Цагдаагийн байгууллага иргэдийн үзэл бодлыг хүртэл цагдахыг оролдсон нь саяхан. Эл асуудал намжаагүй байтал тээврийн цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөний тэг зогсолт үүсгэж, иргэдээр даажигнав. Тодруулбал, 120 мянгатын уулзвараас хойш өв шуудан, Хан-Уул дүүрэг дэх “E-mart” худалдааны төвөөс “Шангри-Ла” хүртэлх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилсөн нь олон хүний бухимдал, стрессийн шалтгаан боллоо. Үүний улмаас уржигдар ажил тарах цагаас эхлэн төв талбайгаас Зайсанг чиглэсэн замын хөдөлгөөн тэг зогсов. Эл замыг 20 минутад туулдаг иргэд машинтайгаа 2-3 цаг зогсоход хүрлээ. Энэ завсарт хэчнээн хүний ажил, амьдрал алдагдаж, амрах хугацаа нь хойшилж, улмаар бие, сэтгэл зүйд нь ямар хэмжээний хохирол учирсныг таахад бэрх. амгийн гол нь байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, иргэдийн буруугаас шалтгаалж ийм асуудал үүссэнгүй. арин ээврийн цагдаагийн албаныхны үүсгэсэн зохиомол түгжрэл байлаа. Тус албаныхан иргэдийн сэтгэл ханамжийг судлахыг хүссэн гэнэ. Бас хамгийн их ачаалалтай замуудыг “оролдож”, зургийг нь авч, судалгаа хийхийг зорьсон юм байх. Иргэдийнхээ амьдралаар илтэд тоглочхоод, уучлал гуйх атлаа юу ч болоогүй мэт хэвлэлийн хурал хийсэн ээврийн цагдаагийн албаныхан, дарга Б.Оюутболд йм агуулга бүхий тайлбарыг өчигдөр хэлсэн юм.
Түүгээр ч зогсохгүй тус байгууллагынхан иргэдээр ингэж тоглох эрхтэй гэдгээ бахархалтайгаар мэдэгдсэн. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.2.2-т зааснаар цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрхтэй тул дээрх туршилтаа хийсэн гэнэ. Түүнчлэн туршилт нь амжилттай болсон бөгөөд цаашид үргэлжлүүлж ч магадгүй гэж Б.Оюутболд жишим ч үгүй хэлсэн.
Үүнээс гадна тэд олон нийтэд огт мэдэгдэлгүйгээр, хэдхэн цагийн өмнө цахим хуудсандаа зар мэдээлэл байршуулчхаад, шууд хэрэгжүүлсэн нь аймшигтай байв. Иргэдийн амьдралын нөхцөл, санаа бодол, цаашлаад ажил, амьдрал алдагдах нь дарга нарт огт хамааралгүй байдгийн жишээ нь энэ боллоо. “Олон нийтэд яагаад огт мэдэгдэлгүйгээр туршилтад хамруулчхав” гэхэд “Судалгаа хийж байгаа учраас урьдчилан мэдэгдээгүй” хэмээн тайлбарласан нь бүр ч хачирхалтай. Үүнээс өмнө нийслэлийн Засаг дарга нийтийн тээврийн чиглэлийг гэнэт бусниулсныг иргэд мартаагүй. Албаныхан ямар ч төлөвлөгөө, тооцоо, судалгаагүйгээр ажиллаж, цочир шийдвэр гэнэт гаргаж, түүнийх нь горыг иргэд л амсдагийн бас нэг жишээ нь замын хөдөлгөөний өөрчлөлт болов.
Тээврийн цагдаагийн албаныхан иргэдээр ийнхүү даажигнаж, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулах шахаж байхад хотын дарга .Нямбаатар бүх бурууг өөрөөсөө зайлуулж, “Нийслэлийн ЗДТГ-аас ийм шийдвэр гаргаагүй”, “Иргэд бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоо гээд мессеж биччихсэн” гэж нийгмийн сүлжээгээр хаацайлсаар байв. Тэрбээр отын даргын хувиар нийслэлд иймэрхүү асуудал, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, иргэдээ аюулгүй, ая тухтай амьдруулахад анхаарах ёстой. Гэтэл бүх бурууг өөрөөсөө холдуулж, уснаас хуурай гарахыг оролдлоо.
Иймэрхүү үйл явдал өрнөөд дуусахын алдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар иргэд, эрхэлсэн сайд, нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, олон нийтийг бухимдуулсан ээврийн цагдаагийн албаны даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. Туршилтыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэсэн мэдээллийг өглөө.
Ямартай ч буруутай этгээд хариуцлага хүлээх бололтой. Гэхдээ энэ бол хэн нэгнийг халаад л өнгөрөх хэрэг биш гэдгийг санах ёстой. Төлөвлөлтгүй, тооцоогүй туршилтдаа иргэдийг татан оролцуулж, хохироодог байдлыг энд хүргээд зогсоох шаардлагатай. Холбогдох албаныхан ийм алдаа дахин гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Улаанбаатар бол улсын нийслэл, 1.6 сая хүний гэр орон. Харин хэн нэгэн даргын дураараа дургидаг газар биш.
Бэлтгэсэн: М.Оч