Улаанбаатар хотын хэмжээнд энэ он гарснаас хойш объектын гал түймэр 988 бүртгэгдсэнийг нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-аас мэдээлэв. Онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж, гал түймрээс 14 иргэний амийг аварч, утаажилтын бүсээс 1175 хүнийг гаргасан байна. Галын улмаас 28 хүн нас барж, 33 иргэн түлэгдэж, 31 автомашин шатжээ. Түймрийн дийлэнх буюу 70 орчим хувь нь ахуйн хүрээнд гарсан аж. Ийнхүү нийслэлд гуравхан сарын хугацаанд бараг 1000 удаа гал түймэр гараад байна. Энэ тоо цаашид хэдэд хүрч нэмэгдэн, улмаар хэр олон хүн амь, бие махбод, эд хөрөнгөөрөө хохирохыг таахад бэрх. Ийм учраас ахуйн хүрээний түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх, гол шалтгааныг нь олж тогтоон, засаж сайжруулах нь манайд юу юунаас илүү чухал байна.
Иргэдийн дуудлагын дагуу ажиллахад цахилгааны өндөр хэрэглээтэй хэрнээ хэт нарийн утас ашигласан тохиолдол түгээмэл байдаг гэнэ. Мөн “Би чадна” гэх тодотголтой зарим хүн цахилгааны утсыг дур мэдэн холбохоор оролдохдоо гал алдах нь ч бий.
Ахуйн хүрээний түймэр орон сууцын айл өрхүүдэд бус, гэр хороололд түлхүү гардаг аж. Үүнд нөлөөлдөг голлох хэд хэдэн шалтгаан байгааг онцгой байдлын байгууллагынхан хэлсэн юм. Юуны өмнө айлууд бүрэн бүтэн байдал нь алдагдсан, гэмтэлтэй зуух, пийшин ашигладаг, түүнээс нь улбаалан гал алдах тохиолдол цөөнгүй гарч буй юм. Мөн иргэд цогтой үнс нурмаа ил задгай асгасан нь салхинд хийссэнээр гал гарах тохиолдол цөөнгүй аж. Үүнээс гадна иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхидог нь ч гал гарах шалтгаан болдог гэнэ. Хүүхдүүд санамсаргүй байдлаар чүдэнз зурах, аливаа зүйлийг шатаах зэргээс үүдэн түймэр гарах нь бий. Сурагчдын амралт өдгөө үргэлжилж буй. Ийм үед гэртээ харгалзах хүнгүй үлдсэн хүүхдүүд ахуйн түймрийг дэгдээх нь түгээмэл байдгийг иргэд анхаарах шаардлагатайг албаныхан зөвлөсөн юм. Энэ бүгдээс харвал иргэдийн болгоомжгүй байдал ахуйн түймрийг “өрдөх” гол шалтгаан болдог байх нь.
Дурдалгүй өнгөрч болохгүй дараагийн нэг хүчин зүйл нь айлууд цахилгааны зориулалтын бус утас ашигласаар буйтай холбоотой. Үүний зэрэгцээ цахилгааны хэт их ачаалал үүсгэх нь ч түймрийн гол шалтгааны нэг юм байна. Дээр дурдсан зүйлсээс харвал, иргэд анхаарал болгоомжоо л сайжруулбал ахуйн хүрээний түймрээс сэргийлж чадна гэсэн үг.
Ахуйн түймрийн голлох шалтгаануудын нэг болоод буй цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах, түймэр гарахаас яаж урьдчилан сэргийлэх боломжтой талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчид үйлчлэх төвийн Тоолуур, техникийн хэсгийн ахлагч С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Цахилгааны хэрэглээний түвшнээс хамаараад бүдүүн, эсвэл нарийн утас хэрэглэх ёстой байдаг. Тиймээс иргэд өөрийн хэ рэг лээндээ тохирсон утсыг сонгох хэрэгтэй. Хэт олон цахилгаан хэрэгсэл ашигласнаас утас ачааллаа дийлэхгүй байх тохиолдол бий. Орон сууцын цахилгааны утсыг хэрэглээнд нь тохируулан тавьдаг. Гэсэн ч өмнө хэлсэнчлэн цахилгаан хэрэгсэл хэт олныг ашиглавал ачааллаа дийлэхгүй. Мөн цахилгааны утсыг дутуу холбохоор халалт үүсдэг. Тиймээс залгаастай буюу лентээр ороож тогтоосон утас хэрэглэж болохгүй. Үүнийг бид иргэдэд байнга сануулдаг. Харласан, ямар нэгэн байдлаар гэмтсэн залгуурыг ч солих хэрэгтэй. Энэ бүхэн хувь хүний хариуцлагатай холбоотой” гэв.
Ахуйн орчинд 220 Вольтын хүчин чадалтай цахилгаан ашигладаг бол нэг удаагийн хэрэглээний дээд хэмжээ нь 7.5 кВт байх шаардлагатай юм байна. Тэгвэл 380 В-н хүчин чадалтайг ашигладаг бол 10 кВт-ыг хэрэглэх нь зүйтэй аж. Ачааллыг үүнээс хэтрүүлэн хэрэглэснээс цахилгааны утаснууд гэмтэж, гал алдах эрсдэлтэй гэнэ. Уг нь айл өрхүүд хэрэглээгээ дээр дурдсанаас хэтрүүлэхгүйн тулд тогтмол хянах боломжтой юм билээ. Тодруулбал, цахилгааны тооцоо гардаг самбараасаа л хэрэглээгээ хянаж болдог. Гэсэн чиргэд үүнийг төдийлөн мэдэхгүйгээс цахилгааны утаснаас үүдэлтэй түймрийн тохиолдол буурахгүй байна. Мөн иргэд цахилгааны утсаа дур мэдэн буруу холбох нь түймрийн аюулын суурийг тавьдаг. Иргэдийн дуудлагын дагуу ажиллахад цахилгааны өндөр хэрэглээтэй хэрнээ хэт нарийн утас ашигласан тохиолдол түгээмэл байдаг гэнэ. Мөн “Би чадна” гэх тодотголтой зарим хүн цахилгааны утсыг дур мэдэн холбохоор оролдохдоо гал алдах нь ч бий.
Нөгөө талаар ахуйн түймрийн голлох шалтгаан нь цахилгаанаас үүдэлтэй гэдгийг няцаасан мэргэжилтэн ч байв. Тодруулбал, “Учраа мэдэхгүй хүмүүс галын шалтгааныг цахилгаанд “тохдог”-оо болих хэрэгтэй. Цахилгаан тусгаарлах материалууд нь гал дэмждэггүй. Өөрөөр хэлбэл, зориулалтын дагуу, галаас сэргийлсэн материалаар хийдэг гэсэн үг. Тиймээс хэт их халалт үүслээ ч гал гарах тохиолдол тун бага” гэж өөр нэгэн цахилгааны инженер хэллээ. Мөн “Цахилгаанаас болоод гал их гараад байна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Шалтгааныг тогтоодог байгууллага болох Онцгой байдлын албаныханд итгэхэд бэрх. Тэд учрыг нь олохгүй болохоороо л цахилгаанаас үүдэлтэй гээд дүгнэчихдэг байх” гэж таамаглах нэгэн ч байлаа. Цахилгааны инженер С.Тамир “Манай байрны B1, B2 дугаар давхарт утаа гар сан юм. Тиймээс дуудлага өгч, албаныхан ирж ажилласан. Ингээд галын шалтгааныг нь цахилгааны утастай холбон тайлбарлалаа. Гэтэл цахилгааны утсыг шалгаж үзэхэд ямар ч асуудал байгаагүй. Хяналтын камерыг шалгаж үзэхэд B2 дугаар давхраас нэг автомашины дугуйнаас утаа гарсан байсан” гэв.
Гэр хорооллын айлуудын яндангийн цонолтоос үүдэлтэй түймэр ч цөөнгүй гардаг. Яндангаа хөөлөхгүй удах, цоорхой хэвээр нь хэрэглэх зэргээс гал алдах эрсдэлтэй. Пийшинтэй айл өрхийн хувьд яндангаа өөрсдөө хөөлөх нь төвөгтэй байдаг тул ихэнх тохиолдолд мэргэшсэн хүнд хандах хэрэгтэй болдог. Ингэхдээ тодорхой хэмжээний үнэ хөлс төлнө. Тиймээс олон удаа захиалга өгч, яндангаа хөөлүүлж чаддаггүйгээс болж гал гарах нь бий гэнэ. Гал түлэхдээ цог унагаах, буруу галлахаас ч бас асуудал үүсдэг. Мөн “Шахмал түлшинд элдэв химийн хортой бодис хольсон болохоор л ахуйн түймэр гарах, угаартах зэрэг тохиолдол их байна” хэмээн хардах иргэд олон. Үүнд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан “Тийм зүйл байхгүй. Бид өдөр бүр хяналт шалгалт тогтмол хийдэг” гэв. Иргэдийн эргэлзээг тайлахын тулд гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа түлшинд шинжилгээ хийж, аюулгүй хэмээн үр дүнг нь харуулжээ.
Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх аргад барилга, байгууламжийг стандартын дагуу барьж, ашиглалтад оруулах ч багтдаг. Гэтэл манайд гал гарсан газарт алба хаагчид очих гэж хугацаа алдаж байна. Зарим тохиолдолд галын машины орц, гарц байхгүйгээс тухайн объект шатаж дуусах хүртэл хүрч чадахгүй байх нь ч бий. Сүхбаатар дүүргийн IX хороонд л гэхэд гал унтраах машиныг гудамж дундуур туршилтаар явуулахаар оролджээ. Гэтэл гудамж хэт нарийн, эмх замбараагүйгээс машин тухайн объектод очиж чадаагүй гэнэ. Энэ бол зөвхөн тус дүүрэгт тохиолдсон асуудал биш. Орон сууцад гал гарлаа гэхэд гарцыг нь хааж автомашин байрлуулснаас орж чадахгүйд хүрсэн тохиолдол ч саяхан гарсан. Галын аюулаас сэрэмжлэх боломжтой ч нэгэнт гарсан үед хурдан намжаах нь чухал.
Дээр дурдсан шалтгаанууд нь ахуйн түймрийн голлох хүчин зүйл юм. Хүн бүрийн хувьд “Ойлгомжтой зүйлс байна” гэж хэлэхээр, сайн мэдэх шалтгаанууд. Гэтэл тэдгээр шалтгаанаас болж жилд дунджаар 30 орчим хүнээ алдаж байна. Тиймээс учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалан, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхийн тулд иргэн бүр анхаарал болгоомжоо сайжруулах нь чухал билээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн