Монголын дартс сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Одбилэгт гадаад, дотоодын оролцоогүй тэмцээн ховор. Тэрбээр АНУ-ын Лас-Вегас хотод 2013 онд болсон “Phoe¬nix сup” тэмцээний ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж, БНСУ-ын “Phoenix darts” тэмцээнээс мөнгөн медальтай ирж байв. Тэгвэл 2020 онд БНСУ-д зохион байгуулсан хосын аварга шалгаруулах “VSL doubles contenfers”-д тус улсад сурдаг монгол оюутан Г.Түвшинсайхантай хамт оролцож түрүүлжээ. Түүнээс гурван жилийн дараа Гибралтарт болсон Дэлхийн дартсын холбооны нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд V байрт шалгарсан. Х.Одбилэг тэмцээнд оролцохын зэрэгцээ шүүгчээр ажилладаг. БНСУ-д 2019 онд зохион байгуулсан “PDC Asian tour” тэмцээний үеэр өсвөр үеийн дартсын корпорацын (JDC) шүүгчийн сургалтад хамрагдаж, итгэмжлэгдсэн шүүгч болсон түүхтэй. Английн Бристол хотыг энэ онд зорьж, мөн сургалтад хамрагдсанаар “Academy coach” буюу багш дасгалжуулагч болсон юм. Ингээд тэрбээр 2022-2023 онд дараалан “JDC world darts junior cham¬pionship”-д өсвөр үеийн шигшээ багийнхныг ахлан оролцуулсан билээ.
-Дасгалжуулагчаар ажиллах амаргүй л гэдэг. Ажлаасаа эрч хүч, урам зориг хэр авдаг вэ?
-Би 2010 оноос улсын өсвөр үеийн шигшээ багийг удирдаж, олон улсын тэмцээнд оролцуулж эхэлсэн. Манай холбооны тэргүүн М.Эрдэнэ шигшээ багийн тоглогчдыг ахлан гадаадын тэмцээнд оролцуулдаг. Сүүлийн хоёр жил өсвөр үеийнхний ДАШТ-д оролцсон тамирчдыг “Хулан” клубийн багш Б.Баянмөнх чиглүүлж, дасгалжуулагчаар ажилласан. Миний хувьд тамирчдын виз, тэмцээний мэдүүлэг, тэмцээнд оролцуулах зэрэг ажлыг зохион байгуулсан юм. Харин сүүлд нийслэлийн 44 дүгээр сургуулийн 8и ангийн сурагч, “МGL darts” клуб, “Уужим од” компанийн тоглогч Х.Тэргэлийг “JDC UK Q-school” болон “JDC advanced tour-2024” цуврал тэмцээнд оролцоход нь асран хамгаалагч, бэлтгэл хангагчаар хоёр сарын хугацаанд ажиллалаа. Үүний үр дүнд тэрбээр долоон улсын дэлхийн шилдэг 32 тамирчнаас эхний дөрвөн тэмцээний үзүүлэлтээр II байрт эрэмбэлэгдэв. Түүний амжилтаас урам авч, хүсэл эрмэлзэл дүүрэн, эрч хүчтэй ажиллаж байна даа.
-Английн харьяа Гибралтар орон таны амьдралд сайхан дурсамж үлдээлээ. Тэнд 2022 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-д та дасгалжуулагч М.Эрдэнийн хамт шигшээ багийнхныг сойж, хүрэл медалиас атгуулсан шүү дээ.
-Анхны юм бүхэн сэтгэлд мартагдахааргүй тод үлддэг шүү дээ. ДАШТ-ий мэдээлэл ирэхэд Монголынхоо өсвөр үеийн тамирчдын ур чадварыг дэлхийн түвшинд харахыг хүссэн тул оролцуулахаар зориглосон юм. Тэр жилийн УАШТ-д өсвөр үеийнхэн гал гарсан тоглолтуудыг харуулсан тул амжилт гаргасан шилдгүүдийн нэрийг жагсааж бичсэн. Гэхдээ хэдэн зүйлд санаа зовж, Гибралтарыг зорих, эсэхдээ эргэлзэж байв. Нэгдүгээрт, санхүү, хоёрдугаарт, хүүхдүүдийг анх удаа ахалж явах, гуравдугаарт, эцэг, эх нь зөвшөөрөх болов уу гэсэн айдас. Тус улс өртөг өндөртэй. Англид хөл тавьж, цааш Гибралтар луу нисэхэд нэг хүнээс 10 сая төгрөгөөс багагүй зардал гарах, мөн нэг айлын хоёр хүүхэд оролцох нь хүндхэн асуудал байлаа. Тиймээс 2022 оны 6-11 дүгээр сар хүртэл ивээн тэтгэх байгууллага хайж, Монголын шилдэг 100 аж ахуйн нэгж, УИХ-ын 76 гишүүнд бичиг илгээсэн боловч нэг нь ч дэмжээгүй. Тухайн үед хүмүүс тэднийг өндөр амжилт гаргана гэж итгээгүй. Ганцхан “Шөлөндөө” ХХК-ийн захирал Б.Энхцацрал гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн “MGL darts” болон бусад клубийн тамирчид, тэмцээнд оролцох хүүхдүүдийн сургуулийнхан нь хандив өгсөн нь их дэм болсон. Олны хүч оломгүй далай гэж үнэхээр гайхалтай үнэн үг шүү.
-Манай тамирчид дэлхийн шилдэг багуудыг хожсон бахархам амжилт Монголын дартсын спортод шинэ хуудас нээсэн баярт үйл явдал болсон доо.
-ДАШТ-д анх удаа өрсөлдөж, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь биднийг төдийгүй Британийн харьяа улсуудыг алмайруулсан түүхэн үйл явдал болсон. Өсвөр үеийн дартсын корпорацын үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Стив Браун “БНХАУ-ын шигшээ баг 2017 онд Ази тивээс анх ирж оролцсон. Гэхдээ тэд танайхан шиг ийм гайхалтай тоглолт үзүүлээгүй” гэж байв. Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин тус корпорацын “Кадет” хөтөлбөртэй гэрээ хийсэн Азийн анхны тоглогч болсон.
-Гибралтараас тээж ирсэн бодол таныг шигшээ багийнхантай Англид дахин хөл тавиулсан байх. Манайхан 2023 онд болсон ДАШТ-д медалиас атгаад л алдсан. Дасгалжуулагчийн хувьд тамирчдаа гадаадын тоглогчидтой харьцуулж хараад ямар дүгнэлт хийснийг тань сонирхож сонсъё?
-2022 онд хүрэл медаль хүртсэн тул илүү боломж байгааг манай тамирчид харсан. Тэд 2023 оны ДАШТ-д аварга болох зорилго тавьж, дасгалжуулагчтайгаа нэг сар шаргуу бэлтгэл хийсэн юм. Түүндээ ч хүрэх боломж тун ойрхон байлаа. Английн шилдгийн шилдэг тамирчидтай А багтай манайхан ана мана өрсөлдөж, багагүй сандаргасан шүү. Шийдвэрлэх сүүлийн тоглолтын хожлын шидэлт оновчтой болох агшинд тэд их баярлаж билээ. Тэр үед манайханд олон улсын тэмцээний туршлага дутсан л даа. Англиас гадна бусад орны тамирчид хил залгаа улсад болдог тэмцээнд байнга оролцдог тул сэтгэл зүйгээ сайтар бэлтгэсэн байв.
-Түүнээс хойш та шигшээ багийнхнаас Х.Тэргэлийг “JDC аdvanced tour-2024”-т сойхоор Английн Ковентри хотод хэдэн сар амьдарсан. Багш, шавь хоёр бэлтгэл шаргуу хийсний үр дүнд 16 цуврал тэмцээний эхнийхэд нь түрүүлж, олныг баярлуулсныг санаж байна.
-Бид Англид өнгөрсөн нэгдүгээр сарын 10- нд хөл тавьж, 13-14-нд дөрвөн сонгон шалгаруулалтын “JDC UK Q-school” тэмцээнд өрсөлдөж, эхнийхэд нь түрүүлснээр хамгийн анхны эрх авсан юм. Бид хожчихоод эцэг, эхчүүдийн сууж байсан заал руу ороход алга ташиж, баяр хүргэсэн нь омогшил төрүүлж байлаа. “JDC аdvanced tour-2024”-т долоон улсын шилдэг 32 тамирчин өрсөлдөж буй. Эхний цуврал дөрвөн тэмцээн нь өнгөрсөн сарын 9-10-нд болоход Х.Тэргэл хоёр удаа V байр эзэлж, мөн III байрт шалгаран, финалд амжилттай оролцсоноор нийт дүнгээр 32 тамирчнаас II байрт эрэмблэгдлээ. Эл тэмцээнд оролцож буй тамирчид эн тэнцүү тоглодог тул өрсөлдөөн ихтэй. Одоогоор хоёр түрүүлсэн тоглогч байхгүй.
-Та өмнө нь Лондонд амьдардаг байсан юм билээ. Тус улсыг зориход тэр үеийн дурсамжууд тань хөглөж, хөтөлдөг байж болох юм.
-Би Лондонд 2003-2008 онд амьдарсан болохоор олон дурсамж үлдсэн. Залуу насныхаа хүч хөдөлмөрийг зориулж ажилласан газруудаараа ч орлоо. Тус хотыг мэдэх учраас түүнийг дагуулж явахад хэцүү байгаагүй. Гэхдээ тэр үеийнхээс өртөг нэмэгдэж, байрны түрээс өндөр болсон нь хоёр сар амьдрахад чанга байв. Хэдий хүнд байсан ч Лондон дахь Монголын Элчин сайдын яам биднийг байрандаа 10 гаруй хоног байлгаж, дэмжлэг үзүүлсэн. Мөн Англид амьдардаг монголчууд дэмжсэнээс гадна “World senior darts championship-2024”-тулсаа төлөөлж оролцсон П.Ганбат, Л.Эрдэнэбат, Б.Ганхуяг ах нар бүтэн сар санаа зовохооргүй байлгасан. Энэ ташрамд, сайхан сэтгэлээр тусалсан ах нартаа баярласнаа илэрхийлье.
-Түүнийг богино хугацаанд амжилт гаргаж, өдгөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болоход бэлтгэлээс гадна сэтгэл зүйд нь сайтар анхаарал хандуулсных байв уу?
-Миний бодож буйгаар түүний гол нууц нь эхийнхээ хэвлийд байхаасаа тэмцээнд алгасалгүй “оролцдог” байсанд болов уу. Түүний ээж, нагац ах нар нь дартсын ОУХМ цолтой, шилдэг тамирчин. Тиймээс суурийг нь зөв тавьсан гэр бүлийнх нь нөлөө бий. Миний хувьд Лондонд байх хугацаанд бэлтгэл хийх нөхцөлийг нь сайн хангаж өгсөн. Бид эх орон руугаа буцахаар төлөвлөж байтал50 наснаас дээших тамирчид “World senior darts championship-2024” тэмцээнд Монголоос ирж өрсөлдөхөөр болсон. Тус тэмцээн нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 21 хүртэл үргэлжилсэн тул тэднийг бэлтгэл хийлгэж оролцуулсан юм. Тус тэмцээний үндсэн шигшээ тоглолт тав дахь долоо хоногийн сүүлийн дөрвөн өдөр нь болж, аваргаа тодруулсан.
-Манайхан ур чадвараар гадаадынхнаас дутахгүй өндөр түвшинд бэлтгэгдэн, тив, дэлхийд хүчтэй өрсөлдөгч болоход таны үүрэг, оролцоо багагүй нөлөөлсөн гэж боддог.
-Монголын дартс сонирхогчдын холбоог 2009 оны аравдугаар сард байгуулж, дараа сард нь одоогийн тэргүүн М.Эрдэнэтэй хамтран анхны тэмцээнээ зохион байгуулсан юм. Шинэ үеийн дартсын спортын түүхийг ийн эхлүүлж, МҮОНРТ-ийн“Спорт суваг”-ын “Илүү илүү” нэвтрүүлэгт анх удаа уригдаж, дартсын спортыг сурталчилж байв. Мөн “С1”-ийн“Содон сум”, “Боловсрол”, “ТВ9”, “NTV” зэрэг телевизийн сувагтай хамтран ажилласан. Миний хувьд электрон дартсын төрлөөр зохион байгуулсан “IDF world cup-2010” олон улсын тэмцээнд анх удаа оролцож, электрон дартстай танилцаж байлаа. Эл тэмцээнд 14 улс оролцсоноос манайхан багийн төрөлд V байрт шалгарахад урам авсан шүү. Түүнээс хойш шигшээ багийн тамирчдаа тус тэмцээнд алгасалгүй оролцуулснаар 2013 онд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Дэлхийн цом”-ын аварга, мөн хүрэл медаль хүртсэн юм.
Дараа жил нь манай дартсчид өсвөр үеийн багийн төрөлд мөнгөн медаль гардаж билээ. Дартсын спортын хөгжилд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Б.Бат-Өлзий, Н.Элбэгсайхан, Ц.Энхжаргал, Ю.Ганболд, Н.Ганбаатар зэрэг ахмадууддаа их баярладаг юм. Мөн анхны “Borgio cup” багийн аварга шалгаруулах анхны тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажилласан АПУ ХХК- ийнхамт олон, Маркетингийн албаны дарга байсан Г.Баярхүү ахад талархдаг. 2012 оноос орон нутагт клубүүд байгуулснаар, энэ спорт өргөжин хөгжлөө. Одоо дартсын клубгүй аймаг байхгүй. Энэ спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх гэсэн бидний хүсэл, зорилго биелсэнд баярладаг.
-Монголчууд шартай, хэнд ч ялагдах дургүй занг тамирчдынхаа тоглолтоос олж хардаг биз?
-Монгол хүний амархан бууж өгдөггүй зан чанар нь дартсын спортод дурлуулдаг. Энэ спорт ажлын алжаал, стресс тайлдаг. Хүн онох гэсэн цэгтээ сумаа зоож чадсанаараа сэтгэлийн таашаал авдаг. Сүүлийн үед дартсын самбар, сумгүй байгууллага ховор болсон шүү дээ.
-Монголын дартс сонирхогчдын холбооны үйл ажиллагааг эхлүүлж байсан дурсамжаасаа хуваалцаач.
-Аливаа зүйлийг эхлүүлэх амаргүй л байдаг. Холбооныхоо нэрийг албан ёсоор авахад нэг том зүйл хийчихсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Дараа нь холбооны дүрэм, тамга, тэмдэг гээд бичиг цаасны ажлын ард гарах гэж нэлээд цаг хугацаа зарцуулсан. Манай холбооны логог шинээр бүтээсэн АПУ ХХК-ийн дизайнер О.Одонболдод (2010 онд) баярладаг. Эхлэлээс нь өнөөг хүртэл тууштай дэмжиж буй холбооны тэргүүн М.Эрдэнэ дартсын спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, их зүйл хийсэн шүү.
-Та ингэхэд дартстай хэрхэн нөхөрлөсөн бэ?
-Монгол Улсын дартсын спортын анхны аварга Х.Батбаяр ахыг 1993 онд сум шидэхийг сонирхон харж, тоглолтыг нь үздэг байв. Өөрөө дартс тоглодог болсноор 1994 онд УАШТ-д өсвөр үеийнхний хосын төрөлд Дорнод аймгийн тоглогчтой оролцож, IV байрт шалгарснаар энэ спорттой нөхөрлөх болсон юм.
-Хүмүүс дартс тоглохыг ганц хараад л сурна гэж боддог. Гэтэл тийм биш болох нь тэмцээнээс тодорхой харагддаг.
-Дартс бол 20 тэнцүү хэсэгт хуваагдсан, эрэмбэлэгдсэн бус дараалалтай тоон хүрдэн дээр гурван сумаа хүссэн газраа яг таг онож тоглохыг л хэлээд буй юм. 501 оноог есөн сумаар төгс шидэх нь биллиардаар бол 147 оноо авахтай адил нягт нарийн шидэхийг шаарддаг. Бид дартсын самбараа тэвэрч очоод тэмцээн хийдэг байсан бол одоо албан байгууллагууд клубтээ ерөнхий шүүгч авч тэмцээнээ зохион байгуулдаг болтлоо хөгжжээ. Дартс арифметикийн үйлдлийг цээжээр хийхэд сургадаг оюуны спорт. Буудлага, байт харваанаас өөр. Хүмүүс зөвхөн төвийг л онох ёстой гэсэн ойлголттой байснаа одоо сайн мэдлэгтэй болжээ.
-Замын түгжрэлд клуб гэж явахгүйгээр ажил, гэртээ дартсын самбар байрлуулаад бэлтгэл хийхэд цаг хугацаа хэмнэхийг залуус мэддэг болжээ.
-Дартс нь амьд харилцааг бий болгодог гэр бүлийн спорт. Хүмүүс ажлын цайны цаг, мөн амралтын өдөр гэрийнхэнтэйгээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг зорьж, дартс тоглодог болсон. Хүүхдүүдийг гар утас, компьютерын дэлгэцийн хамаарлаас салгах бас нэг боломж.
-Монголчууд 2000 оноос өмнө дартсыг пиво уусан, баян эрчүүдийн зугаацдаг тоглоом гэж ойлгодог байсан. Одоо хандлага нь өөрчлөгдөж, спортын нэг төрөл гэж хүлээн авч байна.
-Англи улсад 1860 онд дартсыг анх тоглож эхэлсэн бол 1896 онд өнөөгийн бидний хэрэглэж буй стандарт дартс бий болсон түүхтэй. Харин 1973 онд Бритиш дартсын холбоо, 1976 онд Дэлхийн дартсын холбоог тус тус байгуулсан. 1992 онд албан ёсоор спортын нэг төрөлд багтаан хүлээн зөвшөөрөх болсон юм. Тиймдээ ч Мэргэжлийн дартсын корпорац байгуулагдсанаар англичууд 2012 онд Лондоны олимпын төрөлд дартсыг оруулахаар зорьсон ч хараахан багтаагүй.
-Олимпын наадмын спортын төрөлд дартс ойрхон жагсаж буй гэдэгт итгэлтэй байна уу. АНУ энэ спортыг өндөр хөгжүүлж байна шүү дээ.
-Тийм ээ. АНУ-ын дартсын холбоог1976 онд байгуулсан ууган холбоодын нэг. Тус холбоо Дэлхийн дартсын холбоотой хамтран 2028 онд Лос-Анжелес хотод зохион байгуулах зуны олимпын спортын төрөлд оруулахаар ажиллаж буй гэж бодож байна. Учир нь, Дэлхийн дартсын холбооны төв Англиас АНУ руу шилжсэн. Энэхүү ажил нь амжилттай болоосой гэж бодож байгаа.
-Хэрвээ олимпын төрөлд багтвал манайханд өрсөлдөх боломж хэр байгаа вэ?
-Одоо ДАШТ-д ид оролцож буй Монголын өсвөр үеийн шигшээ багийн тамирчид жинхэнэ өрсөлдөнө дөө. Х.Тэргэл, Б.Хулан, М.Тэлмэн, Г.Анужин, Г.Ананд, Ц.Өнөрчимэг гээд шилдэг тамирчин бий.
-2019 онд болсон ДАШТ-д Нидерландын Майкл Ван Гервин, 2020 онд Шотландын Питер Райт, 2021 онд Уэльсийн Гервин Прайс дэлхийн аварга болсон. Та аваргуудын хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-Миний хувьд 2023 оны өсвөр үеийн болон залуучуудын аварга, 2024 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Английн тамирчин Лук Литлерийн тоглолтын ур чадварыг биширдэг. Тэрбээр 17 настай. “World series” тэмцээнд нэг түрүүлснээс гадна есөн сумны гараа хийсэн. Мөн “Belgium darts оpen” тэмцээнд тэргүүллээ.
-Манайхан ДАШТ-д оролцохын тулд ямар тэмцээнд оролцож, эрх авах боломжтой бол?
-“PDC Asian tour” 24 цуврал тэмцээнд оролцож, нэгдсэн чансаагаар эхний II байрт шалгарвал “PDC Asian championship”-д оролцох эрх авна. Мөн эл тэмцээнд өрсөлдөж, аман хүзүүдвэл ДАШТ-д оролцох эрх өвөртөлнө дөө.