“Хос гийр” клубийн тамирчин С.Туяацэцэгийг туухайгаар (гийр) хижээл насандаа хичээллэхэд нь хүмүүс амжилт гаргана гэж огт төсөөлөөгүй гэдэг. Түүнийг алдрын тавцанд зогсоход хүсэл сонирхол, хичээл зүтгэл нь багагүй нөлөөлжээ. Казахстаны Нур-Султан хотод 2022 онд болсон туухай өргөлтийн Ази тивийн АШТ-д өрсөлдөн, 57 кг-ын жинд хоёр төрөлд дээд амжилт тогтоон, хошой алтан медальтай ирж байв. Түүнээс хоёр жилийн дараа Узбекистаны Хива хотод зохион байгуулсан ДАШТ-ээс аваргын цом гардаж, шилдгүүдийн эгнээнд жагссан юм. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчдын ангилалд оролцож, спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө Монголын гийрчдээс мэргэжлийн ангиллын анхны эмэгтэй тамирчин болжээ.
-Та Нур-Султанаас медальтай ирснийхээ дараахан дэлхийн аварга болох зорилго тавьсан гэж байв. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж, алтан цом гарджээ.
-Тухайн үед ингэж хэлснээ санаж байна. Би Узбекистаны Хива хотыг өнгөрсөн жилийн есдүгээр сард зорьж, ДАШТ-д түрүүллээ. Улс бүрийн шилдгүүд өрсөлддөг болохоор тивийн тэмцээнээс өргөн хүрээтэй, өндөр зохион байгуулалттай, онцлох зүйл ихтэй болдог. Миний хувьд өмнө нь сонирхогчдын ангилалд оролцдог байсан тул дэлхийн аваргуудыг хараад эхэндээ их сүрдсэн. ДАШТ-ий шигшээд ОХУ, Казахстан, Беларусийн тамирчидтай шалгарсан юм. Азийнхнаас Тайвань, Тайланд, БНСУ тамирчдаа маш сайн бэлтгэл хийлгэсэн нь тэмцээний үед анзаарагдаж байв. Тэдний бие бялдраа өв тэгш хөгжүүлснийг хараад их бахархсан. Ямар ч улсад спортын шинжлэх ухаан өндөр хөгжжээ. Тэнд өрсөлдсөн гадаадын тамирчдыг хараад манайхан энэ тал дээр хоцрогдож байна уу даа гэх бодол төрсөн шүү.
-Тантай өрсөлдсөн тамирчдын олонх нь залуухан бүсгүйчүүд байсан гэл үү?
-Тийм ээ. 28-30 насны бүсгүйчүүдтэй өрсөлдсөн. Хүн цагаа тулахаар хэзээ ч төсөөлж байгаагүй эрч хүч, зориг өөрөөсөө гаргадаг юм билээ. Залуухан охидтой өрсөлдөж, түрүүлэхдээ хүнд ямар их нөөц, бололцоо, боломж байдгийг мэдэрсэн. Би насныхаа ангилалд 12 кг-ын туухай өргөдөг. Тэгвэл ДАШТ-д 16 кг-ыг өргөхдөө түрүүлнэ гэж бодоогүй. Монголоос ДАШТ-д оролцохоор зэвсэгт хүчин, армийн ангийн тамирчид очсон. Тэд намайг залуу бүсгүйчүүдтэй өрсөлдөхийг хараад ард нь үлдэнэ гэж бодож зогссон гэдэг. Тэмцээн өндөрлөсний дараа “Баяр хүргэе. Та мэргэжлийн тамирчин шиг өрсөлдлөө” гээд урам хайрлаж байлаа. Монголын эмэгтэйчүүд хойд хөршийн шилдэг тамирчидтай хүчтэй багийг нэг онооны зөрүүтэй хожиж, алтан медаль хүртсэн юм. Медаль гардуулах ёслолын дараа Дэлхийн гийрийн холбооны ерөнхийлөгч Монголын холбооны гишүүдтэй холбогдож “Танай улсын тамирчид аварга болж, үзэгч дийн гайхширууллаа” гэж ярьсан байв.
-Тэмцээний талбарт гарахын өмнө танд ямар бодол төрөв?
-Бие халаалт хийж байхад манайхан “Та 16 кг-ын туухай өргөөд үз дээ” гэв. Би гурван удаа өргөөд цааш барсангүй. Тэгтэл “За яах вэ, оролцоод үз. Тэглэхгүй л байвал боллоо” гэж сэтгэлийн дэм өгсөн. Тэмцээний талбарт гараад нөгөө дийлэхгүй байсан туухайг гурван минутын турш тасралтгүй өргөсөн. Монголын туухайчид өрсөлдөгчдөө ялж байхыг минь хараад гайхаж, баярласандаа бичлэг хийхээ ч мартаж, хэдэн удаа өргөснийг минь ч тоолоогүй байсан. Медаль хүртсэний дараа тэд “Таныг туухайгаа өргөж дийлэхгүй, алдах вий” гэж эмээж байлаа” гэж байв.
-Узбекистаныг зорихоосоо өмнө хойд хөршийн Уфа хотод болсон туухай өргөлтийн олон улсын тэмцээнд та тамирчдаа ахалж явсан санагдах юм.
-Тамирчдаа ахалж, бэлтгэл хийлгээд өөрөө тэмцээнд оролцох хэцүү санагдсан. Тийм үед тамирчдаа л амжилт гаргаасай гэж их боддог юм билээ. Самбо бөхийн шигшээ багийг дасгалжуулдаг нөхрийнхөө ажлын амаргүйг Уфад болсон тэмцээний үед ойлгосон шүү. Тус тэмцээнд би мөн залуу тамирчидтай ур чадвараа сорьж түрүүлсэн. Миний хувьд өнгөрсөн жил амрах завгүй ажиллалаа. ДАШТ-ээс ирээд ОХУ-д сарын дараа болсон олон улсын зэрэг олгох тэмцээнд оролцсон юм. Тэндээс тус бүр нэг алт, мөнгөн медаль хүртэж, тус улсын ОУХМ цолны болзол хангасан. Оросын тамирчид хоёр том тэмцээнд дараалж өрсөлдсөн тул бэлтгэл хийх тэнхэлгүй болтлоо ядарсан байлаа. Тэд намайг өөрийнх нь улсад болсон тэмцээнд аваргын төлөө 130 кг-ын жинтэй, 24 кг-ын туухай өргөдөг, мэргэжлийн тамирчинтай өрсөлдөж, түрүүлэхэд их гайхсан.
-Дэлхийн аварга болсон өдрөөс тань таныг олон орны тамирчид судалж эхэлсэн болов уу?
-Гурван тэмцээнд оролцсоны дараа тамирчид нөхөрлөлийн хүрээгээ тэлж, мэдээлэл солилцох санал тавьдаг болсон. ДАШТ-д байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулсны дараа мэргэжлийн ангиллынхны медалийг гардуулдаг. Монголд мэргэжлийн ангилалд өрсөлддөг тамирчин байхгүй тул надад шагналыг нь өгсөн. Үүнээс хойших тэмцээнд би мэргэжлийн тамирчидтай өрсөлдөнө. Алтан цом гардах мөчид хойшид аварга хамгаалж явах өндөр үүрэг хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Хива хотоос залууст энэ спортоор хичээллэх суурийг нь зөв тавьж, цаашид хөгжүүлэхэд судалгаа хийх хэрэгтэй гэсэн бодол тээж ирсэн юм.
-Монголын тамирчид туухайгаар хичээллээд богино хугацаанд амжилт гаргаж байгаа нь олон орны анхаарлыг их татдаг болжээ.
-Казахстаны дасгалжуулагч “Монголын тамирчид мэргэжлийн ангилалд өрсөлдөхөөр ур чадвартай болжээ” гэж үнэлж дүгнэсэн нь сайхан бодол төрүүлсэн шүү. Тэмцээнд оролцсон манай тамирчдын олонх нь медальтай ирсэн. Оросууд ч шилдэг багаа манайханд ялагдахад эргэлзэж, бүр итгэхгүй байсан шүү.
-Та монгол эмэгтэйчүүд туухайгаар тууштай хичээллэвэл амжилт гаргах боломжтойг олон улсад харууллаа шүү дээ.
-Би 50 настайдаа туухай өргөлтөөр хичээллэсэн. Спортын бусад төрлийн тамирчид энэ насанд хэдийн зодог тайлдаг. Сонирхогчдын ангиллынхан мэргэжлийн тамирчны хэмжээнд бэлтгэл хийж оролцоно гэдэг уйгагүй хичээл зүтгэл юм. Туухайгаар хичээллэдэг тамирчинд ур чадвар, туршлага байхад цаашид үргэлжлүүлэх боломжтой. Миний ажигласнаар БНСУ-ын тамирчид тив, дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлдөхөөр харагдсан. Туухай өргөлтийн тивийн болон олон улсын тэмцээн улсдаа зохион байгуулдаг тэднийг төр нь бодлогоор дэмжин, бүх талаар нь хөгжүүлж байна. Европоос Канад, Авсрали, АНУ-ын шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцсон. Бидэнд тэднээс үлгэр дуурайл авч, суралцах зүйл их байлаа. Улс бүр иргэдээ эрүүл амьдруулахын тулд туухайг бүх нийтээр хичээллэх спортын төрөлд багтаасан нь сайхан санагдсан.
-Таныг дуурайж олон эмэгтэй энэ спортод хөл тавьж байна.
-Би Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Сумын сургуулийг хамтдаа төгссөн үе тэнгийнхэн минь хүртэл гийрээр хичээллэдэг боллоо. Тэд намайг хүүхэд байхаас мэднэ. Тухайн үед би тамирчин бус энгийн нэг охин байв. Залуудаа гаргаагүй амжилтыг ахмад насандаа харуулсан нь тэдэнд “Бид ч гэсэн түүн шиг хичээллэвэл амжилт гаргаж болно” гэсэн бодол төрүүлсэн байх.
-Хааяа ядарч, сэтгэлээр унасан үедээ аваргын цомоо харж, урам авдаг биз?
-Хожуу хичээллэсэн ч гэсэн миний гаргасан бодит амжилт шүү дээ. Хүн ид шидийг өөрийгөө өөрчилсөн анхны өдрөөс бүтээдэг гэж боддог. Хамгийн гол нь тууштай байдал бүх зүйлийн ард гарахад тус болдог. Бид эх орныхоо ирээдүйг бодож байгаа бол эрүүл иргэн бэлдэх ёстой. Боловсролоос гадна бие бялдрын хөгжилд нь ч гэсэн хөрөнгө оруулах зөв юм.
-Таныг хувийн сургуулийн сурагчдыг туухайгаар хичээллүүлж, тэмцээнд оролцуулдаг талаар сонссон л доо.
-Баянголд дүүрэгт туухай өргөлтийн АШТ зохион байгуулж, бэлтгэл хийлгэсэн хүүхдүүдээ оролцуулсан юм. Өнөө үед хүүхдүүд утас өдөржин шагайж, зурагт, компьютерын дэлгэц ширтсээр байгаад хөдөлгөөний дутагдалд оржээ. Би өнгөрсөн жил хятад хэлний хувийн сургуульд биеийн тамирын багшаар ажиллахдаа 1-12 дугаар ангийн сурагчдыг туухайгаар хичээллүүлсэн нь бодит үр дүн гарсан. Хичээл заах тусам хүүхдүүд тэмцээнд хүртэл оролцох идэвхтэй болсон. Манайхаас бусад орон хүүхдээ гурван нас хүрээгүй байхад нь спортоор хичээллүүлдэг. Тиймээс би цэцэрлэгийн насныханд гийрийн хичээлийн энгийн дасгалуудаас зааж, биеийг нь хөгжүүлэхээр шийдсэн. Тэднийг бэлтгэл хийлгэхэд эхэндээ амар байгаагүй. Хүүхдүүд хичээллэхээс татгалзаагүй байхад эцэг, эх нь “Чи яахаараа хүүхдээр минь хүнд төмөр өргүүлдэг билээ. Ингэж хөгжүүлнэ гэж юу байдаг юм. Орос хүүхдүүд өөр шүү дээ” гэх зэргээр шүүмжилдэг байлаа. Тэдний дийлэнх нь эрчүүд. Тэднээс “Та цэргийн алба хаасан уу. Спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг үү” гэж асуухад “16 тоот гимнастик хийдэг байсан. Үүнийг хийхэд л болно шүү дээ” гэж хариулна. Хүний бие хэлбэр төдийгөөр хөгждөггүй юм. Өөртөө таарсан жингээр системтэй хичээллэж байж хөгждөг. Эцэг, эхэд нь тухайн спортоор хэрхэн хичээллэхийн ач тусыг ойлгуулах гэж хэрэндээ хичээсэн шүү. Хүүхдүүд гурван сар хичээллэж бие, сэтгэл зүйд нь эерэг өөрчлөлт гарч эхлэнгүүт аав, ээждээ “Манай багштай битгий маргалдаад бай. Би энэ спортод дуртай болсон. Цаашид хичээллэх хүсэлтэй байна” гэж хэлдэг болсон доо.
-Саажилттай хүүхдүүдийн эцэг, эх нь хэрхэн зөв хөгжүүлэх вэ гэж олон зүйл судалж буй харагддаг. Таны ярианаас тэднийг туухайгаар хичээллүүлбэл эерэг өөрчлөлт гаргахаар санагдлаа.
-Ийм хүүхдүүд хувийн сургуульд сурдаг. Тэднийг туухайгаар хичээллүүлэхэд хандлага нь өөр болж эхэлсэн. Юм ярьдаггүй, чимээгүй суудаг хүүхдүүд сэргэлэн цовоо болонгуут эцэг, эх нь “Манай хүү, охин дуу цөөнтэй, зожиг байснаа нийтэч зантай болжээ. Нөхөдтэйгөө хүртэл инээж харилцаад, өмнөхөөсөө илүү хурдан гүйж байна” гээд ярих болсон. Монгол Улс ч гэсэн бусад орны адил спортын төрлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх бодлого баримтлах нь зүйтэй. Ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын хичээлийг долоо хоногт нэг бус, гурван удаа зааж байж сурагчдын бие бялдар зөв хөгжинө. Гадаадын сургуулиудын сурагчдаа спортын төрлүүдээр хөгжүүлдэг давуу талаас бид суралцах хэрэгтэй. Би хүүхдүүдийг насных нь онцлогт тохируулж, тухайлбал, цэцэрлэгийн насныхныг нэг кг, 500 грамм, I-III ангийн сурагчдыг дөрөв, түүнээс дээш насныхныг найм, XII ангийнхныг 12 кг-ын гийрээр хичээллүүлдэг. Хүүхдүүд туухай өргөх дуртай. Хүн бэлтгэлийн ачаалал даадаг болоод эхлэхээр амьдралын идэвхтэй болдог. Саажилттай байсан хүүхэд хэдэн сарын дараа хэн нэгний туслалцаагүйгээр ширээний ард суугаад өөрөө хоолоо иддэг болсон. Монголд биеийн тамирын өндөр мэдлэгтэй багш нарыг бэлдэх хэрэгтэй. Миний хувьд тамирчин тул дараагийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хийх шаардлагатай болж, ажлаа хүлээлгэн өгөхөд хүүхдүүд “Багш аа, бид туухайгаар үргэлжлүүлж хичээллэмээр байна” тун дурамжхан байлаа.
-Та өмнө нь хүмүүст гийртэй хэрхэн нөхөрлөж, эрүүл болох талаар цуврал хичээл заадаг байсан. Одоо юу хүргэхээр зорьж байна вэ?
-Олонд спортыг шинжлэх ухаан талаас нь судлаасай гэсэн ойлголт өгөх зорилгоор ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотыг зорьж, спортын анагаах ухааны эмчтэй ярилцсан зүйлээр баримтат нэвтрүүлэг хийж байгаа. Спортоор хичээллэнэ гэдэг өндөр үүрэг, хариуцлага. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хөтөлбөрийн дагуу гийрийн хичээл заах багш нарыг бэлтгэх сэн. Гийрийн спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж, олонд үр дүнг нь харуулахгүй бол манайд бодлого болж хэрэгжихгүй байна. Спорт зөвхөн тамирчны хүрээнд хөгжих ёсгүй. Монголчуудын дунд тамирчид л спортоор хичээллэж, амжилт гаргадаг. Энгийн хүмүүс дасгал хөдөлгөөн хийх нь зөв гэсэн явцуу ойлголт байдаг. Хүн өөрийгөө ялж байж сайхан мэдрэмж авдаг. Үүнийг хүүхэд бүр багаасаа мэдрэх нь давуу тал юм. Өнөөгийн нийгэмд хүмүүс хоногийнхоо хоолны төлөө эрүүл мэндгүй болтлоо ажиллаж байгаа нь худлаа биш. Тухайн улсад спорт хөгжихөд олон зүйл нөлөөлдөг. Иргэдийнх нь хүлээж авч буй хандлага, үзэх соёл, улсынх нь бодлого, дэмжлэгтэй холбоотой. Монголчуудын шинэ зүйлийг сонирхон, хүлээж авах хандлага бусад орны хөгжөөн дэмжигчдээс илүү.
-Уригдаж ажилласан байгууллагын тань ажилтнууд таныг хичээл зүтгэлийг хараад хандлагаа хэрхэн өөрчилсөн бол?
-Миний ажиллаж байсан хувийн сургуулийн багш нар намайг хараад их өөрчлөгдсөн. Бэлтгэл хийдэг газрын залуус гаргасан амжилтаас минь урам авч, зорилгынхоо төлөө тэмүүлдэг болсонд баярладаг. Монголчууд өөдрөг зүйлийг харах дуртай. Манайх хүүхэд, залуусын орон. Зөв чиглүүлж, зөв бодлогоор залбал хөгжихөд бэлэн байна. Монголд спортоор хичээллэх үү, эсвэл талхны мөнгөө олох уу гэдэг асуудалтай олон хүн өдөр бүр тулгардаг. Спортоор хичээллэнэ гэдэг бол өдөр бүр хоол идэхтэй адил. Тууштай хичээллэж байж эрүүл амьдарч, амжилт гаргадаг. Хэд хоног, хэдэн сар хичээллээд үр дүн нь харагддаг зүйл биш. Далай лам “Хүн залуудаа хоолыг эм шиг хэрэглэхгүй бол өтөлсөн хойноо эмээр хооллоно” гэж хэлсэн байдаг. Нийтийн биеийн тамирын хөгжүүлсэн орны иргэд эрүүл амьдардаг. Тэд эрүүл, идэвхтэй амьдрахад хоол хүнснээс гадна спортын дасгал, хөдөлгөөн чухал болохыг сайн ойлгодог. Миний ажигласнаар иргэд спортын анагаах ухааны талаарх мэдлэг багатай байна. Бид спорт өндөр хөгжсөн өнөө цагт олон улсаас хоцрохгүй, хөл нийлүүлэх ёстой. Аливаа зүйлийг хөгжүүлэхэд судалгаа гол тулгуур болдог. Тухайн хүнийг спортын талаар хэр судалдаг, хооллолт болон эрүүл мэнд, бие, сэтгэл зүйдээ хэрхэн анхаарал хандуулдгийг бие нь хэлээд өгдөг. Улсдаа эрүүл иргэн бэлдэж, зөв хүн болгож хүмүүжүүлэхэд боловсрол, мэдлэг, соёлоос гадна спортын төрлүүдээр хичээллэх нь чухал болохыг эцэг, эхчүүд сайтар ойлгох хэрэгтэй.