Улсын физикийн олимпиадын хорооны дарга, Гавьяат багш М.Ганбаттай ярилцлаа. 24 дэх удаагийн Азийн физикийн олимпиадад өрсөлдсөн багийг тэрбээр ахалсан юм.
-Азийн физикийн олимпиадыг өнгөрсөн онд манайд зохион байгуулсан шүү дээ. Энэ удаагийн олимпиад ямар онцлогтой байв?
-Өнгөрсөн оны Азийн физикийн олимпиадад 20 орны 200 гаруй сурагч оролцож байлаа. Энэ удаа 30-аад орны 200 гаруй сурагч оролцсон. Азийн физикийн олимпиадыг Малайз улс зохион байгууллаа. Нийслэл хотоос 200 гаруй км-ийн зайд байрлах Тунку Абдул Рахманы их сургуулийн байранд олимпиад болсон юм. Манай улсыг төлөөлөн найман сурагч оролцсон. Азийн олимпиадын өрсөлдөөн маш ширүүн. Хятад, Энэтхэг, Вьетнам, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, Японы сурагчид хүчтэй өрсөлддөг юм. Тэднээс медалийг нь “булаах” их хэцүү. Энэ удаагийн олимпиадаас хүртсэн хос хүрэл нь манай сурагчдын Азиас авсан зургаа дахь медаль боллоо. Олон улсын физикийн олимпиадаас 30-40 медалийг эх орондоо авч ирээд байна. Харин Азиас тэрбүр медаль хүртэж чаддаггүй. Улсын олимпиад дууссанаас нэг сарын дараа л Азийнх болдог учраас бэлтгэл дутдаг тал бий. Оролцох хүүхдүүдээ шалгаруулах, бэлтгэлийг нь хангуулах хугацаа маш бага байдаг. Азийн физикийн олимпиад бол хүчтэнүүдийн өрсөлдөөн.
-Энэ удаагийн олимпиадын даалгавар тийм ч хүнд байгаагүйг сурагчид онцоллоо.
-Бодлого нь хүнд байгаагүй. Бэлтгэлийн үеэр бодож байсан даалгавруудтай төстэй байлаа. Даалгавар нь хөнгөн байсан тул “Дээд оноондоо бүгд тулах вий. Тиймээс ялагчид тодроход төвөгтэй байх болов уу” гэж бодож байлаа. Олимпиадын дээд оноо 50 байдаг. Өнгөрсөн онд Монголд болсон олимпиадын эхний гурван байрны эздийн дундаж оноо 30.4 байсан. Харин энэ удаад дундаж нь 44 оноо байв. Туршилтын хэсэгт угсралтад хоёр орчим цаг зарцуулснаа манай хүүхдүүд хэлсэн. Тэр нь нэлээд цаг авсан байж магадгүй. Олимпиадын үеэр онолын гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодно. Туршилтын хэсэгт 1-2 даалгаврыг таван цагийн хугацаанд гүйцэтгэдэг юм. Бодлогыг эрдэмтэд зохиодог. Зарим орон өөрсдөө зохиож чадахгүй, гадаадын улс орноос мэргэжилтэн ажиллуулсан тохиолдол бий. Бид бол даалгавруудыг өөрсдөө бэлтгэж байв.
-Монголд зохион байгуулсан Азийн физикийн олимпиадын бодлого боловсруулах багт та ажилласан шүү дээ. Тивийн олимпиад зохион байгуулаад, бас даалгавар боловсруулах нь амаргүй байсан уу?
-2008 онд Азийн физикийн олимпиадыг манай улс анх удаа зохион байгуулж байлаа. Тухайн үед Доплерийн үзэгдлийг илрүүлэх туршилтын төхөөрөмжийг орчин үеийнх болгон хувиргах даалгавар боловсруулсан юм. 2023 оны олимпиадад хоорондоо уялдаа бүхий туршилтын хоёр даалгавар бүтээсэн. Айл бүрд байдаг тоглоомон ган шаариг буюу Ньютоны бөмбөгийн герцийн мөргөлдөөний хугацаа юунаас хамаарахыг туршилтаар тогтоохыг даалгаварт тусгасан. Мөргөлдөөний хугацаанаас хамааран учрах хүч, даралт, ган шааргийн хонхойлтынх нь хэмжээг тооцоолох даалгавар байсан юм. Энэ мөргөлдөөний үйл явц нь нэг секундийг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд явагдаж байгаа.
Үүнийг дунд сургуулийн түвшний лабораторийн ажил болгон хувиргаснаараа онцлогтой. Түүний үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл болгон эмхэтгэсэн. Дунд сургуулийн хүүхдүүд эрдэм шинжилгээний ажил хийх бололцоотойг уг даалгавар харуулсан юм. Дараагийн даалгавраар интерференцийн үзэгдлийг бий болгосон. Үүнийг маш энгийн гарын доорх материалаар хийсэн. Тэгсэн хэрнээ урьд нь хэн ч үүнийг бүтээж чадаагүй. Энэ үзэгдэл гадаадын дасгалжуулагч багш нарыг ихэд сандаргасан. Хөтөлбөрт байхгүй, танил биш гэх мэтээр авсрали, хятад, израилууд эсэргүүцсэн ч эцэст нь бүгд хүлээн зөвшөөрсөн. Гадаадын багш, сурагчид ч цогц чадамжийн асуудал тулгарахад айдаг юм билээ.
-Олимпиадад оролцогчдыг олон жил бэлтгэлээ шүү дээ. Энэ явцад тус олимпиадын үнэлэмж, нэр хүнд, хүүхдүүдийн ур чадварт нэлээд өөрчлөлт ажиглагдсан байх?
-Энэ удаад бодлогуудыг хараад маш амархан гэж бодож байлаа. Тэгтэл Иран, АНЭУ-ынхан маш хүнд гэж ярьж байв. Бодлогын түвшний ялгааг бид мэдрэхээ больсон байна. Хэцүү бодлоготой байнга тааралддаг. Энэ удаа хөнгөхөнтэй нь таараад гайхлаа. Манай хүүхдүүдийн дундаж оноо 20-31 байсан. Хэн нь ч багажаа шатаасангүй. Нэг мэдэхэд л хүчдэл нь хязгаараасаа даваад, утаа гардаг юм. Гурван удаа багажаа шатаахад олимпиадад үргэлжлүүлэн оролцох боломжгүй.
-Олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан хүүхдүүдийн ихэнх нь “Сант” сургуулийн сурагч байдаг. Тус сургуулийн хичээлийн хөтөлбөрийн бусдынхаасаа ялгардаг онцлог ньюу вэ?
-Нийслэлийн I болон “Сант” сургуулийнхан л ер нь олон улсын олимпиадад байнга оролцдог. Монгол Улсаа төлөөлөх таван сурагчийн хоёр нь эдгээр сургуулийнх байдаг. “Шинэ Монгол”, нийслэлийн 11 дүгээр сургууль ч багтана. Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч сая шагналт байрт шалгарлаа. Олон улсын олимпиадад оролцох багийг хэдхэн сургууль бүрдүүлж байна даа. Индонезийн Олимпиадын хорооны дарга “Та нар сурагчдаа нэг л буруу бэлдээд байна. Хэр хугацаанд бэлдэв” гэхэд нь ичсэндээ “Хоёр жил” гэж хариулсан. Яг үнэндээ хоёр сарын л бэлтгэлтэй. Тэрбээр “Бага байна. 10 жил бэлд. Тэгж байж алтан медалийн тухай ярина шүү” гэж хэлсэн. Гэсэн ч хоёр сар бэлдчхээд бид хүрэл медалийн эзэд болчихсон л байна. Бид эхлээд улсын олимпиадаар шилдгүүдээ шалгаруулчхаад, дараа нь олон улсад өрсөлдөх бэлтгэлээ базаадаг.
Олон улсын чанартай олимпиадад оролцогчдыг байр эзэлсэн, эсэхээс үл хамаараад Америкийн сургуулиуд шүүрээд л авдаг. Ялан гуяа медаль авсан бол урилгаар Америкт суралцдаг юм. Америкийн сургуулиудын элсэгчдийг бэлдээд байна уу гэсэн бодол ч төрдөг шүү.
-Орон нутгийн сургуулийн сурагчдыг олон улсын олимпиадад оролцох хэмжээнд бэлтгэх боломж бий юү?
-Хот, хөдөөгийн ялгаа улам л ихсэж байна. Орон нутагт суралцаж буй хүүхдүүдэд тасралтгүй бэлтгэл хийх боломж бага. Олимпиадад оролцсон хүүхдүүдэд бэлтгэлд нь туслах ном бэлэглэдэг. Харин олимпиадад оролцоогүй хүүхдүүдэд тэр ном олдохгүй. Интернэтээс хайгаад ч бодлогууд нь олдохгүй. Тэгэхээр физикийн олимпиадын бодлогыг багтаасан цахим мэдээллийн сан үүсгэх шаардлагатай. Олимпиадад зориулаад шинэ багаж бүтээсэн ч түүнийхээ талаарх мэдээллийг олон нийтэд сайн түгээж чаддаггүй. Түүнийг нь ашиглаж чадах хүн ч ховор.
Тэрхүү багажийг яаж хялбараар зохион бүтээх, хэрхэн хэрэглэх талаар бичлэг хийж сурагчдад хүргэхийг зорьж байна. Багажийг сургуульд бүрд хүргэх хэрэгтэй. Азийн физикийн олимпиадад ашигласан 300 багажийг нийслэлийн сургуулиудад тарааж өгсөн. Ингэхдээ физикийн багш нарт хэрхэн ашиглахыг заасан. Гэтэл сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь ховор. Энэ нь багаж ашиглаад, сурагчдадаа хичээлийг нь илүү сайн ойлгуулах сан гэсэн сэтгэлтэй багш ховордсонтой холбоотой. Олимпиадад хүүхдийг бэлддэг, өөрөө оролцдог багш бол шинжлэх ухааныг алдаагүй тайлбарладаг, ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагааг сайн явуулах чадвартай нэгэн.
Физикийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-аар 10 дугаар ангийн л мэдлэгийг шалгаж байна. 11-12 дугаар ангийн хичээлийн агуулгаас шалгалтын материалд төдийлөн оруулдаггүй. Сурагчид 9-10 дугаар ангийн түвшний л мэдлэгтэй байна. ЭЕШ-д физикийн туршилтын хэсгийг нэмж оруулах хэрэгтэй. Ингэснээр сурагчдыг багш нар нь бэлдэж магадгүй.
-Энэ жилийн олон улсын физикийн олимпиадад сурагчдаа хэрхэн бэлтгэх бол?
-Олон улсын физикийн олимпиад Иранд ирэх сарын 21-29-нд болно. Уг нь тус олимпиадад оролцох таван хүүхдээ шалгаруулчихсан байсан. Гэтэл Улсын физикийн олимпиадад наймдугаар байр эзэлсэн хүүхэд сая тивийн өрсөлдөөнд шагналт байрт шалгарлаа. Тиймээс Улсын физикийн олимпиадын хороо удахгүй хуралдана. Олон улсын олимпиадад оролцох шинэ баг бүрдүүлэх, эсэхийг шийдэх юм.