“Би хоёр хүүтэй. Эмэгтэй хүнийг хүндэл, цохиж, гар хүрч болохгүй гэж хөвгүүдээ сургаж хүмүүжүүлдэг. Гэтэл охид хөвгүүдийн биед хамаагүй хүрч, цохих, доромжлох тохиолдол их ажиглагдах боллоо. Саяхан автобусанд дунд сургуулийн бололтой 13-14 насны охид, хөвгүүд сууж явсан юм. Охид хоорондоо инээлдэж байгаад нэг хүүгийн дагз руу цохичихлоо. Хүү “Ёо ёо, болиоч” гэтэл дахиад хэд хэд цохиод авах юм. Би ч тэсэлгүй “Болиоч чи” гэтэл “Тоглож байна шүү дээ, балай юм уу” гээд муухай хараад өөдөөс хэдэрлээд байсан. Охид арай л дээрэнгүй байна. Тэдний хүмүүжилд анхаарах хэрэгтэй” гэж нэгэн ээж цахим орчинд бичсэн байв. Энэ мэдээллийн доор “Манай хүү ангийнхаа охидод зодуулдаг, хөвгүүд ч гэсэн хүний эрхэм нандин үр. Хайрлаж, энхрийлж өсгөдөг юм. Охид архи ууж, тамхи татаж, танхайрах, хараалын үг урсгах зэргээр зүй зохисгүй авирлах боллоо. Манай зээ хүүгийн толгой руу ангийнх нь нэг охин байнга цохидог гэсэн” гэх мэт сэтгэгдэл хөвөрч байлаа.
Охидтой холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед сонсогдох болсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид нэгнээ дээрэлхэх, зодох, танхайрах тохиолдол ч цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 10-нд Сонгинохайрхан дүүрэгт 15 настай хүүхдийг 15-17 насны гурван охин нийлж, зодож байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Түүнчлэн бага ангийн охид хөвгүүдийг элдвээр хэлэх, шоглох, дэвтэр номон дээр нь эрээчих, хувцсыг нь хайчлах, толгой руу нь цохих, өшиглөх явдал цөөнгүй гарах болсныг сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хэлсэн юм. Элдэв дарамтад өртсөн хүүхэд бие махбодын төдийгүй сэтгэл зүйн хувьд гэмтэж, үүнээсээ болж буруу зүйл хийх тохиолдол гардаг байна.
Тиймээс сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дотно яриа өрнүүлэх, мэргэжлийн арга зүйн туслалцаа хамгийн эрэлттэй байсан учир ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн билээ. Сурагчдын дунд нийтлэг ямар асуудал байгаа талаар хэд хэдэн сургуулийн сэтгэл зүйчээс тодрууллаа. Эдгээр асуудал нь хүүхдийн хувийн нууцтай холбоотой тул сэтгэл зүйчид сургууль болон нэрээ хэлэхээс татгалзсан юм. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчид жилд 100 гаруй хүүхэд хандаж, тулгамдсан асуудлаа ярьж, зөвлөгөө авчээ. Мөн сурагчдад зориулсан 200 орчим уулзалт хийсэн байна. Тэдний гол асуудал нь өөрийгөө танин мэдэх, ойлгох, үе тэнгийнхний дундах харилцаа, гэр бүлийнхэнтэй нь холбоотой байж. Сэтгэл зүйчид хандсан сурагчдын 80 хувь нь охид байжээ. Харин хөвгүүд ихэвчлэн зан үйлтэй холбоотой асуудлаар ханддаг байна.
Хөвгүүд илүү логик сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө анзаардаггүй аж. Ерөнхийдөө 1-7 дугаар анги хүртэл охид хөвгүүд рүү халдах, дээрэлхэх тохиолдол багагүй гардаг байна. Охид илүү дээрэнгүй, түрэмгий байна, ингэж болохгүй гэдгийг ойлгуулж өгөөч гэж эцэг, эхчүүд сургуулийн сэтгэл зүйчид хандах тохиолдол нэлээд байдаг гэнэ. Өөр нэг сургуулийн сэтгэл зүйч үе тэнгийнхний дээрэлхэлт жендерийн ялгаанаас илүү гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой гэв. Тодруулбал, гэр бүлийн харилцаа, уур бухимдал, салалт, үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт, цуу яриа, нэгнээ муулах, муудалцах, зөрчилдөөний талаар хүүхдүүд сэтгэл зүйчид ханддаг байна. Мөн тэрбээр “Бүх охин хөвгүүдийг дээрэлхдэг гэж ойлгож болохгүй. Зарим охин хөвгүүдийг дээрэлхэх, гадуурах тохиолдол байдаг. Энэ нь гэр бүлийн суурь хүмүүжилтэй холбоотой бөгөөд үүнийгээ хэрхэн илэрхийлж байна гэдгээс дээрэлхэх явдал гардаг. Хөвгүүд охидыг биш, нэгнээ дээрэлхэх нь түгээмэл. Тэгвэл охид хөвгүүдийг дээрэлхэх нь цөөнгүй. Мөн охидын тухайд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй бусдыг цохих, дээрэлхэх, хараах, цахим орчинд гадуурхах зэрэг хүчтэй байдлаар илэрдэг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн суурь хэрэгцээг хэрхэн хангаж буйтай холбоотой. Хүйсийн тухайд сэтгэл зүйн ялгаатай байдал гэхээс илүү хүүхэд, хүн гэсэн үүднээс хандах нь чухал” гэж ярьсан.
Манайд хүүхдийн хүмүүжилд жендерийн хэвшмэл ойлголт их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхэд уйлж, сул дорой байж болохгүй, хатуужилтай бай гэх зэргээр сургаж ирсэн нь хөвгүүд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэггүй, уур бухимдлаа зохистой гаргаж чаддаггүйтэй холбоотой гэж сэтгэл зүйчид үздэг. Үүний зэрэгцээ охидыг “Эмэгтэй байж ингэж болохгүй, тэгэх хэрэггүй” гэж хэтэрхий хорьж цагдан өөрийнхөө хүслээр байлгах гэж зүтгэдэг нь эргээд “хүмүүжилгүй охид”-ыг бий болгодог гэх. Нөгөө талаас эмэгтэйчүүдийг багаас нь хайрлуулах л гэж төрсөн хэмээгээд хатан хаан мэт өргөмжилж, хүүгээсээ илүү эрхлүүлж, энхрийлж, сайн сургуульд сургаж, боловсролтой, мэдлэгтэй, биеэ даасан хүн болж төлөвшихөд нь гойд анхаардаг.
Тэгсэн хэрнээ хөвгүүдийг “хаячихдаг” талтай. Энэ нь эргээд хариуцлагагүй, өөртөө итгэлгүй эрчүүдийг бий болгодог гэж үзэх хүмүүс ч байна. Гэхдээ одоо цагт хүүхдийг хүйсээр нь ялгаварлан хүмүүжүүлдэг байдал өмнөх үеэ бодвол дээрдсэн биз ээ. Ялангуяа залуу эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд илүү анхаардаг болсон. Хүн бүрд ойлгогдох, хайрлагдах, илэрхийлэгдэх, хамгаалагдах, аюулгүй байх гэсэн үндсэн хэрэгцээ байдаг бөгөөд эдгээрийг хүүхэд мэдэрсэн тохиолдолд сэтгэл зүйн хувьд цочмог, зан байдлын тухайд эрсдэлтэй үйлдэл гаргах нь бага гэдгийг нэгэн сэтгэл зүйч яриандаа онцоллоо.
Мэдээллийн эрин үед хүүхдүүд ухаалаг гар утсыг ус, агаар мэт хэрэглэж байна. Энэ хэрээр мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, үнэн, зөв мэдээллийг зохистой авч чадахгүйгээс сөрөг зан үйл гаргах тохиолдол байдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлэв. Ялангуяа “Ковид-19” цар тахлын үед хүүхдүүдийн дотно “найз” нь гар утас байлаа. Томчуудын хувьд ч ялгаагүй дэлгэцийн хэрэглээ асар их нэмэгдсэн. Харамсалтай нь, ухаалаг утас, дэлгэцийн замбараагүй хэрэглээний улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцаа үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Эцэг, эх нь өндөр цалинтай, хүүхдүүдээ аливаа зүйлээр дутагдаж, гачигдахгүй өсгөсөн ч аав ээжтэйгээ сайхан харилцаагүй, өрөө өрөөндөө ороод л чимээгүй суудаг нь охинд их уйтгартай санагдаж, амиа хорлох тухай ч бодоход хүргэсэн талаарх жишээг нэгэн сэтгэл зүйч ярьсан юм. Тэр охин гудамжинд аав, ээжтэйгээ инээгээд ярилцаж яваа хүүхдийг харахаар өшиглөөд авмаар санагддаг талаараа ч сэтгэл зүйчид хуваалцаж байжээ. Энэ нь хүн бүрд ярилцах, ойлгох, хуваалцах хэрэгцээ бийг харуулж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тал дээр сайн анхаарах хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөсөн. Өдөрт 20 минут, боломжгүй бол долоо хоногт нэг удаа хүүхдүүддээ чанартай цаг гаргах хэрэгтэй гэнэ. Жишээ нь, хүүхдүүдтэйгээ агаарт гарах, хооронд нь тоглуулах зэргээр хамтдаа хөгжилдөх нь хүмүүжилд эергээр нөлөөлдөг байна. “Бид хамтдаа шүү” гэсэн мэдрэмжийг хүүхэд авах нь чухал байдаг аж.
“Ангийн цэвэрлэгээ хийхээр охид ер хөдөлж өгөхгүй, хөвгүүд нь л хогоо шүүрдэж, шал угаагаад урдуур нь гүйгээд байдаг. Охид их залхуу болжээ. Зарим үед хөвгүүдийг илт дээрэлхэж, толгой руу нь цохиж, хөл рүү өшиглөж байгаа харагддаг” гэж нэгэн багш ярьсан юм. Энэ тохиолдолд багш нар “Эрэгтэй хүүхэд байж шалчигналаа, сүртэй юм” гэж хандах нь бий. Энэ нь охид давуу эрхтэй мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй зургаадугаар ангийн хүү нэг ширээнд хамт суудаг охины чанга ярих, хашхирахаас нь цочдог, айдаг тухайгаа багшдаа хэлж байжээ. Тэр охин нь ангийн атаман гэнэ. Энэ мэтээр нэгнийгээ хий дөвийлгөсөн нэр, хоч нь дээрэлхэх, гадуурхах явдлыг дэвэргэдэг байна.
Хүүхдүүд яагаад нэгнээ дээрэлхдэг шалтгааныг нэгэн сэтгэл зүйч тайлбарлахдаа “Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ бүрэн таньж удирдаж чаддаггүй, өөртөө итгэлгүй, бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, ойлгох мэдрэх буюу эмпати чадвар сул, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, үе тэнгийнхэн дундаа нэр хүндтэй байх хүсэл нь хэн нэгнийг дээрэлхэхэд хүргэдэг” гэж ярив. Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийг байж болох зүйл мэтээр хүлээн зөвшөөрсөөр байвал бидний үр хүүхдийн ирээдүй улам нь л хэцүү болох нь ойлгомжтой. Хүүхдүүдийн өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг сургуульд нь сэтгэл зүйч ажиллаж буй нь сайшаалтай. Гэхдээ бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах хүний нөөц хангалтгүй. Зөвхөн хувийн сургуулиудад л сэтгэл зүйчдийн баг ажилладаг байна. Сэтгэл зүйчтэй уулзахын тулд хүүхдүүд урьдчилан цаг авдаг бөгөөд зарим тохиолдолд ачаалал их байдгаас тэр бүр шаардлагатай тусламж үзүүлж хүчирдэггүй гэнэ.
“Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн багш О.Гэрлээгээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулсны давуу талыг асуусан юм. Тэрбээр хэд хэдэн сургуулийн сэтгэл зүйчийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажилладаг аж. “Насанд хүрэгчид сэтгэл зүйн таагүй байдлаа зохицуулах чадваруудад тодорхой хэмжээнд суралцсан байдаг. Харин хүүхдийн хувьд сэтгэл зүйн таагүй байдал, сөрөг мэдрэмжүүд, гонсойлт, уур бухимдал, бүтэлгүйтэл зэрэг мэдрэмжээ хэрхэн зохицуулах, өөртөө яаж зөв хандах талаар төдийлөн мэддэггүй. Тиймээс тэдэнд насанд хүрэгчийн чиглүүлэг, үлгэрлэл хэрэгтэй болдог. Сургуулийн орчинд ч сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авах шаардлага үүсдэг. Сургуулийн сэтгэл зүйч багш, эцэг, эхтэй хамтарч анги, хамт олонд чиглэсэн сэдэвчилсэн сургалт, эерэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, мөн ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээг сурагчдад үзүүлж ажилладаг онцлогтой” гэж ярьсан. Охид ч, хөвгүүд ч тэгш эрхтэй. Хэн ч бусдаас давуу эрхгүй, мөн дутуу эрхгүй билээ.