Говь-Алтай аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын дээврээс дусаал гоожиж, сургалт явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. 1970 онд барьсан уг сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн ч анги танхим хүрэлцээгүй тул бага сургуулийн сурагчид нь хичээллэдэг байна. Энэ талаар сургуулийн захирал М.Түмэнбаяраас тодруулахад “Манай сургуулийн өргөтгөлийн барилгыг 2019 онд “Топфасад Монголиа” компанийнхан барьсан юм. Гэвч ашиглалтад оруулсан цагаасаа чанарын шаардлага хангахгүй байсан тул холбогдох байгууллагуудад сургуулийн өмнөх захирал удаа дараа хандсаар ирсэн. Барилгын хөгжлийн төвөөс тус компанид 2022 онд засвар хийх албан шаардлага хүргүүлсний дүнд ажил хийсэн нэртэй болсон. Манай сумаас мэргэжлийн бус хоёр хүн хөлсөөр ажиллуулж, дээврийн хэсэгт хар цаас нааснаас өөр ажил хийгээгүй. Сая хоёр өдөр дараалан бороо, цас холилдон ороход дээврээс дусаал гоожиж, урлагийн заал болон бусад анги танхим усанд автлаа. Шинэ самбар, тоног төхөөрөмж усанд норж, ашиглах боломжгүй болоод байна. Манай сургуулийн ажилчид цас орсон даруйд дээврээ цэвэрлэн, бороо орохоор хувин сав тосдог ч энд тэндгүй дусаал гоождог. Ийм нөхцөлд сургалт явуулахад хүндрэлтэй байна. Чанаргүй барилга барьсны горыг хүүхдүүд амсаж байгаа нь харамсалтай” гэв. Тус сургуулийн өргөтгөлийг улсын төсвийн нэг тэрбум 885 сая төгрөгөөр барьсан бөгөөд өдгөө 400 гаруй хүүхэд хичээллэж буй аж.