-Тамирчид томоохон тэмцээнд оролцохын өмнө догдолж, сандардаг. Тийм үед сэтгэл зүйгээ хэрхэн удирддаг вэ?
-Хүн бүрийн сэтгэл зүй өөр. Миний хувьд аль болох хямрахгүй, сандрал догдлолоо дарж, тайван байхыг хичээдэг. Тэмцээнд тамирчин, дасгалжуулагч аль аль нь сэтгэл хямардаг тал бий. Заримдаа дарамттай санагддаг хүнд зүйлийг хэн хэн нь ухаан, тэвчээрээр даван туулж гарна шүү дээ. Би тэмцээний үед өөрийгөө олон бодлоор ачаалж, хүлэх дургүй. Харин “Дэвжээнд гараад барилдах нь тодорхой. Хамгийн гол нь хэнд ч ялагдахгүй байх л чухал” гэж боддог. Гадаадын тэмцээнд түрүүлчхээд медалийн тавцанд Төрийн дууллаа эгшиглэхийг сонсохоор уйлчих гээд байдаг юм. Ямар ч тэмцээнд “Хилчин” спорт хорооныхон хүчтэй өрсөлддөг. Миний хувьд амжилт гаргасан жүдочдоос үлгэр дуурайл авч, суралцдаг. Тэднээс Гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од багшийн унаган шавь, “Рио-2016” олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, мөн АНЭУ-ын нэрийн өмнөөс тив, дэлхийн тэмцээнд зодоглож буй легионер, улсын гурван удаагийн аварга (2020-2022) Б.Хорлоодой эгч нараар бахархдаг.
-Та аавынхаа талаас бөхийн удамтай юм билээ. Жүдод хөл тавиад бөхийн төрлүүдээр хичээллэдэг ах нараасаа хэр суралцаж байна вэ?
-Тийм ээ, би аавынхаа талаас бөхийн удамтай. Аавын минь отгон дүү Гавьяат тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар жүдогийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд зодоглодог байхдаа дотоод, гадаадын тэмцээнээс медаль цөөнгүй хүртсэн. АНЭУ-ын Абу-Даби хотод 2015 онд болсон “Их дуулга”-д түрүүлж аварга болсон юм. Ахынхаа гаргасан амжилтаас урам авч, энэ спортод хөл тавьж байлаа. Жүдогоос гадна үндэсний бөхөөр хичээллэдэг ах нар бий. Тэднээс Л.Шинэбаатар ах 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж шөвгөрөн, улсын начин цол хүртсэн. Мөн аймгийн арслан Л.Үйтүмэн ахын дайчин барилдааныг бөхийн хорхойтнууд одоо ч андахгүй. Тэднийг наадамчин олон Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ах дүү гурван хүчтэн гэж ярьдаг. Хүүхэд байхаасаа тэднийхээ дэвжээнд барилдахыг харж өслөө. Бөхийн спортод амжилт гаргахад удам багагүй нөлөөлдөг шиг санагдсан шүү.
-Охиноо бэлтгэл хийхээр заал руу гүйдэг болоход гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
-Намайг жүдогоор хичээллэхэд манайхан эхэндээ тийм ч дуртай байгаагүй. Гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж байж тамирчин болсон. Аав “Чи хичээлээ сайн хий. Ирээдүйд эзэмших мэргэжил, боловсролдоо анхаарал хандуул” гэдэг байв. Ээж нэг их зэмлэхгүй ч хааяа “Чи юу сонирхож байна. Дуртай зүйлээ сонго” гэнэ. Харин ах нар учиргүй хорихгүй ч “Чамайг одоохондоо харж л байя” гэдэг сэн.
-Миний хувьд ах нарыг тань харин ч таатай хүлээн авч, дүүгээ тал бүрээс нь дэмжсэн болов уу гэж бодож байлаа.
-Ах нар нэг их зөвлөөд байдаггүй. Тэд тамирчин байхын хэцүүг, тэр дундаа эмэгтэй хүүхэд спортод амжилт гаргах амаргүйг мэддэг болохоор намайг жүдотой нөхөрлөхөд таатай хүлээж аваагүй л дээ. Миний хувьд жүдод эргэж буцахааргүй сэтгэл татагдсан болохоор хэн ч хорьсон өөрийнхөө сонголтод үнэнч байхаар шийдсэн. Тамирчин хүнд дэвжээнээс хүртсэн анхны медаль нь тууштай хичээллэх эрч хүч өгдөг юм билээ. Орхон аймагт жил бүр зохион байгуулдаг, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдочдын АШТ-д өрсөлдөж, хүрэл медаль анх хүртсэн юм. Гурван сар бэлтгэл хийж, тус тэмцээнд оролцохдоо эмээж, сандралгүй өөртөө итгэлтэй барилдсанаа ер мартдаггүй. Учраа таарсан өрсөлдөгчдөө баруун тохох мэхээр ялж, шагналын тавцанд зогссон. Хүн дурласан спортдоо амжилт гаргахын тулд саад бэрхшээлийг даван туулдгийг тэр тэмцээнээс их ойлгосон доо. 2022 онд болсон өсвөр үе, залуучуудын УАШТ-д анх удаа өрсөлдөж, мөнгөн медаль зүүхдээ ирэх жил заавал түрүүлнэ гэж өөртөө амлаж байлаа. Тэр хүсэл, зорилгоо биелүүлж, улсын аваргаар шалгаран Азийн АШТ-д оролцох эрх авсан. Би одоо 70 кг-ын жинд барилддаг.
-Узбекистанд зохион байгуулсан Азийн АШТ-ээс та алтан медальтай ирсэн.Тивийнхээ шилдгүүдтэй дэвжээнд таарч, ялах амар байгаагүй л биз?
-Азийн АШТ-д оролцохоор Ташкент хотыг зорьсон. Тэндхийн цаг агаар, уур амьсгал Монголынхтой төстэй байсан тул орчинд нь амархан дассан шүү. Тус тэмцээний А хэсгийг ахалж барилдахдаа эхний тойрогт эзэн орны тамирчинтай таарав. Тэрбээр зүүн талтай, үүрдэг мэхтэй. Барилдахад тал таарахгүй, тун эвгүй байлаа. Намайг хоёр удаа үүрэхэд нь хэвтээ барилдаан руу шилжин, даралтаар хожиж тэмцээнээ үргэлжлүүлсэн. Аваргын төлөө Казахстаны тамирчинтай өрсөлдөхөд хурдаар илүүрхэх гээд байгаа нь анзаарагдлаа. Бид нэгийгээ өмнө нь хараагүй тул хэн хэндээ шинэ танил байсан. Түүнийг ялах амархан байгаагүй. Бид хойшид ч таарна. Тиймээс оролцсон тэмцээнүүдийнх нь бичлэгийг үзэж, арга барил, техник, хэрхэн бэлтгэл хийдгийг нь судалж байгаа. Цаашид түүний хурд, тэсрэлтийг тооцоолж, зүүн үүрээнд нь тааруулан тактик боловсруулна. Тэр тэмцээнд багш яваагүй. Өөр клубийн дасгалжуулагчдын удирдлагад оролцсон. Өрсөлдөгчөө эхний тойргоос эхлээд харсан болохоор “Баруун шилдье” гэж бодсон юм. Гэхдээ дэвжээнд төлөвлөсөн бүхнээ санаанд хүртлээ гаргаагүй. Узбекистанаас алтан медальтай ирэхэд манайхан их баярласан. Аав “Охиндоо баяр хүргэе, болж байна шүү” гээд урам хайрлаж билээ.
-Үүнээс өмнө та Макаод болсон “Asian cup”, мөн Хонконгод зохион байгуулсан “Asia cup cadets & juniors Honkong-2023” тэмцээнд хүч сорьсон санагдах юм.
-Тиймээ. Азийн АШТ-ээс өмнө Хонконгод болсон “Asian cup”-д оролцсон. Тэр тэмцээний өсвөр үе, залуучуудын ангилалд аль алинд нь түрүүлж, хошой алтан медаль гардаж байлаа. Миний хувьд хилийн дээс анх удаа алхаж, гадаадын тэмцээнд өрсөлдсөн болохоор үеийнхээ тамирчдаас сурах зүйл их байв. Хэдийгээр аварга болсон ч барилдааны үед гаргасан алдаагаа хойшид давтахгүйг хичээдэг. Надтай хүч сорьсон БНСУ-ын өндөр, биерхүү хоёр бөх шилдэж барилдсан тул аргаа өөрчилсөн. Тэдэнд баруун, зүүн ханцуйгаа даруулахгүй гэж тооцоолсны үр дүнд буулгаж авсан юм. Би тэмцээний дараа бичлэгээ үзэж, өөртөө дүгнэлт хийх дуртай. Өрсөлдөгчдийнхөө олонхыг баруун тохох, ачих мэхээр ялсан байдаг.
-Жүдогийн 70 кг-ын жинд дотоодын өрсөлдөгч олон. Тэднийг хожихын тулд та ч гэсэн тактик боловсруулдаг байх.
-Би УАШТ-ий алт, мөнгөн медальтай. Миний жинд өрсөлддөг сайн тамирчин цөөнгүй. Тиймээс дотоодын тэмцээн өрсөлдөөн ихтэй, ширүүн болдог. 70 кг олимпын жин болохоор өндөр, биерхүү охидтой байнга таарна. УАШТ-д түрүүлж байж олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авдаг тул өөрийгөө бүх талаар бэлдэх ёстой. Бөхийн спортод амжилт гаргах амаргүйг алхам тутамдаа мэдэрдэг. Тэр хэрээр халширмаар зүйлтэй нүүр тулдаг ч шантрах бодол төрдөггүй. Шартай, амархан бууж өгөхийг хүсдэггүй болохоор хэцүү санагдах тусам улам хичээдэг зантай. Томоохон тэмцээнд хааяа хожигдвол сэтгэлээр унадаггүй. Дараа ялна даа гэж өөрийгөө хурцална.
-Өрсөлдөгчдөө өөрийн алдаанаас болж ялагдсанаа тийм ч амархан мартдаггүй бололтой.
-Хэдэн сар бодно. Тэмцээнд дандаа хожно гэж юу байх вэ. Ялалт, ялагдлын аль алийг нь мэдрэх зүгээр. Би хожигдохыг муу зүйл гэж боддоггүй. Ялагдах нь амжилтын эхлэл байдаг болохоор мэхний хувилбаруудаас сурч, бэлтгэлээ өмнөхөөсөө илүү чамбай хийхийг хичээдэг. Алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулан өөрийгөө ялж буй бас нэг амжилт. Сайн өрсөлдөгчтэй байхад тамирчин хүн илүү хөдөлмөрлөдөг. Амжилт гаргахын төлөө тэмүүлэлтэй амьдардаг гэж боддог. Би Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн 12а ангид сурдаг. Манай сургуульд жүдогоор хичээллэдэг хүүхэд ховор. Ангийн маань нэг хөвгүүн жүдогоор барилдаж, тэмцээнд оролцдог. Одоо шигшээ багийнхантай бэлтгэл хийдэг юм.
-Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчийн шавь нартаа хэлдэг зөвлөгөөг сонирхож сонсмоор байна.
-Багш миний тамирчин болох эхлэлийг зөв тавьж, амжилт гаргах хаалгыг нээж өгсөн. Тэрбээр шударга зантай. Шавь нараа дэвжээнд гарахын өмнө “Чи өрсөлдөгчөө өөрөөсөө илүү гэж бодож толгойгоо ажиллуул. Түүнд ялагдахгүйн тулд байгаа бүх зүйлээ дайчлан гарга” гэж хэлдэг. Тамирчин хүн амжилтаас атгахад техник хэр эзэмшсэн нь нөлөөлдөг. Ташкентэд болсон Азийн АШТ-ий бичлэгийг багш үзээд “Чиний барилдахыг хараад зүрх өвдөж байлаа. Багш нь одоо тэмцээн үзэж чадахгүй болсон байна” гээд инээж билээ. Зааланд үеийнхэнтэйгээ бэлтгэл хийх нь үр дүнтэй. Өөртэйгөө түлхүү ажиллаж, алдаагаа засахын зэрэгцээ ур чадвараа ч ахиулна. Би сүүлийн үед бэлтгэл хийдэг үеийнхээ охидтой ойр дотно нөхөрлөдөг болсон. Тэднийхээ тэвчээр, хатуужил, магтаал, зэмлэл дааж сурсан зангаар бахархдаг.
-Тамирчид зорьсон орон бүрээсээ өөдрөг бодол тээж ирдэг. Танд очиж үзэх сэн гэж хүсдэг ямар улс байна вэ?
-Францын Парис хотод тэмцээнд оролцож үзэх сэн гэж хүсдэг. Тэнд энэ жил олимпын наадам болох тул ийм бодол илүү төрөх болсон.
-Наадмын хүчит бөхийн барилдаанд ах нар тань барилддаг. Сэтгэл догдолж үздэг биз?
-Тэгэлгүй яах вэ. Улсын баяр наадмын болон сар шинийн барилдаанд ах нарыгаа хэрхэн зодоглох бол гэж сэтгэл догдолж харна. Надад тэднийхээ барилдаанаас сурах зүйл их байдаг юм. Өнгөрсөн жилийн наадмаар Л.Отгонбаатар ах улсын харцага Б.Зоригтбаатараар дөрөв, улсын гарди Б.Гончигдамбаар тав даван улсын начин цол хүртсэн. Тавын даваа эхлэнгүүт манайхан дээлийнхээ захыг мушгиж, амьсгаа даран чив чимээгүй суусан даа. Би тэр үед гадаадын тэмцээнд оролцохоор явах гэж байсан тул ойр зуурын зүйл бэлдээд завгүй байлаа. Гэсэн ч зурагтаас харцаа салгаагүй. Тэгтэл наадамчин олон шуугиад л явчихлаа. Хартал ах туг тойрч харагдсан. Баярлах, гайхах зэрэгцэхэд дуу гардаггүй юм билээ.
-Та үеийнхнээсээ өндөр, биерхүү харагддаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа сагсан бөмбөг тоглодог уу?
-Жүдогийн тамирчдын бэлтгэлийн нэг хэсэгт сагсан бөмбөг багтдаг юм. Бэлтгэлийн нэг өдрийг зааланд нөхөдтэйгөө тоглож өнгөрүүлэх сайхан. Сагсан бөмбөг тоглосноор хурдтай болохоос гадна аливаа зүйлийг хурдан хүлээж авах, багаар ажиллахад багагүй нөлөөлдөг шиг санагдсан. Зурагтаар сагсан бөмбөгийн тэмцээн гарч байвал суваг солихгүй үзнэ шүү дээ. Чөлөөт цагаараа гэртээ тухтай амрахыг боддог. Надад 2024 онд төлөвлөсөн зүйл олон бий. Эхлээд эх орондоо болох тэмцээнүүдэд амжилттай оролцож, тив, дэлхийд өрсөлдөх эрх авахаар зорьж байна. Бэлтгэлээ цалгардуулахгүй, өдөр бүр тууштай хийвэл амжилт гаргах боломж ойрхон бий.