-Дасгалжуулагч болоод ээжийнхээ тамирчид бэлтгэх ур чадвар, ухаан, туршлагаас нь хэр суралцаж байна вэ?
-Ээжийг тамирчдаа гадаадын тэмцээнд оролцуулахаар явсан үед ажлыг нь хариуцаж үлддэг. Миний хувьд дасгалжуулагчаар ажиллаад нэг жил болж буй. Би багадаа ээжийгээ гимнастикаар хичээллэдгийг мэддэггүй байлаа. Намайг найман настай байхад спортын гимнастикаар анх хичээллүүлсэн. Түүнээс хоёр жилийн дараа дасгалжуулагчаар ажилласан юм. Би Э.Оргилмаа багшийн удирдлагад таван жил хичээллэсний дараа ээжийн шавь болж үргэлжлүүлсэн. Дараа нь ОХУ-д дасгалжуулагч мэргэжлээр суралцахаар хилийн дээс алхаж байлаа.
-Ээжийнхээ шавь болсон анхны өдөр ямар сэтгэгдэл төрж байв?
-Багш бүрийн заах арга барил, бэлтгэл хийлгэх техник өөр. Ээжийн удирдлагад бэлтгэл хийсэн эхний хэдэн өдөр хамаг бие булран хөндүүрлэж, аажимдаа дассан. Хэдийгээр бид ээж, охин ч бэлтгэл, тэмцээний үед бол дасгалжуулагч, тамирчин шиг л байдаг байв. Би айлын отгон охин, хоёр эгчтэй. Манайхан спортлог. Том эгч таеквондогоор хичээллэж, 2011 онд дэлхийн аварга болсон. Одоо цагдаагийн байгууллагад ажилладаг юм. Дунд эгч хүнсний инженер мэргэжилтэй. Тэрбээр зааланд хааяа ирж, гимнастикийн дасгал хөдөлгөөн хийдэг. Тэдний охид одоо миний удирдлагад спортын гимнастикаар хичээллэж байна.
-ОХУ-ын Москвад спортын гимнастикийн дасгалжуулагч мэргэжлээр суралцсан юм билээ. Хойд хөршийнхөн гимнастикийн спортоор дэлхийд тэргүүлдгийн нууц нь юу юм бол?
-Тэнд дасгалжуулагч мэргэжлээр суралцахын зэрэгцээ Монголоос ирсэн хүүхдүүдийг тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулдаг байв. Хойд хөршийнхөн уран гулгалт, гимнастикийн спортод шилдэг тамирчидтай. Тэдний амжилтын нууц их энгийн. Сэтгэл, зорилгоо нэгтгэн ажиллаж чаддагт л оршдог юм. Монголд нэг хүүхдийг бэлтгэл хийлгэхэд, хүч, техник, онолын гээд 3-4 багш ажиллаж байна. Оросын сайн тамирчид гимнастикийн сургуульд сурдаг. Монгол хүүхдүүд шиг олон төрлийн хичээл нэг дор үзэхгүй. Өдөрт 2-3 цаг хичээлд суугаад бусад үед бэлтгэлдээ анхаарал хандуулна. ОХУ, Монголд дасгалжуулагчаар ажиллах нь тэнгэр, газар шиг ялгаатай.Манайд энэ спортоор хичээллэдэг хүүхдүүд 09.00-12.00 цаг хүртэл бэлтгэл хийгээд хичээлдээ явж, 19.00 цаг хүртэл суудаг. Тэднийг амжилт гаргахад сурч буй сургуулийнх нь орчин нөхцөл, гэр бүлийнх нь дэмжлэг, төлөвшил хүмүүжил гээд олон зүйл нөлөөлдөг. Монголын тамирчид Оросын системийг суурь болгож бэлтгэл хийдэг шүү дээ. Дасгалжуулагчид онол, техникээ сайн мэдэхгүй, олон жилийн өмнөх суурьтаа тулгуурладаг нь одоо ч хэвээрээ. Тиймээс шинэчлэхийг хүсдэг. Монголд шилдэг тамирчид төрүүлэхийн тулд сайн дасгалжуулагчдыг бэлдэх шаардлагатай байна. Мэргэжлийн тамирчин бэлтгэгдэхгүй байгаа нь үүнтэй холбоотой.
-Монголд олон улсын шүүгчээр ажилладаг дасгалжуулагч цөөнгүй бий. Та ч гэсэн тэдний нэг шүү дээ.
-Би сүүлийн хоёр жил олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан. Спорт гимнастикийн шүүлт их нарийн. Тамирчид дасгалыг 6-7 секундэд багтаж гүйцэтгэнэ. Үүнээс гүйлт нь 3-4, харайлт 1-2 секунд гэж бодоход шүүгч 20 гаруй алдааг зэрэг олж харна гэсэн үг. Тэр бүхнийг зөв харж, алдаагүй шүүхэд суралцсан байх ёстой. Үүгээрээ шүүгчийн ажил амаргүй, үүрэг хариуцлага өндөртэй.
-Гимнастикийн дасгалжуулагчид спортын бусад төрлийн багш нараас харьцангуй залуу байх юм. Таныг хараад арай л эрт зодог тайлжээ гэж бодож суулаа.
-Надад тамирчид шиг бэлтгэл хийх хангалттай цаг хугацаа бий. Гадаадын тэмцээнд оролцмоор санагддаг үе бишгүй. Гэтэл энэ спортоор хичээллэдэг хүүхдүүдийг бэлтгэл хийлгэх мэргэжлийн дасгалжуулагчийн ажиллах хүчин алга. Шүүлтийн системийг нэг бүрчлэн мэддэг хүн ховор байна шүү дээ. Монголд гимнастикийн тамирчдыг системтэй, нарийн шалгаруулж авдаггүй. ОХУ-д тухайн хүүхдийн зан чанар, гэр бүлийн орчин, эцэг, эхийнх нь ажилладаг байгууллагынх нь цагийн хуваарь гээд олон зүйл судалж байж сонгодог. Тэнд сурах хугацаанд миний диплом хамгаалсан сэдэв бол “Тамирчдын техник тест, бэлтгэлжилт”. Хойд хөршид хүүхэд бүрээс жил бүр тест авдаг. Би тамирчин байхдаа техникийн тест нэг ч удаа өгч үзээгүй. Манайх үүгээрээ бусад орноос дутагдалтай.
-Монголын гимнастикчдыг хүндхэн нөхцөлд бэлтгэл хийж, амжилт гаргаж буйг спорт сонирхогчид хараад бахархах, өрөвдөх зэрэгцдэг л юм билээ.
-Тамирчид өвөл зааланд бэлтгэл хийх хэцүү. Идэр есийн хүйтэнд халаалт нь 6-7 градус болдог тул гадаадад хамтарсан бэлтгэл хийлгэхийг боддог. Спортын гимнастикийн хэрэглэл, материалыг чийгтэй зааланд удаавал чанар нь мууддаг. Дэвжээний моднуудад зай гарахад хүүхдүүд бэлтгэл хийхдээ бэртэнэ. Заалны шал олон улсын стандартад нийцээгүй. Ямар ч зүйл тавьсан стандартад нийцээгүй тул тамирчид дасгал хөдөлгөөн хийхэд гүйцэд түлхдэггүй. Бид Азербайжаны Баку хотод өнгөрсөн жил 10 настай хүүхдүүдийг нэг сар бэлтгэл хийлгэхэд аав, ээжийгээ үгүйлээд амаргүй санагдаж байлаа. Бэлтгэл хийх орчин нөхцөл таатай улсад хамтарсан бэлтгэл хийхэд ур чадвар нь өмнөхөөсөө илүү ахиад ирсэн. Тус улсад спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг өнгөрсөн сард зохион байгууллаа. Монголын шигшээ багаас Д.Энхтүвшин, Э.Өсөхбаяр нар оролцсон. Энэ жил “Парис-2024” олимп болох тул оноо олгох цуврал тэмцээн байсан. Тиймээс тив, дэлхийн шилдгүүд олимпын эрх авахаар өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд 150 тамирчин өрсөлдсөнөөс эхний хоёр байрт шалгарсан нь Парист хөл тавих эрх гардсан. Одоо Катарт олимпын оноо цуглуулах нэг тэмцээн энэ сарын дундуур болно. Монголын ийм хүнд нөхцөлөөс гадаадын томоохон тэмцээнд оролцоно гэдэг манайхны хувьд том боломж. Гэхдээ манай тамирчдаас бэлтгэл хийх орчин нөхцөл, материал хэрэгсэл дутмаг байгаа нь анзаарагддаг.
-Та Турк, Унгар, Францад өнгөрсөн жил болсон “Дэлхийн цом”-д шүүгчээр ажилласан байх аа?
-Тийм ээ. Гимнастикийн спортын шүүлтийн дүрэмд хэсэг хугацааны дараа өөрчлөлт ордог. Тухайлбал, хамгийн их үнэлгээ өгдөг гүйцэтгэлийн оноог багасгах, мөн шинэ элемент нэмэх, өөр нэг элемент хориглох гэх зэргээр өөрчилдөг. Би олон улсын тэмцээн шүүхийн зэрэгцээ ажиглан судалж, харьцуулан дүгнэлт хийдэг юм. Манай тамирчид гадаадын тэмцээнд байнга оролцдог болсноор туршлага хуримтуулж, сэтгэл зүйгээ зөв удирдаж сурсан байна. Энэ жил олимпын наадамтай тул томоохон тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Нэг хэрэглэлд 60 гаруй тамирчин оролцоход манайхан 18 дугаар байрт жагсаж, 50 хувиас дээш амжилт үзүүлсэн нь чамлахааргүй үзүүлэлт. Гимнастикийн төрлүүдээс спортын гимнастик хамгийн хүнд нь. Тиймээс спортын хаан хэмээдэг. Миний анзаарснаар Европын орны эрэгтэй тамирчдын ур чадвар илүү сайжирсан харагдсан. Азийн орноос БНСУ, БНХАУ- ын эмэгтэй тамирчдын үзүүлэлт цар тахлын дараа өмнөхөөсөө буурсан нь анзаарагдлаа. Гэхдээ өмнөд хөршийнхөн савлуурын төрөлд тэргүүлдэг хэвээрээ. Европын зарим улс ОХУ- аас туршлагатай дасгалжуулагч урьж ажиллуулснаар тамирчдынх нь ур чадвар эрс ахисан тал бий. Хойд хөршийнхөн ч гэсэн цалин илүү амласан улсыг зорих болсон. Тухайлбал, Израилыг төлөөлж оролцдог тамирчдын олонх нь ОХУ-ынх.
-Дасгалжуулагчийн хувьд улсынхаа тамирчдын ур чадварыг нь гэсэн харьцуулж хараад дүгнэлт хийсэн байх.
-Манайхан элементийн хүндрэл дээр бусад орноос дутмаг харагддаг. Түүнээс биш туршлага хуримтуулсан байдал, гүйцэтгэлийн хувьд нэг их хол хоцрохгүй. Надад дасгалжуулагч, шүүгчээр ажиллах аль аль нь таалагддаг. Заримдаа залуу хүний эрч хүчээр ажлын ард гардаг тал бий. Гэсэн ч ажилдаа дуртай. Хүүхдүүдтэй ажиллах сайхан санагддаг. Шавь нартаа өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ зааж байгаадаа баярладаг. Миний удирдлагад хичээллэдэг 13-14 настай тамирчид олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Багшийн хувьд тэднийхээ ур чадвар, техникт анхаарал түлхүү хандуулж байгаа. Цар тахлын он жилүүд олон тамирчны амжилтаас хойш чангаасан. Спортын гимнастикийн дасгалжуулагчид тэр үед тамирчдынхаа бэлтгэлийг тасалдуулахгүйн тулд зааланд нэг сар амьдарсан. Тэр үед бэлтгэл хийсэн хүүхдүүд одоо олон улсын тэмцээнд оролцож байна.
-Тамирчин байх үеэс тань өнөөг хүртэл зөвлөж ирсэн ээжээрээ бахархдаг уу?
-Ээж минь намайг хүүхэд байхаас бие даалгаж, хүнтэй хэрхэн зөв харилцах, хоол хүнс яаж зохистой хэрэглэх талаар зөвлөж ирсэн. Тухайн тамирчны хэрхэн төлөвших нь дасгалжуулагчийн арга барил, ухаанаас их шалтгаалдаг. Хүүхдүүд нас биед хүрэхээрээ багшийгаа дуурайдаг. Шавь нараасаа хожим өөрийн арга барил, хандлага, зан чанарыг олж харах тул дасгалжуулагч зөв хүн байх ёстой. Надаас ээжийн минь зан чанар харагддаг. Ойр ажилладаг хүмүүс “Чиний хэлж ярьж буй зүйл, заах арга барил тань яг ээж шигээ болж байна” гэдэг юм. Ажлын ачааллаас болоод хааяа ядарна. Гимнастикийн тамирчид хөгжмийн аялгуунд бэлтгэл хийдэг болохоор чанга ярихгүй бол сонсогдохгүй. Тийм үед заалны нөгөө булангаас хашхирах нь холгүй ажиллах үе бий.
-Ээж, охин хоёрт таатай дурсамж үлдээсэн олон тэмцээн бий л байх.
-Тамирчин байхдаа ээжтэйгээ хамт олон улсын тэмцээнд оролцохоор ОХУ-ын Новосибирск хотыг цөөнгүй зорьсон. Тэр үеийн дурсамжууд санаанд тод үлджээ. Миний төрсөн өдөр нэгдүгээр сард болдог юм. Тэр үеэр тэмцээнүүд давхацна. Хойд хөршийн тэмцээнд зургаан жил дараалж оролцохдоо багийнхантайгаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэж өнгөрүүлсэн. Би багийнхнаасаа насаар хамгийн ахмад нь тул дүү нар ойр хавийн дэлгүүрээс бялуу, дуртай амттаныг маань аваад ширээ засаж дайлдаг байлаа. Тэр үед дасгалжуулагчаар ажилладаг байсан багш, шүүгчид намайг одоо ч таньдаг. Монголоос тамирчидтай очихоор “Д.Оюунтуяа дасгалжуулагчийн охин ирлээ” гээд угтдаг юм.
-Та хүүхэд насаа спортын орчинд завгүй өнгөрүүлсэн санагдлаа. Үеийнхнээ тоглож байхад амжилт гаргахаар хөдөлмөрлөдөг байжээ.
-Хүүхэд насандаа спортоор хичээллэж завгүй өнгөрүүлсэн. Тухайн үед ээж тамирчдаа амжилтад хүргэхийн тулд 21.00 цаг хүртэл бэлтгэл хийлгэдэг байв. Миний бэлтгэл тарсан ч ээжтэй хамт харихаар хүлээдэг сэн. Энэ утгаар нь яривал би зааланд өссөн хүн шүү дээ. Тэр үед гэр, сургууль, бэлтгэлийн заал гэсэн жимээр л үеийнхэнтэйгээ ч тоглох завгүй гүйсэн. ОХУ- ын Сахад 2012 онд болсон “Азийн хүүхдүүд” спортын наадмаас хүрэл медальтай ирсэн минь гадаадын томоохон тэмцээнээс хүртсэн анхны шагнал байв.
-Дасгалжуулагчаар ажиллахын амаргүйг багаасаа мэддэг атлаа энэ ажилтай нөхөрлөсөн тань сонирхол татаад байх юм.
-Ээжийнхээ хэрхэн ажиллахыг харж өссөн болохоор дасгалжуулагч байх амаргүйг мэднэ. Одоо ээжийгээ өмнөхөөсөө илүү ойлгодог болсон. Хүүхдүүдийг тамирчнаар бэлдэх хэцүү. Тэдэнтэй нэгбүрчлэн тулж ажиллахаас гадна ар гэрийнхэнтэй нь байнга холбогдоно. Спортын гимнастикаар тууштай хичээллэх хүүхэд ховор. 100 хүүхдээс хоёр нь үлддэг. Аав, ээж нь ажлынхаа хажуугаар байнга зөөхөөс шантрах үе бий. Ийм хүнд нөхцөлд багштай нь зөвлөлдөж ярилцаад, хүүхдээ дуртай спортод нь үлдээнэ гэдэг тэвчээр, ухаан юм. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод Нисэх, Яармагаас өдөр бүр зөөдөг эцэг, эх бий. Хүүхэд заавал тамирчин болох албагүй. Спортоор хичээллээд зөв хүн болж төлөвших нь чухал. Гимнастикаар хичээллэсэн тамирчид дараа нь цирк, бүжгийн спорт, тулааны урлагт хөл тавьсан байдаг. Дасгалжуулагчийн хувьд ээж бид хоёр нэгнээсээ суралцах үе бишгүй. Хааяа ээжийгээ хараад олон ажлыг яаж зэрэг амжуулдаг байна гэж боддог юм.
-Спортын сэтгэл зүйчийн зөвлөгөө тамирчдыг амжилт гаргахад их нөлөөлдөг болох нь анзаарагдсан. Та суралцъя гэж боддог уу?
-Би тамирчны карьераа өндөрлүүлээд спортын сэтгэл зүйчээр суръя гэж боддог байлаа. Спортын салбарт хамгийн хэрэгтэй, чухал мэргэжил. Энгийн сэтгэл зүйч спортын салбарт өрнөдөг зүйл, тамирчдад тулгардаг асуудлыг тэр бүр мэдэхгүй. Тиймээс тамирчны амьдралыг биеэрээ туулсан хүн спортын сэтгэл зүйч болох нь зөв юм.
-Дэлхийн гимнастикийн холбоо спортын гимнастикийг хөгжүүлсэн, эсэхийг нь судалж байж, тухайн оронд тэмцээн зохион байгуулах эрх өгдөг гэж сонссон?
-Тийм шүү. Тус холбооноос хэрэглэл, материалын тусламж хүсэхэд энэ төрөлд тамирчид бэлтгээгүй бол дэмждэггүй. Монгол Улс 2019 онд спортын гимнастикийн Азийн АШТ, мөн өсвөр үеийнхний Азийн цомын АШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгуулсан. Манай тамирчдаас Э.Мөнхнаран савлуурын төрөлд мөнгө, Б.Болдбаатар харайлтын төрөлд хүрэл медаль хүртэж байлаа. Үүний үр дүнд тамирчид маань хэрэглэл, материалтай болсон.