Налуу замыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бус, өндөр настан, бага насны хүүхэд, хүнд ачаа бараа зөөж буй хүмүүст зориулан барьдаг жишигтэй. Орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагаас авхуулаад олон нийтэд зориулсан барилга, байгууламж бүр үүдэндээ налуу зам барих ёстой. Ингэснээр хүн бүр нийгмийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах эрхээ эдлэх учиртай билээ.
Үүний дагуу манайд барилга, байгууламжийн үүдэнд налуу зам барих нь элбэг болсон. Харамсалтай нь, тэдгээр замын дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг нь Стандартчилал, хэмжил зүйн газраас гаргасан MNS 6055:2009 буюу налуу замын үндсэн шаардлага гэж бий. Түүнд замын өргөлтийн өндөр 80 см, налуугийн өнцөг 6-7 градусаас ихгүй, өргөн нь 110, тэргэнцэр явах зай 90 см байхаар заажээ. Бас замын хоёр талд 90 см-ээс багагүй өндөртэй бариул бүхий хашлага хийнэ. Бариулын үзүүрийг нь налуу замаас 30-40 см-ээр илүү гаргаж, дугуйруулан хийх ёстой хэмээн заасан байна. Мөн замын чиглэл өөрчлөгдөх тохиолдолд тэгш талбайн өргөн тэргэнцэр эргэх боломжтой буюу 150 см-ээс багагүй байх шаардлагатай хэмээн нарийвчлан тусгажээ. Тэргэнцэртэй зорчигч уруу замд хурдан, өгсүүр замд удаан явдаг гэнэ. Тиймээс замын налуу хэсгээр тэргэнцэртэй иргэд хүчлэхгүйгээр өгсөж, уруудах боломж бүрдүүлэх ёстой.
Хот, суурин газарт барилга, байгууламж, авто зам, ногоон байгууламж зэрэг нь бүх хүнд тэгш хүртээмжтэй, ээлтэй байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад төр засаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, тэдэнд бусадтай адил амьдрах боломж бүрдүүлэхээр төрөл бүрийн арга хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, барилга хүлээн авах шаардлага, дүрмүүдэд орон сууц, олон нийтийн үйлчилгээ зэргийг бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдрахад саадгүй байх шаардлагыг тусгадаг гэнэ.
Гэтэл манай улсад стандарт бий ч түүнийг хэрэгжүүлдэг байгууллага гарын арван хуруунд багтах цөөн аж. Өнөө үед олонх байгууллага налуу замтай болсон нь сайшаалтай ч чанарт бус, хэлбэрт анхаарал хандуулсан хэвээр л байна. Тэргэнцэртэй байтугай явган хүн өгсөж, уруудахад хүндрэлтэй, гулсуур шиг гөлгөр плитатай, хэт өндөр хийсэн налуу зам хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүмүүст “Гималайн нуруу” мэт санагддаг талаар нэгэн ээж цахим хуудсандаа бичжээ.
Тэргэнцэр дээр сууж, тэрэг түрж, ачаа зөөж үзээгүй хүнд стандартад нийцээгүй замын асуудал төдийлөн мэдрэгдэхгүй байх. Яг ингэж мэдэрч үзээгүй хүмүүс налуу замыг төлөвлөж, барьснаас стандартад нийцээгүй “бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсээр” байх магадлалтай.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн