Оюуны спортыг сонгон хичээллэх хүүхэд жилээс жилд олширч буй билээ. Монголын оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, ерөнхий боловсролын “Язгуур” бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч С.Чингимтэй ярилцлаа. Тэрбээр 2023 оны онцлох хүүхдээр шалгарч, түргэн бодолтын тэмцээний “Флаш анзан” төрөлд улсын хошой аваргаар тодорч байсан юм. Мөн энэ жил ой тогтоолтын спортоор Гиннесийн дээд амжилт тогтоогоод буй. Тэрбээр цээжээр болон, түргэн бодохоос гадна рубик шооны төрөлд ч олон амжилт гаргажээ
-Гурван настайгаасаа эхлэн оюуны спортоор хичээллэжээ. Хамгийн анх спорт өрөлтөөр хичээллэсэн юм байна. Спорт өрөлт гэдэг нь ямар дүрэмтэй, хэрхэн өрсөлддөг тэмцээн бэ?
-Би анх спорт өрөлтөөр, үүний дараа шоо, хуруудайн тоогоор хичээллэсэн. Шоо нь дотроо гурвалжин, дөрвөлжин, хоёртой, тольтой, тав, зургаа, долоотой гэх мэт олон төрөлтэй. Миний хувьд бүх төрлөөр нь бус, аль нэгээр нь дагнахаар шийдсэн. Одоо ой тогтоолтын төрлөөр хичээллэж байна.
Би гурван настайдаа спорт өрөлтийн төрлөөр Б.Болорчимэг багшийнхаа нэрэмжит тэмцээнд оролцож, алтан медаль авч байлаа. Энэ нь миний хамгийн анхны амжилт байсан. Спорт өрөлт нь оюун ухааны спортын нэг төрөл. Аяган тоглоом гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тодорхой хугацаанд аягаа өрөөд, дараа нь хураадаг. Миний мэдэхээр дэлхийн рекорд хоёр секунд байдаг.
-Монголын оюун ухааны академид хэд дэх жилдээ суралцаж байна вэ?
-Анх гурван настайдаа “Бяцхан сондор” цэцэрлэгт Б.Болорчимэг багштайгаа танилцсанаар оюуны спортоор хичээллэж эхэлсэн. Тэр үеэс хойш зургаа орчим жил өнгөрч байна.
-Оюуны спортын олон төрөл байдаг. Аль аль төрлөөр нь хичээллэж байв?
-Одоогоор ой тогтоолт болон шооны төрлийн тэмцээнүүдэд түлхүү оролцож байна. Ой тогтоолтын хувьд анхан, дунд шатны 10 төрөлтэй. Үүнд баганан үгс, хурдны хөзөр, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай гэсэн төрөл багтана. Миний хувьд анх баганан үгс, хоёртын тоолол, хурдны хөзөр, хийсвэр зураг гэх дөрвөн төрлийг сурсан. Харин одоо ахиулсаар найман төрлийг нь сураад байгаа.
-Яагаад оюуны спорт, тэр дундаа түргэн бодолтыг сонгож хичээллэх болов?
-Цэцэрлэгт байхаас л оюуны спорт сонирхолтой санагдаж эхэлсэн. Гэхдээ аав, ээж минь намайг үүнийг сонгон суралц гэж огт хүчлээгүй. Би өөрөө дуртай болохоор л өдөр бүр давтдаг. Тиймээс богино хугацаанд амжилт гаргаж, сайжирсан гэж боддог. Амжилт гаргах болгондоо урамшиж, бүр их хичээдэг.
-Хэдэн оронтой тоо бодож чаддаг вэ?
-10 оронтой тоо нэмж, хасаж, найман оронтойг хувааж чаддаг. Хүрдээ л цээжилчихсэн байвал олон оронтой тоог үржүүлж, хуваах амархан.
-Сүүлд ямар тэмцээнд оролцов?
-Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг чансаа ахиулах тэмцээнд оролцсон. Ерөнхийдөө улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнөх чансааг үүгээр тогтоодог гэсэн үг. Эхний 40 байрт шалгарсан хүүхдүүд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг. Би тэргүүн байр эзэлсэн.
-Чиний хувьд хамгийн их тэвчээр, хүчин чармайлт шаардсан өрсөлдөөн нь аль байв?
-Гиннесийн амжилт тогтооход маш их сандарч, бас айсан. Ой тогтоолтын “Simon” тоглоомын төрөлд өрсөлдсөн юм. Тухайн үед харахгүйгээр буюу зөвхөн хөг сонсоод алдалгүй дарж тоглох даалгавар биелүүлсэн. Ингээд 23 үеийг алдалгүй давж, 276 даралтыг санаснаар Гиннесийн амжилт тогтоосон. Тэмцээний дүрэм нь бидний мэдэх “Атом, молекул” тоглоомтой төстэй. Нэг л удаа алдвал хэддүгээр үе дээр очсон ч хамаагүй дахиад л эхлэл рүү гээ буцдаг. Тиймээс алдах эрхгүй, бүгдийг нь санах ёстой гэсэн үг. Мөн Х.Хатанбаатар багш 25 үе буюу 325 даралтыг алдалгүй санаснаар Гиннесийн амжилт тогтоож байсан.
-Бэлтгэлээ хэрхэн хангаж, хэр хугацаанд сургуулилалт хийдэг вэ?
-Ер нь тэмцээнд оролцохоосоо өмнө маш сайн судалдаг. Би гурван сарын хугацаанд Х.Хатанбаатар багштайгаа хамт бэлтгэл хийсэн. Хамгийн гол нь өдөр бүр тогтмол давтах хэрэгтэй. Тэгснээр маш хурдан үе ахих боломжтой. Би ажлын өдрүүдэд тоогоо нэг цагаар давтдаг. Энэ нь дадал болчихсон.
-Хүндрэлтэй зүйлс нь юу байв?
-Би өөрөө дуртай болохоор хэцүү зүйлс байгаагүй. Огт ядраагүй. Мөн би энэ тэмцээнд очиж оролцоогүй л дээ. Бичлэг хийн илгээж буюу цахимаар оролцсон.
-Гиннесийн амжилт тогтооход ямар мэдрэмж төрөв. Гэр бүлийнхэн, багш нар нь хэрхэн хүлээж авсан бол?
-Монголын оюун ухааны академийн Х.Хатанбаатар багшийн дөрвөн шавь өмнө нь Гиннесийн амжилт тогтоож байсан. Би тав дахь нь боллоо. Надад маш сайхан санагдсан. Би тэр үед Удирдлагын академийн байранд байсан л даа. Нүдээ аниад нээхэд л ялчихсан. Тэнд байсан бүх хүн надад баяр хүргэж алга ташсан нь маш тод санагдаж байна. Ойролцоогоор 20 гаруй хүн байсан ч надад зориулж алга таших мөчид 50, 60-уулаа мэт маш хүчтэй, чанга сонсогдсон. Гэр бүлийнхэн минь ч баяр хүргэж, надаар бахархсан. Үүний дараа надад Лондоноос Гиннесийн амжилт тогтоолоо гэсэн батламж, медаль, цамц илгээсэн юм. Би харах болгондоо баярладаг, бас урам авдаг.
-Ойролцоогоор хэдэн тэмцээнд оролцож байв. Олон удаа шагнал авч байв уу?
-Би 100 гаруй тэмцээнд оролцож, 38 медаль, 10 цомын эзэн болсон.
-Гэр бүлийнхэн нь чамаар маш их бахархдаг, бас дэмжиж урам өгдөг байх?
-Манай аав, ээж, гэр бүлийнхэн минь надад маш их урам өгдөг. “Миний хүү чадна” гэж байнга хэлдэг. Гэхдээ тэмцээндээ сайн оролцож, заавал ялаарай гэж огт хэлдэггүй. Харин “Хамгийн сайнаараа хийхэд л болно” гэж үргэлж захидаг юм. Тэгээд хаана хүрэхийг нь бүгдээрээ харъя гэдэг. Байр эзэлж, нэгдүгээрт шалгарах нь чухал биш. Зүгээр л тэмцээнд оролцож, өөрийгөө сориод үзэх нь том амжилт гэж гэр бүлийнхэн минь хэлдэг.
-Түргэн бодолтын “Флаш анзан” төрөлд улсын хошой аварга болсон юм билээ. Энэхүү төрөл нь ямар дүрэмтэй вэ?
-“Флаш анзан” төрөлд цаанаас нь материал тарааж өгдөг. Дэлгэц дээр тоо гарна. Тэгээд маш хурдан бодоод хариуг нь цаасан дээрээ бичдэг. Нийтдээ нэг оронтой 16, хоёр оронтой 28 тоо гардаг. Нэг оронтой тоо ойролцоогоор 0.7 долиор эхэлж 0.2 долиор дуусдаг. Энэ хугацаанд тоо нь анивчаад өнгөрдөг. Тэдгээрийг хооронд нь нэмж хариугаа гаргадаг гэсэн үг. Харин хоёр оронтой тоо нэг секунд хүртэлх хугацаанд анивчдаг. Би 2022, 2023 онд “Флаш анзан” төрлөөр улсын аварга болж байсан. Харин энэ жилийнх нь арай болоогүй. Жил бүрийн наймдугаар сард Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг.
-Турк улсад өнгөрсөн онд болсон “Wist Antalya 2023” тэмцээний цээж бодолтын төрөлд нэгдүгээр байр, нас харгалзахгүй буюу үнэмлэхгүй төрөлд хоёрдугаар байр эзэлсэн шүү дээ. Олон улсад өрсөлдсөн анхны тэмцээн нь энэ байв уу?
-Тийм ээ. Олон улсын тэмцээнд анх удаа өрсөлдсөн. Би тус тэмцээний цээж бодолтын төрөлд нэгдүгээр байр эзэлж, цом авсан юм. Эцсийн шатанд Монголын оюун ухааны академид хамт хичээллэдэг найз Б.Гарьдтай таарсан. Найз маань ой тогтоолт, шоо эвлүүлэх төрлөөр хичээллэдэг. Найман насны ангилалд би тэргүүн байр эзэлсэн. Мөн би насны хязгааргүй ангилалд өрсөлдөж ганцхан тоо алдсанаар хоёрдугаар байрт орсон юм. Харин манайх багаараа тэргүүн байр эзэлж байлаа.
-Хамгийн дурсамжтай нь аль тэмцээн байв?
-Гиннесийн амжилт тогтоосон нь хамгийн дурсамжтай байсан. Надад үргэлж бодогддог. Өөрөөрөө бахархдаг. Гиннесийн амжилт тогтоосноо мэдсэн тэр үеийн мэдрэмж үнэхээр сайхан байсан учраас мартаж чаддаггүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ихэнхдээ даалгавраа хийдэг. Хааяа гадаа гарч ах нартай хөл бөмбөг тоглодог. Монголын оюун ухааны академи саяхан шинэ тоглоом оруулж ирсэн. Түүнийг сүүлийн үед аавтайгаа хамт тоглож байгаа. Ерөнхийдөө аз шаардсан тоглоом юм байна лээ. Шоо хаяж хос буулгавал дөрвөн удаа урагш нүүнэ. Харин хос зургаа буулгавал 24 удаа нүүнэ. Мөн би саяхан “Gerege cup” хөл бөмбөгийн тэмцээний 10 насны ангилалд оролцсон. Манай баг тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон. Гэхдээ цом нь одоогоор багшид байгаа.
-Хөл бөмбөг тоглодог байх нь ээ. Аль багийг дэмждэг вэ?
-“Челси”-г дэмждэг. Аав минь ч бас хөл бөмбөг тоглодог. Бид хамт тоглож, бас хөл бөмбөгийн тэмцээн үзэх дуртай. Аав мөн сагсан бөмбөг сайн тоглодог. Би аав шигээ тоглож чадахгүй ч ерөнхийд нь мэднэ.
-Дараагийн зорилго, мөрөөдөл нь юу вэ?
-Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг оюун ухааны олимп ирэх арваннэгдүгээр сард болно. Энэхүү олимпод эхний гуравт орох зорилготой. Харин миний мөрөөдөл бол дэлхийн аварга болох. Оюуны спортоор дэлхийд тэргүүлж, эх орныхоо нэрийг гаргах мөрөөдөлтэй.
-Түргэн бодолт ер нь хэцүү байдаг уу, шантрах үе бий юү?
-Хааяа тэмцээний бэлтгэлтэй үед хэцүү санагдаж, шантрах үе бий. Гэхдээ багш маань зоригжуулдаг. Тэгэхээр л би шантрахаа болиод, бүр их хичээх хүчтэй болдог.
-Шоо эргүүлж, түргэн бодолтоор хичээллэх сонирхолтой найзууддаа ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хамгийн чухал нь өдөр бүр давтах хэрэгтэй. Нэг цаг давтахад л өдөр өдрөөр сайжирна гэсэн үг. Тууштай хичээллэж чадвал амжилт гаргах боломжтой.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн