Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого, чиглэл, удирдлагын шийдвэр, иргэдийн сонгон шалгаруулалтын шаардлага, цаашдын үйл ажиллагааны талаар ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Та ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдоод удаагүй байна. Цагдаагийн байгууллагын төв аппаратад анх удаа эмэгтэй хүн энэ албан тушаалд томилогдов уу?
-Би цагдаагийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. 1999 онд Цагдаагийн академид элсэж, сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч гэх албан тушаалын томилолт өвөртөлж, ажлын гараагаа тэндээс эхлүүлсэн. Эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хүний нөөц хариуцсан ахлах, чиглэлийн ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалдаа томилогдлоо. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, ажил, албан тушаалд томилуулах, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нь дээшлүүлэх үүрэгтэй, хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалд анхны эмэгтэй даргаар томилогдсондоо баяртай байна.
-Албаны хүний нөөцийг хэрхэн бэхжүүлж байгаа вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын хамгаалалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах алба хаагч нь тусгайлсан шаардлага, шалгуурыг хангасан, мэргэшсэн байхыг шаарддаг. ЦЕГ-ын даргын 2020 оны А/199 дүгээр тушаалаар Хүний нөөцийн бодлогын баримт бичиг, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/19 дүгээр тушаалаар Дотоодын цэргийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг баталсныг өдгөө мөрдөн ажиллаж байна. Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас жил бүр дэвшүүлсэн зорилтод алба хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа, эрүүл мэнд нийгмийн баталгааны талаар тусгадаг. Энэ онд “Алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалж, нийгмийн баталгааг хангана” гэх зорилт дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд ажил хэрэгжүүлж байгаа.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэдийг хэрхэн сонгодог бол?
-Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журмыг ЦЕГ-ын даргын 2023 оны А/80, Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журмыг дотоодын цэргийн командлагчийн 2024 оны А/01 тушаалаар шинэчлэн батлуулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж, томилох нөхцөл бүрдүүлсэн. Цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны албан тушаалд 30 хүртэл насны, мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардах албан тушаалд 35 хүртэл настай, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас халагдаж, чөлөөлөгдөөд эргэж орох хүсэлт гаргасан иргэн 40 хүртэлх насны, эрэгтэй бол биеийн өндөр 170, эмэгтэй бол 165 см болон түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй хүнийг сонгоно.
Мөн монгол хэл, бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй, сэтгэл зүй, бие бялдрын хувьд эрүүл, ёс зүйтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэнийг цагдаа, хамгаалалтын ажилтан мэргэжил олгох сургалтад элсүүлдэг. Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмаар төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Тиймээс шалгалтыг тус журамд заасны дагуу зохион байгуулдаг юм. Офицерын албан тушаалын хувьд цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их сургууль төгссөн сонсогчдыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд цолны албан тушаалд томилно.
Үүнээс гадна бага цолны албан тушаалд ажиллаж, албан тушаал шатлан дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас нөхөх зохицуулалттай. Энэ онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор таван удаа сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс хоёр удаагийн сонгон шалгаруулалтаар 277 иргэнийг нөөцөд бүртгэж, 164-ийг нь ДХИС-ийн ахлагчийн МСҮТ-д цагдаа, цагдаа жолооч, хамгаалалтын ажилтан мэргэжил олгох сургалтад хамруулаад байна.
-Сонгон шалгаруулж байгаа систем нь оновчтой юу?
-Дээр хэлсэнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын хамгаалалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс эрүүл мэнд, бие бялдар эрүүл чийрэг, сэтгэл зүйн хувьд үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжтай байхыг шаарддаг учир тусгай шалгалт зохион байгуулж сонгон шалгаруулж авдаг систем оновчтой гэж хэлмээр байна.
-Цагдаагийн байгууллагад ажиллах иргэдийг өмнө нь олон сар дадлага хийлгэж, тухайн хүнээ таньж, судалдаг байсан. Одоо хэвээрээ юү?
-Төрийн албаны тухай хуулийн 23.1-т “Төрийн тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно” гэж заасан. Цагдаа, дотоодын байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журмыг шинэчлэн баталж, алба хаагчдыг ажилд нь богино хугацаанд сургах, дасан зохицуулах, алдаа, дутагдал гаргуулахгүй байх, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгоор дасан зохицох хөтөлбөрт хамруулдаг. Хөтөлбөрт хамрагдсанаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, өдөр тутам мэдвэл зохих зүйлс, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх мэдлэг, дадлыг олж авдаг. Мөн ДХИС-ийн ахлагчийн МСҮТ-д сургалтад хамрагдаж байгаа иргэдийг практикт дадлага хийлгэдэг.
-Алба хаагчид мэргэших, мэргэжил эзэмшихэд хэрхэн анхаарч байна вэ?
-Хууль сахиулах салбарын бодлого, чиглэл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, удирдах ажилтан, алба хаагчдын давтан болон ур чадварын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байна. Энэ жил 129 удаагийн сургалтад 9452 алба хаагч хамруулахаар төлөвлөсөн. Мөн алба хаагчийг ажлын байранд нь дадлагажуулах сургалтыг ажлын цагийг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулах, багц сургалтын системийг нэвтрүүлж, алба хаагч өөрийгөө хөгжүүлэх, чадамжийн үнэлгээнд суурилсан тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Хүний нөөцөө тогтвор суурьшилтай байлгах чиглэлээр ямар бодлого баримталж буй бол?
-Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд тэдний нийгмийн баталгааг хангах ёстой. Тиймээс алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг батлуулж, цалинг нь үе шаттай нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах, орон сууцын урьдчилгаа олгох, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, гадаадад сургалтад хамруулах зэрэг ажлыг хийдэг. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуульд аймгийн төвөөс бусад сумд томилогдсон алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах, мөн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох зэрэг зохицуулалт тусгасан. Мөн алба хаагч, байгууллагын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах “Цаг даа, дотоодын цэргийн байгууллагад алба хаах гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг баталж, алба хаагчидтай гэрээ байгуулж хэвшсэн. Гэрээ байгуулах нь байгууллага, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад чухал нөлөөтэй.
-Алба хаагчид мерит зарчмаар шатлан дэвшихэд ахлагч бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, нөхөн хангалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Төрийн албаны, Цагдаагийн албаны, Хөдөлмөрийн тухай хууль, “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, “Дотоодын цэргийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам болон эрх зүйн бусад актын дагуу байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг аль болох оновчтой тодорхойлж, бүрдүүлэх, чадавхыг дээшлүүлэхэд анхаарч, томилолт, шилжилт хөдөлгөөн хийж байна. Алба хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн, чадахуйн зарчим (мерит)-д тулгуурлан албан тушаал шатлан дэвшүүлдэг.
Мөн мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, нээлттэй сонгон шалгаруулах замаар албан тушаалд томилох, төрөөс баримталж буй бодлогод нийцүүлэх, алба хаагчийн албан тушаал шат дараалан шударгаар ахих бололцоог олгох, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах бодлого баримталж ажилладаг. ЦЕГ-ын удирдлага хүний нөөцийн бүх асуудалд хууль, журмын дагуу шатлан дэвших зарчмыг баримтлан шийдвэрээ гаргаж байна. Цагдаагийн байгууллагын нөөцийн жагсаалт нь офицерын, ахлахын, чиглэлийн ахлах, тасаг, хэсгийн даргын, газар, хэлтсийн даргын, албаны даргын зэрэг төрөлтэй. Энэ онд ахлагчаас офицерын албан тушаалд дэвшүүлэх нөөцөд 248 алба хаагчийг бүртгэснээс 85 буюу 34.3 хувийг дэвшүүлэн томилоод байгаа. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт 90.4 хувьтай байгаа нь хэвийн үйл ажиллагааг хангах боломжтой үзүүлэлт гэж болно.
-Сүүлийн үед алба хаагчийг удирдах албан тушаалд томилохдоо сонгон шалгаруулалт зарладаг болсон байх аа?
-Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журамд заасны дагуу удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулж байна. Энэ онд удирдах албан тушаалын 37 сул орон тоонд долоон удаа сонгон шалгаруулалт явуулсан. Үүнд 96 алба хаагч оролцсон. Хамгийн өндөр оноо авсан алба хаагчдыг дэвшүүлэн томилуулж байгаа.
-Танай байгууллагын хүний нөөцөд тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Байгууллага бүрийн тогтвортой хөгжлийн амин чухал үзүүлэлтийн нэг нь хүний нөөцийн зөв бодлого. Иймээс хүний нөөцийг хөгжүүлэх, бодлогодоо томоохон шинэчлэлүүд хийх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа. Хүний нөөцийн хувьд өндөр мэдлэг, чадвартай байхаас гадна хүний хөгжлийн гол суурь чадвар болох зөв хандлага, харилцаа чухал. Өнөөгийн залуус юу хүсэж, юунд тэмүүлж, ажлын ямар орчин, хөгжих боломж хайж байгааг мэдэрч, түүнд тулгуурласан бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх нь чухал. Иймээс бид цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа хүний нөөцийн бодлого, алба хаагчаа бэлтгэж буй байдал, үр дүн, бүтэц, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчны нийцлийг судалсны үндсэн дээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” НҮТББ-тай гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээ авсан.
Дээрх байгууллагаас манайд өгсөн найман зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн олон улсын стандартын байгууллагаас гаргасан хүний нөөцийн менежментийн ISO 30400-30406 багц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр судалж буй. Уг стандартыг байгууллагадаа нэвтрүүлснээр хүний нөөцийн зөв, тогтвортой менежменттэй болох, ажиллах хүчийг төлөвлөхөөс эхлээд бүрдүүлэх, тогтвортой ажил эрхлэлт, зөв засаглал, карьер хөгжил зэрэг нэгдсэн системтэй үйл явц бий болгоно. Ингэснээр байгууллагын нэр хүнд өсөж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох зэрэг олон үр дүн гардаг юм билээ.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрэг, зөрчилд холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдол цөөнгүй гарлаа. Алба хаагчид яагаад хэрэг, зөрчилд орооцолдоод байгааг судалдаг уу?
-Түрүүн хэлсэнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллага бол төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Тиймээс хуулийг дээдэлж, захирах, захирагдах ёсыг хэлбэрэлтгүй баримтлан, бие биедээ зарчимч шаардлага тавьж ажилладаг. Алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалтгаан нөхцөлийг арилгах чиг үүрэгтэй Дотоод хяналт-Аюулгүй байдлын нэгж бий. Энэ нэгж дотоодын хяналтаар болон иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл бүрийг бүртгэн, хяналтдаа авч шалган, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг. Гомдол мэдээлэлд дурдсан асуудал бодитой нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцож, тохирсон шийтгэл ногдуулна. Мөн алба хаагч, ажилтны сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар сахилга, ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө”, “Зөв хэвшил, хандлага”, “Өнгө нэмцгээе” “Алба хаагч таны төлөө” зэрэг соён гэгээрүүлэх, ухуулга, нөлөөллийн аян, болзолт уралдаан зэргийг тогтмол зохион байгуулж байна.