“Өнөөдөр”: -Та БОАЖ-ын сайдаар ажиллаад хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хожуу “багтсан” боловч салбартаа, нийгэмд дөнгүүр танигдсан сайд нарын нэгт тооцогддог. Үүнийг та юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Салбартаа зөв мөр үлдээх тухайд богинохон цаг хугацаа. Засгийн газрын үйл ажиллагаатай холбож үзнэ. Сайд, дарга ирэхэд төрийн ажил “явдаг”, эзгүйд зогсдог байдлыг халсан. Системийн дагуу ажлууд нь явагддаг, хөгждөг тогтвортой тогтолцоог салбартаа бий болгохыг зорьсон.
“Өдрийн сонин”: -Айхтар зуд болж өнгөрлөө. “Нэг ямаа, нэг жуулчин” хөтөлбөрийн хүрээнд жуулчдад бэлэглэсэн ямаа зудад эндсэн бол яах вэ. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү?
-Энэ бол жуулчныг малчны хотонд аваачиж, малчдыг орлогожуулах хөтөлбөр. Жуулчид манай улсад нүүдэлчин ахуй соёлтой танилцах гэж ирдэг. Тэр ахуй хөдөө, малчдад бий. Малчид үүнийгээ ашиглан мөнгө олох ёстой.
Нэг малчин “Хотонд минь байгаа хонинд хотод буй та санаа зовоод яах вэ. Энэ миний өмч. Яахаа би мэдье” гэж хэлж байлаа. Энэ бол малчдыг орлогожуулах хөтөлбөр. Жилдээ 10 сая төгрөг олж буй малчдын орлогыг багадаа 50 сая төгрөгөөр нэмэгдүүлэх ажил. Малчдыг орлоготой болгох нь нүүдэлчин ахуйгаа хамгаалах, газар нутгаа эзэнтэй байлгах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж. Нүүдэлчин соёл ахуй, зан заншил, уламжлал малчдад минь бий. Энэ тасралтгүй үргэлжлэх ёстой.
“Зууны мэдээ”: -Олон улсын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, ойлголт туйлын дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, бодлогын хэмжээнд анхаарах цогц асуудлыг хэр хэмжээнд хийсэн бэ?
-Өнгөрсөн өвлийн зуд турхныг бид мартаж болохгүй. 2050 он хүртэл Монголын агаарын температур дахиад 2.62, 2080 он гэхэд 6.2 хэмээр нэмэгдэнэ. Энэ бол дулааны улирлын хур тунадас буурах, хүйтний улиралд орох цасны хэмжээ өдөр бүрээр нэмэгдэх нөхцөл. Жил бүр их хэмжээний цас орно. Бид зудгүй өвөлжих тухай одооноос бодох, малчдаа орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Олон улсын уур амьсгалын арга хэмжээнд сэтгүүлчдийг түлхүү оролцуулж байгаа. Тэнд бүх нөхцөл байдлыг биеэрээ ойлгоосой гэж хүссэндээ тэр шүү дээ.
“Өнөөдөр”: -Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэл зохих,хоолойд тулсан олон асуудал бий. Эдгээрий гбодлогын түвшинд зангидаж, эрэмбэлж, шийдэх нөхцөлийг бүрдүүлэх нь сайдын ажил. Та өнгөрсөн хугацаанд ямар асуудлуудыг тэргүүн эгнээнд эрэмбэлж, шийдэхийг эрмэлзэв?
-Гудамжаа цэвэрлээгүй бол гэрээ хэчнээн цэмцийлгээд ч нэмэргүй. Үүний нэгэн адил энэ салбарын албан хаагчдын ажил, нийгмийн асуудлыг ойлгож шийдвэрлэхгүйгээр тулгамдсан бусад бэрхшээлийг шийдэж чадахгүй. Байгаль хамгаалагчид, цаг уурчдын цалин хангамжийг жишиг хэмжээнд буюу сумын өртөө харуул, техникчийн цалинг 2.4 сая төгрөгт хүргэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын салбар дан татвар төлөгчдийн мөнгөөр биш, өөрсдийн менежментээр орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх нөхцөл бий болгоход анхаарч ажиллалаа.
“Өдрийн сонин”: -Богдхан уулын дархан цаазат газрын хилийг дээшлүүлж, уулруугаа өгсүүлбэл яасан юм бэ. Зайсангийн ам зэрэг энэ том хотхонуудыг нураалтай нь биш, худал яриад жуулчны хотхон гээд байлтай нь биш. Мөн Богд уулаа нүхлээд Шинэ Зуунмод суурин байгуулна гэж байгаа. Энэ бүгдийг бодсон ч дархан газрын хилийг дээшлүүлсэн нь зөв байх.
-Үгүй. Богдхан дархан цаазат уул нь ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц”-д бүртгэгдсэн газар. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар үүнийг шийднэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хязгаарлалтын бүс гэсэн шинэ бүсчлэлийг бий болгохоор зорьж байгаа. Ингэснээр барилгажсан нийт талбайг татварын шинэ бодлоготой болгох, иргэдэд орон сууцаа өмчлөх, эдийн засгийн харилцаанд оруулах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Энэ бол эрх зүйн хүрээнд хийх ёстой шинэчлэлт. Асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломж.
“Зууны мэдээ”: -Манай улс байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийг бий болгох, хангах чиглэлээр олон улсын конвенц, хэлэлцээрүүдэд нэгдэж олон үүрэг, амлалт авсан. Байгаль орчны салбарт шаардлагатай хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх санхүүжилтийн механизмыг яаж бий болгож байна вэ?
-Бид бие даасан менежментийн тогтолцоог байгаль орчны салбарт бүрдүүлэхээр ажиллаж байна. Сая олон улсын TNC (The nature conservancy) байгууллагатай “Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулж, эхний ээлжийн 71 сая ам.доллар буюу 240 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлж чадлаа. Энэ бол 15 жил үргэлжлэх, нийт 198 сая ам.доллар буюу 600 гаруй тэрбум төгрөгийг байгаль орчны салбарт зарцуулах бие даасан төсөв юм. Байгаль орчны салбар бие даасан, тогтмол санхүүжилттэй байх ёстой. Эхлэл нь энэ.
“Өнөөдөр”: -Таныг ариун цэврийн байгууламж, хог хаягдлаас эхлээд оролцохгүй юмгүй, зарим үед хэт “хэнээрхэж” байна гэж шүүмжилдэг. Сайд том байх ёстой, бодлого ярих ёстой гэж сануулах хүмүүсч бий. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-“The Devil is in the details” гэж үг байдаг. Том байж бодлого гаргахад нарийн ширийн зүйлсээ орхигдуулж болохгүй. Сайд гэдэг бол сайн менежер гэсэн үг. Менежер хүн нарийн, жижиг зүйлсийг ч анхаарч ажиллах ёстой. Ингэж байж бүтээмж үр дүнтэй болно.
“Өдрийн сонин”: -Хөв цөөрөм байгуулахад мөнгө хуваарилж, олныг бий болгомоор байна. Эхлээд ядаж аймаг бүрд цас, борооны ус хуримтлуулах нэг томоохон хөв цөөрөм байгуулах боломжтой юу?
-Хөв цөөрмийг хэд хэдэн янзаар хийдэг. Дунджаар 300 орчим сая төгрөг зарцуулна. Энэ чиглэлийн ажлуудыг ээлж дараатай хийж байна. Өмнө дурдсан “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-д тулгуурлан ийм ажлууд хийхэд анхаарна. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 11 хөв цөөрөм байгуулсан. Мөн нуур, гол, мөрнүүдийг бохирдлоос салгах, цутгал, тэжээлийг нь цэвэрлэх, сувгийг нь өргөсгөх чиглэлээр багагүй ажил хийгээд байна.
“Зууны мэдээ”: -Байгаль орчны үнэлгээний асуудал бий. Жишээлбэл, үйлчилгээний салбарын нэг компани үнэлгээгээ хийлгэж чадахгүй 2-3 жил болж байхад уул уурхайн компанийнх хоёр сарын дотор гарч байна. Энэ мэтээр бизнесийг боомилж олон жил ужгирч ирсэн ямар асуудлуудыг өөрчилж шинэчлэв?
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үнэлгээг орон нутгийн Иргэдийн нийтийн хурлаар заавал оруулж, зөвшөөрөл авч байж батлуулдаг. Энэ нь үйл явцыг удаашруулдаг юм. Мөн нарийвчилсан үнэлгээтэй хамт менежментийн төлөвлөгөөг таван жилээр баталдаг мөртлөө жил бүр дахиад батлуулахыг шаарддаг. Мөн бэлэн мөнгө байршуулдаг зэрэг олон асуудлыг энэ хуулиар нэгмөсөн шийдэхээр тусгасан. УИХ-аас үүнийг батлахад бүгд хялбаршина. Өмнө нь сард нэг удаа хуралдах тушаалтай байсан бол одоо долоо хоног бүр хуралдахаар болгож өөрчилсөн.
“Өнөөдөр”:- Таныг сайдаар томилогдох үед олон салбар цар тахлаас улбаатай хямралд өртсөн, нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, Монгол Улс жуулчдад хилээч бүрэн нээгээгүй байсан шүү дээ. Энэ үүднээсээ илүү хариуцлагатай, зоримог ажиллах сонголт тулгарсан гэж хардаг. БОАЖ-ын сайдаар ажиллахдаа ямар бодлого, зарчим баримталж ирэв?
-Аялал жуулчлалын салбар тэрбум ам.доллар давсан борлуулалт хийсэн Монгол Улсын хоёр дахь салбар болсон. Агаарын тээврийн либералчлал, визийн чөлөөлөлтүүд, Монгол Улсыг сурталчлах олон улсын арга хэмжээ гээд олон ажлыг бид хийсэн. Татварын ялгамжтай бодлого буюу аялал жуулчлалын бүсэд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад хамгийн таатай орчныг Засгийн газраас бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцалтгүй тусламж, газар олголт, чөлөөт бүсийн адил орчин.
Гудамжаа цэвэрлээгүй бол гэрээ хэчнээн цэмцийлгээд ч нэмэргүй. Үүний нэгэн адил энэ салбарын албан хаагчдын ажил, нийгмийн асуудлыг ойлгож шийдвэрлэхгүйгээр тулгамдсан бусад бэрхшээлийг шийдэж чадахгүй. Байгаль хамгаалагчид, цагуурчдын цалин хангамжийг жишиг хэмжээнд буюу сумын өртөө харуул, техникчийн цалинг 2.4 сая төгрөгт хүргэсэн.
“Өдрийн сонин”: -Гэр хорооллын айл бүр хашаандаа гурван мод таривал агаар, орчны бохирдол багасна гэдэг. Ийм хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна.
-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр байна. Өрх бүр жимсний мод тарьснаар орлогожих боломж бий. Нөгөө талдаа олон улсын хүлэмжийн хийн зах зээлээс жил бүр доллар “авах” боломж ч буй. БОАЖЯ олон улсын зах зээлээс бэлчээрийн ашиглалт, даацыг тэнцвэртэй байлгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд жилдээ 2.6 тэрбум төгрөг авч, малчдад олгоод эхэлчихсэн. Одоо бид тарьсан мод бүрийг доллароор үнэлж, урамшуулал олгох ажлыг хийх гэж байна. Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Монгол Улс зөвхөн ойн сангаасаа жилдээ 877 мянгаас 1.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Тиймээс энэ мөнгийг хүлэмжийн хийн зах зээлээс оруулж ирж, аймаг бүрд байх ойн санд хуваарилан, орон нутагт амьдарч буй иргэдийг орлогожуулж, хашаанд тарьсан мод болгоныг нь бүртгэлжүүлж, өрх бүрийг орлогожуулна.
“Зууны мэдээ”: -Монголчуудын хамгийн их бухимддаг утааны асуудал таны эрхлэх ажлын хүрээнд байдаг. Зөвхөн нийслэл гэлтгүй аймгуудын утаа анхаарал татах болсон. Утааг бууруулахад ямар ахиц дэвшил гаргав?
-Утаа бол манай эрхлэх асуудал биш. Засгийн газрын тухай хуулиар бүх яам, сайд нарт үүнийг хариуцуулсан байдаг. Утаа бол дулаан үйлдвэрлэлийн үр дагавар. Дулаан үйлдвэрлэл бол эрчим хүчний асуудал. Манай яаманд шахмал түлш, нүүрс, технологийн үйлдвэрүүд байдаггүй. Бид хяналтаа сайн тавьж, стандартын хэрэгжилтэд анхаарах үүрэг хүлээдэг.
“Өнөөдөр”: -Байгаль орчны салбар шийдэх асуудал олонтойн дээр эрх ашгаас үүдэлтэй зөрчил, тэмцэл ихтэй салбар. Тиймээс сайд нарыг элдэв шүүмжлэл, хэл ам байнга дагадаг. Тусгай зориулалтын ан, газар олголт, уул уурхай гээд далд эрх ашиг ихтэй асуудлуудтай холбоотой ямарваа нэгэн шийдвэр гаргах нь сайд нарын хувьд өөр дээрээ “гал дуудахтай” ижил байдаг. Та бугшмал, олон талын эрх ашигт “хүлэгдсэн” асуудлуудын гүнд орж, нүүр тулж ажиллаж чадсан уу?
-Чадсан гэж шууд хэлнэ. Бидний удирдлагын баг ажиллаж эхлэх үед манай салбарт авлига үүрлэсэн гэдэг байлаа. Бид шинэлэг олон ажил хийсэн. Авлигатай тэмцэх газрын комиссарыг дэргэдээ авчирч, авлигатай газар дээр нь тэмцэж эхэлсэн. Манай яам 24 тусгай зөвшөөрөл олгодог. Эдгээрийг бүгдийг нь хүнээс хараат бус болгож цахимжуулсан. Мөн нээлттэй ажлын байр буюу “Open office” санаачилгыг хэрэгжүүлснээр тусдаа суудаг байсан дарга нар нийт албан хаагчидтай нэг том өрөөнд ажилладаг болж байнгын хяналт бий болсон.
“Өдрийн сонин”: -Жил бүр мод тарьдаг. Тарьсан моднуудын ургалт ямар байна. Энэ талын судалгаа бий юү?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод ургуулж, жилдээ 62 орчим сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, 12.1 тн үрийн нөөцтэй болсон. Энэ үрийн нөөцөөр бид 283 сая ширхэг мод тарьж болно. Говийн бүсэд тарьсан модны ургалт 85-92, хангайнх 97-99, хээрийнх 95 орчим хувьтай байгаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол мод тарихаас гадна хүлэмжийн хийн зах зээлээс тэрбум доллар татаж, эдийн засгийн эргэлтийг бий болгох томоохон хөтөлбөр.
“Зууны мэдээ”: -Нэлээд шүүмжлүүлдэг сайд нарын нэг нь та. Ер нь салбарын хэмжээнд үр дүнтэй ажиллах, бодит ахиц дэвшил гаргахад улс төрийн болоод өөр ямар нэг байдлаар саад бэрхшээл гарав уу. Өөрчилж шинэчлэх итгэл үнэмшил төрөв үү?
-Авлигаас салах ёстой. Хуучин тогтолцоог өөрчлөх нь их хэцүү. Тухайлбал, тусгай зориулалтаар ан амьтан агнах, зөвшөөрөл олгох эрхийг аймгуудад шилжүүлж, цахимаар дуудлага худалдаа зохион байгуулж эхэлсэн. Хэн нэгний халаасанд жил бүр, зүгээр л хэвтэж байхад нь ороод ирдэг байсан мөнгийг ийм зохицуулалтаар алга болгочихоор мэдээж уурлана. Мөн газрын наймааны асуудал байна. Тусгай хамгаалалтад байгаа газруудыг ерөнхий төлөвлөгөөгүй, төлөвлөлтгүй олгож ирсэн. Үүнийг зогсоож, цуцалсан. Авлигаар авсан газрыг нь нэг сайд гарч ирээд цуцалчихаар мөн л уурлана. Бүгдийг цахимжуулж, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд оруулаад, бүх мэдээллийг ил тод болгочихоор бас л бухимдана. Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд “өвдөлт” мэдрүүлэхээс өөр арга байхгүй. Хэцүү байсан ч бид хийх ёстой. Сайд бол хувийн биш, нийтийн төлөө ажилладаг хүн.
“Өнөөдөр”: -Манай улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 650 гаруй мянган жуулчин хүлээн авлаа. Энэ онд жуулчны тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор ямар ажлууд хийв, юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хоёр асуудал бий. Манай улс олон улсын нислэг хүлээж авдаг ганцхан нисэх буудалтай. Тиймээс менежментийг нь сайжруулах ёстой. Мөн Улаанбаатар хотын олон улсын жуулчин хүлээж авах зочид буудлуудын нэг өдрийн даац буюу нийт орны тоо 4000. Энэ орны тоогоор өдөр бүр жуулчин авахад жилд дунджаар 1.4 сая гадаадын аялагч угтан авах боломжтой гэсэн үг. Гэтэл эдгээрт дотоодын аялагч, жуулчид бас буух ёстой. Яг одоогийн энэ даацтайгаар бид нэг сая жуулчин хүлээж авах боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотод өдөртөө 10 мянган жуулчин хүлээж авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Ингэж байж л нэг сая жуулчин авна.