Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн болон Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, СУИС, “Чингис хаан” үндэсний музей зэрэг сургалт, судалгааны байгууллагынхан хамтран өнгөрсөн онд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг уншигчдын хүртээл болгосон билээ. Энэхүү бүтээл урьд өмнө нь байгаагүй олон тайлбартай, уншигчдад ойлгомжтой, энгийн, хүртээмжтэйгээрээ онцлогтой юм. Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, дэд профессор Ц.Цэрэндоржтой ярилцлаа. Тэрбээр дээрх бүтээлийн түүхийн судалгааны багийг ахалснаас гадна редакторын үүргийг давхар гүйцэтгэжээ.
-Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойг тохиолдуулан, Ерөнхийлөгчийн зарлигаар “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг салбар салбарын төлөөлөл хамтран бичсэн юм билээ. Тайлбар хийхийн тулд хэр удаан хугацаанд судалж, хэдэн эрдэмтнийг оролцуулсан бол?
-Анх 2022 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй болон намайг дуудаж уулзсан юм. Тухайн үед “Монголын нууц товчоон”-ыг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд сурталчлан таниулах ёстой. Үүний тулд жирийн уншигчдад зориулан маш дэлгэрэнгүй тайлбартайгаар хэвлэх шаардлагатай байна. Түүх, хэл шинжлэлийн эрдэмтэд хамтран богино хугацаанд тайлбар хийх хэрэгтэй” гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Бид тэр даруйд нь ажилдаа орж, энэхүү бүтээлийг богино хугацаанд туурвихаар болсон юм. Ингээд манай эрдэмтэд найман сарын дараа буюу Чингис хааны мэндэлсэн өдөр бэлэн болгохоор ажилласан. “Монголын нууц товчоон”-д газар ус, зэр зэвсэг, дайн тулаан, цол хэргэмийн тухай их өгүүлдэг.
Тийм учраас түүхэн газар зүй, цэргийн түүх, домог, уран зохиол судалдаг эрдэмтдийг багтаа нэмсэн. Эцэстээ 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ номыг туурвилаа. Ингэхдээ бид “Монголын нууц товчоон”-ыг судалдаг, ахмад, дунд, залуу үеийн эрдэмтдийн төлөөллийг уг ажилдаа оролцуулахыг хичээсэн. Бид хэл шинжлэлийн болон түүхийн гэсэн хоёр багт хуваагдсан. Хэл шинжлэлийн багийн ахлагчаар Ш.Чоймаа багш, түүхийн багийн ахлагчаар би ажилласан. Бид 2022 оны хавар ажлаа эхлүүлж, намар нь ерөнхийдөө эхний байдлаар бэлэн болгосон. Харамсалтай нь, тэр үед хэл шинжлэлийн багийн ахлагч Ш.Чоймаа багш маань тэнгэрийн оронд заларсан учраас тухайн ондоо хэвлүүлж чадаагүй. Бид ярилцаж байгаад нэгэнт л хэвлэж чадаагүй юм чинь нэмж сайжруулъя гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд номынхоо нээлтийг хийж, уншигчдын хүртээл болголоо.
-Та түүхийн судалгааны багийг ахалж ажилласнаас гадна редакторын үүргийг давхар гүйцэтгэсэн шүү дээ. Судлах, тайлбар хийх явцад тулгарсан хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Анх удаа түүхийн нарийвчилсан тайлбар хийхээр болсон учраас нэлээд их материал цуглуулах, гол эх сурвалжуудыг дахин үзэх шаардлага тулгарсан. Үүнээс гадна нэр томьёоны жигд бус байдал нэлээд ярвигтай байлаа. Хүний нэрийг гэхэд л маш олон янзаар бичдэг шүү дээ. Жишээ нь, Өгөөдэй хааны нэрийг Өгөдэй, Өгөөдэй, Өгэйдэй гэх мэт маш олон янзаар бичсэн байдаг. Түүнчлэн овог аймаг, газар усны нэрсийг хүртэл зөрүүтэй бичдэг. Энэ мэт нэр томьёог жигдлэх нь маш их судалгаа шаардсан, төвөгтэй ажил байв. Судлаач бүр өөрийн тайлбарыг зөв гэнэ. Эдгээрээс болоод маргалдах, санал зөрөх үе олон гарсан. Гэсэн ч тодорхой шийдэлд хүрч ойлголцсоны үндсэн дээр нэр томьёогоо жигдэлсний дараа тайлбаруудаа хийлээ.
Нөгөөтээгүүр, “Монголын нууц товчоон” хэдийгээр монголчуудын түүх боловч бидний үед монгол бичгээр уламжлагдаж ирээгүй. Монгол хэлийг хятад ханзаар галигласан хэлбэрээр уламжлагдан ирсэн шүү дээ. Тиймээс галигласан үг бүрийг бид зөв ойлгож, оноож, хөрвүүлэх учиртай. “Монголын нууц товчоон”-ыг бүтээснээс хойш 800 гаруй жил өнгөрсөн. Энэ хугацаанд монгол хэл ч бас хувирч өөрчлөгдсөн байж таарна. Үүнээс шалтгаалаад бидний мэдэхгүй үг хэллэг, нэр томьёо “Монголын нууц товчоон”-д олон. Тиймээс бид аль болох зөв тайлж уншихыг оролдсон. Хэдийгээр хятад ханзнаас монгол бичиг рүү сийрүүлсэн ч одоогийн жирийн уншигч байтугай мэргэжлийн бид ч ойлгоход хэцүү. Тиймээс үүнийг дахин тайлбарлах зайлшгүй шаардлагатай.
-Олон эрдэмтэн “Монголын нууц товчоон”-ыг кириллээр сийрүүлэн бичих гэж оролдсон байдаг. Мөн 30 орны хэлээр хэвлэсэн нь ч бий байх аа?
-“Монголын нууц товчоон”-ыг Өрнө дахины эрдэмтэд олж, судалснаас хойш ойролцоогоор 100 гаруй жил болж байна. Харин Дорно дахинд хэдэн зуун жилийн өмнөөс танигдсан. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд эрдэмтэд голчлон “Нууц товчоон”-ыг зөв тайлж унших, үг хэллэгийг нь оновчтой тайлбарлахад төвлөрч ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, номоо зөв ойлгож уншиж, тайлбарлахад гол анхаарлаа хандуулсан гэсэн үг. Тиймээс нарийвчилсан тайлбаруудыг төдийлөн хийгээгүй байв.
Жишээ нь, түүхэн хүн, үйл явдал, газар усны нэрийг нарийвчлан тайлбарлаагүй байсаар ирсэн. Үг хэллэгээс бусад тайлбарыг миний ахалсан түүхийн баг хариуцсан юм. Бид ихэнх ойлголтыг бараг л анх удаа тайлбарлах гэж оролдсоноороо онцлогтой. Мэдээж өмнө нь хэвлэсэн “Нууц товчоон”-уудад түүхийн тайлбарууд бий. Гэвч ихэвчлэн гол хүмүүсийн тухай товч тайлбарлах гэж оролдсон байдаг. “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы хувьд бид нэг ч хүнийг үлдээгээгүйгээрээ онцлогтой. Ганцхан удаа нэр нь дурдагдсан хүний талаар ч тайлбарласан.
-400 гаруй түүхэн хүн, улс орон, цол хэргэм, ёс заншил зэрэгт холбогдох 4300 гаруй тайлбар хийсэн юм байна. Үүний 900 гаруй нь түүхийн тайлбар гэж ойлголоо. Тухайлбал, ямар үг хэллэгийг хэрхэн тайлбарлав?
-Өмнө нь дэлхий дахинд ямар ч эрдэмтэн аль ч хэлээр “Нууц товчоон”-ыг орчуулахдаа түүхийн 900 гаруй тайлбар хийж байгаагүй. Үүнээс гадна нийт 4300 гаруй тайлбартайгаараа ч дэлхийд анхдагчид тооцогдохуйц бүтээл болсон. Тухайлбал, Чингис хаан, Бөртэ чоно, Хоо Маралаас эхлээд нэр нь дурдагдсан бүх хүний талаар бид боломжийнхоо хэрээр тайлбарлах гэж оролдсон. Газар усны нэрийн тухайд жишээ нь, Хэрлэнгийн хөдөө арал, Ононы Дэлүүн болдог, Хар зүрхний Хөх нуур тэргүүтэй бүх нэрийг тайлбарласан. Дэлүүн болдог гэхэд зарим судлаач Хэнтий аймгийн Дадал сумын нутагт бий гэдэг. Зарим нь Орос, Буриадын нутагт байдаг зэргээр олон таамаг дэвшүүлдэг.
Тэгэхээр үүн дээр бид судлагдсан байдлын тойм гаргаж, газар усны нэрсийг тайлбарласан. Харин түүхийн ойлголтуудын тухайд жишээ нь, их хуралдай гэдгээс эхлэн тайлбар хийсэн. Үүний тулд хуралдай гэдэг үг анх ямар сурвалжид хэрхэн дурдагдсанаас эхлээд яг юуг хэлэлцдэг байсан, бид юу гэж ойлгох ёстой зэргээр тал бүрээс нь тайлбарласан юм. Мөн “үтү дүрийн хүн” гэдгийг өмнөх үеийн судлаачид “урт дүрийн хүн” гэж бичдэг байсныг залруулсан. Тиймээс жирийн уншигчид тайлбартай танилцсанаар тухайн ойлголт ямар учиртайг мэдэх боломжтой.
-“Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар уншигчдын хүртээл болгох ямар давуу талтай вэ гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Бидний гол зорилго нь “Нууц товчоон”-ыг жирийн уншигчдад ойлгомжтой, хүртээмжтэй болгох байв. Үүнээс гадна судалгааны материал болгон ашиглах боломжтойгоороо онцлогтой. Энэхүү бүтээлийн жирийн уншигчдаас гадна “Нууц товчоон” судалдаг эрдэмтэд ч ашиглах боломжтой гэсэн үг. “Нууц товчоон” судалдаг эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг тусгасан гэсэн үг. Тайлбарлах, галигаар үлдсэн эхийг буулгах гол ажлыг Ш.Чоймаа багш хийсэн. Өмнө нь ч бас хөрвүүлж байсан юм. Түүнийг нь засаж сайжруулаад “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийнхээ гол нуруу болгон ашигласан. Харин бусад үг хэллэгийн тайлбарыг “Монголын нууц товчоон”-ыг олон жил судалсан эрдэмтэд хийлээ.
Манайхан Ц.Дамдинсүрэн гуайн “Нууц товчоо”-г сайн мэддэг. Тухайн бүтээл нь жирийн иргэдэд “Нууц товчоон” гэдэг иймэрхүү л бүтээл байдаг шүү гэдэг ерөнхий ойлголт өгсөн. Найруулга, үг хэллэгийн хувьд орчин үеийн шинжтэй, уран сайхны хөрвүүлэг гэхэд хилсдэхгүй. Тэр нь ч үүргээ биелүүлж хүн бүр “Нууц товчоон”-ыг мэддэг болсон. Гэтэл жинхэнэ “Нууц товчоон”-ы эх нь үүнээс арай өөр. Тиймээс уншигчид жинхэнэ “Нууц товчоон” ямар байдгийг бидний бүтээлээс мэдэж болно.
Хамгийн гол нь өнөөгийн уншигчдад ойлгомжгүй үг бүрийг орхилгүй тайлбарлахыг хичээсэн. “Монголын нууц товчоон”-д өнөөгийн бидний төдийлөн хэрэглэдэггүй, мэдэхгүй үг олон бий. Тиймээс тэдгээрийн тайлбарыг уншсанаар “Нууц товчоон”-ыг бүрэн ойлгох боломжтой. Жишээ нь, жирин гэдэг үг хоёр гэх утгыг илтгэдэг. Зөвхөн эмэгтэй хүн дээр хэрэглэдэг үг байж. Энэ нь хоёр, давхар гэсэн утгатайг өнөөгийн бидний мэддэг жир гэх язгууртай жич, жирэмсэн зэрэг үгээс мэдэж болно. “Абагай хааны хатад Өрбэй, Сохатай жирин” гэх мэтээр хэрэглэдэг байсан. Тэгэхээр монгол үг хэллэгийн тухай энэ мэт нарийн мэдээллийг тус бүтээлийг уншсанаар мэдэх боломжтой. Орчин үед залуус үгийн баялаг муутай, цөөн хэдхэн үг хэрэглэдэг болсон. Тиймээс дээр дурдсан шиг хуучны үг хэллэгийг мэдэж авах, үгийн язгуур гарлыг ойлгоход бидний бүтээл тусална.
-“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” нь “Нууц товчоон” судлалын хөгжлийг, тэр дундаа монгол эрдэмтдийн судалгааны түвшнийг илэрхийлэх гол бүтээл гэж ойлгож болох нь ээ?
-Мэдээж судалгааны өнөөгийн түвшнийг харуулах бүтээл мөн. Гэвч “Нууц товчоон”-ыг бүрэн судалж дуусаагүй. Энэ нь монголчуудын хувьд түүхийн сурвалж төдийгүй хэл, уран зохиол зэрэг асар олон зүйлийг мэдэх, ойлгох боломжтой эрдэнэсийн сан гэж хэлж болно. Тиймээс Ерөнхийлөгч ном хэлбэрээр хэвлэхээс гадна цахим орчинд үнэгүй байршуулах санаачилга гаргасан. Ингэснээр Esan.mn сайтад байршуулж, иргэд гадаад, дотоодоос цахим хэлбэрээр унших боломж бүрдүүлсэн. Мэдээж цахимаар олон хүн уншиж буй байх. Энэ бол Ерөнхийлөгчийн санаачилгаар хийсэн ажил учир хэн нэгэн өмчлөх шаардлагагүй, хүн болгонд хүртээмжтэй байх нь чухал.
Түүнчлэн бид уг бүтээлээ англиар орчуулж байгаа. Орчуулгын бүтээл ирэх зургаадугаар сард уншигчдын хүртээл болно. Бид орчуулга хийж эхлэхдээ хүндрэл харьцангуй бага гарах болов уу гэж бодсон ч үнэндээ бэрхшээл их тулгарлаа. Дэлхий дахинд англи хэлээр хэвлэж байсан “Нууц товчоон”-уудыг ч уншиж үзсэн. Тэдгээрт буй алдаа мадгийг ч заслаа. Ингэхдээ орчуулагчид мэдэхгүй, ойлгохгүй зүйлсээ бие биеэсээ хуулах үе ч байсныг анзаарсан. Тэгэхээр монгол эрдэмтэд бие дааж англи хэлээр орчуулсан, хамгийн олон оновчтой тайлбартай бүтээл болно гэж бодож байна.
-“Монголын нууц товчоон” нь нүүдэлчин ард түмний туульс. Эртний Грекийн “Илиада”, “Одиссей” гэх мэт хөлгөн туульстай эн зэрэгцэхүйц бүтээлд тооцогддог гэлцдэг шүү дээ. Тиймдээ ч дэлхийн 30 орны хэлээр хэвлэгдсэн байх.
-Монголчуудын түүх, соёл, хэл шинжлэл, уран зохиол, хууль цааз, эдийн засаг, аж ахуй зэрэг бүх салбарыг хамарсан эрдэнэсийн уурхай гэж хэлнэ. Энэ уурхай асар их мэдээллийг агуулдаг. “Нууц товчоон”-ыг зарим судлаач уран зохиолын дурсгал гэж үзэх нь бий. Харин түүхчдийн хувьд түүхийн сурвалж болдог. Гэвч гадаадын ижил төстэй түүхийн сурвалжуудтай харьцуулахад жижгэвтэр бүтээл. Гэхдээ яах аргагүй Монгол гүрний түүхийг судлах тулгуур гурван гол сурвалжийн нэг мөн. “Нууц товчоон”-ы нэг үг, өгүүлбэрийн ард маш гүн гүнзгий утга, агуулга байдаг. Тийм учраас “Нууц товчоон”-ы нууцыг тайлаад барахгүй гэж ярьдаг. Тэгэхээр тал бүрээс нь судалж, тайлбарлах боломжтой.
-“Монголын нууц товчоон”-ыг анх хэн хэдэн онд зохиосон нь тодорхойгүй гэдэг. Гэсэн ч түүхч эрдэмтэд олон янзын таамаглал дэвшүүлдэг байх аа?
-“Монголын нууц товчоон”-ыг хулгана жилд бичсэн гэдэг шүү дээ. Гэвч хэдэн оны, ямар хулгана жил гэдэг нь тодорхойгүй. Эрдэмтэд олон таамаглал дэвшүүлснээр олонх нь 1240 он гэдэгт санал нэгдсэн. Үүгээр баримжаалж бид тэгш ойнуудыг тэмдэглэдэг. Зохиогчийн хувьд ч олон таамаг бий ч одоо хүртэл тогтоогдоогүй. Ерөнхийдөө Чингис хаантай их ойр хүн бичсэн гэж үздэг. Учир нь маш нарийн үйл явдлуудыг мэддэг гэсэн үг. Зарим тохиолдолд бид, манай гэж дурдсан байдаг. Тэгэхээр тухайн үйл явдалд оролцож байсан хүн гэж таамагладаг. Онцлог нь монгол бичгээрээ бичигдсэн нь хадгалагдаж үлдээгүй. 1380-аад оны үед Монголын эзэнт гүрний ноёрхол унасан.
Үүний дараа Хятадад “Нууц товчоон”-ыг олж, хятад хүмүүс монгол хэл сурахдаа унших бичиг болгон ашиглаж байж. Тиймээс монгол үгийг хятад ханзаар галигласны дараа гол утгуудыг ерөнхийд нь багцалж тайлбарласан. Үг болгоны ард энэ нь хүний нэр, голын нэр гэх мэтээр тайлбарлаж, сурах бичиг болгож ашиглаж байсан учраас тайлж уншихад маш хэцүү. 1240 онд бичсэн гэж үзвэл 140 гаруй жилийн дараа хятад үсэг рүү галиглаж буулгажээ. Гэтэл түүнийг 800 гаруй жилийн тайлна гэдэг нь маш хүндрэлтэй.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн