Шаргаморьтын дугуйн зам үерт автаж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засах, шинээр барих ажлыг нийслэлийн ЗДТГ-аас 2022 оноос эхлүүлсэн байдаг. Үүний хүрээнд хэд хэдэн байршилд дугуйн зам барих ажил хэрэгжүүлсэн билээ. Тэдгээрийн нэг нь Долоон буудлаас Шаргаморьт хүртэлх 9.7 км дугуйн зам. Энэхүү замыг барьж дуусаад удаагүй байж. Гэтэл ашиглаж амжаагүй байтал “тар”-аа таниулж, шар усны үерт урссаныг тухайн хэсэгт оршин суудаг иргэд хэлж байлаа. Ийм чанаргүй замыг ямар компани барьж, аль байгууллагынхан хүлээн авсныг холбогдох байгууллагынхнаас тодрууллахыг хүссэн боловч хариулт өгсөнгүй. Асуудал гарахаар л холбогдох эзэн, хариуцах хүнгүй болчихдог явдал энэ замыг ч тойрсонгүй. Бариад удаагүй байж шар усны үерт урссан замыг хэн хариуцах вэ.
Бэлтгэсэн А.Үүл