөө аргацааж ирсэн ахуйн боловсрол болохоос шинжлэх ухааны эмчилгээ биш. Мэс заслын эмчилгээний олон арга бий. Хүмүүс эмчлэх сайн эмч, аргыг л хайгаад байдаг нь өрөөсгөл ойлголт. Тухайн хүнийг аль аргаар нь анагаахыг эмч л шийднэ.
Хошногоноос цус гарч байвал ямар нэгэн эмгэгтэй гэсэн үг. Зөвхөн шамбармын шинж энэ биш, хошногоны амсар, шулуун гэдсэнд хавдар үүссэн байх ч магадлалтай. Шамбарам гэж явсаар байгаад л хүндрүүлдэг тохиолдол олон бий. Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслийн үед ходоод, гэдэсний доод замаас цус алдаад аминд нь аюултай болж байгааг ч мэдэхгүй, тос, лаа хэрэглээд байж болохгүй. Мэргэжлийн эмчид заавал хандах ёстой.