Сүхбаатар дүүрэгт оршин суудаг нэгэн иргэн манай сонинд хандлаа. Хүн амын судалгааны төв гэх байгууллагынхан иргэдийн хувийн мэдээллийг нягтлан шалгаж байгааг тэрбээр хэлэв. Тухайн иргэн “Хүн амын судалгааны төв гэдэг байгууллагын ажилтан утсаар холбогдож, “Та энэ хаягтаа оршин сууж байгаа юу” гэж асуулаа. Хаана байрладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага яах гэж иргэний хувийн мэдээллийг сонирхоод байгааг нь лавлахад хариу хэлэлгүй утсаа тасалсан. Яагаад ийм байгууллага хүний хувийн мэдээллийг авчихсан байгаа төдийгүй үүнийгээ нягтлах гэж иргэд рүү утастан асууж буйг ойлгохгүй байна” гэж ярьсан юм.
Тухайн иргэний гэр бүлийн хүн 990117... дугаарын утас руу залгаж, ямар зорилгоор мэдээлэл цуглуулаад буйг нь лавлажээ. Гэтэл “Манайх Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-тай хамтран ажилладаг байгууллага. Бид судалгааны мэдээлэл цуглуулж байгаа юм. Бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй хэрнээ шилжилт хөдөлгөөн хийлгээгүй хүн цөөнгүй байдаг. Бас шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хэрнээ өмнөх хаягаасаа нэрээ хасуулаагүй хүн ч олон. Тэдгээрийг тодруулж, бүртгэлийн асуудлыг нь цэгцлэх зорилгоор иргэдтэй холбогдож байна” гэж хариулжээ.
Гэвч УБЕГ-ынхан ийм нэртэй төвтэй хамтран ажилладаггүй гэв. “Иргэдийн бүртгэл, мэдээлэл улсын бүртгэлийн байгууллагад бий шүү дээ. Манайх өөрт байгаа мэдээллээ иргэнээс дахин авахын тулд судалгааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагагүй. Тэгээд ч манайх судалгаа хийх үүрэггүй. Тиймээс Хүн амын судалгааны төв гэх байгууллага нь УБЕГ-ын нэрийг барьж, хууль бус бүртгэл явуулж байна гэж ойлголоо. Улсын бүртгэлийн байгууллага иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг хөндлөнгийн этгээдтэй хамтран бүртгэдэггүй. Шилжилт хөдөлгөөн хийсэн даруйд, тухай бүрд нь системдээ оруулаад явдаг” гэсэн мэдээллийг тус газрынхан өгөв. Тэгэхээр дээрх иргэний хувийн мэдээллийг Хүн амын судалгааны төв гэх байгууллага хаанаас авсан байж болох вэ. Бидний мэдээллийг төрийн байгууллагууд найдвартай хадгалж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрж байна.
Дээр дурдсан Хүн амын судалгааны төв гэх байгууллага ямар үйл ажиллагаа явуулдгийг тодруулахаар интернэтээс хайж үзлээ. Гэвч тийм байгууллагын мэдээлэл огт олдсонгүй. Бас УБЕГ-ын харьяа, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим систем болох opendata.burtgel.gov.mn сайтад ч байсангүй. Тэгэхээр хаана ч байхгүй байгууллагын нэрийг барьсан хэн нэгэн иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж, ирэх сонгуулийн үеэр ашиглан, улмаар санал өгөхөд нь нөлөөлөх оролдлого хийж болзошгүй гэж хардахад хүргэж байна.
Уг нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд нь түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, нээлттэй өгөгдөл, статистикийн мэдээлэл бэлтгэхээс бусад зорилгоор иргэний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглодог. Үүнийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан билээ.
Сонгууль дөхсөн үед ийм маягаар иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, цаашлаад сонгох эрхэд нь халдах гэсэн оролдлого гаардаг. Өнгөрсөн сонгуулиудын өмнө ч иргэдийн гэрийн хаяг, регистрийн дугаар, гэр бүлийн гишүүдийн тоо зэрэг хувийн мэдээллийг нь цуглуулж байна гэх зөрчил гардаг л байсан. Манай сонинд хандсан иргэн ч дөрвөн жилийн өмнөх сонгуулийн үеэр ийм “санал асуулга”-тай тулгарч байснаа ярьсан юм. Улмаар санал өгөх өдөр ч утастан, сонгох эрхэд нь нөлөөлөх оролдлого хийж байсан гэнэ. Иргэдийг ийнхүү “тандсанаар” сонгуулийн үеэр тэдний саналыг худалдан авч болох, эсэхийг “шалгаж” буй бололтой.
Дээрх иргэний мэдээллээс үзвэл УИХ-ын ээлжит сонгуулийг угтсан “тандах” ажиллагаа хэдийн эхэлжээ. Тиймээс сэжигтэй этгээдүүд утсаар яривал иргэд хувийн мэдээллээ хуваалцахгүй байх нь зүйтэй. Интернэт хөгжсөн энэ үед цахим платформ руу нэвтрээд өөрийн мэдээллээ нягтлаад байх боломжтой юм. Хэн нэгэн этгээд таны мэдээллийг “хулгайлж”, түүнийгээ баталгаажуулах гэж санаархах нь хууль бус үйлдэл тул ийм тохиолдолтой тулгарвал цагдаагийн байгууллагад хандахыг УБЕГ-ынхан зөвлөлөө. Тэгэхээр цагдаагийн байгууллагынханд ч энэ мэт зөрчилтэй тэмцэх шаардлага тулгарч байна гэсэн үг.
Ташрамд дурдахад, та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй, эсэхээ, мөн танай хаягт өөр хэн нэгэн хамт “амьдарч” байх вий гэдгийг УБЕГ-ын election.burtgel.gov.mn цахим хуудаснаас шалгаж болох нь. 2024 оны ээлжит сонгууль эхлэх гэж буйтай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс түр хугацаанд зогсооно. Түүнээс өмнө шилжилт хөдөлгөөн хийхээр бол “E-Mongolia” системд хандах аж. Өөрөөр хэлбэл, шилжилт хөдөлгөөнийг хэн нэгэн хүн, байгууллагын оролцоогүйгээр дээрх системээр дамжуулан хийдэг болжээ.
Бэлтгэсэн: М.Оч