“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-нд болох гэж буй. Үүнтэй холбогдуулан хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламтай марафонд оролцогчид бэлтгэлээ хэрхэн хангах, юунд илүү анхаарах шаардлагатай талаар ярилцлаа. Тэрбээр “Улаанбаатар марафон”-ы шүүгчдийн нэг юм.
-Тун удахгүй “Улаанбаатар марафон” болно. Та хэд дэх удаагаа шүүгчээр ажиллах гэж байна вэ?
-Дэлхийн томоохон хотууд өөрсдийн нэрийн хуудас болсон марафоныг тогтмол зохион байгуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд анхаарсан бүх нийтийн гүйлт юм. Зөвхөн иргэдийн эрүүл мэндийг бус, тухайн спортыг ч дэмжиж буй учир бидний зүгээс баярлууштай ханддаг. Марафоныг дотор нь хагас буюу 21, бүтэн буюу 42.95 км гэж ангилдаг. Харин 5-10 км-ийг нь бүх нийтийн эрүүл мэндийн гүйлт хэмээн нэрлэж болно. Эдгээрээс дээш зайг хэт холын гүйлт гэнэ. Дэлхийн хотуудад зохион байгуулдаг марафонууд голчлон42.95 км буюу олимпын спортын төрөлд орсон зайд болдог. Манайхны хувьд гүйхээл марафон гэж ойлгоод байдаг юм шиг санагдсан. “Улаанбаатар марафон”-ыг манай улс 2017 оноос хойш зохион байгуулж байна. Зөвхөн сонирхогчид бус, мэргэжлийн тамирчид ч өргөнөөр оролцдог. Би 2017 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа.
-Марафонд оролцогчид, ялангуяа сонирхогч иргэд бэлтгэлээ хэрхэн базаах талаар зөвлөнө үү?
-Мэдээж бэлтгэл сургуулилалт нэн чухал. Цаашид гүйлтээр хичээллэж, марафонд оролцох зорилготой бол нэг жилийн турш системтэй, тогтмол бэлтгэл хийснээр амжилт үзүүлэх боломжтой. Бэлдээгүй хэрнээ би 42 км-ийн зайдгүйж чадна гэж бодож оролцох нь учир дутагдалтай. Биеэсээ маш их эрдэс бодис алдаж, улмаар бэртэж гэмтэх эрсдэлтэй. Зөвхөн бие мах бод бус, сэтгэл зүйн хувьд ч гэмтэх магадлалтай. Гэнэт маш их ачаалал авснаар тухайн хүнд гүйх сэдэл төрөхгүй, харин би чадахгүй, гүйвэл өвдөх юм байна гэсэн сөрөг ойлголт төрж эхэлдэг. Тиймээс биеэ бага багаар дасгах нь чухал.
-Тэмцээн болоход 10 хоног л үлдээд байна. Энэ хугацаанд биеэ бэлдэж, дасгал сургуулилалт хийж амжих уу?
-Марафонд оролцохоор төлөвлөсөн бол гүйх гэж буй төрөлдөө тохирсон бэлтгэл хангах шаардлагатай. Дасгал хөдөлгөөн хийж биеэ бэлдэлгүйгээр марафонд гүйснээр булчин булрах, маргааш нь ажлын эрч хүч буурах эрсдэлтэй. Учир нь гэнэт огцом хөдөлгөөн хийсний дараа хүний бие их хэмжээний ачаалал авдаг. Таван км гүйхэд ойролцоогоор 30-40 минут шаардана. Энэ хугацаанд зүрхний цохилт тодорхой хэмжээнд өндөр байх учир бие ядарч, булчинд нөлөө үзүүлж, маргааш өглөө нь булраа болон өвддөг. Үүнээс урьдчилан сэргийлж долоо хоногт гурваас доошгүй удаа гүйж, биеэ дасгах нь зүйтэй гэж бодож байна.
-Эрүүл мэндийн хувьд марафонд оролцохыг хориглох заалт бий юү?
-Гүйхийг хориглосон заалттай, өвчтэй хүмүүс мэдээж оролцож болохгүй. Үүнээс гадна “Улаанбаатар марафон”-ы удирдамжид 55 хүртэлх насныхан оролцоно гэж заасан байдаг. Тиймээс өөрт тохирох ангиллыг сонгож оролцоорой гэж зөвлөе.
-Тэмцээнд оролцохоос өмнөх хооллолтын тухайд ямар дэглэм баримтлах нь зүйтэй вэ?
-Гүйхийн өмнө нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэж, уураглаг буюу махан төрлийн хүнсээ багасгах нь зүйтэй. Марафонд оролцохоос хоёр цагийн өмнөөс эхлэн хүнд хоолноос зайлс хийгээрэй. Гүйхээс өмнө хэт их хоол идэх нь амьсгаа өндөр байх, зүрх өвдөх, огих, бөөлжих зэрэг эрсдэлтэй. Харин хөнгөн өглөөний цай уух нь тохиромжтой. Тиймээс хоолоо зохицуулах нь маш чухал. Мөн гүйх явцад хэт их ус уух нь буруу. Анх удаа гүйж буй хүмүүс ам цангах мэдрэмж төрөх бүрд ус уугаад байдаг. Энэ нь цанх татахад хүргэдэг. Таван км зайд ус уухгүй гүйх нь зөв.
-“Улаанбаатар марафон”-д оролцох нь ямар давуу талтай вэ. Энэ тухайд та олон нийтэд юу гэж зөвлөх бол?
-Хүн өдөрт 5-10 мянга алхах хэрэгтэй гэж ДЭМБ-аас зөвлөдөг шүү дээ. Байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүс гүйснээр бодисын солилцоо эрчимжиж, зүрх, судасны үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Мөн гүйх нь аз жаргалын дааврыг ялгаруулдаг учраас ажлын бүтээмжид ч эерэг нөлөөтэй. Хүн ер нь байгалиасаа л гүйж харайж идэш, тэжээлээ олж иддэг байсан. Тиймээс гүйлт гэдэг бол хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх оновчтой арга мөн.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн