Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад бэлтгэл базаадаг. Тэрбээр энэ спортод хөл тавьсан цагаасаа зорилгынхоо төлөө тууштай зүтгэжээ. Олон улсын болон паралимп, тив, дэлхийн тэмцээнд цэц сорьдог түүнийг амжилтаас атгахад цөөнгүй хүний дэм, тус их нөлөөлсөн гэдэг. Д.Сэлэнгэ Тайландын Бангкок хотод өнгөрсөн жил зохион байгуулсан пара байт харвааны Ази тивийн АШТ-ээс хүрэл медальтай ирсэн юм. Мөн АНЭУ-ын Дубай хотод энэ сарын эхээр болсон тэмцээнд түрүүлж, “Парис-2024” паралимпийн наадамд оролцох эрх гардсан билээ.
-Та АНЭУ-аас Парисыг зорих эрх өвөртөлж ирлээ. Дубайд 2022 онд болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэнийг тань санаж байна. Энэ удаа хөл тавихад өмнөх тэмцээний дурсамж бодогдож, сайхан бодол төрүүлсэн биз?
-АНЭУ-ийн Дубай хотод зохион байгуулсан найм дахь удаагийн дэлхийн пара байт харвааны чансаа ахиулах, “Парис-2024” паралимпийн наадамд оролцох эрх олгох тэмцээнд түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Тус хотод хоёр жилийн өмнө болсон ДАШТ-ий дурсамжууд өөрийн эрхгүй нүдэнд харагдаж, таатай бодол төрүүлсэн шүү. ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль хүртсэн танил талбайд паралимпийн наадамд оролцох эрх гардах сайхан санагдаж байлаа.
-Та олимпын наадамд хоёр дахь удаагаа цэц сорих нь. Токиогийн паралимпээс хойш олон сар бодсон зорилгынхоо ч ард гарлаа. Одоо л нэг сэтгэл тань уужирч байна уу?
-Паралимпийн наадамд оролцох эрх авна гэдэг хичээллэж буй спортдоо хэр хэмжээний зүтгэл гаргаж, хөдөлмөрлөснийхөө дүнг тавиулж буй илрэл юм. Токиогийн паралимпээс хойш олон улсын тамирчидтай өрсөлдөхдөө дараа гийн наадамд Төрийн далбаагаа мандуулахын төлөө хичээх цаг үлдсэн гэж сэтгэл зүйгээ бэлдэж, шаргуу хөдөлмөрлөсөн. Миний амжилтын ард олон хүний тус дэм бий. Тэднийхээ итгэл найдвараас урам авч, тэмцээн бүрд хичээж оролцсон доо.
-Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар аварга болсныг тань өөртөө төдийгүй ээждээ барьсан хамгийн сайхан бэлэг гэж ойлгож болох уу?
-Хоёр сайхан ээж минь ар талыг маань бүрэн хариуцаж, итгэл дааж ирсэн. Тэдэндээ бэлэг барьж, Парисыг зорих болсондоо баяртай байгаа. Ямар ч үед тууштай дэмжиж ирсэн ханьдаа үргэлж талархдаг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрх маань баталгаажиж, дэлхийн байт харвааны албан ёсны цахим хуудсанд мэдээлэл тавигдсан нь онцгой тохиолдол байлаа.
-Дасгалжуулагч Б.Золбоо таныг тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй сойлоо. Амжилтын төлөө хамтдаа зүтгэсэн он жилүүд амьдралд тань таатай дурсамж үлдээсэн байх.
-Тэгэлгүй яах вэ. Бид зургаа дахь жилдээ хамтран ажиллаж, дотоод, гадаадын тэмцээнд оролцлоо. Биднийг багшаас минь илүү ойлгох хүн ховор. Тэрбээр шавь нараа зэмлэх үедээ зэмлэж, магтах үедээ магтан, яг л найз шиг байдаг юм. Пара байт харвааны шигшээ багт нэгдсэн тэргэнцэртэй анхны эмэгтэй тамирчин нь би. Надад байт харваа, шигшээ багийнханд тэргэнцэртэй тамирчин эхэндээ шинэ байлаа. Манай багт тэргэнцэртэй тамирчин хичээллэхээр ирвэл хүлээж авахад бэлэн гэж боддог. Би бэлтгэл хийхдээ түүртдэггүй. Харин хамт олон минь намайг ядрах вий гэж санаа зовдог юм.
-Шигшээ багийн босгоор алхсан анхны өдөр хэнээс үлгэр дуурайл авч, урагшлав?
-“Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав ахыг хараад хөгжлийн бэрхшээлтэй хүн ч энэ спортоор хичээллээд амжилт гаргаж болох юм байна гэх итгэл төрсөн. Мөн багийнхнаасаа өдөр бүр суралцаж, урагшилж байна.
-Байт харваатай нөхөрлөсөн хугацаанд шилдгүүдийн давуу талаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн болов уу?
-Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, бас нөхөрлөдөг минь өөрийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулахад хэрэг болдог юм. Тэдний харвах техникийг харж, багштайгаа арга барилынх нь талаар дүгнэж ярилцдаг. Азийн орнуудаас БНХАУ, Японы тамирчид сайн харвана. Учир нь дотооддоо өрсөлдөхөөс гадна жилийн дөрвөн улиралд гадаах талбайд бэлтгэл байнга хийдэг нь амжилт гаргахад их нөлөөлдөг. Байт харваа миний зан чанарт хамгийн их тохирдог спорт. Энэ спортод анхаарлаа төвлөрүүлэхээс гадна тайван, тэвчээртэй байж зөв харваж сурна. Нум барихдаа сандарвал яаж сайн харвах билээ.
-Шантарч, буцмаар санагдахад үед таныг юу хурцалж талбайд авчирдаг байв?
-Хүн юм чинь шантарч, халширна. Тийм үед тусалж, дэмждэг хүмүүсийн зөвлөгөө, хүсэл, зорилго минь талбайд буцаан авчирч, бэлтгэлээ хийх эрч хүчтэй болгодог.
-Энэ удаа ч гэсэн та хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. Тэднийг ялахад багш тань юу гэж зөвлөсөн бэ?
-Нумаа татахад Б.Золбоо багшийн “Зоригтой, хариуцлагатай харваарай” гэж захисан үг нь бодогдож, бүх зүйлээ дайчлан харвасан. Аварга болох, эсэхийг шийдэх сүүлийн сумаа тавихдаа 10 ононо гэж өөртөө итгэлтэй байлаа. “Токио-2020” паралимп, “Ханжоу-2022” Азийн наадам надад олон зүйлийг ойлгуулж, Дубайд түрүүлэхэд маш их хурцалсан. Тэр дундаа сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх хэрэгтэйг ухааруулсан юм. Тиймээс чаддаг бүхнээ бүр дадал болгон бататгаж, бэлтгэлээ хийнэ.
-Та одоо ямар фирмийн нум, сумаар харвадаг вэ?
-Нум, сум жил бүр шинэчлэгддэг юм. Үндэсний шигшээ багийнхныг дасгалжуулагчид аль болох сүүлийн үеийн нум, сум хэрэглүүлэхийг зорьдог. Одоогоор шигшээ багаас өгсөн нумаар бэлтгэлээ хийж байгаа. Паралимпийн эрх авсан болохоор шинийг өгөх байх. Дэлхийн байт харвааны холбооноос паралимпийн наадамд тамирчдыг ямар нэгэн саад бэрхшээлээс сэргийлж, хоёр нумтай оролцохыг зөвлөдөг. Гэхдээ нум, сумны өртөг өндөр шүү дээ. Миний хувьд шил дарсан тэмцээнд амрах завгүй өрсөлдлөө. Олимпын наадам болох хариуцлагатай жил тул тэмцээнээс ирээд л бэлтгэлдээ шууд орсон.
-Энэ удаа тантай тэргүүн байрын төлөө аль улсын харваач ана мана өрсөлдөв. Шинэ танил уу, эсвэл нэг бус удаа таарсан өрсөлдөгч байв уу?
-Тайландад өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д Индонезийн тамирчин Вахюретно Вуландарийг ялж байв. Энэ удаа түүнтэй дахин таарч хожлоо. Тэрбээр улсынхаа шилдэг харваач. Гадаах талбайн 70 метрийн зайд бэлтгэлээ маш сайн хийдэг. Миний хувьд өөрийн харваанд итгэлтэй болсон тул амжилтаа бататгаж чадсан. Байт харваачид олны дуу чимээнд автахгүй байхаар өөрийгөө бэлтгэх ёстой. Би тэмцээний үед өөрийгөө тусгаарлаж, зөвхөн багшийнхаа зөвлөгөөг сонсдог. Харин тэмцээн өндөрлөсний дараа хөгжөөн дэмжигчдийг харахад сэтгэл огшоод сайхан байдаг юм. Надтай тэргүүн байрын төлөө шалгарсан харваач тун сонирхолтой өрсөлдөөн харуулсан. Бид хоёулаа эрх гардсан болохоор баярлаж, догдолсон шүү.
-Одоо таны энэ спортод хөл тавьсан түүхээр тань аялъя. Хэн нэгэн таныг урвуулчихсан уу?
-2014 онд авто ослын улмаас тэргэнцэр дээр суудаг болсон ч гэртээ зүгээр байхыг хүсээгүй. “Түгээмэл хөгжил” төвийн гишүүдтэй танилцсанаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог боллоо. Тэнд Ц.Энхтуяа эгчтэй танилцахад байт харвааны талаар сонирхолтой зүйл өгүүлсэн юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” талбайд түүнтэй хамт очиж харвах үед энэ спорт маш их таалагдсан. Түүнээс хойш бэлтгэл хийж, байт харвааны тэмцээнд амжилт гаргаж эхэлсэн гэж хэлж болно. Пара байт харвааны шигшээ багийн тамирчин болсноор бэлтгэлээ тууштай үргэлжлүүлсэн.
-Ямар тэмцээнээс медаль хүртэж, нумаа мялааж байв?
-“Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн-2020”-ийн багийн төрөлд хүрэл медаль хүртэж, нумаа мялаасан. Түүнээс нэг жилийн дараа Чехийн Новоместо хотод зохион байгуулсан паралимпийн эрх олгох тэмцээнд 45 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс IV байрт шалгарч, Токиог зорих эрх авч байлаа. Тухайн үед олон оронд цар тахал дэгдсэн тул гадаадын тэмцээнд оролцох амаргүй байв. Чехэд ажиллаж, амьдардаг монголчуудтайгаа бид сайн найз болсон. Ш.Одгэрэл, Д.Мөнхзул, Д.Доржхоролын гэр бүл, мөн тэдний найз нөхөд бидэнд туслан дэмжиж байсанд баярладаг. Энэ ташрамд, сайхан сэтгэлээр тусалсан тэдэнд шигшээ багийнхныхаа өмнөөс талархсанаа илэрхийлье. Бид одоо Чехэд ах, эгчийндээ зочилж байгаа мэт тэдэнтэй уулздаг болсон шүү дээ.
-Европынхон Азийн харваачдаас юугаараа ялгарч байгааг ажиглан судалдаг уу?
-Европын тамирчид биерхүү, өндөр, хүчтэй болохоор амжилт үзүүлдэг. Тэр дундаа Италийн харваачид дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг юм. Намайг олон зүйлээр сорьж, үнэ цэнтэй ирсэн медаль цөөнгүй бий. Чех улсад болсон ДАШТ, Тайландад зохион байгуулсан Азийн АШТ-д эрх авч чадалгүй урдуураа таслуулж байлаа. Харин энэ удаа паралимпийн наадмын эрх гардах зорилготой явсан. Зорьсноо ч биелүүлээд ирлээ.
-Байт харвааны тамирчид халуун, хүйтэнд ч талбайд харваад л зогсож байдаг юм билээ.
-Олон жил бэлтгэл хийсэн болохоор ямар ч саад бэрхшээл надад халшрах шалтгаан болдоггүй. Тамирчин хүн спортын босгоор алхсан цагаасаа тэсвэр, хатуужлаас суралцдаг. Байт харвааны тэмцээн гадаах талбайд болдог тул тамирчид бороотой, салхитайд ч харваж зогсдог юм.
-Шигшээ багийнхан хамгийн сүүлд ямар сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэв?
-Бидний гол зорилго бол паралимпийн наадмын эрх авах. Тиймээс сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, дараагийн тэмцээнд хэрхэн амжилттай оролцох талаар ярилцлаа. Шигшээ багийнхан энэ сарын сүүлчээр гадаадын тэмцээнд өрсөлдөнө. Энэ ташрамд, үндэсний шигшээ багийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцоход бүх талаар дэмжлэг үзүүлдэг Биеийн тамир, спортын улсын хороо, шигшээ багийн алба, мөн пара байт харвааны холбооны хамт олонд талархсанаа уламжилъя.