Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн тамирчин, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн II курсийн оюутан А.Эрмүүн мөстэй болон өвлийн усанд сэлэлтээр хичээллэдэг. Таван жилийн өмнө тамирчны замналаа эхлүүлсэн тэрбээр Эстонийн Таллин хотод энэ сарын 4-9-нд зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Ш.Даваадоржийн удирдлагад оролцож, 40 орны 1500 гаруй шилдэг сэлэгчтэй улсаа төдийгүй тивээ төлөөлөн өрсөлдсөн. Тэрбээр тус тэмцээний далайн гахай сэлэлтийн 25 метрийн зайд түрүүлж, дэлхийн аварга болсон юм. Мөн өврөөр даллах сэлэлтийн төрлийн 25 метрт мөнгө, 50 метрт хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гардсан шагналууд энэ спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам өгч, амжилтын жим гаргасан юм.
-Та усанд сэлэлтийн спорттой таван жил нөхөрлөснийхөө хичээл зүтгэлийг ДАШТ-д харууллаа. Европын шилдгүүдтэй ана мана өрсөлдөж, медалиас атгах амархан санагдаагүй л байх.
-Амархан ирдэг шагнал хаана ч байхгүй шүү дээ. Тамирчнаар бэлтгэгдэж хичээллэсэн он жилүүд маш хурдан өнгөрсөн байна. Эстони улсын Таллин хотод болох өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ий тов өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан тул бэлтгэлээ таван сар шаргуу хийсэн. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээн энгийн бассейныхаас өөр. Бид хүйтэнд дасах бэлтгэлээ харзны усанд нэгдүгээр сард базаадаг юм. Энэ удаа 40 улсын сэлэгчтэй ур чадвараа сориход Польш, Финландын тамирчид хүчтэй өрсөлдөгч байлаа. Усанд сэлэлтийнхний амжилт минут, секунд, долиор хэмжигддэг. Тиймээс тамирчид хэрхэн хөдөлмөрлөснөө 50 секундэд харуулдаг юм. Тэмцээн эхлэхийн өмнө бага зэрэг сандарсан ч таван жилийн хичээл зүтгэлээ талаар болгохгүйг хичээж, өөрийгөө маш их хурцалсан.
-Дэлхийн аварга болсон багшийнхаа амжилтаар бахархаж, энэ спортод эргэж буцахааргүй хөл тавьсан гэж сонссон.
-Тийм ээ. Дэлхийн хошой аварга Ш.Даваадорж багшийнхаа амжилтаас урам авч, энэ спортоор хичээллэх шийдвэр гаргаж байлаа. Тэрбээр мөстэй болон өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд 10 гаруй жил тасралтгүй оролцсон болохоор арвин туршлага хуримтлуулсан. Тамирчин байх амаргүйг өөрийн биеэр туулсан болохоор шавь нараа сайн ойлгож, тэмцээний үед түшиг болдог юм. Багш бидэнд бүх зүйлийг анхнаас нь зөв зааж, системтэй бэлтгэл сургуулилалт хийлгэсний үр дүн гарлаа.
-Тамирчин хүнд өөрийгөө мэдрэх мэдрэмж илүү хөгжсөн байдаг. Тэр өдөр түрүүлнэ гэсэн итгэл найдвар танд төрөв үү?
-Далайн гахай сэлэлтийн 25 метрийн зайд 200 гаруй тамирчин өрсөлдсөн. Тэмцээн болсон орой нь медаль гардуулах ёслол болсон юм. Тэр үед сэлэхдээ дүрмийн алдаа гаргасан шиг санагдаж, өөрийгөө хэрхэн уралдсан бол гэж хямарсан. Аваргаар шалгарна гэж бодоогүй тул эхэндээ эргэлзэж их гайхсан шүү. Монголын тамирчин А.Эрмүүн гэж зарлуулаад, шагналын тавцанд медалиа зүүхдээ хүртэл итгэж ядаж байлаа. Үүнээс өмнө ОХУ-ын Байгал нуурт 2020 онд зохион байгуулсан 50, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн. Франц улсад өнгөрсөн жил болсон мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-д өрсөлдөхдөө санасандаа хүртэл амжилт гаргаагүй. Медалиас шүүрээд алдсан минь том сургамж болж, хойшид алдаа гаргахгүй байхыг сайтар ойлгуулсан. Мянга ярихаас нэг үз гэдэг үг бий. Тэр үед надад ч өрсөлдөгчдөөсөө сурах зүйл их байлаа. Хүйтэн усанд биеэ дасгах хамгийн чухал. Монголд харзны усанд бэлтгэл хийж явсан ч тэмцээн болох газрын усанд бие халаалтгүй шууд уралддаг болохоор их цочирдсон. Далайд болдог тэмцээний үеэр усны гүн нь харагддаггүй. Анх удаа оролцож байгаа тамирчдад энэ нь айдас төрүүлдэг тал бий. Миний хувьд хоёр тэмцээнд оролцсоны дараа л цочроо арилсан даа.
-Ш.Даваадорж дасгалжуулагч дайчин зантай, шударга үгтэй. Шавь нь болж хичээллэхээр ирсэн анхны өдөр юу гэж зөвлөсөн бэ?
-Усанд сэлэлтээр хичээллэхээр ирэхэд “Чи ямар нэгэн зүйл эхлүүлж буй бол эцсийг нь үзнэ гэсэн зорилго тавь” гээд хэлж байв. Тэр өдрөөс зөвлөгөөг нь сонсож, өөрийгөө дайчилсны хүчинд амжилт гаргасан гэж боддог. Надтай хамт өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д оролцсон С.Мөнх-Оргил мөн түүний шавь. Тэрбээр 14 настай, есдүгээр ангийн сурагч гэхэд өндөр, биерхүү. Өсвөр үеийнхний ангилалд мэлхий сэлэлтийн 25, 50 метрийн зайд тус бүр мөнгөн медаль хүртлээ. Сэлэлтийн нэг төрлөөр дагнаж бэлтгэл хийсэн болохоор сайн уралдсан. Түүнтэй өрсөлдсөн сэлэгчдээс Польшийн тамирчин түрүүлж, аварга болсон юм.
-Монголын тамирчдын хувцасны загвар, хийц бусад улсынхаас содон ялгарч байсан нь таатай бодол төрүүлсэн шүү.
-Бидний өмссөн хувцсыг Баянгол дүүргийн X хороололд үйл ажиллагаа явуулдаг “Flames Mongolian brand”-ийн хамт олон урласан. Монгол тамирчдын үндэсний хувцас, хүрэмний өнгө, загвар, дизайн олны анхаарлыг их татсан. Тэднээс Марокко, Аргентин, Африк, Эстони улсын тамирчид дараагийн тэмцээнд өмсөх хувцсаа Монголд хийлгэхээр захиалга өгсөн шүү. Гадаадын тамирчид бидний өмссөн куртикний (хүрэм) ханцуй дээрх өөрийн улсын далбааг хараад дуу алдан баярлаж, бидэнтэй зургаа авхуулаад инстаграм хуудсандаа тавьсан байв. Эх орондоо ирсний дараа тэмцээний үед танилцаж, найз болсон тамирчидтай инстаграмаар харилцаж, мэдээлэл хуваалцаж байгаа. Багш оролцсон тэмцээн бүрдээ үндэсний хувцсаараа гоёдог. Тэмцээн үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид баатрын хуяг, дуулгыг нь хараад “Монголчуудын үндэсний хувцас уу” гэж их асуусан. Тэд Монголын түүхийг сонирхож судалдгаа өгүүлж, Чингис хааны талаар түүнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн нь сайхан санагдсан.
-Спортод хөл тавьсан цагаасаа амьдралын идэвх сайжирч, ажлын бүтээмж өндөр болдгийг та өмнөхөөсөө илүү мэдэрсэн биз?
-Спортоос авдаг эрч хүч, мэдрэмж гайхалтай шүү дээ. Ганцаардал, уйтгар гунигаас холдож, сэтгэл өөдрөг амьдрах урам өгдөг. Монголын өнөөгийн нөхцөлд усан спортоор хичээллэх нь хамгийн тохиромжтой. Манай улсад гурван хүн тутмын хоёр нь нурууны суулттай гэсэн судалгаа байдаг. Стресс бухимдал тайлахаас гадна нурууны суултыг эдгээдэг давуу талтай. Утаа, тортог ихтэй үед уушги цэвэрлэж, эрүүл болгоно. Усанд сэлэхэд биеийн бүх булчин ажилладаг болохоор өв тэгш хөгждөг. Ажлын ачаалал, гэр орны жижиг сажиг асуудал гээд хэр баргийн зүйлд түүртэхгүй. Миний хувьд усанд сэлэх нь амар амгаланг мэдрүүлж, бясалгал хийхтэй адил санагддаг. Цагийг үр дүнтэй өнгөрүүлснээр хүн дотоод сэтгэл рүүгээ өнгийж, өөрийгөө илүү таньдаг юм билээ.
-Шигшээ багийн бус тамирчид тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцох нь санхүүгийн хувьд амаргүй байдаг юм билээ.
-Надад ч гэсэн тамирчдад тулгардаг асуудал бишгүй гардаг. Гадаадын тэмцээнд өөрөөсөө зардал гаргаж оролцох нь эхэндээ амаргүй санагддаг байв. Ээж минь бүх талаар дэмждэгийн ачаар олон саадын ард гарсан. Францад өнгөрсөн жил болсон ДАШТ-д оролцоход хамаатан садны ах дүүсээс гадна ээжийн найзууд тэмцээний зардал босгоход их тусалсан шүү. Европын орнууд сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөртөө усанд сэлэлтийг заавал оруулдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь сэлүүлж сургана. Ирээдүйд тамирчин болж, богино хугацаанд амжилт гаргахад хүүхэд байхаасаа устай ойр өссөн нь их нөлөөлдөг нь анзаарагдсан.
-Ээж нь хүүгээ дэлхийн аварга болоод ирэхэд баярын нулимстай угтсан байх даа?
-Ээж минь догдолж, их баярласан. Намайг тэмцээнд оролцохоор явахад медаль заавал хүртээрэй гэж хүнд даалгавар өгдөггүй. Харин “Хүү минь тэмцээнд оролцож байгаа нь л амжилт” гэдэг юм. Бид хаана ч явсан багшаасаа үлгэр дуурайл авах дуртай. Тамирчин хүн хилийн дээс алхаад л эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг хичээдэг. Минийх бус, улсын минь нэр гарах тул үг, үйлдлээ цэнэж, олны дунд биеэ зөв авч явна. Багшийг тэмцээнд оролцохоор очиход гадаадын тамирчид үндэсний хувцсаар нь сайн мэднэ. Тэд “Даваадорж ирлээ” гээд найрсгаар мэндэлж угтдаг. Чонон малгай, дах өмссөн байхыг нь хараад үзэгчид хүртэл “Монголиа” гээд зураг авхуулна шүү дээ.
-Та эдийн засагч мэргэжлээр суралцдаг. Өөрийнхөө хүсэл сонирхлоор эл мэргэжлийг сонгов уу?
-Би СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн II курсийн оюутан. Миний хувьд хүүхэд байхаасаа ийм мэргэжилтэй болохыг хүсдэг байсан. Манай сургуулийн удирдлага, багш нар спортоор хичээллэдэг тамирчдаа дэмждэг. ДАШТ-д оролцох хугацаа 14 хоногт багтах байсан тул багш нар луугаа и-мэйл бичиж, чөлөө авсан. Тэр хугацаанд авсан хичээлийн шалгалт, шүүлгийг Таллин хотоос ирээд өглөө. Тэмцээнтэй өдрүүдэд заасан хичээлүүдээ нөхөж бичээд ирэх сараас бэлтгэлдээ анхаарал хандуулна. Намайг Монголд ирэхэд сургуулийн маань найзууд гэнэтийн бэлэг барьж, сайхан хүлээж авсан шүү.
-Зорилгынхоо нэг хэсгийг биелүүлсэн болохоор гэртээ хөл тавиад л сэтгэл тайвширсан байх.
-Тэмцээний үед бодож, хямарсан бүх зүйл мартагдаж, нуруун дээрээс хүнд ачаа аваад хаясан мэт санагдсан. Бидэнд багш минь сайтар зөвлөж, сэтгэл зүйчээс дутахааргүй үүрэг гүйцэтгэсэнд их баярладаг. Тэрбээр шавь нартаа ямар ч саадтай тулгарсан амархан бууж өгөхгүй, чанга байхыг сургадаг. Өөрөөс нь ч ийм зан чанар байнга харагддаг юм.
-Таны дараагийн зорилго Финландад 2026 онд зохион байгуулах өвлийн усанд сэлэлтийн ДАШТ гэдэгт эргэлзэхгүй байна.
-Одоо хоёр ч том тэмцээнд оролцохоор зорьж байна. Аргентинд наймдугаар сард болох “Дэлхийн цом”, Финландад 2026 онд зохион байгуулах өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өрсөлдөнө. Олон улсын чанартай гурван тэмцээнд оролцсон амжилтыг дунджилж тамирчдад чансаа олгодог. Багш амжилтынхаа чансаагаар дэлхийд тэргүүн байрт эрэмбэлэгддэг. Миний хувьд түүн шиг жагсаалтын эхэнд бичигдэхийг хүсдэг юм. Мөстэй болон өвлийн усанд сэлэлтийг олимпын төрөлд оруулахаар ярилцаж байгаа юм билээ. Дэлхийн мөстэй усанд сэлэлтийн холбоо, Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооны зохион байгуулсан тэмцээн сэлэлтийн зайгаараа ялгаатай. Өвлийн усанд сэлэлтийн холбооных 25, 50, 500 метр бол мөстэй усных 500 метрээс дээш, 10, 20 км-ийн зайд буухиа болдог. Мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ийг 2023 онд зохион байгуулсан бол энэ жил өвлийн усанд сэлэлтийнх боллоо. Миний хувьд аль алинд нь оролцдог. Энэ удаа ОХУ-ын сэлэгчид дайны улмаас оролцоогүй тул бусад улсын тамирчид амжилт гаргах боломж олдсон. Усанд сэлэлтийн тэмцээнүүдэд хойд хөршийнхөн байнга тэргүүлж, медалийн олонхыг нь хүртдэг юм.
-Олимп, дэлхийн аваргууд хүртэл сая болсон ДАШТ-д өрсөлдөж байгаа харагдсан даа.
-Олимп, дэлхийн аваргуудаас гадна 10, 20 км-ийн буухиад уралдаж, Гиннесийн амжилт эвдсэн тамирчид өрсөлдсөн. Усанд сэлэлтийн тамирчид хурд, хүч, техникийн бэлтгэл хийдэг. Хүчнийхийг фитнест, хурдныхыг тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө, техникийнхийг бассейнд базаадаг юм. Бид зун давлагаатай усанд бэлтгэл хийхээр Хөвсгөл, Өгий нуурыг зорьдог. Хөвсгөлд өнгөрсөн жил хоёр удаа очсон. Би “Lifeguard Mongolia” төрийн бус байгууллагад аврагчаар ажилладаг юм. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ ч хийнэ. Хөвсгөл нуурын ус цэнгэг хэрнээ хүйтэн. Хүйтэнд дасах бэлтгэл хийхэд тохиромжтой. Тэгвэл Өгий нуурын усны гүн нь харагддаггүй. Дэлхийн ихэнх орны нуурын ус иймэрхүү байдаг. Тиймээс эл нуурт бэлтгэл хийснээр гадаадын тэмцээнд оролцохдоо эмээж сандардаггүй.