Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна.Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг, шинэ дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд буй юм. Энэ удаа “Өнөөдөр” сонин сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж, хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо.
ТЭР ӨДРИЙГ ХҮРТЭЛ БИ ХЭЗЭЭ Ч ҮХЭХГҮЙ ЮМ ШИГ АМЬДАРЧ БАЙЛАА
-АН-ын удирдах багт бага залуугаасаа орсон,Н.Алтанхуягийн Засгийн газрын үед агентлагийн дарга байснаар чинь хүмүүс таныг мэддэг. Гэхдээ хувь хүн талаас нь тэр бүр мэдэхгүй байх.
-Шинэ, чухал булангийнхаа анхны зочноор урьж буйд маш их баярлалаа. 29 настайдаа тухайн үеийн Засгийн газрын агентлагийн хамгийн залуу дарга болж байжээ.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга байхдаа ТҮЦ машин, замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцооны систем, Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 3G сүлжээ зэрэг хүнд хүрсэн ажлыг хийсэн. Хүмүүс тэр бүр мэдэхгүй дэд бүтцийн ажил ч нэлээд бий.
Үүний дараа Сөүлийн үндэсний их сургуульд суралцсан. Би Их засаг их сургуулийг төгссөн, бакалавр, магистрын зэрэгтэй байлаа. Гэвч нийгмийн шахалт, залуусын өрсөлдөөн дунд нэг зөрүү үүсээд байсан юм. “Жадамбаа, чи дэлхийн сургууль төгсөөгүй шүү дээ, Монголын л бүтээгдэхүүн юм байж яаж глобал салбар удирдаж чадах юм, чадахгүй шүү дээ” гэсэн дайралт тухайн үеийн сөрөг хүчнээс их ирсэн. Тэр нь намайг мохоох гэхээсээ илүү хор шар хөдөлгөж, “Нээрэн, яагаад дэлхийн том сургуульд сурч чадаагүй юм бэ” гэж бодсон. Би бол жирийн багшийн хүүхэд, амьдралын боломждоо тааруулаад чадах хэмжээндээ өөрөө төлбөрөө төлж, боловсрол эзэмшсэн. Тиймээс өнгөрсөндөө харамсахаас илүү “Би сурах ёстой юм байна” гэсэн сэдэл авч, 2016 оны сонгуульд АН ялсан ч, ялагдсан ч гадаадад сурна гэж шийдсэн. Дөрвөн жил ажилласан туршлагадаа үндэслэн мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр сурахаар болсон юм. Сөүлийн их сургуульд шалгалт өгөөд тэнцсэн, азаар бас БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг авч чадсан. Энэ бол ирээдүйг, мэдээллийн технологийн салбар хаашаа явж байна, үүнд хүрэхийн тулд яах вэ гэдгийг судалдаг мэргэжил. Ингээд инженерийн шинжлэх ухааны магистрын зэргээ хамгаалаад2018 онд ирсэн. Гэр бүл, үр хүүхэд, хамаг бүхнээ золиослоод л тэнд очиж сурсан шүү дээ. Сарын нэг сая 580 мянган воны тэтгэлэг авдаг байв. Үүнийхээ сая орчмыг амьдралдаа зарцуулж, үлдсэнийг нь гэрлүүгээ явуулна. Тэр үед гурван хүүхэдтэй байлаа. Энэ сая гаруй төгрөгийг эхнэр маань илүү зардал гаргахгүйгээр амьдралдаа хүргэнэ. Тэнд сурч байхдаа бизнес хийх зорилго тавьж, эм, хүнсний салбарыг сонирхсон. Буруу сонголт хийж, менежментийн алдаа гаргавал том эрсдэл хүлээдэг салбар учаас нэлээд судалсан. Азаар ч гэх үү, одоо хүмүүсийн мэддэг болсон “Кондишн” гэдэг бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн юм. Шинэ бүтээгдэхүүн хэцүү байсан, Монголд согтууруулах ундааны хэрэглээ өндөр ч үүнийг хоргүйжүүлэх бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэж сураагүй, сайн мэдэхгүй. Сүүлийн 5-6 жил идэвхтэй ажиллалаа, одоо бүгд мэддэг болсон. Зарим хүн намайг архины бизнес хийлээ гэж шүүмжилдэг л юм. Би уг нь архи зараагүй. Хордлого тайлах, хамгаалах, эрүүлжүүлэх буюу эмийн салбарын ажил юм. Өөрийгөө болох бүх түвшиндээ сорьж явна.
-Сүүлийн үед фитнесээр их хичээллэж байгаа харагдсан. Мөн морь уядаг, “Алдарт уяач” цолтой юм билээ шүү дээ. Олон л зүйлээр зэрэг оролддог хүн бололтой.
-Тийм, гэхдээ үнэндээ энэ бол амьдралын хэмнэл болоод байна. Ажил бизнесийнхээ хажуугаар эрүүл байхын тулд чөлөөт цагаараа фитнес, жиү жицүгээр хичээллэж буй. Энэ нь бас учиртай. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. 2020 оны УИХ-ын сонгуульд би нэр дэвшсэн шүү дээ. Тэр жилийн намар хүзүүн дээр гэнэт нэг юм гарчихсан. “Булчирхай цочсон байх” гэж бодоод очиж үзүүлтэл дээж авна гэсэн. Шинжилгээ өгтөл “Хавдар байна” гэсэн хариу гарсан. Тэгмэгц л хүн цочролд ордог юм билээ. Тэр үед дэлхий даяар“Ковид-19” цар тахал дэгдсэн байсан. Арваннэгдүгээр сард хариугаа сонссон. Тэгээд л БНСУ-д төгссөний хэрэг юу билээ, тийшээ холбогдоод эхнэртэйгээ хамт ниссэн. Очоод долоо хоног хөл хорионд байж байтал манайд“Ковид-19”-ийн тохиолдол илрээд хилээ хаачихлаа. Гурван хүүхэд маань эхнэрийн дүүтэй энд үлдчихсэн. Ингээд бид хоёр талд гацчихсан, энэ мэдрэмж их эвгүй юм билээ. Тэнд хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсээр 5-6 сарын дараа эх орондоо ирсэн. Тэр үед хүн бол зүгээр л үхчихдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэр өдрийг хүртэл би хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч байлаа шүү дээ. Энэ бүхний дараа хүний ертөнцийг үзэх үзэл 180 хэм өөрчлөгддөг юм байна лээ. Мөнгө хөрөнгө, найз нөхөд, гэр бүл, үр хүүхэд гэж юу юм гэдгийг олон сарын турш эмнэлгийн орон дээр хэвтэхдээ бодсон. Олон хүүхэдтэй хүн эрүүл байх нь тэдэндээ оруулж буй том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгосон. Тиймээс спортоор түлхүү хичээллэж, бас хүмүүст өөрөөрөө үлгэрлэж харуулъя гэж бодсон юм. Эрүүл байж, спортоор хичээллэхийг уриалах болсон нь ийм учиртай.
Би чинь хоёр нутагтан гэдэг шиг л хүн. Дорноговь аймагт төрсөн ч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумд цэцэрлэгээсээ эхлэн аравдугаар анги төгстөлөө сурсан. Ээж минь Бор-Өндөрт багшилдаг. Намар, өвөлдөө тэнд, зундаа өвөө дээрээ Дорноговийн Дэлгэрэх сумдаа амьдарч, морь уядаг байлаа. Тиймээс морь уях бол багаас цусанд шингэсэн хобби юм. Их ажлын хажуугаар моринд дуртай байгаа нь мөнгөний ашиг гэхээс илүү хобби, нөгөө талаар морь, бөх, сурыг би үндэсний дархлаа гэж боддог. Үндэсний дархлаа маань сүүлийн үед бага багаар алдарч, бөх, морио үгүйсгэж эхэлсэн байна. Тиймээс морь уяхад хувь нэмрээ оруулдаг хүмүүсийг би өв тээгч гэж үздэг. Зундаа наадамд ганц хоёр морь мордуулдаг. Морин уралдааны хөгжил орчин үеэ дагаж байна. Уяач, туслах, морины эзэн гэж бий. Эзэн бол хөрөнгө оруулна. Уяачдаа, хүүхдэдээ, туслахдаа цалин өгнө, морь, өвс, тэжээлээ худалдаж авна. Нэг гал дээр100 орчим гэр бүл байдаг. Эдгээр хүний амьдралыг өв тээгчид нуруун дээрээ үүрч явдаг юм. Бизнесээс олж буй орлогынхоо тодорхой хувийг үүндээ зарцуулж байна. Тиймээс энэ агуулгаар нь нийгэмд зөв таниулах хэрэгтэй. “Чи морь уядаггүй байж яагаад цол авдаг юм” гэж ярьдаг. Одоо энэ үзэл бас өөрчлөгдөж эхэлжээ. Монгол шиг цөөн хүн амтай, нүүдэлчин соёл иргэншил морины соёл дээр тогтож буй. Олон ганц бие залуу хөдөө мал маллаж байгаа, тэднийг моринд хайртай сэтгэл нь тогтоодог гэхэд болно. Энэ соёл үгүй бол хөдөө орон нутаг эзгүйрнэ. Би ч ийм агуулгаар нь хандан хөрөнгө оруулж, хөгжүүлдэг хүн.
-Та бас хэд хэдэн дууны үг бичсэн, нэгийг нь өөрөө дуулсан юм билээ шүү дээ.
-Сонин түүх л дээ. Би хааяа санаанд орсноо цаасан дээр тэмдэглэдэг юм. 2020 онд өвдөх үед хэдэн найз минь л бизнес нь зогсчихсон, хүнд байсан хэрнээ мөнгө босгож, эмчилгээний зардалд тусалсан. Хүн бүрд баярлалаа гэж хэлсэн ч сэтгэлээ энэ үгээр бүрэн илэрхийлэх хэцүү, бас тэр бүр үйлдэл үзүүлж чадахгүй. Тиймээс нэг шүлэг бичсэн юм. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахтай таараад энэ тухайгаа ярьтал “Надруу шүлгээ явуул даа, харъя” гэсэн. Гэтэл долоо хоногийн дараа дуудсан. “Аялгуу хийчхэж болохоор шүлэг байна. Ах нь ийм ая зохиолоо” гэсэн. Сонссон чинь гоё болжээ, тэгээд Э.Төрмандах найздаа санал тавьсан. Бид хамтдаа дуугаа бэлдэж байтал Балхаа ах “Чи өөрөө хамт дуулчхаач, гайгүй дуулчихаар хоолойтой юм байна. Нэгэнт найзууддаа зориулж бичсэн юм чинь өөрөө дуулбал гоё шүү дээ” гээд“сумласан” л даа. Тэгж л “Дуундаа жаргалтай андууд” дуу бүтэж, дүрсжүүлсэн юм. “Юүтүб”-т оюуны бүтээл болоод үлдэнэ, хүний амьдрал мөнх бус, залуу нас, дуу хоолойгоо мөнхөлсөн болохоор баяртай байгаа. Дараа жил нь Балхаа ах залгаад“Монгол хүлэг гээд дуу хийх хэрэгтэй байна, чи шүлгийг нь бичээд өгөөч” гэсэн. Мөн “Хурд” хамтлагийн дуучин Д.Төмөрцог ахаар дуугаа дуулуулах хүслээ биелүүлж, “Намайг уучлаарай” гэдэг шүлэг зохиосон. Одоо дүрсжүүлэхээр яриад л байна. Ийм гурван дуутай хүн дээ. Өөрийгөө уядаг морь гэдэг шиг зүгээр суудаггүй л юм. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь гэр бүл. Бага охин маань намайг эдгээд ирсний дараа төрсөн юм, тиймээс үр удмаа, зорьсноо үргэлжлүүл гэж дээ хэмээн бодох болсон.
Эхнэрийг минь Т.Ариунжаргал гэдэг, нийслэлийн халамж, үйлчилгээний газарт ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Бид нэг хүү, гурван охинтой. Ханилаад 22 жил болжээ. Азаар би сайн ханьтай учирсан. Тухайн үед ёс журмаа сайн мэдэхгүй учраас хадам аав дээрээ шил архи барьж очоод л “Охиноо өгөөч” гээд гуйж авч байлаа. Түүнээс хойш халаасны өрөөнөөс амьдралаа эхлээд хоёр идэхгүй, хоосон хонохгүй, үр хүүхдүүдтэйгээ сайхан л амьдарч байна. Хэн хэндээ итгэж, нугарч хугарахад нь хамт байх гэдэг гол юм билээ. Том хүү 18 хүрээд оюутан болсон. Хүү минь миний төгссөн Сөүлийн их сургуульд тэнцэж, би магнайгаа хагартал баярлалаа. Өөрөө хүргэж өгч, төвхнүүлээд ирлээ. Мөрөөдлөө биелүүлснээ нийгмийн сүлжээнд хуваалцтал олон хүнд хүрсэн байна лээ. Хүн ер нь эцсийн дүндээ хүүхдүүдээ зөв чиглүүлэхийн төлөө л зорьдог юм билээ. Миний өнөөдөр ярьж, маргааш ажил болгохоор зорьж буй бүхэн үнэндээ хүүхдүүдийнхээ л төлөө юм.
АХ НАРЫН БАЙР СУУРЬТ ОЧИХЫН ТУЛД ӨӨРСДӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХҮЙЦ УЛС ТӨР ХИЙХ ЁСТОЙ
-Ийм шалтгаанаар улс төрд орсон гэсэн үгүү?
-Тухайн үедээ зорилгоо ингэж тодорхойлж мэддэггүй байсан юм билээ. 40 хүрч, дөрвөн хүүхэдтэй болж, амьдрал тогтоод ирэх үед хүний харах өнцөг өөрчлөгддөг. Би бизнесээ хийж, ажилтнуудаа цалинжуулж, татвар, шимтгэлээ төлөөд жирийн амьдарч болно. Гэвч болж, бүтэхгүй зүйл бодлогын түвшинд байна. Энэ бүхнийг менежментээр шийдэж болно гэдгийг амьдралын туршлагаараа олоод харсан учраас өөрөө дунд нь орж хийлцэх ёстой гэж бодсон. Түүнээс биш биеийн амрыг бодвол улс төр бол зүглэх салбар биш шүү дээ.
-АН-ын удирдлагын багт орсноос хойш 15-16 жил дотор нь явж байна. Сүүлийн найман жил АН сонгуульд ялагдаж, сөрөг хүчний ажлаа ч сайн биелүүлж чадсангүй, тарж бутраад юм юм л боллоо. Энэ бүхний шалтгаан таныхаар юу вэ?
-Ардчиллын төлөө нэгдсэн таван нам бол өнөөдрийн фракцуудын “ээж”. МҮДН, Зүүн хойд Ази, “Алтангадас”, МоАХ гэх мэт фракц одоо клубүүдийн зарчимд орж байна. Фракцуудын нэгдэл нам дээр ирэхээр үзэл бодлын зөрчилдөөн үүсдэг. Ардчилал бол бусдаас өөр байх, гэхдээ нэг том зорилгын төлөө нэгдэж буй олон өнгө шүү дээ. Би хурал дээр үзэл бодлоо хэлж шүүмжилнэ, тэндээс намайг шүүмжилнэ. Энэ нь олон нийтэд АН эв түнжингүй, болохгүй байгаа мэт харагдаад удлаа. Үүнийг нь нөгөө нам өгөөш болгож, “Эд нар бүтэхгүй” гэдэг ойлголт өгч байна. Гэвч үнэндээ тийм биш. Том эрх ашиг, Монгол Улсынхаа төлөө бид нэгдээд л явдаг. Өнгөрсөн найман жилд ялагдахад шалтгаан их, эзэн ганц, шүүмжлэгчид олон байсан. Жижиг эрх ашиг дээрээ ойлголцсон хүмүүс сонгуульд ялагдаад ирэхээр зан чанараа таниулсан. Тэр сөргөлдөөн нь энэ намыг бутаргах, хүчгүй болгох суурь шалтгаан байсан. АН-аар дамжуулж улс төр, эдийн засгийн эрх ашгаа хамгаалах гэсэн цөөн хүний л сонирхол нь хэт давамгайлсан үйлдэл. Түүнээс АН-ын жирийн гишүүд анхан шатандаа муудаагүй шүү дээ.
Сөрөг хүчний тухайд дотроо гүйцэд ойлголцоогүй 11 хүн 62 хүнтэй бүлэгтэй тэмцэх ямар байдгийг л харууллаа. Бүлгийн даргаа сонгох гэж удсан зэргээр АН доторх дүр зураг бүлэгтээ ч үргэлжилсэн. Гэхдээ АН дуугарах зүйл дээрээ дуугарч, хийх зүйлээ хийсэн. Супер байж чадаагүйг бол хүлээн зөвшөөрнө.
-Фракцууд клубийн зарчимд шилжсэн гэлээ. Өөр үзэл баримтлалтай намууд нэгдсэн учраас тэр ялгарал нь алга болохгүй. Тэгэхээр АН-ын гишүүн л бол аль нэг фракцад хамаарах болдог. Та одоо аль фракц, клубт хамаарч байна вэ?
-Ойлголцол их сонин байдлаар үүсдэг юм билээ. Тухайн үед бид “гудамжинд гарчихсан”, нам хоёр хуваагдсан, гишүүд хэнийх нь үйл ажиллагаанд очихоо мэдэхгүй байсан. Ийм дундын байр суурьтай гишүүн 90 хувь нь байлаа. Энэ үед хэсэг залуус нийлээд Хар зүрхний хөх нуурлуу морин аялал хийсэн юм. Тэнд гал тойрч сууж, гитар тоглонгоо улс төр ярихдаа “Морьтон” гэдэг клуб байгуулъя гэсэн. “Алтангадас”-ын Жадамбаа, МоАХ-ны Шижирээ гэсэн “овог”-той залуус нийлээд байгуулсан. Тэгэхээр би 1980-аад оны залуусын “Морьтон” клубийн гишүүн.
-“Алтангадас”-ын ах нартайгаа фракцын харилцаа байна уу?
-Хүн ёсны харилцаа байлгүй яах вэ. Түүнээс улс төрийн том шийдвэр гаргаж, идэвхтэй явсан зүйл үгүй. Би анхнаасаа улс төрд бие даасан шийдвэр гаргаж явсан. Н.Алтанхуяг даргатай 2012-2016 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж хамтарч ажилласан учраас “Алтангадас”- ын гэдэг “овог” авсан. Үүнийг хэзээ ч үгүйсгэхгүй. Том эрх ашиг, АН болон улс орны үйл хэргийн төлөө хамтраад л явна.
-АН залуустаа боломж олгодоггүй, хэдхэн лидер нэртэй хуучин улс төрч нь эрх мэдлээ атгасаар байна гэж шүүмжилдэг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Залуус бидний арчаагүй байдал гэж л үүнийг дүгнэнэ. Хүн ялах гэж тэмцээнд ордог. Улс төрд хэдийгээр нэг эрх ашгийн төлөө ч дотроо олон тэмцэл, өрсөлдөөн байдаг. Тиймээс тэр лидер ах нарын байр суурьт очихын тулд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөхүйц улс төр хийх ёстой. Тэгж чадахгүй байж надад эрх мэдэл өгсөнгүй гээд буй нь бидний буруу. Бид хаалгыг нь өшиглөж ороод эрх мэдлийг авах ёстой. Өнгөрсөн хугацаанд үүнийг АН-ын залуус хийж чадахгүй, ах нараа хүлээн зөвшөөрөөд л явсан байна шүү дээ.
-Одоо тэгвэл“хаалга өшиглөж” чадаж байна уу?
-Ойлголцлын замаар, зөөлөн аргаар хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ингэж хаалга өшиглөж ороод, тэмцэл хийгээд МАН-ын дарга болсон. Гэхдээ бид арай өөр хэлбэрээр буюу ойлголцлын замаар явж байна. Би таныг сонсъё, та надад зөвлө, дүү нар биднээс суралц, хамтдаа урагшилъя гэж буй юм.
-Л.Гантөмөр дарга удирдлагын багтаа 1980, 1990-ээд оны залуусыг нэлээд оруулж ирж буй нь энэ зөөлөн аргын үр дүн үү?
-Тэгж ойлгож болно. Монголын хоёр том намын гишүүн болж, удирдах түвшинд очих гэж буй бол бэлтгэгдсэн байх ёстой. Тэгэхгүйгээр шууд дарга болох нь маш том алдаа. Бодлого тодорхойлогч намд бэлтгэгдсэн хүний нөөц байх ёстойгоос инфлүүнсэр байх нь чухал биш. Улс орны ирээдүйтэй холбоотой маш чухал асуудал шүү дээ. Хүнийг ядарч явахад нь гоочилдог. Үүний адил АН найман жил дотроо ойлголцохгүй явсан учраас захын хүн “Би энэ намд ороод алах юм байна” гэж бодож, санаанд нь багтаад байна. Тэгээд ороод ирснийхээ дараа энэ бол бүтцийн байгууллага, анхан шатнаасаа эхлээд санал хурааж, дэмжлэг авсан нь дээшээ явна гэдгийг ойлгодог. Тэр үйл явцыг давах болохоор сэтгэлээр унаад“Намайг авсангүй, дэмжсэнгүй, би орж чадсангүй. Тиймээс энэ намаас гарлаа” гэж буй залуус олон байна.
-Анхан, дунд шатанд залуусын зоригийг маш их мохоодог гэж танайхан ярьдаг шүү дээ.
-Яг үнэн. Гэхдээ АН бол Монгол Улсын хоёр том намын нэг. Шинээр байгуулагдсан, эсвэл хэн нэгний халаасны нам биш. Энд бүхэл бүтэн институц ажиллаж байна. Хэдийгээр найман жил гудамжинд байсан ч могойг гурав таславч гүрвэлийн чинээ гэдгийн адил АН бол институц. Энэ том байгууллагын хаалгыг татаж орсон бол процессын дагуу л явна. Үүнийг ойлгохгүй, дийлэхгүй байж гомдоллоод, АН бүтэхгүй, залуусаа дэмждэггүй хэмээн нийгэмд сурталчилдаг, тэгээд нэг жижиг нам дээр очиж туг далбаа болоод явдгийг би ойлгодоггүй. Мөн залуус даргыг нь харж сонгодог. Уг нь үзэл баримтлалыг нь судалж сонгоод, түүндээ үнэнч байх ёстой юм. Ингэж сонголт хийсэн хүмүүс урт хугацаанд алдаа гаргаж буй нь харагддаг, хамгийн түрүүнд урваж шарвадаг. Тодорхой түвшинд хүрмэгц намаа худалддаг. Энэ увайгүй үйлдэл ирээдүйд байхгүй болно. АН өдрөөс өдөрт чанаржиж байгаа. Шинэ гарч ирж буй залуус энэ институцийг илүү хүчирхэг, бодлогын түвшинд ажилладаг болгохоор зорьж байна. Хэн нэгний албан тушаалд очдог шат, мөнгө хийдэг хэрэгсэл болгохгүй.
АН ЦААШИД ИНСТУТИЦИЙН ТҮВШИНД ХҮЧТЭЙ АЖИЛЛАНА
-АН-ынхан 15 дэд даргатай болсноо сонгууль болох дөхсөн учраас олны хүчээр зэрэг ажиллах хэрэгтэй болсон гэж хэмээн тайлбарласан. Гэвч олон фракцынхаа эрх ашгийг хангах үүднээс “бялуу” хуваарилсан юм биш үү?
-Аль аль нь үнэн. Шинэ залуу гишүүн олон, бүгд удирдлагын багт ажиллах сонирхол өндөр. Задарчихсан байсан намыг эвлүүлж, нэг тугийн дор оруулахын тулд голлох фракцуудын төлөөллийг оруулах хэрэгтэй байсан. Нөгөө талаар сонгууль дөхсөн, хугацаа бага учраас зэрэг ажиллах шаардлагатай. Би бол Баянзүрх дүүрэг, Говьсүмбэр аймгийн бүсийг, мөн цахим хөгжил, нийгмийн бодлогын чиглэл хариуцсан дэд дарга. Мөрийн хөтөлбөрийг боловсруулахад энэ чиглэлээр ажилласан гэсэн үг.
-Нэг нам үнэмлэхүй олонхоор найман жил засагласнаар үг хэлэх эрх чөлөөнөөс эхлээд хумигдах болсон. МАН-тай тулах ганц нам нь АН учраас хурдан сэргэх ёстой гэсэн хүлээлт бий. Та бүхэн тэр хүлээлтэд хүрэх хэмжээнд ажиллаж чадаж байна уу?
-Түүхэн замналаа аваад үзэхээр үе үеийн даргын гаргаж тавьж буй болон үйл ажиллагаанд удирдлага болгосон бодлогоосоо хамаарч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг юм байна. Л.Гантөмөр дарга бол математик суурьтай. Өдөр тутмын улс төрийн акц хийхээс илүү бодлогын шинж чанартай, суурь ажлууддаа анхаарч байна. Богино хугацаанд сонгуульд бэлтгэхэд анхаарч ажиллалаа. Найман жилд тарж бутарсан гишүүдээ цуглуулах, идэвхжүүлэх, сонгуульд бэлтгэхэд гол хүчээ зарцуулсан учраас нийгэмд АН-ынхан МАН-ын үйл ажиллагааны эсрэг дуугарахгүй байна гэж харагдсан байж магадгүй. Сонгуулийн үр дүнгээс хамаараад одоо хийж буй бодлогын баримт бичгээ ажил болгохын төлөө л бид зорьж байгаа. Өмнөх удирдлагын хийж байсан улс төртэй үүнийг харьцуулах шаардлагагүй юм. АН цаашид инстутицийн түвшинд хүчтэй ажиллана.
-МАН жагсаалт руу залуусаа түлхүү оруулж буй бол АН эсрэгээр байх шиг.
-Хоёр талтай. Туршлагатай экспертүүд улс төрд хэрэгтэй. Тиймээс намын жагсаалтад тэднээс оруулах нь зүйн хэрэг. Монгол Улсын зарчмын асуудал юм. Зөвхөн залуу хүмүүс байх ёстой гэж туйлширч болохгүй. Манай нам жагсаалтад туршлагатай улс төрчид болон залуусаа хольж оруулна.
-Жагсаалтад эхний 15-д эрэмбэлэгдэх хүмүүс УИХ-д сонгогдох магадлал өндөр. Тиймээс хандив нэрээр 2-5 тэрбум төгрөг авч буй гэх мэдээлэл гараад байна.
-АН-аас албажиж гарсан зүйл байхгүй. Сонгуулийн тухай хуулиарч энэ нь хориотой. Гэхдээ тэр хүмүүс намдаа хандив өргөж, сонгуулийн үйл ажиллагаанд хууль ёсны дагуу зардлаа төвлөрүүлэх нь үүрэг. Харин мөнгөн дүн хэлж мэдэхгүй байна. Тийм олон тэрбум төгрөг ярьсан юм байхгүй.
-Та сонгуульд хаана өрсөлдөх вэ?
-Тодорхой болоогүй, шийдэгдээгүй байна. Нэр дэвшигчдийг тавдугаар сарын 29-нөөс өмнө тодруулна. Намын удирдлага, бодлогын хороондоо сонгуульд нэр дэвших хүсэлтээ бичгээр өгчихсөн байгаа.