Хятад улс 13 жилийн өмнө Британид бэлэглэсэн хоёр пандагаа (хулсны баавгай) буцааж авахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Вашингтоны амьтны хүрээлэнд байсан пандануудад бас ийм тавилан ногдох болжээ. Мөн оны эхээр япончууд хулсны баавгайнуудаасаа салсан, тэгэхдээ Японд мэндэлсэн төлийг нь Хятад руу явуулсан аж. Яагаад ийм явдал болов, энэ амгалан дөлгөөн амьтан олон сая мөнгөний эх үүсвэр, эсвэл Хятадын дипломатуудын нууц зэвсэг болоод байгаа юм биш биз. Эдгээр асуултын хариулт тийм ч тодорхой биш байна.
Урьд нь бусад оронд бэлэглэсэн пандагаа өнгөрсөн оноос Хятад эргүүлж авах болсон юм. АНУ-ын Мемфисс амьтны хүрээлэнд байсан Лэлэ нэрт баавгай өнгөрсөн оны эхээр үхсэнээс дуулиан шуугиан дэгдэв. Америкчууд түүнийг өлсгөж үхүүлсэн гэх хэл ам Хятадын нийгмийн сүлжээнд дэгдсэн байна. Баавгай өлсөж үхсэнийг нотлох баримт олдоогүй ч үгүйсгэх арга бас байсангүй. Мемфист байгаа Яя хочит эм баавгайг ч ийм хувь тавилан хүлээж буй гэж хятад хүмүүс сэжиглэж байлаа. Арьсны өвчин туссанаас тэр баавгайн үс унасан тул зураг дээр тун онцгүй харагдаж байв. Эцсийн эцэст Хятадын эрх баригчид олон түмнийхээ үгийг авч, Яя болон Лэлэгийн цогцсыг төрөлх оронд нь буцааж өгөхийг шаардсан байна. Вашингтоны амьтны хүрээлэнд байсан гурван пандагийн түрээсийн хугацаа ч дуусаж байсан тул арваннэгдүгээр сард буцааж авчээ. Атланта, Сан-Диегогийн амьтны хүрээлэнд байсан пандаг дараа он дуусахаас өмнө Хятад руу явуулах ёстой болов. Ингээд АНУ ганц ч пандагүй болох нь тэр. Тавь гаруй жилд ийм юм тохиолдож байсангүй. Энэ нь АНУ, Хятадын харилцаа хэзээ ч байгаагүйгээр хүйтэрч буйг гэрчлэх муу ёрын тэмдэг хэмээн олон хүнд санагдаж байлаа.
Вашингтонд авчирсан анхны пандаг Мао бэлэглэсэн аж. Никсон хариуд нь өмхий үнэртүүлсэн хонин бух өгсөн байна. Ер нь бол АНУ-д аваачсан анхны хулсны баавгай нь дайны өмнө Хятадын удирдагч байгаад хожим нь Тайваний Ерөнхийлөгч болсон Чан Кайшигийн гэргийн бэлэг байжээ. 1942 оноос өмнө Хятадын эрх баригчид АНУ, Европ руу 14 панда явуулаад удаан хугацаанд завсарласан юм. Мао Зэдун засгийн эрхэнд гарч ирснээр Хятад олон улсын тавцан дээр тусгаарлагдмал байдалд орсон байна. Энэ үед Хятадын коммунист хөршүүд болох Зөвлөлт холбоот улс (ЗХУ), Умард Солонгос л панда авах боломжтой байлаа. 1957 онд найрамдал нөхөрлөлийн тэмдэг болгож ЗХУ-д Пин-пин нэртэй эр, хоёр жилийн дараа Ань-ань гэж дууддаг бас нэг эр панда өгсөн байна. 1972 оноос л АНУ Хятадтай дипломат харилцаагаа зохицуулав. Домог мэт болсон яриагаар бол Никсон Бээжинд айлчилж байхад гэргий нь пандагийн зурагтай янжуурын хайрцагт анхаарлаа хандуулж, “Жижигхэн биетэй юм, би их дуртай” гэж Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлайд хэлэхэд нөгөөх нь “Би танд хэдийг өгнө” хэмээжээ. Сайн ойлгоогүй хатагтай “Янжуур тамхи уу?” гэхэд Жоу Эньлай “Үгүй, панда” гэж хэлсэн гэдэг. Америкийн димпломатчдын хувьд панда нь санаанд оромгүй, тэгэхдээ төдийлөн таатай биш бэлэг байв. Хариуд нь түүнээс дор орохгүй бэлэг барих хэрэгтэй болдог. “Сарлаг (бизон)-аа устгачихаагүй байсан бол тэр л тохирох байж” хэмээн зочдын нэг нь дуу алдав. Эцэст нь Маод Мильтон, Матильда гэх нэртэй хоёр хонин бух өгөхөөр шийджээ. Энэ тун тохиромжгүй бэлэг гэдэг нь Хятадын уур амьсгалыг тэсвэрлэхгүй байснаас илт. Ялангуяа Мильтон (эр) гуниглаж, үс нь унаж, ханиалгаж байснаа ямар нэг хурц хоол “зооглочихож”. Энэ туршилтыг давтахгүй байхаар шийдэв. Маогийн бэлэглэсэн пандаг Вашингтонд авч ирэхэд аадар бороо цутгаж байсан ч түүнийг үзэхээр 8000 хүн цугласан аж. Тэднийг үзэхээр амьтны хүрээлэнд жил бүр нэг саяас доошгүй хүн ирэх болжээ. Өөр ямар ч амьтан олны сонирхлыг ингэтэл татаж байсангүй. Бусад орон ч пандатай болохыг хүсэх болов. Никсоныг Хятадад айлчилсны дараа Япон, Франц, ХБНГУ, Мексик, Испанийн амьтны хүрээлэнгүүд панда авах хүсэлтээ илэрхийлжээ. Британийн Ерөнхий сайд Эдвард Хит ч энэ байдлыг ашиглахаар шийдэж, 1974 онд Бээжинд хэлэлцээр хийх үеэрээ пандатай болох хүсэлтээ өөрийн биеэр уламжлав. Тэгэхдээ Хятадын талыг татгалзах болов уу хэмээн болгоомжилж, хүсэлтээ хэлэхгүй тэсээд л байв. Эцэст нь учрыг таамагласан Хятадын дипломатчид “Хулсны баавгайн тухай хэлэхийг чинь бид хүлээгээд л байлаа” гэж хэлээд инээлдсэн гэдэг. Британи тэгэхэд хэдийн пандатай болсон байжээ. Тэдний нэг нь дэлхий дахинд алдаршаад амжсан байлаа. Эхлээд Чин-чин нэрт эм пандаг ЗХУ-д бэлэглэжээ. Улс төрийн товчооны гишүүн Клим Ворошилов Москвад байдаг эр пандад хос хэрэгтэй гэж үзэв. Гэтэл нөгөө Чин-чин нь Ань-анийг ч, Пин-пинийг ч харахыг хүсэхгүй байсаар нэг жил болоход хээлтсэнгүй. Тиймээс Чин-чин-г эр юм байна гэж үзээд Хятадад буцааж өгөв. Түүний түүх үүгээр төгссөн байна.
Британи улс пандагийн тусламжтайгаар ЗХУ, Хятадын харилцаанд сэв суулгана гэдэгтээ эргэлзэхгүй байжээ. Чин-чин дэлхийгээр нэг тойрон аялал хийж, түүнийг Австрийн амьтны наймаачдад худалдав. Долоо хоногийн хугацаагаар Москвад авчирч, дараа нь Берлин, тэндээсээ АНУ руу явуулжээ. Гэтэл Америкийн гааль хоригийг зөрчинө хэмээн түүнийг хилээр нэвтрүүлсэнгүй. Чин-чин хэсэг хугацаанд Франкфуртад байгаад Лондоны амьтны хүрээлэнд хүргэгдэв. 1960-аад онд түүнийг нэг биш удаа Москвад аваачсан ч Зөвлөлтийн панданууд санаанд нь нийцдэггүй гэнэ. Нэг удаа тэрбээр бүр Ань-анийг цохиод авсан гэж байгаа. “Үүний чухал үр дүн нь ЗХУ, Хятадын хоорондын зөрчил хурцдаж болзошгүй” гэж Америкийн албаны хүн хэлж байж.
Вашингтоны амьтын хүрээлэнд байгаа Мэй Сян нэрт панда 50 нас хүрчээ
Хятадын удирдагч Си Зиньпин найрамдлын тэмдэг болгож илгээсэн Жуи, Дин дин нэрт хоёр панда 2019 оноос Орост аж төрж байна. Хятад тэднийг 15 жилээр түрээслүүлсэн учраас 2034 оноос өмнө эх орондоо буцааж авчрах ёстой аж. Өнгөрсөн оны наймдугаар сарын эцсээр тэдний үр төл гарч, урьд өмнө нь Орост энэ талаар туршлага байгаагүй тул Хятадаас мэргэжилтэн ирж оросуудад зөвлөгөө өгчээ.
Амьтны хүрээлэнгүүд пандагийн төлөө асар их мөнгө төлдөг ч орлого нь зарлагаа төвөггүй нөхчихдөг гэнэ. Панда нь ямар эрэлттэй байдгийг хятадууд 1980-аад оны эхээр ухаарч, зүгээр л тарааж өгөөд байхаа больжээ. Пандаг эхлээд түрээсээр богино хугацаатай өгдөг байснаа удалгүй сунгав. Гэрээг ихэнхдээ 10 жилийн хугацаатай байгуулж, дараа нь сунгадаг. Нэг пандад амьтны хүрээлэнгүүд жилд 500 мянгаас нэг сая ам.доллар төлнө. Панда үхвэл цогцсыг эх оронд нь буцааж, эсвэл 500 мянган ам.долларын торгууль төлдөг. Өөр улсад төрсөн пандагийн төлийг БНХАУ-ын өмч гэж үзэх бөгөөд нэг бүрд нь 200 мянгаас доошгүй ам.доллар төлнө. Өсөж том болохоор нь Хятад руу илгээнэ. Панданууд 2-4 нас хүрсэн үед нь ийм арилжаа хийдэг.
Панда чамлахааргүй орлого оруулдаг болохоор амьтны хүрээлэнгүүд түүний төлөө мөнгө төлөхөөс гар татдаггүй аж. Эдинбургийн амьтны хүрээлэнгийн пандануудыг хоёр жилийн дотор дөрвөн сая хүн үзэж, таван сая фунт стерлингийн орлого оруулжээ. Японд 2017 онд “мэндэлсэн” пандагийн төл амьтны хүрээлэнд 2.7 тэрбум иен “авчирсан” байна.
Өнгөрсөн цагт Хятадын дипломатчид олон улсын харилцаа муудсан үед пандагаа тарааж өгдөг байлаа. Сүүлийн үед хятадууд түүнийг дипломат бодлогын зэвсэг болгож ашиглах болов. Тус улсын ойрын хөршүүд нь юуны урьд улс төрийн төдийгүй санхүүгийн ашиг харж панда авах болсон байна. Хятадтай уран нийлүүлэх хэлэлцээр байгуулж байж л Канад, Франц, Австрали улс тэднийхээс панда авсан аж. Шотландын эрх баригчидтай нефтийн наймаа хийхээр болсны дараа Эдинбургийн амьтны хүрээлэнд панда үзэгдэх болов. Эсэргүүцлээ илэрхийлж Хятад улс пандагаа буцааж авч байсан тохиолдол ч өнгөрсөн үеийн түүхэнд бий юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Далай ламтай уулзсаны дараа чухам ийм үйл явдал болсон байна. Үүний яг эсрэгээр пандаг нь хятадуудад эргүүлж өгсөн тохиолдол бас гарчээ. Тэднээс авсан пандагийн нэрийг хөрвүүлбэл “эв нэгдэл”, “дахин нэгтгэх” гэсэн утгатай байснаас 2005 онд Тайвань тэр дор нь татгалзаад буцаасан байдаг аж. Тэгэхдээ ийм явдал тун ховор.
Гадаадын амьтны хүрээлэнгүүдээс пандаг буцааж авсан явдал өнгөц харахад Хятадтай тухайн улсын харилцаа муудсаны шинж тэмдэг болж байсан мэт санагдаж болох ч одоогийн удирдагчид нь ийм бодолгүйг Си Зинпинь АНУ-д хийсэн сүүлийн айлчлалынхаа үеэр амьтны хүрээлэнгүүдэд нь панда өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлснээс харагдаж болно. Олон тохиолдолд өгөх, авах ажил цар тахалтай давхцаж, хатуу хорио цээр тогтоосноос 2019, 2020 онд Хятадад буцаах ёстой байсан панда хилийн цаана хэдэн жил саатсан юм.