ОУХМ А.Энхтулга спортын гимнастикийн дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж буй. Тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгэхийн зэрэгцээ өөрөө ч тэмцээнд өрсөлддөг. Түүнд олон улсын болон Азийн АШТ, Азийн наадам, ДАШТ гээд оролцоогүй тэмцээн ховор. Тухайлбал, ОХУ-ын Благовещенск хотод 2017 онд зохион байгуулсан спортын гимнастикийн олон улсын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж байв. Тэгвэл ХБНГУ-ын Штутгарт хотод 2019 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ-д ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьжээ. Насанд хүрэгчдийн УАШТ болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр медаль хүртдэг тэрбээр ОХУ-ын Москва дахь “Динамо” клубт Монголын гимнастикийн холбооны спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн багийг хамтарсан бэлтгэл хийлгэж, “Воронин цом-2022” олон улсын тэмцээнд амжилттай сойсон юм. Мөн өнгөрсөн жил Азербайжаны Баку хотыг зорьж, насанд хүрэгчид болон өсвөр үеийн тамирчдыг бэлтгэл хийлгэсэн билээ.
-Та амралтын өдрөөр ч шавь нараа дасгалжуулж завгүй өнждөг бололтой юм.
-Тийм ээ. Тамирчдаа долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийлгэдэг болохоор ачаалал ихтэй, завгүй ажилладаг. Амралтын ганц өдрийг гэртээ аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээнэ. Спортын бусад төрлийн дасгалжуулагчтай харьцуулахад спортын гимнастикийн багш нар насны хувьд залуу. Сүүлийн үед гимнастикийн тамирчид 30 насны босго давсан ч тив, дэлхийн болон олимпын тэмцээнд амжилт гаргаж байгаа. Тухайлбал, Узбекистаны эмэгтэй гимнастикчдаас Оксана Чусовитина өдгөө 50 гаруй настай. Тэрбээр олимпын наадамд найман удаа оролцсон. Миний хувьд спортын гимнастикаар 17 жил хичээллэсэн. Олон улсын гимнастикийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, өсвөр үеийн тамирчдыг бэлтгэл хийлгэдэг. Удирдлагад минь хичээллэдэг насанд хүрэгчдийн ангиллын нэг тамирчин Узбекистанд тавдугаар сард болох Азийн АШТ-д оролцохоор бэлтгэл базааж байна.
-Спортын гимнастикийн тамирчдыг хэдэн наснаас нь бэлддэг вэ?
-Олон улсын судалгаагаар бол 4-6 насны хүүхдүүдийг спортын гимнастикийн зөв техникээр хичээллүүлэх нь үр дүнтэй. Учир нь хөдөлгөөний эв дүй биед нь сайн сууж өгдөг юм. Эл төрлөөр хичээллэдэг эмэгтэй тамирчид 17-22, эрэгтэйчүүд 19-28 насандаа оргил амжилт гаргадаг. АНУ-ын эмэгтэй тамирчид гимнастикаар хичээллэх нас, амжилт гаргах он жилийг уртасгаж байна. Томоохон тэмцээнд Япон, БНХАУ, ОХУ-ын тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлддөг. Сүүлийн үед Европын орнуудаас Английн тамирчид хүч түрэн орж ирлээ. Олон улсын гимнастикийн холбоо олимпын цикл дууссаны дараа дүрэмдээ бага зэрэг өөрчлөлт оруулдаг.
-Хэдий дасгалжуулагч болсон ч амжилтад хөтөлсөн багш нарынхаа хичээл зүтгэлээр бахархдаг үе бишгүй гардаг биз?
-Би олон дасгалжуулагчийн удирдлагад хичээллэсэн. Тэднээс Ц.Алтантөгс багштайгаа 10 гаруй жил хамтран ажиллаж, тивийн болон Азийн наадам, олон улсын тэмцээнд оролцлоо. ОХУ-ын Ленинс Кузнецк хотод 2016 онд болсон олон улсын тэмцээнд тааруухан оролцсоноо ер мартдаггүй. Дараагийн тэмцээн нь өсвөр үеийнхний Б зэрэглэлийнх байв. Тэгтэл турникийн төрөлд оролцохоор явсан нэг тамирчин бэртэж, медальгүй буцах дээрээ туллаа. Тус тэмцээний хамгийн сүүлийн хэрэглэлд турникийн төрөл таарсан тул би өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэр үед багшийн минь халуун дотноор тэвэрсэн мөч сэтгэлд тод үлджээ. Хойд хөршийнхөн гимнастикийн төрөл бүрд тэргүүлдэг. Миний хувьд өсвөр үеийн тамирчин байсан ч өрсөлдөгчдөөсөө олон зүйл ажиглаж харсан юм. Тэдний гүйцэтгэж буй дасгал хөдөлгөөнийг хараад хүчний бэлтгэл хэрхэн хийдэг, сэтгэл зүйгээ яаж зөв удирдаж болохыг анзаарсан. Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх үед олон зүйл сурдаг. Ази, Европын тамирчдын бэлтгэл хийх систем өөр. Тэр болгоноос нь чимх чимхээр суралцаад ирдэг байлаа. Хятадын тамирчид сахилга баттай, БНСУ-ынх илүү нээлттэй. Япончууд хүндлэл, ёс зүйг ихэд эрхэмлэнэ. Би өмнө нь тамирчин хүнийг хичээл зүтгэлээс гадна аз ивээдэг гэж боддог байв. Харин одоо энэ бодол минь өөрчлөгдсөн. Тамирчин хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр амжилт гаргадгийг ойлгосон доо.
-Олон улсын тэмцээнээс хүртсэн мөнгөн медаль амжилт гаргах урам зориг өгсөн байх.
-Түүнээс хойш медалийн буухиа тасраагүй. Тухайн үед авсан урам өдгөө дасгалжуулагчаар ажиллах томоохон хөшүүрэг болсон. Тамирчин байхад тэмцээний үед гаргасан алдаа дутагдал бишгүй. Узбекистанд 2014 онд болсон залуучуудын олимпын эрх авах тэмцээний хоёр дугаарт шалгарч, финалд өрсөлдсөн ч харайлтын төрөлд алдаа гарган VIII байр эзэлсэн юм. Тэр үед тавьсан зорилгодоо хараахан хүрээгүй. Хэрвээ зөв гүйцэтгэж, тооцуулсан бол мөнгөн медаль хүртэх төдийгүй олимпын эрх ч гардах байв. Тэр алдаа сэтгэлд бараан дурсамж болж үлдсэн. Тэмцээнд оролцохоор явахад хүмүүс “Заавал олимпын эрхтэй ирээрэй” гэх даалгавар өгдөг нь нэг талаар дарамт болдог. Гэрийнхнээрээ тэмцээний зардал даалгасан надад хоосон буцаж болохгүй гэх бодол хамгийн түрүүнд төрдөг байлаа.
-Монголд гимнастикийн тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцөл, материаллаг бааз бусад оронтой харьцуулахад тааруухан. Ийм байдал амжилт гаргахад хойш нь чангаана шүү дээ.
-Зун хэдэн өдөр бороо орвол заалны дээврээс дусаал гоожино. Зарим газраас нь тоосго нурна, шалнаас нь мөөгөнцөр ургана гээд тулгардаг бэрхшээл их. Монголын гимнастикийн холбооноос төр засгийн удирдлагуудад тамирчдын бэлтгэл хийх орчныг сайжруулж, шинэ заал барих санал тавьдаг ч дорвитой хариу өгөхгүй өнөөг хүргэлээ.
-Тамирчны карьераа өндөрлүүлээд л дасгалжуулагчаар ажиллах шийдвэр гаргав уу?
-Миний хувьд тамирчны карьераа эрт өндөрлүүлсэн гэж боддоггүй. Амжилтаас хойш татдаг зүйл бол бэртэл гэмтэл байдаг. Би хүүхдүүдтэй ажиллах дуртай. Энэ нь ч дасгалжуулагч болоход нөлөөлсөн болов уу. Миний чадаагүй амжилтыг шавь нар минь гаргана гэдэгт итгэдэг. Тиймдээ ч ар гэрийнхэнтэй нь байнга холбоотой ажилладаг юм. Тэдний зарим нь хувийн сургуульд сурдаг. Хүүхдүүд хичээл тарсны дараа бэлтгэл хийхдээ ядардаг тул эцэг, эх, багш аль аль нь санаа тавина. Дасгалжуулагч болоод багш нарынхаа ажлын амаргүйг ойлгосон. Тэдний зааж, зөвлөсөн, бас захиж хэлсэн үг алхам тутамд хэрэг болж байна.
-ДАШТ-д оролцохын өмнө АНУ-ын Чикаго хотыг зорьж, спортын гимнастикийн олон улсын “Lакeshore academy”-д бэлтгэл базаасан байх аа.
-ХБНГУ-ын Штутгарт хотод 2019 онд зохион байгуулсан спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос өрсөлдсөн ганц тамирчин нь би байлаа. Тухайн үед хөгжөөн дэмжигчдийнх нь уур амьсгал, хүлээж авах хандлага сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тамирчид дэлхийн үзэгчдийн өмнө хэрхэн хөдөлмөрлөснөө харуулдаг болохоор сэтгэл зүйн хувьд ч таатай мэдрэмж авдаг. АНУ-д нэг сар бэлтгэл хийсэн минь намайг илүү нээлттэй болгож өөрчилсөн. Сандрал, сэтгэл зовнилтоос ч чөлөөлсөн. Сэтгэл зүйн хувьд тогтвортой болсон нь өөрт мэдрэгддэг байв. Би үүнээс өмнөх тэмцээнүүдэд сэтгэл зовниж оролцдог байсан. Тиймээс тамирчдадаа “Хүн алдаа гаргаж болно. Харин амархан бууж өгч болохгүй. Алдаанаасаа суралцаж, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж зөвлөдөг юм.
-Та Азийн АШТ, Азийн наадамд хэрхэн оролцсоноо сонирхуулаач.
-Сингапурт өнгөрсөн жил болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д өрсөлдсөн. Манай тамирчдаас Э.Өсөхбаяр V, би Х байрт шалгарсан. Тивийн тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө өсвөр үеийнхний ангилалд нэг шавиа оролцуулсан. Тамирчдаа бэлтгэл хийлгээд өөрөө тэмцээнд оролцох амар биш. Эхэндээ хэцүү санагддаг ч сүүлдээ зохицуулж сурсан даа. БНСУ-д зохион байгуулсан “Инчон-2014”, Индонезэд болсон “Жакарта-2018” Азийн наадамд өрсөлдөж байлаа. Хэдэн жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлээ олонд, өрсөлдөгчдөдөө ч харуулдаг тул тамирчдад догдлол, сандрал давхцдаг. Миний хувьд Монголд бэлтгэлээ сайн хийгээд очсон ч тэмцээнд төлөвлөснөө бүрэн гаргаж чадаагүй. Харин дараа жил нь ХБНГУ-д хөл тавихдаа туршлага чамгүй хуримтлуулсан тул өөрийгөө бүх талаар нээж өгсөн.
-Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Спортын гимнастикт ямар онцлогтой тамирчид түлхүү амжилт гаргадаг вэ?
-Спортын гимнастикаар хичээллэдэг тамирчдын бие жижиг байдаг. Биерхүү, өндөр, жин ихтэй бол тохирохгүй. Хүмүүс гимнастикаар хичээллэсэн хүүхэд намхан болдог гэж ташаа ойлгоод байдаг. Өндөр хөгжилтэй орнууд биеэр жижиг хүүхдүүдийг сонгон авч, хичээллүүлдэг. Учир нь агаарт үсрэхэд олон эргэж чадна. Тэднийг амжилтад хүргэх гол тулгуур нь сахилга бат. Спортын гимнастикийн тамирчдын бэлтгэл хоёр хоног цалгардахад сурсан бүхнээ дахиад эхнээс нь давтах шаардлагатай болно. Тэгэхээр амжилт гаргахад хичээл зүтгэлээс гадна хооллолт, сэтгэл зүйн байдал их нөлөөлнө. Тамирчин хүн бэлтгэл хийсний дараа ямар хоол хүнс хэрэглэхээ сайн мэддэг байх ёстой. Монголд хоол зүйг одооноос л хэрэгжүүлж эхэлж байна шүү дээ.
-Та медалийнхаа ихэнхийг ямар тэмцээнээс гардав?
-ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс хүртсэн байдаг юм. Манай тамирчдад дэвжээ нь ээлтэй. Хоол унд, цаг агаар, орчин нөхцөл нь ч тохирдог. Гадаадын тэмцээнд оролцдог тамирчид нэгнээ мэднэ. Би заримтай нь найз нөхөд болсон. Залуу дасгалжуулагчид инстаграм голдуу ашиглаж, мэдээлэл хуваалцдаг. Монгол тамирчид харайлтын төрөлд сайн. Хойд хөршийн дасгалжуулагчид манай тамирчдын харайлтын бэлтгэл хэрхэн хийхийг анхааралтай хардаг. Бид ч агаарт үсрэх бэлтгэлийг нь сонирхож харна, зөвлөгөө авна. Энэ мэтчилэн нэгнээсээ туршлага солилцох зүйл байнга гардаг. Би Японы гимнастикийн тамирчдаас Кохэй Учи мурагаас үлгэр дуурайл авдаг. ДАШТ-д зургаа, олимпын наадамд хоёр удаа аваргаар шалгарсан тэрбээр спортын гимнастикийн төрөлд шинэ техникээн эвтрүүлсэн. Түүний техник маш нарийн. Биомеханиктай холбоотой. Тэрбээр хүнд хэцүү дасгалуудыг амжилттай гүйцэтгэдгээрээ дэлхийд алдартай. Японы тамирчид өнгөрсөн жил зохион байгуулсан ДАШТ-д тэргүүн байрт шалгарлаа шүү дээ.