XXI зууны Монголд ганц бие хүний амьдрах сарын өртөг хэдэн төгрөгт хүрсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Дундаж цалин нь 1.5 сая төгрөгтэй тэнцэх манай улсын амьдрах өртөг дэлхийд хөгжилтэй, эдийн засгаараа тэргүүлэгч гүрнүүдтэй ойролцоо аж. Тодорхой хэлбэл, дэлхийн улсуудтай Монгол орны өртгийг харьцуулсан судалгаагаар ганц бие хүн сард 2 орчим сая төгрөгийг зарцуулдаг нь харагдана. Энэ нь БНХАУ, ОХУ-ын өртөгтэй тэнцүү байна. Мөн дөрвөн ам бүлтэй өрхийн сарын хэрэглээ дор хаяж 7 орчим сая төгрөг. Үүнд байр, түрээсийн мөнгө ороогүй. Өөрөөр хэлбэл, хоол хүнс, хэрэгцээндээ цалингаа зарцуулж байна гэсэн үг. Улмаар дэлхийд болон Ази тивдээ эдийн засгийн хөгжлөөрөө түүчээлэгч Ирланд, БНСУ, АНУ, Япон, БНХАУ, ОХУ-тай харьцуулахад манай хүнсний бүтээгдэхүүний үнэ ч ойролцоо.
16 жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 3-4 дахин өсжээ
Иргэдийн худалдан авах чадвар 2024 он гарсаар хоёр сарын хугацаанд 7 хувиар суларчээ. Тэгвэл энэхүү үнийн өсөлтийг 2008 онтой мөн харьцуулъя. Гол нэр төрлийн мах, сүү, гурил, будааны үнээс харахад 16 жилийн хугацаанд үнийн өсөлт 3-4 дахин нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн нуруун дахь ачаа хүндэрчээ. Тодруулбал, литр нь 1300 орчим төгрөгийн үнэтэй байсан сүү өнөөдөр дунджаар 4400 төгрөгт хүрлээ. Тухайн үед инфляц нэг хувь ч хүрдэггүй байсан ч өдгөө долоон хувиар илэрхийлэгддэг. 2008 онд 18-22 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 45-50 мянган төгрөгөөр худалдан авч байв. Харин өнөөдөр 50 мянган төгрөгөөр 2-3 төрлийн бүтээгдэхүүн авна. Үүнээс үнийн өсөлт иргэдийн халаасанд хэрхэн нөлөөлснийг харж болно.
Ирландад ганц бие хүний сарын хэрэглээ 3.7 сая төгрөг
Эл улс 5 сая гаруй хүн амтай. Нэг хүнд ногдох Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ- нь тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ/ болон хүний хөгжлийн индексээр дэлхийд тавд, худалдан авах чадварын үзүүлэлтээр наймд бичигдэж байна. Мөн амьдралын чанарын индексээрээ нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт эрэмблэгджээ. Мөн боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч тэргүүлдэг. Сүүлийн үед Монгол оюутан, залуусын англи хэл сурахаар зорьж буй гол орнуудын нэг яах аргагүй Ирланд. Тус улсад дөрвөн ам бүлтэй өрхийн сарын дундаж зардал 13 сая төгрөг. Харин ганц бие хүний сарын амьдрах өртөг 3.7 сая төгрөгтэй тэнцдэг.
Солонгост ганц бие хүний сарын хэрэглээ 3.6 сая төгрөг
БНСУ нь 50 гаруй сая хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ- тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр/ үзүүлэлтээрээ дэлхийд 13 дугаарт эрэмбэлэгддэг. Аж үйлдвэржсэн, хөгжингүй орон бөгөөд Их-20-д багтдаг. Тус улсад дөрвөн ам бүлтэй өрхийн сарын хэрэглээ 13.2 сая төгрөг. Харин ганц бие хүний сарын зардал 3.6 сая төгрөгтэй тэнцэнэ.
Америкт ганц бие хүний сарын хэрэглээ 4 сая төгрөг
АНУ 330 гаруй сая хүн амтай. Дэлхийн хамгийн том, технологи хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу хувийн бизнес давамгайлах үүрэгтэй. Холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй. Америкт дөрвөн ам бүлтэй өрхийн сарын хэрэглээ 14.4 сая төгрөг, ганц бие хүн сард 4 орчим сая төгрөгийг зарцуулна.
Японд ганц бие хүний сарын хэрэглээ 2.9 сая төгрөг
Япон Улс 125 сая хүн амтай. Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том ДНБ бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй хөгжиж, 1960, 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5 хувьд хүрсэн. Тус улсад дөрвөн ам бүлтэй өрхийн сарын зардал 10.4 сая, ганц бие хүн 2.9 сая төгрөг зарцуулдаг.
Хятадад ганц бие хүний сарын хэрэглээ 1.9 сая төгрөг
Ам бүл 1.4 тэрбумуулаа БНХАУ нь 1949 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. 1978 оноос эдийн засгаа чөлөөлж, зах зээлийн эдийн засагт шилжиж, жилийн дундаж өсөлт тогтмол 10.5 хувьд хүрсэн. Жилд 3.9 их наяд ам.долларын бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд түүчээлдэг. Тус улсад дөрвөн ам бүлтэй өрхийн сарын хэрэглээ 7 сая, ганц бие хүний сарын зардал 1.9 сая төгрөгөөр илэрхийлэгддэг.
Орост ганц бие хүний сарын хэрэглээ 1.7 сая төгрөг
150 орчим сая хүн амтай ОХУ нь ДНБ-ий хэмжээгээр дэлхийд зургаад, нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр есд жагсдаг, цөмийн зэвсэгтэй, нөлөө бүхий том гүрэн. Тус улсад дөрвөн ам бүлтэй өрхийн сарын зардал 5.9 сая, ганц бие хүний зардал 1.7 сая төгрөг.