“Олонлог” сургуулийн 5е ангийн сурагч, “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин, спортын дэд мастер Э.Номунзаяа даамаар хичээллэдэг өсвөр үеийн тоглогчдоос амжилт гаргаж байгаа шилдгүүдийн нэг. Тэрбээр гадаад, дотоодын тэмцээнээс шагнал нэг бус удаа гардсан. Тухайлбал, Узбекистан улсад болсон “Ташкент-2019” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 46 тамирчин оролцсоноос тэрбээр гурван медалийн эзэн болсон юм. Мөн тус хотод 2022 онд зохион байгуулсан 64 буудалт орос даамын Азийн АШТ-д 10 орны 221 тамирчин өрсөлдөхөд охидын 8-10 насныхны ангилалд мөнгөн медаль зүүжээ. Тэгвэл өнгөрсөн жил Польшийн Полице хотыг зорьж, 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 9-10 насныхны ангилалд оролцохдоо Латвийн тамирчны ард зогссон ч 12 оноогоор хүснэгтийн II байрт жагсаж, хошой хүрэл медалийн эзэн болсон юм. Монголоос тус тэмцээнд 31 тамирчин 10 насны ангилалд өрсөлдөн зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэн, нийлбэр дүнгээр тэргүүлэхэд түүний гаргасан амжилт нөлөөлсөн билээ.
-Та дасгалжуулагч П.Энхсаруул багшийн шавь юм билээ. Түүний удирдлагад хичээллэхдээ ямар тэмцээнд анх оролцож, тамирчны гараагаа эхлүүлсэн бэ?
-Тийм ээ. Таван настайдаа “Хөлөгт тоглоом” клубийн дасгалжуулагч П.Энхсаруул багшийн удирдлагад даамаар хичээллэж байлаа. Хэдэн сар бэлтгэл хийж, “1000 даамчин” тэмцээнд оролцохоор Дорноговь аймгийг зорьсон юм. Тухайн үед медаль хүртээгүй ч тамирчид томоохон тэмцээнд хэрхэн өрсөлддөг, өргийнх нь нүүдэл хэр сонирхолтой өрнөдгийг харж туршлага хуримтлуулсан минь хойшид хэрэг болсон гэж боддог.
-Польш улсад болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс та медальтай ирсэн. Аль улсын тамирчидтай хэрхэн тоглож, амжилт гаргав?
-Польш улсад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо эхний өрөгт Нидерландын тамирчин Ван Сантен Шанталтай таарсан юм. Түүний тоглох арга барил нь минийхтэй их төстэй санагдсан. Багш түүнтэй тоглохын өмнө “Өөрийгөө тал бүрээс дайчилж, өрсөлдөгчийнхөө өргийн нүүдлийг сайн хараарай” гэж зөвлөсөн. Багшийнхаа хэлсэн үгийг нүүх бүрдээ бодож, цохилт хийж хожсон доо. Дараагийн өрөгт Латви улсын , дэлхийн аварга Серпане Рамонатай тоглохдоо алдаа гаргаж ялагдсан. Надтай таарсан тоглогчдын дөрөв нь тус улсын тамирчин. Тэд өмнө нь огт хараагүй, өвөрмөц арга барилаар тоглосон нь сонирхол төрүүлж байлаа. Дэлхийн аварга Серпане Рамонатай өрсөлдсөнөөс хойш олон хувилбараар тоглож, амжилтаа ахиулахыг зорьдог болсон шүү.
-Тантай учраат аарсан даамчдаас эзэн орны тамирчин хамгийн удаан тоглосон санагдах юм.
-Польшийн тамирчин Ганкарз Марика маш сайн тоглодог хүчтэй өрсөлдөгч байлаа. Бид энгийн байрлалаас нүүдлээ эхлүүлж, гурван цаг тоглосон. Миний хувьд бэлтгэл хийхдээ иймэрхүү хугацаа зарцуулдаг болохоор удаан тоглосон мэт санагдаагүй. Полице хотоос хошой хүрэл медальтай ирж аав, ээж, багшийгаа баярлуулсан.
-Оюуны спортын төрлөөс даам таныг хэрхэн өөрчилж, хөгжүүлэв?
-Даамаар хичээллэдэг хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэх олон давуу тал бий. Би эхлээд маш сайн сууж сурсан. Дараа нь анхаарлаа төвлөрүүлдэг болсноор сэтгэн бодох чадвар минь хөгжиж, математикийн хичээлдээ хурдан сайжирсан. Миний хамгийн дуртай хичээл монгол хэл. Би “Олонлог” сургуулийн 5е ангид сурдаг. Спортын дэд мастер цолтой. Манай ангид даам тоглодог хүүхэд ховор.
-Даамын ямар төрөлд амжилт илүү гаргадаг вэ?
-Миний амжилт гаргадаг төрөл бол үндсэн тоглолт. Эл төрөлд хүртсэн олон медальтай. Үндсэн төрөлд дүүргийн АШТ-д түрүүлж, УАШТ-ээс тус бүр нэг мөнгө, хүрэл, дөрвөн алтан медаль зүүсэн. Мөн 64 буудалт даам тоглох дуртай. Узбекистанд болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль гардаж байлаа. Миний хувьд Азийн АШТ-д хоёр удаа оролцсон. Узбекистаны Ташкент хотод 2022 онд болсон Ази тивийн АШТ-ий блиц төрөлд түрүүлж, рапидаас мөнгө, үндсэн тоглолтоос хүрэл медаль хүртэж байв.