Урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд богино хугацаанд жингээ хасах зорилгоор тураах олон төрлийн дэглэм барьж, бүтээгдэхүүн ашиглаж байна. Энэ нь хүний биед хэрхэн нөлөөлдөг болон ямар үр дагавартай, түүнчлэн зуны цагт хэрхэн хооллох нь зохистой талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор М.Мөнхзаяатай ярилцлаа.
-Эрүүл хооллолт гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Эрүүл хооллолт гэдэг нь түр хугацаанд хэрэгжүүлээд орхих бус, насан туршдаа баримтлах дадал юм. Манай улсын насанд хүрсэн хүн амын 48, 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жинтэй, тарган гэсэн судалгаа бий. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болчхоод байна. Тухайн хүний нас, хүйс, ажил мэргэжил, амьдарч буй орчинд тохирох илчлэг, шим тэжээлийг хангасан, эрүүл мэндэд шаардлагатай бодисыг зохистой харьцаагаар агуулсан хоол хүнсийг өдрийн турш зөв хуваарилж, тэнцвэртэй хэрэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний аль нэг төрлийг хоолноосоо хасаж болохгүй. Бас хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй. Мөн хоолноос авсан илчлэгээ илч болгон зарцуулах ёстой л доо. Үүний тулд хоол хүнсэндээ олон нэр, төрлийн бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Мөн хооллолтоо тэнцвэртэй байлгах нь нэн чухал. Жишээлбэл, хоногт гурваас олон нэрийн хүнсний ногоо, хоёроос цөөнгүй төрлийн жимс идэх дадлыг эзэмших нь зүйтэй. Түүнчлэн эслэгээр баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа идэж, сүү, цагаан идээг зохистой хэмжээнд хэрэглэж, чихэр агуулсан ундаанаас татгалзан, ус уух нь чухал. Үүнээс гадна идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ зохистой байлгаж, хянаж сурах шаардлагатай.
-Монголчуудын уламжлалт хооллолтын хэв маяг сүүлийн үед өөрчлөгдсөн шүү дээ. Үүнд нийтлэг ажиглагдаж буй алдаа, дутагдал нь юу бол?
-Монголчууд эртнээс хоол хүнсээ улиралдаа тохируулан сонгож, хэрэглэдэг байсан. Өвлийн улиралд уураг түлхүү хэрэглэж, зун сүү, сүүн бүтээгдэхүүнээр голдуу хооллож, ходоод гэдэсний замаа хэт ачааллаас чөлөөлж, амраадаг байв. Мөн зуны цагт хоногийн хэрэгцээт илчлэгээ нарнаас авч байж. Харин өнөө үед бидний хооллолтод хэд хэдэн нийтлэг алдаа ажиглагдах болсон. Тухайлбал, иргэд физиологийн хэрэглээндээ тохирсон илчлэгээ хоол хүнснээс авч чадахаа больсон. Тиймээс хүүхдэд багаас нь хоол хүнсээ хэрхэн зөв хэрэглэвэл шим тэжээл болохыг ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл, Япон, Тайвань зэрэг оронд хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө л юуг яаж хэрэглэх, ямар дэглэм баримталбал эрүүл байхад суралцсан байдаг. Харин манайд ийм сургалт явуулдаггүй. Тиймээс сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд янз бүрийн хоолны дэглэм баримталж турах нь элбэг болсон. Гол нь тухайн дэглэм шинжлэх ухааны үндэслэлтэй юү, үүнд итгэж болох уу, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм биш биз гэдгийг сайнтар судлах хэрэгтэй.
-Өглөө, өдөр, оройн хоолондоо ямар төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэвэл шим тэжээлээ бүрэн авч чадах вэ?
-Өглөөд биед амархан шингэх, хүчиллэг багатай, шарж хуураагүй, хэт хөөлгөөгүй бүтээгдэхүүн хэрэглэх нь зохистой. Тухайлбал, овьёосны будааг амталж хэрэглэж болно. Мөн олон үрийн талх, өндөг, жимс, жимсгэнэ гэх мэт. Өдрийн хоол нь шим тэжээлээр баялаг, цатгалан мэдрэмж өгөхүйц, хүнсний бүлгийн зөв харьцаатай, нийт илчлэгийн 50 хувийг хангахуйц байвал тохиромжтой. Харин оройн хоол нь илчлэгийн хувьд өглөөний хоолтой адил байна. Өглөө босоод 30 минутын дотор өглөөний цайгаа уух нь зөв. Өдрийн гурван хоолыг дөрвөн цагийн зайтай идэх нь зүйтэй. Хоолны хэмжээ нь тухайн хүний ажил мэргэжил, хөдөлгөөний идэвхээс хамаараад өөр өөр байж болно.
-Өглөөний цай уудаггүй. Эсвэл өдөржин хоолоо сойж байгаад орой гэнэт их иддэг тохиолдол цөөнгүй шүү дээ. Энэ зуршил удаан үргэлжилбэл ямар эрсдэл үүсэх бол?
-Юуны түрүүнд өглөөний цайг тогтмол ууж сурах хэрэгтэй. Энэ нь эрүүл хооллолтын эхний алхам юм. Өглөөний цайг орхигдуулах нь ядрах, дархлаа сулрах, анхаарал төвлөрөх нь муудах, таргалах шалтгаан болохоос гадна цөс, ходоодны төрөл бүрийн өвчний үндэс болдог. Өглөөний цай нь шөнийн турш бодисын солилцоонд зарцуулагдсан энерги болон өдрийн хоол хүртэлх илчлэгийг нөхөх, тархины үйл ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг. Хэрэв өглөөний цай уухгүй олон жил болбол жин нэмэх, бодисын солилцоо удаашрах, үс унах, эрч хүч буурах, сэтгэл санаагаар унахад хүргэнэ. Мөн цусан дахь сахрын хэмжээ ихсэх, ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс өглөөний цайг хэрхэвч орхигдуулж болохгүй.
-Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор охид, бүсгүйчүүд тураах дэглэм барих нь элбэг болжээ. Тухайлбал, кето, мацаг барих, хулсны давсаар биеэ цэвэрлэх зэргээр жингээ хасаж байна.
-Байгаль эх хүнийг өлсөхөд зориулж бүтээгээгүй гэж хэлмээр байна. Өлсөж байгаа үед бие махбодын бодисын солилцоонд өөрчлөлт гарна. 1-2 хоног зөвхөн ус уугаад, хоол идэхгүй байхад эрүүл мэндэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй. Харин энэ нь олон хоног үргэлжилбэл хүний биед өөх тосны дутуу исэлдэлтийн бүтээгдэхүүн болох кетон хэмээх биетүүд их хэмжээгээр ялгарч, өвчлүүлдэг. Мацаг барих их сайн, бүх төрлийн өвчин эмгэгээс салж болно гэх мэт өрөөсгөл ойлголттой хүн олон бий. Ер нь мацаг барих гэдгийг “Хоол хязгаарлах үзэл баримтлал” гэж ойлгож болно. Хоол хязгаарлах нь хүний бие махбодод зарим тохиолдолд эерэг нөлөөтэйг үгүйсгэх аргагүй. Хоол бүрэн хязгаарлах хугацаа нь богинодоо 1-3, дунд 7-10, удаан нь 40-50 хоног байх боломжтой. Гэвч удаан хугацаагаар хоол хязгаарлах аргыг зөвхөн эмчийн заалтаар, түүний хяналтад хэрэгжүүлэх шаардлагатай. Удаан хугацаанд өлсгөлөн байх нь бие махбодод олон төрлийн ноцтой хямрал үүснэ. Харин эмчилгээний журмаар өлсөх аргыг зүрх, судас, ходоод, гэдэс, амьсгалын эрхтний өвчин болон мэдрэлийн тогтолцооны хямрал, харшил болон жин илүүдэх үед хэрэглэдэг. Ходоодны шархлаа, харшил, нарийн бүдүүн гэдэс болон цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний шигдээс өвчний үед 24 цагийн хугацаанд хоол хязгаарлах дэглэмийг баримтлахад зохимжтой.
-Хэдхэн хоног хоолоо сойгоод л богино хугацаанд турж болно гэх ойлголттой хүмүүс байдаг. Турах гэж хоолоо сойх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Богино хугацаанд төрөл бүрийн дэглэм барих, сүүлийн үед эрчээ авч буй детокс хөтөлбөр, янз бүрийн бэлдмэл хэрэглэх зэргээр турах боломжтой юу гэж хүмүүс их асуудаг л даа. Хариулт нь тийм. Гэвч ийм богино хугацаанд турах нь эрүүл мэндэд олон эрсдэл, сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн богино хугацаанд дэглэм барьж турснаар цаашид амархан таргалах тохиолдол ажиглагддаг. Тураах хоолны дэглэм нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг олон улсын судалгаануудаар ч тогтоосон. Ер нь турах нэрийдлээр дан уураг голлосон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь элбэг болж. Энэ нь хожим маш олон эрсдэл дагуулна. Мөн аливаа хоол хүнсийг хэтрүүлэх нь элэгний үйл ажиллагааг хүндрүүлдэг. Харин хоол хүнсний дутагдал нь эд эсийн бүтцэд өөрчлөлт оруулдаг.
Зөв хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж удаан хугацаанд аажмаар турах нь илүү үр дүнтэй. Олон улсад хийсэн судалгаануудаас харахад долоо хоногт 0.45-0.9 кг жин хасах нь аюулгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Үүнээс илүү жин хасах нь булчингийн масс алдах, зарим шимт бодисын дутагдалд орох, цөсний чулуутай болох, бодисын солилцоо удаашрах зэрэг эрсдэлтэй.
-Зун цагт манайхан тарвасаар биеэ цэвэрлэх нь элбэг шүү дээ. Энэ нь үр дүнтэй арга мөн үү?
-Тарвас нь усны агууламж өндөртэй, эслэг нөхөх давуу талтай. Нөгөөтээгүүр, өөртөө фруктозын сахар агуулсан байдаг. Мөн ямар пестицид хэрэглэснийг сайн мэдэхгүй учир хэтрүүлж идэх хэрэггүй гэж зөвлөнө.
-Цусны бүлгээс хамаарч дэглэм барих хэрэгтэй гэх ойлголт иргэдийн дунд түгсэн. Үүнийг шинжлэх ухаанаар нотолсон юм уу?
-Питер Д’Адамогийн “Цусны бүлэгтээ тохируулж хооллох тухай” номоос энэ ойлголт манайд дэлгэрсэн л дээ. Үүнийг шинжлэх ухааны хангалттай нотолгоогүй гэж үздэг. Тиймээс энэ дэглэмийг барих нь эрсдэлтэй. Цусны бүлэг гэхээс илүүтэй хувь хүний онцлог, хөдөлгөөний идэвх, амьдралын хэв маягтаа тохируулан хооллох нь эрүүл мэндэд ач холбогдолтой юм.
-18.00 цагаас хойш хоол идэх нь зөв, буруу гэсэн маргаан их гардаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?
-18.00 цагаас хойш хоол хүнс хэрэглэж болохгүй гэдэг нь учир дутагдалтай. Хүний ходоод оройн болон шөнийн цагаар шүүс ялгаруулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоодоггүй. Удаашралтайгаар ажилласаар л байдаг. Ходоодны шүүс нь өөртөө давсны хүчил, цөс, цөсний хүчил, нойр булчирхайн шүүс зэргийг агуулдаг. Тиймээс хоосон ходоод 12 нугалаа гэдэсний салст бүрхүүлийг цочроох, гэмтээх зэргээр өөрийгөө иддэг. Иймд унтахаасаа хоёр цагийн өмнө бага зэргийн хүнс, ногоо идэх нь зүйтэй. Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр шүү дээ. Зарим нь ажилдаа үүрээр явдаг. Нэг хэсэг нь шөнөөр ажилладаг. Үүнээс хамаарч хооллох дэглэм нь өөр өөр байж болно.
-Хоолоо сойх, хоолны дэглэм барихын ач тус, давуу тал гэж бий юү?
-Давуу тал бий. Гэвч сул тал нь давуугаасаа харьцангуй их л дээ. Буруу дэглэм ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хямрааж, алсдаа бие махбодод сөргөөр нөлөөлнө. Тиймээс хоолоо сойж, дэглэм барихаар төлөвлөж буй бол мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе.
-Тураах зөвлөгөө, эрүүл хооллолтын дэглэмүүдийн талаар мэдээлэл цахим орчинд ихээр түгээдэг. Эдгээрийг хүмүүс ямар ч шүүлтүүргүй дагаж, баримталж байна.
-Зөвхөн хооллолт гэлтгүй эрүүл мэндтэй холбоотой ташаа, буруу мэдээлэл цахим орчинд их байна. Энэ нь иргэдийг төөрөгдөлд оруулах, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах цагаа алдахад хүргэнэ. Үүнээс үүдээд эрүүл мэндээрээ хохирохын зэрэгцээ шаардлагагүй зардал гаргана. Тиймээс мэргэжлийн бус хүмүүсийн санал болгосон дэглэм, тураах бүтээгдэхүүнийг сонгож, өөрийгөө эрсдэлд оруулах хэрэггүй.
-Жингийн илүүдэлтэй хүмүүс хоолны дэглэм барих гэж мах идэхээ хязгаарлаж, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг. Энэ зөв дэглэм мөн үү?
-Юуны түрүүнд ямар нэгэн дэглэм барихаас урьтаж заавал эмч, мэргэжлийн хоол зүйчээс зөвлөгөө авах нь зүйтэй. Өөрөө дур мэдэж дэглэм барих, хооллолтдоо огцом өөрчлөлт оруулах нь үргэлж эрсдэл дагуулдаг. Хүн болгоны амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийн байдал, шим тэжээлийн хэрэгцээ харилцан адилгүй учир нэг төрлийн дэглэм зөвлөнө гэдэг тохиромжгүй юм.
-Бага насны хүүхдүүдийн дунд таргалалт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь хөдөлгөөн дутагдсантай, эсвэл өндөр илчлэгтэй хоол хүнс ихээр хэрэглэж байгаатай холбоотой юу?
-Манай улсад хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааг таван удаа буюу 1992, 1999, 2004, 2010, 2017 онд хийсэн. Судалгаагаар таргалалт насны бүлэг бүрд өндөр хувьтай гарсан нь яах аргагүй анхаарал татсан асуудал. Сүүлийн хоёр удаагийн буюу 2010 болон 2017 онд хийсэн судалгааны үр дүнг харьцуулан харахад бага насны хүүхдийн таргалалт 4.3-аас 28 хувь болж өссөн байна. Түүний дотор голдуу хот, суурин газрын хүүхдүүд илүүдэл жинтэй нь ажиглагдаж байгаа. Хүүхдийг зургаан сар хүртэл сүү орлуулагчаар дагнан хооллох, өдөрт хоёроос дээш цагаар компьютер, гар утас ашиглуулах зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлснийг судалгаагаар тогтоож байв.
-Таргалалтаас хэрхэн сэргийлэх вэ. Хүн бүр анхаарвал зохих нийтлэг ямар хүчин зүйл байдаг вэ?
-Таргалалт нь өөх тосны солилцоо алдагдсанаас бие махбодод их хэмжээний өөхний хуримтлал үүсэхийг хэлнэ. Таргалалтын 80 орчим хувь нь буруу хооллолттой холбоотой. Зарцуулж буй илчлэгээсээ их хэмжээний илчлэг бүхий хоол хүнс хэрэглэхтэй холбоотой юм. Энэ нь төв мэдрэлийн тогтолцоо, дотоод шүүрлийн булчирхайны өвчнөөс болж үүсдэг. Тухайлбал, амархан шингэдэг нүүрс усыг хэтрүүлэх, өдөрт 1-2 удаа хэт их идэх, хөдөлгөөний идэвхгүй байдал болон удамшил, биеийн хэв шинжийн онцлогоос хамаардаг. Мөн хоол тэжээлийн чанар чухал үүрэгтэй. Илчлэг их, тэжээллэг чанар багатай хоол, хүнсний хэрэглээ сүүлийн үед ихэссэн шүү дээ.
Таргалалтаас сэргийлэх хамгийн эхний алхам бол хоол хүнсээ зөв зохистой, тааруулж хэрэглэх юм. Ингэхдээ үндсэн хэд хэдэн зарчмыг баримтална. Тухайлбал, физиологийн хэрэгцээндээ тохирох илчлэг бүхий хоол хүнсийг сонгон хэрэглэх, давстай, гурилан бүтээгдэхүүн болон амттаныг хязгаарлах шаардлагатай. Мөн хоногт хэрэглэх шингэний хэмжээг багасгах буюу дөрвөн аяганаас хэтрүүлэхгүй, спирт агуулсан зүйлсийг бүрмөсөн хязгаарлана. Түүнчлэн хоолны дуршил төрүүлэх амтлагчийг хэрэглээнээсээ хасах нь зөв. Хоногт 5-8 гр давс хэрэглэнэ. Мөн хоногийн нүүрс усны хэмжээ буюу элсэн чихэр хэрэглэхээ ч багасгах нь тохиромжтой.
-Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүнсэндээ ямар бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохистой бол?
-Ихэвчлэн уураг агуулах бүтээгдэхүүн буюу мах, загас, аарц зэргийг сонговол тохиромжтой. Хоногт хэрэглэх өөх тосны хэмжээг 80 гр хүртэл бууруулна. Үүний 60 гр нь ургамлын гаралтай байвал зохистой. Ургамлын гаралтай тос нь ханаагүй өөхний хүчил агуулдаг. Тийм учраас өөх тосны солилцоог хэвийн болгож, биеэс гадагшлах хэмжээг ихэсгэдэг. Мөн өдөр тутамдаа 3-4 төрлийн хүнсний ногоо ашиглах хэрэгтэй. Түүнчлэн хоол хүнсээ удаан зажилж идэх нь чухал. Залгихаасаа өмнө 30-40 удаа зажлах хэрэгтэй. Энэ нь хоол хүнсийг маш сайн шингээнэ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн