Азийн физикийн олимпиадыг энэ онд Малайз улсад зохион байгууллаа. Эл олимпиадаас Монгол Улсын сурагчид хос хүрэл медаль хүртэж, хоёр хүүхэд шагналт байрт шалгарав. Тухайлбал, нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант”-ын сурагч Г.Азжаргал нар хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү болон Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэллээ. “Тус олимпиадаас өмнө нь 1-2 хүүхэд л шагнал авдаг байсан. Харин энэ удаа дөрвөн хүүхэд шилдэгт багтсан нь томоохон амжилт” гэж Монголын физикийн олимпиадын хорооныхон онцолж байлаа. Азийн физикийн олимпиадад оролцсон багийнхныг төлөөлүүлэн нийслэлийн I сургуулийн 11Ё ангийн сурагч М.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Азийн физикийн олимпиадад 200 гаруй хүүхэд оролцсон шүү дээ. Өрсөлдөөн ширүүн байсан уу?
-Өрсөлдөөн ширүүн байлаа. Бэлтгэлийн үеэр бодож байсантай төстэй даалгавар олимпиадад ирсэн. Өмнөх оны бодлогуудыг бодож л бэлтгэлээ базаасан даа. Хүчтэй өрсөлдөгч гэвэл Хятад болон Орос улсын сурагчид байв. Мөн зочноор оролцсон БНСУ-ын хүүхдүүд ч хүчтэй өрсөлдөгч байлаа.
-Бэлтгэлдээ өдөрт хэдэн цаг зарцуулж байв?
-Цагийг нарийн хэлж мэдэхгүй юм. Зав гарвал л физикээ давтаж байлаа.
-Энэ удаагийн даалгаврууд өмнөх жилийнхээс хүнд байв уу?
-Харьцангуй хөнгөн даалгавартай байв. Өмнөх жилүүдийн физикийн олимпиадын бодлогууд илүү хүнд байсан. Азийн физикийн олимпиад өнгөрсөн жил манай улсад болсон шүү дээ. Тэнд оролцож байсан хүүхдүүд “Өмнөх оных л илүү хүнд байж” гэсэн.
Даалгавар нь хөнгөн учраас хүүхдүүд “Амархан юм байна” гэж бодож анзааргагүй хандсанаас алдаа гаргасан гэж бодож байна. Ганцхан үсэг, тоо андуурч бичихэд л оноо алддаг. Маш бага оноо алдахад л хэд хэдэн байр ухардаг.
-Олон улсын чанартай анхны олимпиаддаа оролцсон гэсэн шүү дээ. Шагналын тавцанд нэрээ дуудуулахад ямар мэдрэмж төрөв?
-Тийм ч их зүйл бодогдоогүй ээ. Монголынхоо далбааг бариад алхах сайхан мэдрэмж төрүүлсэн. Ийм амжилтад хүрэхэд гэр бүлийнхний минь дэмжлэг маш их байлаа. Ер нь медаль авах сан гэсэн хүсэлтэйгээр олимпиадад бэлдэж эхэлсэн юм. Энэ бүхэнд хүрэхэд багийнхан болон багш нарын минь дэмжлэг маш их байсан. Ганцаараа бэлдсэн бол амжилтад хүрч чадахгүй шүү дээ.
-Та бүхэн хамтарч бэлтгэлээ хийсэн байх нь ээ?
-Хамтарч бэлдсэн. Өмнөх оны бодлогуудыг өөрсдөө бие даан судалж байлаа. Хоёр хоёроороо баг болж, туршилтаа гүйцэтгэж бэлтгэлээ базаалаа. Олимпиадын дараа ч даалгавруудаа хэрхэн гүйцэтгэснээ ярилцсан. Манай ангийн найз ч энэхүү олимпиадад оролцсон юм. Улсын физикийн олимпиадад найзтайгаа хамт бэлдэж байсан. Бие биедээ санаа тавиад, дэмжиж туслах нь түшигтэй байдаг. Нийслэлийн I сургуулийн физикийн багш Н.Оюунчимэг биднийг маш их дэмжсэн. Багийнхандаа хандаж “Ганцаараа бэлдсэн бол амжилт гаргахгүй. Багийнхантайгаа хамт бэлдсэн болохоор л амжилт гаргалаа” гэж хэлье. МУИС, ШУТИС-ийн Физикийн тэнхимийн багш нарын ч дэмжлэг их байлаа.
-Олимпиад нь онолын болон туршилтын хэсэгтэй. Эдгээрээс алинд нь өөрийгөө илүү чадварлаг гэж боддог вэ?
-Магадгүй онолын талдаа илүү сайн гэж бодож байна.
-Олон улсын чанартай өрсөлдөөнд оролцоход нэлээд сандарсан байх?
-Сандрах нь харьцангуй бага байлаа. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх тухай зөвлөгөөг багш нар бидэнд өгсөн юм. Олимпиад эхлэхийн өмнө өөртөө хандаж “Чадах зүйлсээ л хийгээд гараад ирье” гэж хэлж байв. Тэр үедээ их сандарсан ч даалгаврын бодлогыг хараад “Гайгүй юм байна” гэж бодоод л тайвширсан.
-Олимпиадын дээд оноо нь 50 юм билээ. Та хэдэн оноо авсан бэ?
-31.2 оноо авсан. Өөрийн чадахаа эхэлж гүйцэтгэсэн. Ийм байдлаар оноогоо бага багаар цуглуулсан юм.
-Физик таны амьдралд хэрхэн нөлөөлөв. Үүнийг сонирхон судлах нь ямар чадваруудыг бий болгодог вэ?
-Төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг. Физик судалснаар юмсын цаад учир шалтгааных нь тухай боддог болсон. Жишээлбэл, солонго татлаа гэхэд “Яагаад солонго гардаг вэ” гэж бодно.
-Олимпиадын тэргүүн байрыг аль улсын сурагчид эзэлсэн бол?
-Зочноор оролцсон Румын улсынхан тэргүүн байр эзэлсэн. Азийн улсуудаас БНХАУ-ын сурагчид хамгийн шилдэг нь байлаа.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн